Институт
3-р хичээлийн багшийн материал: Мөнх бус байдлын өмнөх бидний Аврагч, Удирдагч, Есүс Христэд итгэж найдах нь


“3-р хичээлийн багшийн материал: Мөнх бус байдлын өмнөх бидний Аврагч, Удирдагч, Есүс Христэд итгэж найдах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“3-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

3-р хичээлийн багшийн материал

Мөнх бус байдлын өмнөх бидний Аврагч, Удирдагч, Есүс Христэд итгэж найдах нь

Мөнх бус байдлын өмнөх амьдралд Тэнгэрлэг Эцэг бидэнд авралын төлөвлөгөөнийхөө тухай заасан. Тэнд бид Түүний төлөвлөгөөг дэмжиж, бидний Аврагч Есүс Христийг дэмжин баталж босох боломжтой байсан. Энэ хичээлээр суралцагчид мөнх бус байдлын өмнөх амьдралд бид яагаад Есүс Христийг өөрсдийн Аврагч болгохоор итгэж найдсан шалтгаануудыг тодорхойлох болно. Түүнчлэн суралцагчид энэ амьдралд хэрхэн Сатаны болон түүний хүчний эсрэг байнгын тэмцэлд Аврагчтай хамт зогсох талаараа тунгаан бодох юм.

Заах зөвлөмж

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчид суралцаж байгаа эсэхийг шалга. Өмнөх хичээл дээр өгсөн урилгыг хүлээн авч үйлдсэнээр хэрхэн адислагдсан талаар хуваалцах боломжийг суралцагчдад олгоход тэдний итгэл хүчирхэгжиж болно. Ариун Сүнсээр удирдуулсан үедээ суралцагчид сурсан зүйлсээ хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар асуух боломжуудыг эрэлхийл.

Есүс Христ эхлэлээс бидний Аврагч, Гэтэлгэгч байхаар сонгогдсон.

Бидний мөнх бус байдлын өмнөх амьдралын талаар илчилсэн үнэнүүдийг ангиараа тодорхойлоход хэдэн минут зарцуул. (Шаардлагатай бол суралцагчдаар бэлтгэх материалын 1 юм уу 2-р хэсгийг сонгуулж, энэ талаар товчхон ярилц. Суралцагчид дараах үнэнүүдээс нэг юм уу түүнээс олныг тодорхойлж болно. Үүнд: Тэнгэрлэг Эцэг Их зөвлөгөөн дээр биднийг Өөрийнх нь оршихуйд эргэн ирж, Өөртэй нь илүү адилхан болж болохын тулд авралын төлөвлөгөөгөө танилцуулсан. Есүс Христ бидний Аврагч болоход бэлэн байсан нь Эцэгийн төлөвлөгөө амжилттай болохын үндэс байсан. Мөнх бус байдлын өмнөх амьдралд Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн дотроос хамгийн агуу суут, ухаалаг нь байсан.)

Ангид хэлэлцүүлэг өрнөх үед та дараах асуултуудаас аль нь суралцагчдад тань хамгийн их хамааралтай болохыг бодож үзээрэй. (Тэмдэглэл: Хөрвөлтийг дэмжихийн тулд санал болгосон бүх асуултыг тавих гэж хичээхийн оронд цөөн асуулт тавьж, тодорхой сэдвийн талаар гүнзгий утга учир бүхий ярилцлага өрнүүлсэн нь дээр байх.)

  • Авралын төлөвлөгөөний талаарх мэдлэг нь амьдрал утга учир, зорилгогүй мэт санагдаж байгаа хүнд хэрхэн адислал болох вэ? (Та бэлтгэх материалын 1-р хэсэгт байгаа ахлагч Робэрт Д.Хэйлсийн мэдэгдлийг уншиж болно.) Авралын төлөвлөгөөний талаарх мэдлэг хүнд хэцүү цаг үед танд хэрхэн тус болсон бэ?

  • Яагаад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд Аврагч хэрэгтэй байсан бэ? (Бэлтгэх материалын 1-р хэсгийг үзнэ үү.)

  • Бидний гэм нүглийг цагаатгахаар Есүс Христийн хувиараа төлсөн золиосыг бодоход, бидний Аврагч болоход бэлэн байсан Түүний хүслийн талаар та юу бодож эсвэл мэдэрч байна вэ? (Мосе 4:2-ыг үзнэ үү).

  • Мөнх бус байдлын өмнөх амьдрал дахь Есүс Христийн онцлог байдлын талаар Абрахам юу мэдэж авсан бэ? (Бэлтгэх материалын 2-р хэсэгт заасан үнэнүүдийг авч үзэх нь тустай байж болох юм.) Есүс Христийн мөнх бус байдлын өмнөх агуу байдлыг мэдэх нь өөрт тулгардаг сорилт бэрхшээлийн үед Түүнд итгэж найдахад танд хэрхэн туслах вэ?

Хичээлийн энэ хэсгийг төгсгөхдөө, Их зөвлөгөөн дээр Тэнгэрлэг Эцэг авралын төлөвлөгөөгөө танилцуулж, Есүс Христийг бидний Аврагч байхаар сонгогдох үед дэргэд нь байсан бол ямар байх байсан талаар төсөөлөн бодохыг суралцагчдаас хүсэж болно. Нэг юм уу хоёр суралцагчийг бодол санаа, мэдрэмжээ хуваалцахад урь.

