Институт
12-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христийн сургаалаас цэвэр үнэнийг олох нь


“12-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христийн сургаалаас цэвэр үнэнийг олох нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“12-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Шавь байх талаарх Аврагчийн сургаал, Жастин Күнз

12-р хичээлд бэлтгэх материал

Есүс Христийн сургаалаас цэвэр үнэнийг олох нь

Цахим эрин зуунд амьдрах нь бидэнд урьд өмнө байгаагүй их мэдээлэл авах боломжийг олгосон. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Хүмүүсийн дийлэнх нь үнэнийг хаанаас эрэлхийлэхээ мэдэхгүй байгаа нь бас нэгэн тахал болоод байна” гэж хэлсэн (“Цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлт,” Лиахона, 2021 оны 11-р сар, 6). Таны анхаарлыг татах гэж хичээж буй өөр өөр захиас, дуу хоолойнуудын талаар бодож байхдаа Есүс Христ болон Түүний сургаал хэрхэн цэвэр үнэний эцсийн эх сурвалж болж, амьдралыг тань удирдан чиглүүлж, хүчирхэгжүүлж, өөрчлөх хүч агуулдгийг бодож үз (Иохан 14:6-г үзнэ үү).

1-р хэсэг

Есүс Христийн сургаал миний амьдралыг хэрхэн сайжруулах вэ?

Есүс амилсныхаа дараа Еммау руу явж байсан хоёр шавьтайгаа хамт алхав. Тэд Түүнийг Амилсан Христ гэж таниагүй. Тэднийг алхаж байх үед Есүс Өөрийн тэнгэрлэг даалгаврын утга учрыг судраас заажээ. (Лук 24:13–27-г үзнэ үү.)

Есүс Еммау орох зам дээр хоёр шавьтайгаа ярив
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Лук 24:31–32-ыг уншаад, Аврагчийн сургаал эдгээр шавьд хэрхэн нөлөөлснийг олж мэд.

Есүс Христ хуулийн багш нар болон фарисайчууд шиг биш, харин “Бурханы эрх мэдлээр” заасан (Joseph Smith Translation, Matthew 7:37 ). Түүнийг төрөлх Назар хотдоо зааж байхад “Түүний сургаал эрх мэдэлтэй байсан тул тэд сургаалыг нь гайхаж байлаа” (Лук 4:32). Хэдий Их Эзэн эрх мэдлээр зааж байсан ч зарим хүнд Түүний заасан зүйлс болон сургаал хэтэрхий бэрх санагдсан тул Түүнийг дагахгүй байхыг сонгожээ. Ийм нэгэн тохиолдолд Аврагч төлөөлөгчдөөсөө “Та нар бас явахыг хүсэж байна уу?” хэмээн асуув. (Иохан 6:67-г мөн Иохан 6:68–69-ийг үзнэ үү).

Өнөө үед бидэнд ч бас Есүс Христийн заасан зүйлс, сургаал хүнд хэцүү мэт санагдах үе бий. Заримдаа бид бүр “явахаар” уруу татагдаж болно. Амьдралынхаа туршид итгэлтэй хэвээр үлдэхийн тулд Түүний үгийг зүгээр сонсох нь хангалттай биш юм.

Никодем хэмээх фарисай хүнд сайн мэдээний чухал үнэнүүдийг заасны дараа Их Эзэн “Харин үнэнийг үйлдэгч, үйлс нь Бурханы дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд гэрэлд гарч ирдэг” гэж хэлсэн (Иохан 3:21; тодотгол нэмэгдсэн).

Есүс Никодемд зааж байгаа нь

Есүс өөр нэгэн өдөр ариун сүмд зааж байхдаа “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” (Иохан 7:17; тодотгол нэмэгдсэн) хэмээн айлджээ. Хожим нь Есүс шавь нарынхаа хөлийг угааж, үйлчлэлийн үлгэр жишээ үзүүлэхдээ “Үүнийг мэдэж, үйлдвээс та нар ерөөлтэй” гэж хэлсэн юм (Иохан 13:17; тодотгол нэмэгдсэн).

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Есүс Христийн заасны дагуу үйлдэхийн ач холбогдлыг ийн тайлбарлажээ.

Ахлагч Жэффри Р.Холланд

“Тэгээд юу хийх вэ?” Аврагч Өөрийн сургаал, номлолын салшгүй нэг хэсэг болгон энэхүү асуултад өдөр бүр хариулсан гэж би боддог. Шавь нарынх нь амьдрал бодитоор өөрчлөгдөөгүй бол түүний номлол, сургаал ямар ч үр дүнгүй байх байсан.

“Тэгээд юу хийх вэ?” Хэтэрхий олон хүн итгэдэг гэж ярьдаг зүйлсийнхээ дагуу амьдардаггүй гэдгийг та бид мэднэ. (“Teaching, Preaching, Healing,” Ensign, Jan. 2003, 37).

