2011
Дуудлагад хариулсан итгэл
2011 оны долдугаар сар


Дуудлагад хариулсан итгэл

2010 оны 9-р сарын 12-нд Бригам Янгийн их сургууль дээр болсон бүс нутгийн гадасны чуулганы шууд нэвтрүүлэг дээр хэлсэн үгнээс:

Энэ бол Бурханы ажил бөгөөд “Сион дахь цөмөрхий[нүүд]ийг” сэргээн босгохын тулд чадах бүхнээ зориулахыг шаарддаг гэсэн итгэл үнэмшил бидний зүрх сэтгэлд шатаж байх ёстой.

Elder Jeffrey R. Holland

Гэгээнтнүүд Солт Лейкийн Хөндийд ирснээс хойш ердөө хоёрхон жилийн дараа 1849 онд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Парли П.Пратт нутаг үзэх багийг тэргүүлэн өмнө зүг уруу явжээ. Нутаг үзэх баг өмнө зүгт цаашлах тусам газрын бартаа улам ихэсч байв. Эрчүүд Их Сав газрын захаас Виржини, Санта Клара голуудын бэлчир (өнөөгийн Ютагийн Сейнт Жоржийн өмнөд тал) хүртэл 914 км явахад газар нь хуурай, элсэрхэг, галт уулын чулуулаг, хад чулуу ихтэй болж байлаа. Нутаг үзэх багийнхан тийм ч азтай байсангүй. Нэгэн өдрийн тэмдэглэлд ийн өгүүлжээ:

“Бартаатай, хад чулуу … ихтэй, элсэрхэг, бараг л үгээр дүрслэхийн аргагүй, айдас төрмөөр ч юм шиг, амархан төөрч, зүг чигээ алдаж мэдмээр газар юм. …

Том том толгод, [улаан] цөл, өвс ургамалгүй нүцгэн тал, эгц цохио хаднууд, үржил шимгүй шавран хөрс, … элсэн чулуунаас … тэртээ нэгэн эрин зуунд үүсэн тогтсон, хараа алдаж төөрмөөр, өргөн уудам, эзгүй зэлүүд нутаг хаашаа л харвал цэлийж, ундуй сундуй болгож, хөглөрүүлэн хаясан мэт санагдана.”1

Өмнө зүг цаашлах тусам газрын бартаа, хад чулуу ихэсч, салхинд элэгдэж, энд тэндээ нүх гарсан цохио хаднууд, Сан Хуан нутгийн зэлүүд хавцал тэртээ зүүнтээ харагдана. Газрын зураг дээр тэмдэглэгдээгүй атар зэлүүд нутгийг эзэмших нь хэцүү гэдгийг Сүмийн удирдагчид мэдэж байсан ч тэр нутагт Сүмийн гишүүдийг суурьшуулахыг хүсч байлаа. 1879 онд Парован гадасны улирал тутам болдог чуулган дээр Сан Хуан Номлолыг үндэслэн байгуулах тухай Ерөнхийлөгч Жон Тейлорын уриалгыг 250 хүн хүлээн авчээ. Тэд 80 морин тэрэг, 1,000 орчим үхэр, адуутайгаар цасан дуулгат уулс, шовх цохио хаднуудтай, судлагдаагүй, сүрдэн зүрх хальширмаар нутгийг туулан явлаа.

Анхдагчууд Сан Хуан хүрэх хамгийн дөт замыг олохыг хичээн, нэг саад бэрхшээлийн дараа нөгөөг даван туулсан ч, удалгүй айн сүрдэм Колорадо мөрний хавцал дахь гүнзгий устай тулгарч, түүнийг яаж гатлах учраа олсонгүй. Гайхамшигтай нь нутаг үзэх багийн түрүүч Колорадо мөрний улаан цохионоос доош хавцалд 610 метр үргэлжилсэн нарийхан ангалыг олсон ажээ. Энэхүү зэлүүд, үхэлд хүргэж болох “хадан дахь хонгил нүх” нь зүүн зүг уруу явах цорын ганц боломж байлаа.

Элсэн чулуун дундуурх нарийхан хавцал ихэнх хэсэгтээ морь багтахааргүй, зарим хэсэгтээ бүр хүн ч явж багтахааргүй ажээ. 23 метр урт, цавчим эгц уруу нь ачаатай морин тэрэг байтугай аргаль угалз ч багтахааргүй байв. Гэвч хал үзсэн Гэгээнтнүүд шантарч ухарсангүй харин дэлбэлэгч бодис, багаж хэрэглэн 1879 оны арванхоёрдугаар сар, 1880 оны нэгдүгээр сарын ихэнхэд шаргуу ажиллаж, нарийхан хавцал дундуур бүдүүн баараг, болхидуухан зам гаргасан аж.

