2011
Ариун Сүм бол Бурханы Өргөө
2011 оны долдугаар сар


Хүүхдийн Хэсгийг гэртээ авчрах нь

Ариун Сүм бол Бурханы Өргөө

“Ариун сүмд үйлддэг ариун нандин ёслолууд болон гэрээнүүд нь хувь хүн бүрийг Бурханд эргэн очиж, гэр бүлүүдийг мөнхөд хамт байлгах боломжийг олгодог” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”).

Чи Хүүхдийн Хэсгийн энэ сарын сэдвийн тухай илүү ихийг мэдэхийн тулд энэ хичээл болон үйл ажиллагааг ашиглаж болно.

Үзэсгэлэн төгс ариун сүмийг харахад чамд ямар санагддаг вэ? “Би ариун сүм харах дуртай. Нэгэн цагт би тэнд очно” гэсэн үгс санаанд чинь ордог уу?

Зарим үед хүүхдүүд “Би ариун сүм харах дуртай”1 дууг дуулахдаа, хэзээ нэгэн цагт ариун сүмд орохыг хүсдэг ч яагаад ариун сүмүүд байдаг, тэнд юу болдгийг эсвэл ариун сүмийн дотор орохын тулд юу хийх ёстойг ойлгодоггүй. Иймээс ариун сүмийн тухай илүү ихийг мэдэцгээе.

Юуны учир ариун сүмүүд байдаг юм бэ?

“Миний нэрэнд өргөө баригтун, учир нь үүн дотор Бүхнээс Дээд нь орших буюу” (С ба Г 124:27) хэмээн Их Эзэн хэлжээ. Их Эзэний Сүнс Түүний ариун сүмүүдэд оршдог. Ариун Сүм бол Бурханы Өргөө. Энэ бол бид Тэнгэрлэг Эцэгтэй гэрээнүүд (эсвэл амлалтууд) хийдэг газар юм. Хэрэв бид гэрээнүүдээ сахивал Түүнтэй дахин хамт амьдрах боломжтой байх болно.

Ариун сүмд юу болдог вэ?

Тэнгэрлэг Эцэгт буцаж очихын тулд хүн бүр баптисм хүртэх ёстой. Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн зарим нь баптисм хүртэлгүйгээр нас барсан байдаг. Чи 12 нас хүрэхээрээ ариун сүмд нас барсан хүмүүсийн төлөө баптисм хийлгэж болно. Ингэснээр тэдгээр хүмүүс баптисмын адислалуудыг хүртэх боломжтой болно.

Бид ариун сүмд бас хувийн хишиг буюу бэлгийг авдаг. Энэ бэлэг бол хэрэв бид зарлигуудыг сахивал мөнх амьдралтай болно гэсэн амлалт юм.

Ариун сүмд эхнэр нөхөр хоёр энэ амьдралд болон үүрд мөнхөд гэр бүл болон лацдуулж болно. Энэ нь хэрэв тэд зохистой байвал үүрд гэрлэж, хүүхдүүдтэйгээ хамт мөнхийн гэр бүл болж чадна гэсэн үг юм.

Ариун сүмд хийгддэг бүхнийг Бурханаас өгсөн эрх мэдэл буюу санваараар гүйцэтгэдэг.

Ариун сүмд орохын тулд би хэрхэн бэлтгэх вэ?

Ариун сүмд орохын тулд чи доод тал нь 12 нас хүрсэн байх ёстой. Баптисм хүртэж, Сүмийн гишүүнээр батлагдсан байх ёстой. Чи Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрт итгэдэг байх ёстой. Мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд итгэдэг байх ёстой. Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудаар амьдардаг байх ёстой. Чамайг ариун сүмд орохоор зохистой юм байна гэдгийг тогтоохын тулд танай бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч өөртэй чинь ярилцлага хийх болно. Ярилцлагын дараа чи ариун сүмд орохдоо үзүүлэх зөвшөөрлийн бичиг хүлээн авна. Ариун сүмийн бичиг нь чи ариун сүмд орох шаардлагыг хангахуйц байдлаар амьдардгийн нотолгоо мөн.

Чи ариун сүм уруу хүрэх зам дээр байснаараа тэнд очиж “Ариун Сүнсийг мэдрэн, сонсож, залбирахад бэлтгэгдэх болно. Ариун сүм Бурханы өргөө учраас хайраар дүүрсэн, үлэмжийн үзэсгэлэнт газар мөн”.2

Эшлэл

  1. “I Love to See the Temple,” Children’s Songbook, 95.

  2. “I Love to See the Temple,” 95.

Крис Виллсийн авсан Швейцарийн Бернийн Ариун сүмийн гэрэл зураг; чимэглэлийг Адам Кофорд