Бид Есүс Христийн тусламжтайгаар Сатантай болон түүний дагагчидтай тэмцэх тэмцэлд ялж чадна.

Тэнгэр дэх дайныг дүрсэлсэн дараах зургийг үзүүл. Суралцагчдыг энэ зураг Тэнгэр дэх дайны талаарх орчин үеийн илчлэлтээс бидний мэдэж авсан зүйлээс юугаараа ялгаатай байгааг хуваалцахад урь. (Суралцагчдыг бэлтгэх материалын 3-р хэсэг дэх Мосе 4:1–4, Илчлэл 12:7–11 болон ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн мэдэгдлийг ашиглахад урамшуул.)

St. Michael, the Archangel (Гэгээн Майкл, Нуман тэнгэр элч), Гастав Дор

Суралцагчдыг бодлоо хуваалцах үед дараах асуултуудыг тавихыг бод. Үүнд:

  • Яагаад Сатан урвасан бэ? Тэнгэр дэх дайнд тэр ямар арга тактик ашигласан бэ? (Мосе 4:1, 3–4; Илчлэл 12:7–9-ийг үзнэ үү). Тэр энэ арга тактикаа өнөө үед хэрхэн ашигладаг вэ?

  • Илчлэл 12:11-ийн дагуу бид мөнх бус байдлын өмнөх амьдралд Сатаны эсрэг болон түүнийг дагагчдын эсрэг тулаанд хэрхэн ялсан бэ? (Бэлтгэх материал дээрх Ахмад С.Корбитт ахын мэдэгдлийг унших нь хэлэлцүүлгийг улам өрнүүлж болох юм. Бид мөнх бус байдлын өмнөх амьдралд байсан шигээ Аврагчийн Цагаатгалд болон Түүний гэрчлэлд итгэх итгэлээрээ Сатаны хүчийг ялан дийлж чадна гэсэн үнэнийг олж тогтооход суралцагчдад тусал мөн үүнийг самбар дээр бич.)

  • Есүс Христийн тухай болон Түүний Цагаатгалын талаарх таны гэрчлэл Сатантай болон түүний уруу таталтуудтай тэмцэхэд танд хэрхэн тусалсан бэ? Сатаны хүчийг ялан гарахад туслах Аврагчийн чадварт итгэх итгэл найдвараа нэмэгдүүлэхийн тулд та юу хийж чадах вэ?

Хичээлийн төгсгөлд, Далын ахлагч Ёорг Клэбингатын хэлсэн дараах үгийг үзүүлж, чанга уншиж болно.

Ахлагч Жорг Клэбингат

[Тэнгэр дэх дайны үед] бид Есүс Христийн ирээдүйн Цагаатгалд итгэх итгэлээр зэвсэглэж, Түүний бурханлаг үүргийн талаарх гэрчлэлээс эрч хүч авч, Түүний ариун нэрийг хамгаалахад ашиглахаар эр зориг, сүнслэг мэдлэгийг эзэмшин, энэхүү үгийн дайны галын шугаманд дайтаж явсан. Иохан эдгээр эрэлхэг сүнс болон бусад нь Люсиферийг ‘Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр’ (Илчлэл 12:11; тодотгол нэмсэн) ялжээ хэмээн заажээ.

Тийм ээ, Аврагчийн амлалт мөн цусны толботой Гетсеманийн болон Калварийн амлалт мөнх бус байдлын өмнөх оршихуйд болсон дайнд ялсан. Гэвч бидний мөнх бус байдлын өмнөх эр зориг болон гэрчлэл, бусад сүнсэнд тайлбарлах, ойлгуулах, итгүүлэхэд бэлэн байсан явдал худал хуурмагийн түрлэгийг газар авхуулахаас сэргийлж, таслан зогсооход тусалсан.

Мөнх бус байдлын өмнөх оршихуйд Түүний батлан хамгаалалт дахь албаа амжилттай хаасан бид Түүний ариун нэрийн гэрчүүд болсон билээ. Чухамдаа тулаанд биднийг баталж нотлон, зүрх сэтгэл, урам зоригт маань итгэл найдвар төрүүлснээр Их Эзэн хожим нь Израилын угсааны гишүүд биднийг “Та нар миний гэрч нар” (Исаиа 43:10) хэмээн айлдсан юм. Өөрсдөөсөө ‘Энэ тунхаг өнөөдөр ч гэсэн үнэн үү?’ хэмээн асууцгаая.” (Jörg Klebingat, “Defending the Faith,” Ensign, Sept. 2017, 49–50)

Суралцагчдыг ахлагч Клэбингатын мэдэгдлийг эргэцүүлэн бодоод, өнөө үед Есүс Христийн талд зогсохын тулд юу хийж чадахаа тодорхойлоход урь. Та тэднийг бодол санаа, төрсөн сэтгэгдлээ тэмдэглэхэд урьж болно.

Дараагийн хичээлээр

Та долоо хоногийн дундуур дараах урилгыг суралцагчдадаа илгээж болно. 4-р хичээлд бэлтгэх материалыг уншаад, Бүтээлтийн гайхамшгуудын талаар тунгаан бодох үед танд сүнслэг нөлөөтэй санагддаг Бурханы бүтээлийн зургийг над руу явуулах юм уу ангидаа авчрах талаар бодож үзээрэй.