Тэд бидэнд хандан ярив
Бод, Сэтгэ тэгээд ажилла
Уулын хяр дээр амарсан нь алдаа гаргахаас зайлсхийх найдвартай арга хэдий ч ажилд ахиц гаргахад саад болсон ажээ.
Уулан дахь ойн түймэр унтраагчдад тохиолдсон явдал. Эдгээр зоригт эрэгтэй, эмэгтэйчүүд түймрийн дээд хэсэгт шүхрээр газардаж, ойн түмрийг дээрээс нь унтраадаг бол бусад нь доороос нь унтраадаг ажээ.
Нэг удаа онцгой их ойн түймрийн үеэр түймэр унтраагчдын шилдэг баг онгоцноосоо буухаас өмнө түр цуглаан хийжээ. Ухаалаг, туршлагатай холбоо дамжуулагч нөхцөл байдал түргэн өөрчлөгдөж байгааг уулын түймэр унтраагчдад мэдээлээд тэдэнд тодорхой заавар өгсөнгүй. Харин түймэр унтраагчид түймрийн дээд хэсэгт уулын хяр дээр шүхрээр буумагц радиогоор холбоо барих ёстойг тэдэнд хэллээ. Тэр үед холбоо дамжуулагч түймрийг аль талаас нь эхэлж унтраах заавар өгөх ажээ.
Түймэр унтраагчид онгоцноос түргэн бууж, дүрэлзэн асч байгаа түймрийн дээд хэсэгт газардаж, хэрхэн ажиллах талаар зөвлөлдөх гэж цуглав. Түймрийг дээд талаас нь харахад ажлаа эхлэх боломжтой зургаа орчим зам харгуй харагдаж байлаа.
Холбоо дамжуулагчтай тохиролцсоны дагуу багийн удирдагч гарт барьж явдаг авсаархан радиогоо гаргаж, зохих давтамж дээр тааруулан, аль чиглэлээс эхлэх заавар авахын тулд холбоо дамжуулагчийг дуудав. Гэтэл радио зөвхөн шуугиад байхаас биш холбоо дамжуулагчийн дуу огт сонсогдсонгүй.
Холбоо дамжуулагч өөр ажилтай байгаа юм болов уу гэж тэд бодоод 10 минут хүлээгээд дахин холбоо барихаар шийдэв. Гэвч тэднийг хоёр дахь удаад холбоо дамжуулагчтай холбоо барих гэж оролдоход мөн л шуугианаас өөр юу ч сонсогдсонгүй учир заавар хүлээн авч чадсангүй.
Түймэр унтраагчид хоорондоо зөвлөлдөв. Уулан дээрээс доош харахад түймрийг унтраахад нэн тохиромжтой хэдэн зам харагдаж байлаа. Гэвч тэд холбоо дамжуулагчаас заавар авч чадахгүй байгаадаа сэтгэл зовниж байлаа. Гэвч тэд өөрсдөд энэ талаас унтраагаад явахад зөв мэт санагдаж байгаа ч галыг буруу тийш нь хөөчих вий гэж санаа зовнив.
Тиймээс тэд уулын хяр дээр хүлээхээр шийдэв. Арвантаван минутын дараа холбоо дамжуулагчтай холбоо барих гэж дахин оролдоход бас л болсонгүй. Тэд үүргэвчээ тайлаад газарт суулаа. Гучин минут хүлээлээ. Бүтэн цаг, бүр хоёр цаг хүлээлээ. Тэд холбоо дамжуулагчтай холбоо барих гэж байнга оролдож байв. Гэвч урьдынх шигээ зөвхөн шуугиан л сонсогдоно.
Түймэр унтраагчид үдийн хоолоо идэхээр шийдэв. Холбоо дамжуулагчтай холбоо барьж чадахгүй болохоор үүргэвчээ дэрлэн дуг хийгээд авав. Тэд бүр цөхөрч эхлэв. Хэрэв холбоо дамжуулагч тэдэнд заавар өгч, аль замаар орохыг хэлээд өгвөл тэд баярлан түймэр унтраах ажилдаа шуурхайлан орохсон. Гэвч холбоо дамжуулагч бусад хүмүүстэй ажиллаад тэднийг анхаарах сөхөөгүй байгаа бололтой. Тэгээд тэд холбоо дамжуулагчаас заавар авахгүйгээр хаашаа ч хөдлөхгүй байхаар шийджээ. Тэднийг уулын хяр дээр шүхрээр буухаас өмнө заавар өгнө гэж амласан шүү дээ.
Түймэр унтраагчид уулын хяр дээр бууснаас хойш долоон цагийн дараа гал унтраагч бүлгийн ахлагч сөхөрч унатлаа ядарчихсан, уулын тэртээ доороос жимээр өгсөн тэднийг олж ирлээ. Тэр бүр мэл гайхав. Багийн удирдагч уруу хүрч ирэн “Та нар чинь уулын орой дээр өдий хүртэл амарсаар л байгаа хэрэг үү? Та нарын тусламж бидэнд мөн ч их хэрэгтэй байлаа. Түймрийг газар авахуулалгүй зогсооход бидэнд та нар туслаагүй болохоор түймэр бараг л дийлдэхээ болих шахлаа, ийм юм болж байхад та нар уулын орой дээр амарч байсан юм уу?”