Энэ зам дуусахад эхний 40 морин тэргийг “хонгил” дундуур гаргах боллоо. Бусад морин тэргүүд 8 километрийн цаана Фифти Майл булаг дээр дараагийн ээлжинд хөдлөхөөр хүлээж байв.

“Морин тэргийг газрын уруу алгуурхан буулгахын тулд арван хоёр буюу түүнээс олон эр урт аргамжаар морин тэрэг бүрийн араас уяж, цувран барьж явахаар” зохион байгуулжээ. Бас морин тэрэгний дугуйнуудад гинжээр тоормос хийсэн нь дугуй зогсохгүй, өнхөрч осол гаргахаас сэрэмжлэхэд тустай байв.

Анхдагчдын түүхийн агуу хормуудын нэг нь уулын эгц хавцал дундах хонгилоор морин тэргүүдийг нэг нэгээр нь гаргасан үйл явдал юм. Тэд хавцлын бэлд бууж ирэнгүүт мөрнийг гатлахад зориулж өөрсдийнхөө хийсэн хавтгай тавцантай завиар гатлахаар шуурхайлан орсон гэдэг. Хавцлыг уруудахад Жозеф Станфорд Смитийн гэр бүл сүүлчийн морин тэргээр буух ёстой байв.

Станфорд Смит түрүүчийн морин тэргүүдийг доош буулгахад тусалсан ч хамгийн сүүлд хавцал уруудан буух Смит ахын гэр бүлд тусламж хэрэгтэйг хүмүүс яагаад ч юм мартчихаж. Гэр бүлтэйгээ хамт хаягдсанд гоморхож, уймарсан Станфорд морьд, тэргээ хөдөлгөж, хавцлын ирмэг дээр хүрч ирэв. Тэрэгний хос морийг өмнө нь хөллөж, гурав дахь морийг ар талын дугуйны тэнхлэгээс уяжээ. Смитийнхэн түр зуур зогссоноо айн сүрдмээр ангал уруу харав. Станфорд эхнэр Арабелла уруугаа эргэж харан “Би ч энэ уруу буухаас айгаад байна шүү” гэв.

Гэтэл эхнэр нь “Бид өөрсдөө л буухаас яахав” гэхэд

нөхөр нь “Хэрэв тэрэгний араас чангаагаад явах ганц хоёрхон хүн байвал ч бид бууж болно л доо” гэв.

Тэгэхэд эхнэр нь “би тэрэгний араас татаад явья л даа” гэжээ.

Арабелла Смит хөвөнтэй хөнжил газарт дэвсэж, нялх хүүгээ суулгаад, “Аавыгаа иртэл дүүгээ хараад байж бай” гэж гурван настай Рой, таван настай Ада хоёрт орхиод, өөрөө морин тэрэгний ард орж, дугуйны араас уясан морины цулбуурыг шүүрэн авлаа. Станфорд морин тэргийг хонгил уруу хөтлөн орууллаа. Морин тэрэг газрын уруу огцом хөдөлтөл эхний угзралтаар ар талын морь бүдрэв. Смит эгч эрэмгий зориг гарган, морин тэрэгний араас бүх хүчээрээ чангааж гүйлээ. Удалгүй тэр бас бүдэрч унан мориндоо чирэгдэхэд хурц үзүүртэй чулуу дунд чөмөгнөөс нь ташаанд нь хүртэл гүнзгий зүсчээ. Хувцас нь урагдсан, цус шүүрсэн шархтай, эрэлхэг зоригт энэ эмэгтэй мөрний эрэг хүртэл хадан хонгилын доторх налуу замаар бүх хүч чадал, итгэлээрээ морин тэрэгний араас чангаан явсан ажээ.

