2011
Ми Вида, Ми Хисториа
2011 оны долдугаар сар


Ми Вида, Ми Хисториа

Латин Америкийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн итгэл, сүнслэг нөлөөний тухай түүхүүд.

Эдгээр хуудсууд дээрх Хожмын Үеийн Гэгээнтнүүд Есүс Христийн сайн мэдээний тухай итгэл үнэмшлийн түүхүүдээ Сүмийн Түүхийн Музейд гаргасан үзэсгэлэнгийн үеэр хуваалцсан юм. Тэд хамтдаа Латин Америкийн олон сая Гэгээнтнийг төлөөлж байна.

Ютагийн Солт Лейк дэх Сүмийн Түүхийн Музейд 2011 оны 6-р сард хорин дөрвөн түүхийг дэлгэн үзүүлжээ. Уг мултимедиа үзвэрийг интернетээр дараах хаягаар орон үзэж болно lds.org/churchhistory/museum/exhibits/mividamihistoria.

Кармен Экеверрия Вуд

Кармен нь Гватемалын Гватемал хотод сүсэг бишрэлтэй гэр бүлд төржээ. Түүнийг есөн настай байхад Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэй номлогчид гэр бүлд нь сайн мэдээг заасан гэнэ. Хүүхдийн Хэсэгт явах нь түүнд таалагдаж, гэр бүлдээ аз жаргалыг мэдэрдэг болсон тухайгаа ярьдаг байв. Жилийн дараа гэрийнхэн нь баптисм хүртэв. “Энэ нь гайхамшигтай, үнэхээр гайхамшигтай байсан шүү” гэж тэр хэллээ. 1954 онд Ерөнхийлөгч Давид О.МкКей (1873–1970) Гватемалд ирж, аравны нэгийн зарчмыг хүүхдүүдэд заасныг тэр санадаг ажээ. Кармен 17 настайдаа Төв Америкийн Номлолд үйлчлэхээр дуудагдаж, “илүү сайн амьдралтай болох, үүрд хамтдаа байх найдварыг” хуваалцсандаа баяртай байжээ.

Мириам Пуэрто Амато

Мириам бол унаган Бразил хүн. Тэр номлолд үйлчлэхийг хүсч, өргөдлөө бичжээ. Тэр долоон долоо хоногийн дараа гэр бүлээрээ цуглаж, Ютагийн Солт Лейк хотын Ариун Сүмийн Талбайн Номлолд дуудсан дуудлагын захидлыг уншсан гэнэ. “Намайг дуудлагын захидлаа унших үеэр манайхан Бразилын хөл бөмбөгийн баг гоол оруулж байгаа юм шиг л баярлалдан чанга хашгирч байсан нь сонин байлаа. Би ч бас хөл газарт хүрэхгүй баярлаж, Их Эзэн намайг илгээж байгааг мэдэж байлаа” хэмээн ярилаа.

Нелсон Москвез

Нелсоныг Парагвайн Асунсионд төрөөд удаагүй байхад эцэг эх нь номлогчидтой уулзжээ. “Нэг өдөр аав гэрийнхээ довжоон дээр зогсож байхдаа ахлагч Хигби, Жонсон хоёрыг харсан ч тэднийг номлогч гэдгийг мэдээгүй юм” гэж Москвез ах ярилаа. “Аав манай эгчийг хоёр сандал гаргаж ир гэсэн. ‘Учир нь эдгээр залуу эрчүүд бидний амьдралыг өөрчлөх болно’ гэж аав хэлж билээ. Ахлагч нар хаалга тогшиход аав онгойлгоод ‘Ор, ор. Бид та нарыг хүлээж байлаа’ гэв. Бид гэр бүлээрээ ингэж Сүмд нэгдсэн юм.”

Робин Мендоза

Робин Эквадорт ядуу зүдүү байдалд өссөн ч өөрийгөө өөд татахыг хүсдэг байжээ. Тэр тариалангийн талбайд өдөрт 12 цаг ажилладаг байхдаа нэг удаа удирдамжийн төлөө залбирах үед нь аянгын цахилгаан цахьсан гэнэ. Робин үүнийг Бурханы амлалт амьдралд нь хэрэгжих болно гэсэн Түүний дохио гэж үзжээ. “Надад төрсөн мэдрэмж Бурханаас ирснийг би мэдсэн” гэж Робин хэллээ. Итгэлээр дамжуулан амьдралаа өөрчилж болно гэдгийг тэр мэдсэн гэнэ. 16-тайдаа ажил хайж Гвианаквилд ирээд тэнд баптисм хүртжээ. Байнгын сүнслэг нөлөө нь түүнийг Бригам Янгийн Их Сургууль уруу хөтөлж, тэрбээр боловсролтой болох зорилгоо биелүүлсэн аж.

