Институт
1-р хичээлийн багшийн материал: Аврагчаас суралцах Түүний урилгыг хүлээн авах нь


“1-р хичээлийн багшийн материал: Аврагчаас суралцах Түүний урилгыг хүлээн авах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“1-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

1-р хичээлийн багшийн материал

Аврагчаас суралцах Түүний урилгыг хүлээн авах нь

Энэ хичээл нь таныг мөн таны суралцагчдыг Есүс Христэд болон Түүний үүрдийн сайн мэдээнд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлэх гайхалтай боломжоор хангана. Энэ хичээл дээр суралцагчид Аврагчаас суралцах Түүний урилгыг илүү бүрэн дүүрэн хүлээн авахын тулд юу хийж чадах талаар эргэцүүлэн бодно. Тэд судалснаар итгэлээр дамжуулан сүнслэг үнэнд суралцахын ач холбогдлыг бас тунгаах болно.

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцахыг дэмжихийн тулд бэлтгэх материалаа үр дүнтэй ашигла. Бэлтгэх материал нь багш, суралцагчдад хамтдаа сургамж бүхий суралцах туршлага олж авахаар бэлтгэхэд нь туслах зорилготой зохиогдсон. Дараах зөвлөмжийг тунгаан бод.

  • Боломжтой бол хичээлийн эхний өдрөөс өмнө энэ ангид бүртгүүлсэн суралцагчидтай холбоо барьж, ангид ирэхээсээ өмнө бэлтгэх материалыг уншихад тэднийг урь.

  • Зарим суралцагч материалаа урьдчилан аваагүй байж болох тул ангийн хэлэлцүүлгийг эхлэхээс өмнө цахим хувилбарыг хэрхэн ашиглахыг үзүүл эсвэл хэвлэсэн материал өг. Танай ангид сүүлд орж ирсэн суралцагчдад мөн адил тусламж үзүүлээрэй.

  • Ангийн хэлэлцүүлгийн үеэр хичээлд бэлтгэх материалын талаарх суралцагчдын туршлагаас асуу. Түүнчлэн урьдчилж бэлдээгүй хүмүүст зориулан хичээлд бэлтгэх материалаа ангид хэрхэн ашиглах арга замуудыг эрж хай.

  • Суралцагчдыг хичээлд бэлтгэх материалыг судалснаар хэрхэн адислагдаж байгаа талаараа хуваалцахад хааяа нэг урьж болно.

Заах зөвлөмж

Есүс Христ бүх хүнийг Өөрөөс нь суралцахад урьдаг.

Тэмдэглэл: Институтийн гол зорилго нь хүн бүр дэмжлэг туслалцаа авахын зэрэгцээ аюулгүй, үнэ цэнтэй гэдгээ мэдрэх орчинг бүрдүүлэх явдал юм. Харьяалагдаж байгаа гэсэн мэдрэмжийг олж авахад нь туслахын тулд хичээлийн эхэнд бие биеэ таньж мэдэхэд хэдэн минут зарцуулах талаар бодож үзээрэй. Хичээлийн жилийн турш бүх суралцагчид ангидаа халуун дотно уур амьсгал, хайрыг мэдрэхэд туслах арга замуудыг олж харахыг хичээ.

Хичээлээ эхлүүлэхдээ Есүс Христийн зургийг харуулж, Түүний талаар юу мэдэрдгээ товчхон хуваалцахыг бод. Мөн цөөн суралцагчийг Аврагчийн талаарх мэдрэмжээ хуваалцахад урь.

Ангиараа Матай 11:28–30-ийг болон Сургаал ба Гэрээ 19:23-ыг уншаад, эдгээр урилга, амлагдсан адислалуудаас юу нь тэдний анхаарлыг татаж байгааг суралцагчдаас асуу. Суралцагчдыг Есүс Христ хүн бүрийг Түүнээс суралцаж, Түүний амар амгаланг мэдрэхэд урьдаг гэсэнтэй адил үнэнийг тодорхойлох үед та эдгээр урилгын хувийн болон хайрын мөн чанарыг тодорхойлж болно.

  • Христээс суралцах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Шаардлагатай бол хичээлд бэлтгэх материалын 1-р хэсэгт байгаа ахлагч Ким Б.Kларкийн мэдэгдлийг дахин уншихад суралцагчдыг урьж болно.)

  • Амар амгалан байлгах, амраах, ачааг хөнгөлөх зэрэг амлалт нь Есүс Христээс суралцахтай яагаад холбоо хамааралтай гэж та бодож байна вэ? Та энэ төрлийн адислалыг ямар арга замаар мэдэрсэн бэ?

