2011
Нэг хүнд хэрэггүй зүйл нөгөө нэгд нь үнэт эрдэнэ байдаг
2011 оны долдугаар сар


Номлолын талбараас

Нэг хүнд хэрэггүй зүйл нөгөө нэгд нь үнэт эрдэнэ байдаг

Хавтсан дээрээ алтан үсэгтэй ном үнэнийг хайсан нэг хүнд үнэт эрдэнэ болсон юм.

Миний номлолын үеэрх зуны нэгэн халуун өдөр байсан юм. Хамтрагч бид хоёр шинэ сонирхогчид олох гэж Оросын Санкт Петрбургийн гудамжуудаар өдөржингөө явлаа. Тэр орой бид гэрийнхээ ойролцоо настай нэг хүнтэй уулзаж, түүнтэй ярилцлаа. Тэр хүн сайн мэдээг огт сонирхоогүй ч түүнд Мормоны Номыг өгье гэсэн бодол бид хоёрт төрж билээ. Бид номын дотор талын хуудсан дээр түүнд сайн сайхныг хүссэн үгс, өөрсдийн гэрчлэл болон холбоо барих мэдээллийг бичиж өглөө.

Мөн тэр орой бидний үл таних Илья гэгч залуу ахтайгаа хамт гадагшаа юманд явж байсан гэнэ. Илья бүдэгхэн гэрэлтэй газар доорх гарцаар явж байгаад хавтсан дээрээ бүдэгхэн алтан шаргал үсэгтэй нэг ном газарт хэвтэж байхыг харжээ. Бөхийж бүр ойртон харвал, тэр номон дээр Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ гэсэн үгсийг товойлгон алтан шаргал өнгөөр бичсэн байлаа. Илья номыг гэртээ авчирчээ.

Маргааш нь хамтрагч бид хоёр шинэ сонирхогчдыг яаж олдог юм билээ гэж бодлогошрон байлаа. “Шинэ сонирхогчдыг олохын төлөө бид чадах бүхнээ хийж, чармайж байна. Гэтэл үр дүн нь хаана байна? Бид хийж байгаа зүйлээ өөрчлөх хэрэгтэй байж магадгүй” гэсэн бодол миний санаанд орж ирлээ.

Хормын дараа утас дуугарлаа. Утсыг би авав. Утасны нөгөө талаас “Та ахлагч уу? Би таны номыг газар доорх гарцаар явж байхдаа оллоо. Номыг чинь танд өгөх гэсэн юм” гэх дуу сонсогдлоо.

Би судрууд байдаг номын тавиур уруугаа тэр даруй харлаа. “Би метронд судраа хаяагүй гэж бодож байна. Тийм ээ, би Мормоны Номоо хаяагүй. Харин та үүнийг өөрөө аваад уншиж болно” гэж би хариулав.

Тэр залуу нэрээ Илья гэдэг гээд Оросын Орск хотоос Санкт Петрбургт ажиллахаар ирсэн гэдгээ хэллээ.

“Би энэ номны тухай бас танай сүмийн тухай тодорхой мэдмээр байна. Тантай уулзаж болох уу?” гэж тэр асуув.

Би сэтгэл догдолсондоо харайн босов. Сүмийн тухай тодорхой мэдэхийг хүсч уулзалт товлохоор сонирхогч болох хүн өдөр бүр утасдаггүй шүү дээ.

“Мэдээж хэрэг, бид уулзаж болно, Илья!” гэж би баярлан хариуллаа.

Биднийг Ильятай уулзахад тэр анхааралтай сонсож, асуултууд асууж байв. Илья сайн мэдээнд ихэд нааштай хандсанд бид баяртай байлаа.

Хичээлийн үеэр би Ильягийн Мормоны Номыг нээж харав. Эхний хуудсуудыг эргүүлтэл, миний бичгийн хэв байхыг харлаа! Энэ бол бид урьд өдөр нь нөгөө настай хүнд өгсөн ном мөн байв. Тэр хүн номыг хаясны дараа Илья олсон бололтой. Тэр үед яагаад гэдгийг ойлгоогүй ч хамтрагч бид хоёр энэ номыг тэр настай хүнд өгье гэж шийдсэндээ туйлын баяртай байлаа.

Илья удалгүй Сүмд элсэхээр шийдсэн билээ. Тэрбээр сайн мэдээний захиасыг төрөл төрөгсөд, найз нартайгаа урамтайгаар хуваалцаж эхэлсэн юм.

Хэн нэгэн нь Түүний үгийг хүлээн авахад бэлэн байгааг Тэнгэрлэг Эцэг мэддэгийг би мэдсэн. Тэрбээр Өөрийн Сүмийн номлогчид болон гишүүдээс гагцхүү Түүний зарлигуудыг биелүүлэхийг, түүнчлэн сайн мэдээг хуваалцахаар хичээхдээ Түүний хүсэлд захирагддаг байхыг шаарддаг билээ. Энэ тохиолдолд хэдийгээр Мормоны Номыг анх авсан хүн үүний үнэ цэнийг ойшоож үзээгүй ч, Илья хүлээн авна гэдгийг Бурхан мэдэж байсан ажээ (1 Нифай 19:7-г үз).

Зураг чимэглэлийг Аллан Гарнс