Институт
8-р хичээлийн багшийн материал: Есүс Христийг амлагдсан Мессиа гэж хүлээн зөвшөөрөх нь


“8-р хичээлийн багшийн материал: Есүс Христийг амлагдсан Мессиа гэж хүлээн зөвшөөрөх нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“8-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

8-р хичээлийн багшийн материал

Есүс Христийг амлагдсан Мессиа гэж хүлээн зөвшөөрөх нь

Есүс Христ Шинэ Гэрээний Мессиа (эсвэл Тослогдсон Нэгэн) мөн. Түүнийг Тэнгэрлэг Эцэг бидний Аврагч байхаар сонгосон. Энэ хичээлээр суралцагчид Есүс Христийн мессиагийн үйл хэргийг хүлээн зөвшөөрөх нь тэдний амьдралыг хэрхэн өөрчилж чадах талаар ярилцах боломжтой. Суралцагчдыг Мессиа тэдний амсаж буй өвчин, зовлонд хэрхэн тусалж чадах талаар тунгаан бодоход урамшуулна.

Заах зөвлөмж

Есүс Христ Өөрийгөө Мессиа хэмээн тунхаглав.

Та Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах үгийг үзүүлснээр хичээлийг эхлүүлж болно.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Хэн ч өвчин шаналал, уйтгар гунигаас хэлтрүүлэгдэхгүй. … Бодгалийн шарх баян хүнд эсвэл ядууд, нэг соёл, нэг үндэстэнд эсвэл нэг үеийнхэнд л нийтлэг байдаг юм биш. Шарх бол энэхүү мөнх бус туршлагаасаа бидний суралцахаар хүлээн авдаг зүйлийн нэг хэсэг юм. (Нийл Л.Андэрсэн, “Шархадсан тэд,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 80)

Бодгалийн шарх гэсэн хэллэгийг самбар дээр бичиж болно.

Суралцагчдыг бодгалийн шарх амсдаг олон өөр арга замын талаар хуваалцахад урьж, хариултыг нь самбар дээр бич. Энэ үйл ажиллагааг суралцагчдад илүү их хамааруулахын тулд өөрсдийн эсвэл хайртай хүмүүсийнхээ бодгалийн шархыг дотроо тодорхойлоход урьж болно. Хичээлийн туршид Их Эзэн эдгээр шарханд нь хэрхэн тусалж чадах талаар хувь хувьдаа эргэцүүлэн бодоход суралцагчдыг урамшуул.

Суралцагчдыг Мессиа гэдэг нэр цолыг болон хүлээлгэсэн Мессиа Хуучин болон Шинэ Гэрээний үеийн Бурханы гэрээт хүмүүсийн хувьд яагаад чухал байсныг тодорхойлж, тайлбарлахад урь.

Исаиа 61:1–3 нь бодгалийн шархийг эдгээхэд Мессиа хэрхэн туслах тухай бошиглол гэдгийг онцол. Суралцагчдыг эдгээр шүлгийг гүйлгэн уншаад, зовж шаналж буй хүмүүст найдвар өгч болох үгс болон хэллэгийг олж харахад урь.

Суралцагчдыг судалж байх үед та Мессиа бодгалийн шархтай хүнд хэрхэн тусалдаг вэ? гэж самбар дээр бичиж болно. Тэгээд суралцагчдыг хамгийн чухал гэж үзсэн үг, хэллэгээ хуваалцах үед тэдгээрийг самбарт бич. Илүү гүнзгийрүүлэн бодоход нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудаас заримыг нь тавихыг бод.

  • Энэ үг, хэллэг бодгалийн шархтай юугаараа хамааралтай вэ?

  • Яагаад энэ үг эсвэл хэллэг танд чухал вэ?

  • Энэ үг эсвэл хэллэг бидэнд Мессиагийн тухай болон Түүний үйл хэргийн талаар юу зааж байна вэ?

Ач холбогдолтой ярилцлага өрнүүлэх цаг гаргаж өгснийхөө дараа, Есүс Назар хотод синагог дээр хэмээх доорх зургийг үзүүлж болно. Түүхийг товчхон ярьсны дараа нэг суралцагчаас Есүс Христ амлагдсан Мессиа мөн гэдгээ тунхаглахад Исаиа 61:1–2-ыг хэрхэн ашигласныг хуваалцахад урь. (Шаардлагатай бол суралцагчид Лук 4:18–22-ыг уншиж болно.)

Есүс Назар хотод синагог дээр, Грэг К.Олсэн

Есүс шархалсан зүрхтэй хүмүүсийг эдгээж, зовсон нэгнийг чөлөөлж, гашуудаж буйг тайтгаруулахаар ирсэн Мессиа юм гэсэн үнэнийг та танилцуулж болно.

  • Аврагч зүрх нь шархалсан эсвэл сэтгэлийн зовлонд унасан хүмүүст хэрхэн тусалж чадах вэ? (Бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Гэррит В.Гонгийн мэдэгдлийг унших талаар бодож үз.)

  • Аврагч таныг эсвэл таны таньдаг хэн нэгнийг хэрхэн тайтгаруулж, түүнд тусалсан бэ?