Та самбарт Сайн мэдээ = Сайн сайхан мэдээ гэсэн хэллэгийг бичиж болно. Дараа нь суралцагчдыг 3 Нифай 27:13–16, 20–21-ийг уншаад, дараах асуултуудыг хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээрээ авч хэлэлцэхэд урь.

  • Аврагчийн өгүүлснээр, Түүний сайн мэдээний гол үнэнүүд нь юу вэ? Яагаад эдгээр үнэн сайн сайхан мэдээ болж байна вэ? (Та бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Жэффри Р.Холландын мэдэгдлийг дахин уншиж болно.

  • Сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрах нь танд Аврагчаас суралцаж, Түүнтэй илүү адилхан болоход ямар арга замаар тус болсон бэ?

Их Эзэн бидэнд сүнслэг үнэнийг хэрхэн мэдэж авах тухай заасан.

Есүс Христийн талаар болон Түүний сайн мэдээний тухай сүнслэг үнэнийг хэрхэн мэдэж авахын ач холбогдлын талаар тунгаан бодоход нь суралцагчдадаа туслахын тулд дараах зохиомол түүхийг толилуул.

Танай найз Клөүи шинжлэх ухаанч сэтгэлгээтэй нэгэн бөгөөд аливаа зүйлд итгэхээсээ өмнө нотлох хэрэгтэй гэж үздэг. Тэр чамайг Есүс Христэд итгэдгийг мэддэг учраас Түүнийг үнэн, бодитой гэдгийг хэрхэн мэдэж болохыг асуудаг. Та юу гэж хариулах байсан бэ?

Та суралцагчдыг өөрсдийн хариултыг хамтрагчтайгаа хуваалцахад урьж, дараа нь ангиараа Аврагчийн талаар суралцахад шинжлэх ухааны арга барилд суурилах нь хязгаарлагдмал байдаг тухай ярилц. (Та бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ахлагч Пол В.Жонсоны мэдэгдлийг хуваалцаж болно.) Ярилцлагаа гүнзгийрүүлэхийн тулд дараах асуултуудаас нэг эсвэл хэд хэдийг асуух талаар бодож үз.

  • Сүнслэг үнэний талаар мэдэж авах Их Эзэний арга зам юу вэ? (Сургаал ба Гэрээ 88:118-ыг уншиж болно.)

  • Итгэлээр суралцах гэдэг нь ямар утгатай вэ? (Хичээлд бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдлийг унших нь тустай байж болох юм. Суралцагчдыг дараахтай төстэй үнэнийг олж тогтооход тусалж болно. Бид итгэлээр үйлдэн сайн мэдээнээс суралцахыг эрэлхийлэх үед Есүс Христэд итгэх бидний итгэл нэмэгддэг.)

  • Итгэлээр үйлдэж суралцсан таны таньдаг эсвэл сударт гардаг хүмүүсийн ямар жишээ байдаг вэ? Та итгэлээр үйлдсэнээр Есүс Христийн тухай ямар нэгэн зүйл сурсан үеэ бодоход хэдэн минут зарцуул. Та Түүний талаар юу сурч мэдсэн бэ?

Суралцагчдад энэ ангид Аврагчийн талаар юу сурч мэдэхийг хамгийн их хүсэж байгаа болон Түүнээс суралцах чадвараа хэрхэн хөгжүүлж болох тухай тунгаан бодож, бичиж тэмдэглэх хэдэн минут өг. Тэднийг зорилгоо бичиж тэмдэглэхэд урамшуул. Ирэх долоо хоногуудад суралцагчдад зорилгыг нь эргэн харуулах боломжуудыг эрэлхийл.

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчидтай хичээлээс гадуур холбоо харилцаатай бай. Суралцагчдын хэрэгцээг тодорхойлж, хичээлд бэлтгэх материалаас судлахад урамшуулахын тулд зурвасаар харилцах арга замыг сонгож болно. “Дараагийн хичээлээр” гэсэн хэсэгт байх санаануудыг ашиглах юм уу зурвасаар харилцах өөрийн загварыг гаргаж болно.

Дараагийн хичээлээр

Суралцагчдыг дараагийн хичээлд бэлдэж байхдаа Есүс Христийн өөр өөр нэр, цол бидэнд Түүний талаар юу заадгийг олж мэдэхэд урамшуулан дэмж. Эсвэл бид яагаад Аврагчийг “амьд Христ” гэж нэрлэдэг талаар тунгаан бодоход урьж болно.