Станфорд хонгилын эцэст хүрмэгцээ, дажгүй буугаад ирчихсэндээ итгэж ядан, нялх балчир үрсийнхээ төлөө айн түгшиж, буцаад 607 метр газар цохио өөд харайлгалаа. Тэрбээр цохионы ирмэг дээр гарч ирээд хүүхдүүд нь байсан газраасаа огт хөдлөөгүйг харжээ. Тэр нялх хүүгээ тэвэрч, нөгөө хоёрыг нь биедээ шахан, тэртээ доор санаа нь зовон хүлээж байгаа ээж уруу нь үйрмэг чулуун дундуур доош буулаа. Гинж, аргамж барьсан таван эрэгтэй тэднийг чиглэн ирж явааг тэд нэлээд холоос харжээ. Эдгээр эрчүүд Смитийнхэн хонгилоор доош буух гэж зүдэрч байгааг мэдээд туслахаар ирсэн ажээ. “Энэ тухай март, найз нар минь. Бид дажгүй буугаад ирсэн шүү. Хонгилоор доош бууж ирэхэд Белле л ёстой аминд орлоо” гэж Станфорд дуу алдсан гэдэг.2

Дуудлага ирэхэд

Хадан хавцал дундуур хонгил зам гаргасан энэхүү аялал нь анхдагч Гэгээнтнүүд бошиглогчоосоо дуудлага ирэхэд бие сэтгэл бүхнээрээ хариулахад шийдвэр төгс байсны ердөө ганцхан жишээ юм. Өөр нэг жишээ бол өнөөгийн Невадад Мадди Номлолыг байгуулж, тэнд үйлчлэх дуудлага юм. Эхэн үеийн анхдагчдын олон суурьшилтын адил Маддид амьдрах нь маш хэцүү байж. Тиймээс тэнд суурьших дуудлага ирэхэд тийшээ явах хүмүүсийг олох гэж их ажил болсон аж.

1860-аад оны үед дуудагдсан зарим хүмүүс “Дэлхий дээр газар мундсан биш, очиж очиж Мадди байдаг нь юу вэ?” хэмээн асуусан биз ээ. Тийм ээ, үнэхээр тэгж асуух шалтгаан байсан юм. Юуны түрүүнд Америкийн Иргэний Дайн Колорадо мөрнөөр дамжуулан ачаа бараа тээвэрлэх өргөн боломжийг нээсэн аж. Хоёрдугаарт, иргэний дайн нэхмэлийн үйлдвэрийн уламжлалт эх сурвалжийг тасалдуулахад Сейнт Жорж болон цөөн километрийн цаадах Вашингтон хотуудад Коттон Номлол байгуулагдсан билээ. Ингэхлээр уг номлолын хөвөнг Мадди (Шаварт) голын бүст ургуулж болох байлаа. Гуравдугаарт, Хожмын Үеийн Гэгээнтнүүд Америкийн уугуул овгийн хүмүүст тусалж, тэднийг боловсролтой болгохын төлөө ажиллах үүргээ хүчтэйгээр мэдрэх болжээ.

Гэвч тэр бүс нутаг зэлүүд бөглүү, үржил шимгүй газар байлаа. Бүгчим халуун, хүнд хүчир ажил хоёроос өөр бараг юу ч амлаж чадахгүй газар гэлтэй. Энэ бол алслагдсан, ихэнх хэсэг нь эзгүй зэлүүд нутаг бөгөөд голын нэрээр номлолыг шаварт хэмээн нэрлэсэн нь яг оносон байлаа.

Ямархуу итгэл, шийдвэр төгс байдлаар Мадди нутгийг эзэмшин суурьшсан талаар тэнд суурьшигчдын нэгнийх нь үгийг эш татъя. Тэр эмэгтэй хөгшин, залуу аль алинд нь, ялангуяа энэ тохиолдолд залуучуудад байсан эрэлхэг зориг, зорилго тэмүүлэл, ёс суртахууны итгэл үнэмшлийг илэрхийллээ. Элизабет Клариж МкКюн Мадди нутгийг эзэмшиж, суурьшихаар аав нь дуудагдсан тухай ийн бичжээ:

“Арван тавхан настай байсан миний хувьд Ютагийн Хуаб дүүрэг дэх Нифай хот маань хамгаас дотно санагддаг байлаа. Ерөнхийлөгч Бригам Янг дагалдан яваа хүмүүсийнхээ хамт үе үе ирэхийг тэсэн ядан хүлээдэг байлаа! …

… Бригам Ах, Кимбалл, Веллс ах нар дагалдан яваа хүмүүстэйгээ сүйх тэрэгнээсээ бууж, цэцэгт замаар … манай гэр уруу алхан ирэхэд бид хоол хийж, тэдэнд үйлчлэв. …