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сайн мэдээ (Матай, Марк, Лук, Иохан) болон 3 Нифай 11–27 дахь Аврагчийн сургаалын талаар бод. Танд онцгой чухал санагдсан нэг сургаалыг сонгоод, дахин судал. (Тайлбар: Хэрэв өөрийн ойлголт мэдлэгийг сэргээх шаардлагатай бол ChurchofJesusChrist.org дахь “Есүс Христийн сургаал”-ыг үзнэ үү.)

Судалж, тунгаан бодож байхдаа дараах асуултуудын талаар өөрийн бодлыг бичиж тэмдэглэ.

  1. Аврагчийн уг сургаалаас юу нь танд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  2. Энэ сургаал таны амьдралд ямар байдлаар нөлөөлсөн бэ?

  3. Энэ нь таныг Есүс Христтэй хэрхэн ойртуулсан бэ?

Ангид ирэхдээ, сонгож авсан сургаалаа болон энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар хуваалцах бэлтгэлтэй ир. Хэрэв танд нөлөөлсөн Аврагчийн сургаал санаанд тань орж ирэхгүй байгаа бол таны амьдралд хамааралтай байж болох нэг сургаалыг хайж олоорой. Үүнийг судалж үзээд, танд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн зүйлийг хуваалцахад бэлдэж ир.

2-р хэсэг

Их Эзэний ямар сургаал миний авралд хамгийн чухал вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр ийн заасан.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

Үнэн бүр мэдэхэд үнэ цэнтэй байдаг. Зарим үнэн илүү их хэрэгтэй байдаг боловч зарим үнэнийг мэдэх нь илүү их үнэ цэнтэй байдаг. (“Truths Most Worth Knowing” [[Church Educational System devotional for young adults, Nov. 6, 2011], ChurchofJesusChrist.org)

Бид юу мэдэх нь хамгийн үнэ цэнтэй байж болох талаар Аврагчаас удирдамж эрэлхийлж болно. Есүс Христ амилсныхаа дараа олон хүнд, тэр дундаа арван хоёр төлөөлөгчдөө үзэгджээ. Тэрээр арван хоёрт Өөрийн сайн мэдээг бүх хүнд тунхаглахыг үүрэг болгосон. Мөн Тэрээр Түүний сайн мэдээнд итгэж, баптисм хүртсэн хүмүүс аврагдах болно хэмээн амласан. (Марк 16:15–16-г үзнэ үү.)

Есүс Христ нифайчуудад үзэгдэхдээ, Өөрийн сайн мэдээний утга учрыг болон энэ нь яагаад тэдний авралд чухал болохыг заасан.

Нэг нэгээр нь, Волтэр Рэйн
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

3 Нифай 27:13–14, 19–21-ийг уншаад, Аврагчийн сайн мэдээний үндсэн бүрдэл хэсгүүдийг тэмдэглэх талаар бодож үз.  

1:28

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх асан Даниэл К Жадд ах ийн хэлсэн.

Даниэл К Жадд ах

Есүс Христийн сайн мэдээ бүх үнэнийг багтаадаг ч бүх үнэн адил үнэ цэнтэй байдаггүй. Аврагч Өөрийнхөө сайн мэдээг юуны түрүүнд Өөрийнх нь цагаатгагч золиос гэдгийг тодорхой заасан. Мөн Түүний сайн мэдээ нь Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсийг хүлээн авах, эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчих замаар Цагаатгалын адислалуудыг хүлээн авах урилга юм. …

… Бидний хувьд ач холбогдол багатай сэдэв, эх сурвалжид үнэт цагаа зарцуулахын оронд үндсэн сургаал дээр анхаарлаа төвлөрүүлж, зааж, удирдаж буй хүмүүсээ тэжээх нь амин чухал юм. (“Nourished by the Good Word of God,” Liahona, Nov. 2007, 93–94)

Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байсан ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф дараах зөвлөгөөг өгсөн.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Хэрэв та нар сайн мэдээ амьдралд тань тийм ч тус болохгүй байна даа гэж бодож байвал би та бүхнийг нэг алхам ухраад, амьдралаа үнэлж цэгнэн, алхмаа илүү энгийн хялбар болгоход урьж байна. Үндсэн сургаал, зарчмуудыг болон сайн мэдээг амьдралдаа хэрэгжүүлэхэд анхаар. Бурхан бүрэн дүүрэн шавийн замаар аялахад тань таныг удирдаж, адислах ба сайн мэдээ танд ашиг тусаа илүү ихээр өгөх болно гэдгийг би амлаж байна (“Сайн мэдээ ашиг тусаа өгдөг!2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5)

Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Бид сайн мэдээний үндсийг үл тоомсорлож, ач холбогдол багатай сургаалуудад анхаарлаа төвлөрүүлбэл юу тохиолдож болох вэ? Таныг үндсэн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд юу хамгийн их тусалсан бэ?