Бид юунд итгэдэг вэ?
Ажил хөдөлмөр бол мөнхийн зарчим
Бидний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр газар, тэнгэрийг бүтээхээр хөдөлмөрлөсөн билээ. Тэд нар, сар, оддыг бүтээв. Тэд далайн усыг цуглуулж, хуурай газрыг гарган, дээр нь ургамал ургахаар болгов. Тэгээд Тэд далай болон хуурай газар дээрх амьд бүхнийг бүтээлээ. (Эхлэл 1; Мосе 2-ыг үз). Тэнгэр, газар аль алинд нь ажил хөдөлмөр чухал болохыг тэдний үлгэр жишээ бидэнд харуулсан билээ. (Мөн Иoхан 5:17; 9:4-ийг үз.)
Бурхан Өөрийн дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээж, тэднийг Едений Цэцэрлэгт байршуулав (Эхлэл 1:26–27; 2:8-ыг үз). Хожим нь тэд цэцэрлэгээс хөөгдөхөд Их Эзэн Адамд “Чи духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ” хэмээн хэлжээ (Эхлэл 3:19-ийг үз). Тэр цагаас хойш Адам, Ева хоёр өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангахын тулд хөдөлмөрлөсөн билээ (Moсе 5:1-ийг үз).
Адам, Ева хоёрын үеэс хойш ажил хөдөлмөр нь дэлхий дээр бид бүхний амьдрах арга зам болсон юм. Бид өөрсдийнхөө болон гэр бүлийнхээ бие махбод, сүнслэг байдал, сэтгэл санааны сайн сайхан байдлыг хангахын төлөө хөдөлмөрлөдөг. Эцэг эхчүүд ажил хөдөлмөрийн зарчмыг заадаг гэр бүлийг бий болгохын төлөө хичээн чармайдаг. Хүүхдүүдэд чадварт нь тохирсон ажил өгч, амжилтыг нь магтах нь ажлын сайн туршлагатай болоход тэдэнд тусалдаг. Үүний үр дүнд тэд ажил хөдөлмөрт дурлан шимтэж, ойр зуурын ур чадварыг эзэмшиж чадна.
Бид ажил, амралтаа зохицуулахыг хичээх ёстой. Ажил хөдөлмөрийг биднийг сэргээдэг үйл ажиллагаатай хослуулснаар долоо хоногийн зургаан өдөр бидэнд адислал ирж болохыг санах хэрэгтэй. Харин бид ням гарагуудад дэлхийн ажил хөдөлмөрөөсөө татгалзаж, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих зарлигуудыг дуулгавартай дагавал Их Эзэн бидэнд онцгой адислалуудыг амласан юм (Eгипетээс Гарсан нь 20:9–11; С ба Г 59:9–19-ийг үз).
Ажил хөдөлмөр бол тэнгэр, газарт бидэнд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг юм. Хэрэв бид зөв шударга байх юм бол Түүнтэй хамт амьдрахаар эргэж очих болно. Тэнд бид Бурханы хаант улсыг байгуулахад туслахын тулд ажиллах боломж мөн байх болно (Moсе 1:39-ийг үз).
Бид өөрсдийнхөө бас гэр бүлийнхээ төлөө анхаарал халамж тавих үүрэг хариуцлага хүлээдэг.
-
Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө анхаарал халамж тавих ариун үүрэгтэй (С ба Г 83-ыг үз).
-
Хүүхдүүд өндөр настай болсон эцэг эхээ халамжилснаар адислагдах болно (1 Tимот 5:3–4, 8-ыг үз).
-
Бид боломжийнхоо хэрээр ах дүүс, ойрын төрөл төрөгсдөдөө туслах ёстой.
Ажил хөдөлмөрийн ачаар бидэнд олон адислал ирдэг билээ.
-
Ажил хөдөлмөрийн ачаар бид зан төлөвөө хатуужуулж, ажлын ур чадвараа өсгөн нэмэгдүүлдэг.
-
Бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөөнд бид баяртай байдаг.
-
Хэрэв бид хоол хүнс, ус, бусад энэ тэргүүний хэрэгцээт зүйлсийн нөөцтэй байвал илүү бэлтгэлтэй, бие даах илүү чадвартай болно.