Бид бүгдээрээ ням гарагийн үдээс хойш цуглаанд оролцоход, цагаан хувцастай охид нүүрэн талын эгнээний суудлуудыг хадгалж үлдээв. Ёслол бишрэм сайхан боллоо. Ерөнхийлөгч Янг … ‘Шаварт’ нутаг уруу номлогчид болон очиж, суурьшихаар дуудагдсан болон саналаа өгсөн хэдэн хүний нэрсийг уншин сонсгох гэж байгаагаа хэлэх хүртэл бид их баяртай байлаа.Энэ агшинд тэнд байсан бүх хүмүүсийн зүрхний цохилт бараг л зогссон доо. Манай хүмүүсээс олон нь Дайкси нутгийг эзэмшиж, тэнд суурьшихаар дуудагдсан байлаа. Гэтэл Шаварт чинь бүр цаашаа олон километр хол шүү дээ! Тэгээд бас их муухай газар! Одоо яана аа! Яана аа! Би ‘Самуел Кларижаас’ бусад нэрийг нь сонссонгүй.Тэгээд би шинэхэн цагаан даашинзаа нулимсаараа булхан, мэгшин уйлж эхэллээ. Миний хажууд сууж байсан охины аав бас дуудагджээ. Тэр охин ‘Чи яагаад уйлаад байгаа юм бэ? Би уйлаагүй л байна ш дээ. Аав явахгүй гэдгийг би мэдэж байна’ гэв.‘Чи ч яахав, аавыгаа явахгүй гэдгийг мэдэж байгаа юм байж. Харин би аавыгаа явна гэдгийг мэдэж байна. Түүнд юу ч саад болж чадахгүй. Аав дуудагдсан л бол би түүнийг битгий яваач гэж гуйх ёсгүй.’ Тэгээд би дахин мэгшин уйлж гарлаа. …

Биднийг шинэ байшиндаа дөнгөж ороод, ая тухтай тохижиж байсан учраас олон найзууд маань гэр орон, фермээ үлдээгээд өмнөд нутаг уруу түр хугацаагаар яваад эргэж ирэхгүй юү гэж аавыг ятгалаа. Гэвч ингэх нь түүний дуудагдсан номлолд тохирохгүй гэдгийг аав мэдэж байлаа. ‘Би байгаа бүхнээ зараад хөрөнгө мөнгөө Сион дахь өөр нэг цөмөрхийг сэргээн босгоход туслахаар авч явна.’”3

Энэ ажилд итгэх итгэл

15 настай энэ охин болон түүний төрж өссөн гэр бүлийн чин үнэнч, бие сэтгэл бүхнээ зориулсан чанарыг юу тэр үед бий болгосон юм бол одоо юу ийм чанарыг төлөвшүүлж байгаа юм бол? Юу түүнийг төдийлөн тууштай биш найздаа хандан “Би аавыгаа явна гэдгийг мэдэж байна. Түүнд юу ч саад болж чадахгүй” гэж хэлэхэд хүргэсэн юм бол?” “Аав дуудагдсан л бол би түүнийг битгий яваач гэж гуйх ёсгүй” гэж хэлэхэд хүргэсэн тэрхүү шийдэмгий зориг түүнд хаанаас ирсэн юм бол?

Эцэг эхээ Колорадо мөрний хадан хавцал уруу морин тэрэг хөтлөөд ороход нь харж хоцорсон гурван бяцхан хүүхдийг чухам юу ээжийнх нь хэлсэн үгэнд итгүүлсэн юм бол? Тэр гурван хүүхэд орхисон газраас хаашаа ч хөдлөлгүй, уйлалгүй тэндээ дуулгавартай сууж байсан нь ихэд айсных биз ээ.

Бид итгэл бишрэлтэй анхдагчдын эдгээр жишээнээс юуг харж байна вэ? Энэ бол өмнөх эрин үеүд болон энэ эрин үед ч бидний олж харж байгаа зүйл мөн. Гэгээнтнүүд Нью-Йорк, Пеннсильвани, Огайо, Миссури уруу дараа нь хайрыг нь татсан Науву уруу мөсөөр хучигдсан мөрнөөр дамжин дүрвэж очсоныг, тэнд барьсан ариун сүмийг нь удалгүй галдан шатаасныг бид харж байна. Мөн эдгээр хүмүүс үй олон амь эрсдэгсдээ Винтер Квортерст оршуулж, булшуудыг, заримдаа талхны хайрцаг шиг жижигхэн булшуудыг Вайомингд Чимни Рокийн ойролцоо, Свийтвотер голыг гатлах үедээ болон Мартин Көүвийн хунгар цастай эрэг дээр орхиод цааш явсныг бид харж байна.