Урсула Байндер Брок

Брок эгч дөнгөж таван настай байхдаа амьдралын утга учрыг тунгаан бодсоноо санадаг аж. Түүнийг Венесуэлд өсвөр насны охин байхад нь номлогчид түүнд болон гэр бүлд нь сайн мэдээг зааж, тэд баптисм хүртсэн гэнэ. Итгэл бишрэлээр жигүүрлэсэн тэр залуу эмэгтэй 16-тайдаа салбарынхаа Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгчөөр дуудагджээ. Эдүгээ тэрбээр насан туршдаа үйлчилсний эцэст “итгэл бол сонголт мөн” гэдгийг ойлгосон ажээ. “Би амьдралдаа Аврагчийг оруулахаар сонгосон. Цагаатгал бол туйлын гайхалтай, бүх хүн төрөлхтнийг хайрласан амин хувиа үл хичээсэн үйлдэл мөн гэдгийг би мэдсэн. Миний Аврагч бөгөөд Гэтэлгэгч, Амар амгаланг Өгөгч нь хамгийн сайн, байнгын найз минь болсон юм.” гэж тэр ярилаа.

Линкольн Петерс

10 нас хүртлээ буюу ээжийгээ нас бартал Чилийн Сантьягод амьдарч байжээ. Дараа нь тэр авга ах, эгч хоёртойгоо амьдарч байсан гэнэ. Түүнийг 18-тай байхад ахлагч Бартон болон Бентли авга ах, эгч нарынх нь гэрт иржээ. Линкольны авга эгч, эмээ хоёр нь сайн мэдээг тэр дороо хүлээж авсан ч Линкольн номлогч нараас зайлсхийдэг байв. Нэгэн ням гарагийн өглөө үргэлж эелдэг уриалгахан байдаг эмээ нь түүний өрөөнд орж ирэн, хөнжлийг нь хуу татаж, хамт сүмд яв гэжээ. Эмээгийнхээ энэхүү ер бусын үйлдэлд цочиж бас түүнийг хүндэлдэг болохоор тэр дороо босч сүм уруу явсан аж. Линкольн тэр өдөр амьдралыг нь өөрчилсөн ямар нэг шинэ, хүчтэй мэдрэмжийг мэдэрчээ. Тэр удалгүй Чили дэх Сүмийн анхны хөрвөгчдийн нэг болов.

Люис Хернандез, Карла Хернандез нар

Люис, Карла хоёр өсвөр насандаа Гондураст танилцсан аж. Тэд болзож, удалгүй гэрлэсэн гэнэ. Сүмийн гишүүн биш байсан Люис “бие биедээ хүндэтгэл, хайраар ханддаг Карлагийн эцэг эхийг бишрэн тэдний эрхэмлэдэг зүйлсийг” мэдэх хүсэлд автжээ. Люис удалгүй баптисм хүртэж, Гватемал хотын Гватемал Ариун Сүмд лацдан холбуулжээ. 30 дөнгөж гарсан үед тэдний харилцаанд сэв сууж, Карла гэрээ орхин явахдаа идэр насандаа гэрлэсэн нь алдаа болсон гэж бодсон гэнэ. Люис мацаг барьж, залбиран “Карлаг гэрт нь буцааж авчирч өгөөч гэж Бурханаас гуйсанд Тэрбээр үүнийг ёсоор болгосон юм. Бурхан миний гуйлтыг ёсоор болгосон.” Өнөөдөр тэдний гэрлэлт хэзээ хэзээнээс илүү бат бөх байна.

Ноеми Гузман де Абреа

Гэрийнхэн нь Сүмд нэгдэх үед Ноеми Аргентинд төржээ. Түүнийг өсвөр насны хүүхэд байхад нь тэднийхэн Нэгдсэн Улсад цагаачилж ирсэн аж. Тэр америк хүн болсондоо дуртай байсан ч Аргентины соёл, ёс заншилдаа илүү элэгсэг ханддаг байлаа. “Латин Америкийнхан маш халуун дулаан элэгсэг хүмүүс. Тэд таныг тэр дороо л гэртээ авчран, анд найз чинь болж, нөхөрлөдөг. Латин америкчууд гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байж, сайхан хоол идэх дуртай. Энэ нь их сайхан санагддаг, ийм соёл заншлыг би өөр юугаар ч солихгүй.”

Омар Каналс

Уругвайд 1948 онд Омарын ээж шүхрээ Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэй номлогчдод өгчээ. Тэгээд тэрээр номлогчидтой ярилцаж, Омарын эгч хожим нь баптисм хүртсэн гэнэ. 1948 онд төрсөн Омар 1947 онд нээгдсэн Уругвайн Номлолын анхны адислагдсан хүүхэд болжээ. Омар найман настайдаа эцэг эхийнхээ хамт баптисм хүртсэн гэнэ. Хэдэн жилийн дараа Омар хайр сэтгэлтэй бүсгүйтэйгээ гэрлэж, тэд Нэгдсэн Улсад цагаачлан иржээ. Урьд нь нэвтрүүлэгч болсон Омарыг 1973 онд Сүм ажилд авснаар тэр ерөнхий чуулганы испани хэлний орчуулагч болсон ажээ.

Марк Ж.Давис, Крейг Даймонд, Кент Майлз, Крейг Ж.Лоо нарын гэрэл зургууд