2011
Миний өгч чадах зүйл
2011 оны долдугаар сар


Залуучуудад зориулав

Миний өгч чадах зүйл

Би зун хийхээр төлөвлөсөн зүйлс: хичээл, семинар, зуны зугаалга гэхчлэнгийн төлбөрийг яаж хийх билээ гээд аргаа барж суулаа. Бүр уйлмаар санагдсан гээч. Тэгтэл Их Эзэнд итгэж, Түүнд найдвар тавих тухай заалгасан зүйлээ саналаа. Тэгээд тулгарсан нөхцөл байдлыг Их Эзэний мутарт даатгахаар шийдээд, энэ нь Түүний хүсэлд нийцвэл Тэрбээр шийдэх арга замыг зааж өгнө гэж бодов.

Үүнээс хойш удаагүй байтал тэр жилийн эхээр миний хийсэн нэг ажлын хөлсөнд бичиж өгсөн чекийг ээж олоход, тэр чекнээс мөнгийг нь аваагүй байлаа. Бас тэмцээнд хоёрдугаар байр эзэлсний шагнал болох багахан хэмжээний мөнгийг би маргааш нь шуудангаар хүлээж авав. Энэ бол Бурхан амьд гэдгийг, Тэр надад хайртай, миний төлөө санаа тавьдаг бөгөөд хэрэгтэй зүйлээр хангах болно гэдгийг надад нотолсон агуу гэрчлэл байлаа.

Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёртоо талархаж, Тэднийг хайрлах хайраар зүрх сэтгэл минь бялхан байв. Би үнэхээр их баярлаж билээ! Хэчнээн их баярласнаа харуулж, Бурханыг чадах чинээгээрээ магтан дуулж, бодол санаагаа хуваалцахыг ихээр хүсч байлаа! Бусад хүмүүс сэтгэлийн ийм хөдөлгөөнөө дуу зохиож, шүлэг бичин, уран зураг зурж илэрхийлдэг бол би эдгээр зүйлсийн алийг нь ч чадахгүйгээ мэдэж байлаа. Миний өгч чадах цорын зүйл бол миний амьдрал “итгэгч хүмүүст үлгэр дууриал” (1 Tимот 4:12) байж болох юм гэдгийг би ойлгож билээ. Энэ бол Түүний хүсдэг бас миний өгч чадах бүх зүйл юм.