Тэр үед болон эдүгээ дэлхий даяарх адислагдсан Гэгээнтнүүдийн дунд бидний харж байгаа зүйл бол Бурханд итгэх итгэл, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, Бошиглогч Иосеф Смитэд итгэх итгэл, энэ ажлын үнэн бодитойд болон үүний захиасуудын үнэнд итгэх итгэл юм. Энэхүү итгэл нь тэр нэгэн хөвгүүнийг залбирахаар ойн цоорхой уруу аваачиж, өвдөг сөгдсөн залбирлаас өндийн босож, сайн мэдээг сэргээхэд Бурханы мутарт зэмсэг болж, хорин дөрөвхөн жилийн дараа тохиох егүүтгэл өөд эргэлт буцалтгүй шулуухан алхахад хүргэсэн юм.

Энэхүү итгэл нь сайн мэдээний анхдагч, хувиршгүй зарчим үргэлж байсаар ирсэн, цаашид ч ямагт байх болно гэдэгт гайхах юун. Их Эзэний ажил зөвхөн урагш ахин хөгжих төдийгүй энэ нь урагш ахин хөгжиж чадна, ингэх ч болно, ингэх ч ёстой гэдэг нь бидний итгэл үнэмшлийн голт зүрх мөн.

Өөр ямар эцэг эхчүүд өөдсийн чинээхэн үрсээ хээр талд яаруухан ухсан булшинд оршуулаад эцсийн удаа нэг хараад, уйлж унжин Сионыг зорьсон замаа хөөснийг би мэдэхгүй. Арабелла Смит шиг өөр ямар эмэгтэй хүүхдүүдээ цохио хадны ирмэг дээр орхиод хэвгий хадан хавцал уруу морин тэрэгний араас чангаан орсныг би мэдэхгүй. Самуел Кларижаас өөр хэн байгаа бүхнээ зараад эзгүй зэлүүд Мадди Номлолд Сионыг байгуулахаар санаа шулуудан хөдөлснийг ч би мэдэхгүй. Эдгээр болсон явдлууд дахь суурь хөдөлгөгч хүч нь хад чулуу лугаа адил бат бөх, галд хатаасан төмөр лүгээ адил цэвэршсэн, үйл явдал, туршлагаар дүүрэн, энэ бол Сүм бөгөөд Бурханы хаант улс та хэрэв дуудагдсан л бол явах ёстой гэсэн сүнсээр өдөөгдсөн итгэл мөн.

Итгэл үнэмшлийн дуудлага

Сэргээн босгох ёстой “цөмөрхийнүүд Сионд” байсаар байна. Тэдгээрийн зарим нь Маддийн буюу Сан Хуаны Номлолтой маш төстэй юм. Тэдгээрийн зарим нь бидний зүрх сэтгэлд, зарим нь бидний гэр оронд байна.

Тиймээс энэ бол Бурханы ажил бөгөөд үүний төлөө чадах бүхнээ хийхийг биднээс шаарддаг гэсэн итгэл үнэмшил бидний зүрх сэтгэлд шатаж байхыг би уриалан дуудаж байна. Ямар нэгэн ажил, сорилт бэрхшээл, шаардлага гарсан үед та нарт итгэл найдварын гүнзгий ундарга байхын тулд бие бялдрын болон сүнсний хүч чадлаа тэтгэн хөгжүүлж байхыг би та бүхэнд уриалж байна. Ердийнхөөсөө арай илүү залбирч, арай илүү сурч судалж бай, чимээ шуугианаас хол байж, байгалийн сайхнаар нүдээ хужирлан, хувийн илчлэлт авахын төлөө залбирч, сэтгэл санаагаа шинжиж бай, бидний анхдагч эцэг эхчүүдийг удирдан хөтөлдөг байсан гэрчлэлүүдийн төлөө тэнгэрлэг зүйлсийг эрэлхийл. Тийнхүү зүрх сэтгэлдээ илүү гүнзгий нэвтэрч, амьдралыг илүү ойлгон таньж, ажлаа сайн хийх хэрэгтэйгээ ухаарах үедээ та итгэж найдах зүйл өөрт чинь байгааг баттай мэдэх болно.