Гал унтраагчийн удирдагч нь өөрсдийн төвөгтэй байдлыг бүлгийн ахлагчид тайлбарлаж гэнэ. Холбоо дамжуулагч заавар өгнө гэсэн ч, тэд амласан зааврыг авах гэж цөхрөнгөө бартал хүлээсэн боловч, холбоо дамжуулагч тэдний дуудлагад огт хариулаагүй аж. Уулын орой дээрээс доошоо харахад түймэр уруу хэдэн чиглэлээр очиж болох байсан нь үнэн. Гэвч тэд буруу чиглэлээр орчихоос айснаа хэлэв. Тэгээд тэд холбоо дамжуулагчаас амласан зааврыг нь ирэх хүртэл хүлээхээр шийдсэн гэнэ.
Бүлгийн ахлагч гал унтраагчдын ашиглаж байсан жижигхэн радиог аваад, түймэр уруу чиглэсэн замуудын нэгээр нь доошоо 45 метр орчим яваад, зогсож, радиогоор холбоо дамжуулагчтай холбоо барих гэж оролдов. Холбоо дамжуулагчийн дуу чанга, тод сонсогдож байлаа. Бүлгийн ахлагч тэгээд уулын хяр дээр буцаж гарч ирээд өөр нэг замаар дахин 45 метр орчим доошоо буугаад зогсож холбоо дамжуулагчыг дуудлаа. Түүний дуу дахиад тэр дороо тодхон сонсогдов.
Бүлгийн ахлагч гал унтраагчид дээр эргэж ирээд радиог тэдний удирдагчид шидэж өгөхдөө “Та нар радио долгион баригдахгүй газар зогсчихсон байна шүү дээ гэв. Хэрэв та нар энэ жимүүдийн нэгээр нь доош буусан бол холбоо дамжуулагч та нарт хаанаас эхлэх заавар өгч хэрэгтэй газарт тэр дор нь аваачих байжээ. Гэтэл та нар уулын орой дээр амраад л бидэнд өчүүхэн ч тусалсангүй.”
Бид сүнсний удирдамж, чиглэл хүлээн авах хэрэгцээндээ яг л эдгээр гал унтраагчдын хийсэн шиг уруу татагдаж мэднэ. Бид танихгүй газарт очоод өмнөө нэлээд хэдэн салаа зам байгааг хараад чухам алинаар нь явахаа мэддэггүй. Тэнгэрлэг Эцэгийн сүнсний удирдамж, тусламж бидэнд амлагдсан билээ. Гэвч энэ нь үргэлж тэр дороо ирдэггүй. Амлагдсан удирдамж хэзээ ирэх юм бол гээд бид зүгээр л идэвхгүй хүлээж суудаг. Бид бурханлиг Холбоо дамжуулагч яагаад зам зааж өгөхгүй байгаа юм бол гэж гайхан хүлээсээр, хүлээсээр, хүлээсээр л суудаг.
Ингэснээр бид илчлэлтийн чухал зарчмыг үл тоомсорлодог. Тэнгэрлэг Эцэг анхны замаа тодорхойлоход биднээс оюун билэг, авьяас чадвар, туршлагаа ашиглахыг хүсэн хүлээдэг билээ. Бид сонгосон замаараа тууштай урагшилсан үед бидэнд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн удирдамж, залруулгыг хүлээн авах илүү тохиромжтой байр сууринд байх болно. Харин Тэрбээр бидэнд заавар өгөхийг хүлээн уулан дээр үүргэвчээ дэрлэн идэвхгүй хүлээж суух юм бол сүнслэг байдлын хувьд сөнөмөл газарт байна гэсэн үг.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакер бидэнд сургасан нь:
“Амьдралын явц дунд олж авсан гэрэл болон мэдлэгээ ашиглахыг биднээс хүсэн хүлээдэг. Үүрэг хариуцлагаа идэвхтэй гүйцэтгэхэд заавар авахын төлөө бидэнд илчлэлт хэрэггүй, учир нь судруудад байгаа зүйлийг л хий гэж бидэнд захидаг. Бас сүнсний болон материаллаг зүйлсийн талаарх өөрсдийн хүлээн авсан мэдлэгийг орлуулах буюу түүнийг өргөжүүлэхийн төлөө бид илчлэлт хүлээх ёсгүй. Бид амьдралдаа ердийн дүрэм журмуудыг өдөр тутам баримталж хэвших ёстой.
Дүрэм журам, зарлигууд бол үнэ цэнэтэй хамгаалалт мөн. Хэрэв амьдралынхаа тогтсон замналыг өөрчлөх илчлэлт, заавар бидэнд хэрэгтэй боллоо гэхэд шаардлагатай тэр төвшинд хүрэх хүртэл хүлээлтийн үе байх болно.”1
Тэнгэрлэг Эцэг тусламж, удирдамж илгээхийг бид зүгээр хүлээж суусан үед биш харин зорилгодоо хүрэхийн тулд хамаг хүч чадлаа дайчлан ажилласан үед хамгийн шилдэг, тод томруун удирдамж бидний амьдралд ирдгийг би гэрчилж байна. Их Эзэний удирдамжийг амьдралдаа хүлээж байгаа, чухал шийдвэр гаргах болон тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хандан би дараах зөвлөгөөг өгч байна: Өөрийнхөө зөв гэж үзсэн замыг сонгохдоо оюун санааныхаа нөөц боломжийг залбирч, нягт няхуураар ашигладаг бай. Тэгээд сонгосон тэр замаараа тууштай замнахад санаа сэтгэлээ зориул (С ба Г 58:26–28-ыг үз). Амьдралын замналдаа залруулга хийх цаг ирэхэд Тэрбээр та нарт туслан, та нарыг удирдах болно.