Исаиа, Алма хоёр биднийг халамжлах Мессиагийн хүчийг гэрчилсэн.

Та Аврагчийн дагалдах зургуудыг үзүүлээд, мөнх бус оршихуйд Түүний хэрхэн зовж шаналж байсан талаар товчхон хуваалцахад суралцагчдыг урь.

Есүс шүүх хурал дээр
Есүс Гетсеманид залбирч байгаа нь
Цовдлуулалт, Харри Андэрсон

Суралцагчдыг хос хосоор нь ажиллуулах талаар бодож үзээрэй. Нэг нь Исаиа 53:3–6, 8, 11–12-ыг, нөгөө нь Алма 7:11–12-ыг судалж болно. Суралцагчдыг дараах хоёр зүйлийг олж мэдэхэд урь. Үүнд: (1) Мессиа хэрхэн зовж шаналдаг байсан талаар, (2) Тэр зовсноороо биднийг хэрхэн адисалж чадах талаар. Суралцагчдыг олж мэдсэн зүйлийнхээ талаар хамтрагчтайгаа ярилцсаны дараа ангийнхантайгаа хуваалцахад урь.

Суралцагчдыг хуваалцаж байх үед, тэдний сурсан зүйлсийг дараахтай төстэй мэдэгдэл болговол тустай байж болох юм. Мессиа бидний гашуудал, харуусал зовлон, гэм бурууг үүрсэн учраас Тэр биднийг эдгээж, амар амгаланг авчирч, алдсыг маань үүрч, биднийг өршөөж, тайтгаруулж, халамжилж чадна. Дараах дагалдах асуултыг тавих талаар бодож үз.

  • Аврагч бидэнд ямар төрлийн мөнх бус өвчин, зовлон шаналал учирсан үед тусалж чадах вэ? (Халамжлах гэдэг үгийн утгыг харсны дараа, бэлтгэх материалын 2-р хэсэг дээрх ерөнхийлөгч Жийн Б.Бингам болон ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн мэдэгдлийг чанга унших нь чухал байж болох юм.)

Та Аврагч биднийг хэрхэн халамжилдаг талаарх бодит амьдрал дээрх жишээг тодорхойлоход нь суралцагчдад туслах цаг гаргаж болно. Эдгээр жишээг судруудаас болон Сүмийн удирдагчдаас эсвэл суралцагчдынхаа амьдралаас олж болно. Та мөн өөрийнхөө туршлагыг хуваалцаж болно.

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчдад чимээгүй эргэцүүлэн бодох цаг гаргаж өг. Сүнслэг зүйлийг сурахад үгэнд баригдах үе байдаг. Нам гүм байдал нь суралцагчдад сурч байгаа зүйлээ илүү гүнзгий тунгаан бодох мөн Ариун Сүнсний намуухан шивнээг илүү тод сонсох боломж олгох ариун нандин бэлэг байж болно.

Суралцагчид өөрсдийн эсвэл хайртай хүнийхээ авсан “шархны” талаар дахин бодож болох юм. Дараах асуултуудыг үзүүлээд, асуулт тус бүрийн талаар тунгаан бодоход суралцагчдыг урь. Суралцагчдад бодол санаа, төрсөн сэтгэгдлээ тэмдэглэх цаг гаргаж өг.

  • Таны туулж буй бүх зүйлийг Аврагч ойлгодог гэдгийг мэдэх нь өөрийнхөө өвчин шаналал, зовлон зүдгүүрийг харахад танд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Танд туслахын тулд Түүний хэрхэн зовж шаналсныг бодохдоо та Есүс Христийн талаар юу бодож, мэдэрч байна вэ? Энэ нь таныг юу хийхэд сүнслэгээр өдөөж байна вэ?

  • Энэхүү мэдлэг нь таны таньдаг, зовж шаналж байгаа хэн нэгнийг хэрхэн адисалж болох вэ? Та үүнийг тэдэнтэй хэрхэн хуваалцаж болох вэ?

Хэрэв цаг байвал суралцагч бүрд жижиг цаас өг. Тэднийг дараах асуултын хариултыг бичихэд урь.

  • Хүнд бэрх нөхцөл байдалтай тэмцэж байгаа таньдаг хүнийхээ талаар бод. Биднийг хүчирхэгжүүлж, эдгээх Есүс Христийн чадварын талаар түүнд ямар зурвас бичиж өгч болох вэ?

Дараа нь суралцагчдаас цааснуудаа өрөөний эргэн тойронд байрлуулахыг хүс. Суралцагчдад тойрч алхан, өөр өөрөөр бичсэн үгсийг унших хэдэн хором гаргаж өг.

Дараагийн хичээлээр

Суралцагчдыг 9-р хичээлд бэлтгэх материалыг уншихад урамшуулахын тулд дараагийн хичээлээс өмнө дараах зураг болон зурвасыг тэдэн рүү илгээж болно. 9-р хичээлд бэлтгэх материалыг цаг гарган судалж, Есүс Христийн төрснийг зөвхөн Христийн мэндэлсний баяраар биш, бүтэн жилийн турш тэмдэглэх хэрэгтэй талаар тунгаан бод.

Мариа, Иосеф хоёр нялх Есүстэй хамт