Өөрт чинь итгэл байгаа цагт та гэр бүлээ адислахаар бэлтгэгдэх болно. Энэ Сүм дэх идэвхтэй үйл ажиллагаа ба үйлчлэл, бие сэтгэл, аливаа бүхнээ зориулсан чин үнэнч байдлын хамгийн хүчтэй үзүүлэлт бол бат бөх гэр бүлүүдийн хэлхээ холбоо үргэлж тогтвортой байх явдал мөн. Энэ Сүмийн нэр хүнд, хүч чадал бүхэлдээ гишүүн нэг бүрээс хамаардгийг мэддэг учраас би ингэж хэлж байна. Зарим гишүүн нь шинэ хөрвөгч, зарим гишүүн нь гэр бүлээсээ ганцхан Хожмын Үеийн Гэгээнтэн нь байдаг. Зарим хүн зүрх сэтгэлдээ итгэлийн үрийг суулгаж, сайн мэдээнд удмынхаа нэгэн шинэ үеийг эхэлж байна. Гэвч энэхүү итгэлийг гэр бүлээрээ бататган бэхжүүлбэл уг итгэл илүү сайн тэжээгдэж, хамгаалагдан, илүү урт удаан хугацаагаар үргэлжлэх болно гэдэг нь нотлогдож байгаа билээ. Тиймээс та итгэлийнхээ төлөө ганцаараа тэмцэж байгаа бол гэр бүлийн чинь бусад гишүүд ганцаараа байхгүйн төлөө хичээнгүйлэн ажиллах хэрэгтэй. Гэр бүлээ төлөвшүүл. Гэр бүл чинь бат бөх итгэлтэй байх ёстойг анхаар.

Бид энэ зорилгоо биелүүлснээр дэргэдээ байгаа Сүмд, хэрэв хол газар дуудагдсан бол тэнд ч үйлчилж чадна. Ингэснээр бид гишүүн буюу гишүүн бус, амьд буюу нас барсан алдагдсан хонийг эрж олж чадна. Бид тэднийг хайхдаа бусад 99 хурга, түүний дотор өөрийнхөө бяцхан сүргийг аюулгүй байлгаснаар л тэрхүү эрэлтээ ухаалаг бөгөөд амжилттай байлгаж чадна. Хэрэв бид гэрийнхнээ хайрлаж, тэдэнд заах юм бол тэд яг л бяцхан Элизабет Клариж шиг: дуудлага ирсэн л бол аав, ээж, ах, эгч дүүс чинь явах болно гэдгийг ойлгох болно.

Хийх ажил их байна. Бидний хөршүүд бүгдээрээ гүн итгэлтэй, хүн бүхэнд бат бөх гэр бүл байгаа, хол, ойрын хүн бүхэн сайн мэдээний захиасыг сонсож, итгэл бишрэлтэй байж, сайн мэдээг заадаг, ариун сүмд явдаг Хожмын Үеийн Гэгээнтэн болсон гэж хэлж чадахгүй. Дэлхий улам бүр ёс бус болж байна. Ирээдүй биднээс чадах бүхнээ хийхийг шаардах болно. Гэвч шударга ёсыг эрхэмлэгч хүчнүүд Станфорд, Арабелла Смит хоёр шиг, Самуел Клариж болон түүний сүнслэг охин Элизабет нар ялсан шиг үргэлж ялах болно.

Бид энэ ажилд болон бүх итгэгчид энэ ажлыг хийхээр дуудагддаг гэдэгт, Их Эзэн Есүс Христ мөн Тэнгэр дэх Эцэгтээ итгэх итгэлтэй байх ёстой. Бид хүслээ Эцэг, Хүү хоёрт захируулах хэрэгтэй. Тэгвэл энэ нь бидний итгэлийг чулуу лугаа адил бат бөх, анхдагч лугаа адил хүчирхэг болгоно. Хэрэв бид ийм байвал аюулгүй байж, Сүм болон дэлхий дээрх Бурханы хаант улсыг зогсолтгүй урагш ахиулах болно гэдгийг би мэднэ.

Эшлэл

  1. Милтон Р.Хантер, Brigham Young the Colonizer (1973), 47.

  2. Давид Э.Миллер, Hole-in-the-Rock: An Epic in the Colonization of the Great American West (1959), 101–18; онцлон тэмдэглэлтийг нэмж, цэг таслалыг зөв бичгийн дүрмийн дагуу өөрчилсөн.

  3. Элизабет Клариж МкКюн, Susa Young Gates, “Biographical Sketches,” Young Woman’s Journal, 1898 оны 7-р сар, 292, 293; цэг таслалыг зөв бичгийн дүрмийн дагуу өөрчилсөн.

Ачаатай тэрэгний, сүүлч Линн Грифин

Мартины гар тэрэгтэй хэсэг, Виттер Грек, Вайоминг, 1856, Кларк Келли Прайз © 1980 IRI