Агуу хүмүүсийн амьдрал мартагддаггүй
Мэри Фиелдинг Смит
1839 оны өвөл нөхөр нь Либерти шоронд хоригдож байх үеэр итгэлтэй Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэй Мэри Фиелдинг Смит бага насны хэдэн хүүхэдтэйгээ үлдсэн байжээ. Танхайрагчид тэдний гэрт дайран орж, сүйтгэсний уршгаар нэг хүү нь амь эрсдэх шахсан ажээ. Хайрум Смитийн эхнэр Мэри, нөхрийгөө 1844 оны 6-р сарын 27-нд Картейж шоронд алагдахад бэлэвсэрсэн юм. Эмма Смит, Мэри хоёр Хайрум Смит, Иосеф Смит нартай холбоотой олон зовлонг тэвчин өнгөрүүлсэн билээ. Өнөөдөр Мэриг Сүмийн эхэн үеийн хамгийн тууштай анхдагчдын нэг хэмээн бишрэн бахархдаг.
Мэри, Хайрум Смиттэй 1837 оны 12-р сарын 24-нд гэрлэжээ. Хайрумын анхны эхнэр Жеруша хүүхэд төрүүлэх үедээ нас барсан бөгөөд Мэри Хайрумын нялх хүүхдүүдийг өөрийнхөө хүүхдүүд шиг асардаг байжээ. Хайрум, Мэри хоёрын дундаас хоёр хүүхэд төрсний нэг нь хожим Сүмийн зургаа дахь Ерөнхийлөгч болсон Жозеф Ф.Смит юм.
Иосеф, Хайрум хоёрыг алагдсаны дараа Гэгээнтнүүд Наувуг орхин Солт Лейкийн Хөндий уруу нүүхэд Мэри энэ аянд нэгдэхээр шийдсэн ажээ. Түүнийг гэр бүлийнх нь хамт аяллын нэг бүлэгт хуваарилжээ. Түүнийг бусад хүмүүст саад болох юм биш үү, тийм хүнд аянд гарах хэрэг байна уу? гэж аяллын бүлгийн ахлагч хэлэхэд, Мэри “Би та нараас түрүүлж тэр хөндийд очно. Бас та нараас тусламж ч гуйхгүй” гэж хариулсан гэдэг.1 Аян туйлын хүнд байсан ч тэр гэр бүлийнхээ хамт Солт Лейкэд 1848 оны есдүгээр сарын 23-нд өнөөх эргэлзэж байсан бүлгийн ахлагчаас нэг өдрийн өмнө хүрч иржээ.
Мэри Фиелдинг Смит амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл итгэлтэй хэвээр үлдсэн юм. Тэр бүр ядууралд байхдаа ч аравны нэгээ төлдөг байв. Тэр жил тарьж ургуулсан төмснийхөө аравны нэгийг өгөхгүй байсан ч болно шүү дээ гэж хэн нэг нь зөвлөхөд Мэри “Та өөрөөсөө ичихэд яана аа. Намайг адислал бүү аваасай гэж байгаа юм уу? … Аравны нэг нь Бурханы хууль бас үүнийг төлснөөр адислагдах болно гэдэгтээ итгэдэг учраас би аравны нэгийг төлдөг юм” гэж хариулжээ.2 Тэр Солт Лейкийн Хөндийд ферм байгуулж, хүүхдүүддээ сайн мэдээг зааж байлаа. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит “Ээж минь надад Бурханы хаант улсад хүндэтгэлтэй хандах, ариун журамтай, үнэнч шударга байх болон үнэнийг заасан юм. Мөн надад дүрмээр төдийгүй бас үлгэр жишээгээрээ заадаг байлаа” гэж хожим нь дурсжээ.3