Институт
21-р хичээлийн багшийн материал: Хожмын өдрүүдэд Их Эзэний дуу хоолойг сонсох


“21-р хичээлийн багшийн материал: Хожмын өдрүүдэд Их Эзэний дуу хоолойг сонсох,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“21-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

21-р хичээлийн багшийн материал

Хожмын өдрүүдэд Их Эзэний дуу хоолойг сонсох

“Орчин үед эртнээс амласан ‘цаг хугацааны бүрэн дүүрэн эрин үе’-ийг эхлүүлэхээр Есүс Христ Эцэгтэйгээ хамт Иосеф Смит хүүгийн өмнө гарч ирсэн” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” ChurchofJesusChrist.org). Энэ хичээлээр Есүс Христийн тухай Иосеф Смитийн гэрчлэл Түүнд итгэх итгэлийг нь хэрхэн хүчирхэгжүүлж болох талаар эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүсэх болно. Мөн суралцагчдыг Аврагчийн дуу хоолойг сонсох чадавхаа хэрхэн хөгжүүлж болохыг тодорхойлоход урих юм.

Заах зөвлөмж

Иосеф Смит бол Бурхан Эцэг, Есүс Христ хоёрыг нүдээрээ харсан гэрч юм.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах үгсийг үзүүл.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Бошиглогч Иосеф Смит бол амьд Христийн тэргүүлэх гэрч байсан. (Gordon B. Hinckley, “What Hath God Wrought through His Servant Joseph!,” Ensign, Jan. 1997, 2)

  • Иосеф Смитийг юу “амьд Христийн тэргүүлэх гэрч” болгодог вэ? (Шаардлагатай бол суралцагчдад тэргүүлэх гэдэг нь бусдаас давуу гэсэн утгатай гэдгийг сануул.)

Иосеф Смит өөрт тохиолдсон туршлагаасаа … -ийг сурч мэдсэн гэсэн мэдэгдлийг самбарт бич.

Ангийн гишүүдийг Иосеф Смит—Түүх 1:16–17, Сургаал ба Гэрээ 76:22–24, эсвэл Сургаал ба Гэрээ 110:2–4-ийг уншаад, самбар дээрх мэдэгдлийг гүйцээж бичихийг хүс. Дараа нь суралцагчдыг өөрсдийн гүйцээж бичсэн мэдэгдлийг хуваалцахад урь. Энэ нь дараах үнэнүүдийг оролцуулсан байж болно. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр оршдог; Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёр тусдаа, ангид хүмүүс; Есүс Христ алдар суут амилсан бие махбодтой; Есүс Христ биднийг нэрээр маань мэддэг; Есүс Христ бол Эцэгийн Төрсөн Ганц Хүү; Есүс Христ бол Бүтээгч; Есүс Христ биднийг Эцэгийн өмнө өмгөөлөх Өмгөөлөгч.

Суралцагчдад хуваалцах явцдаа тодорхойлсон үнэнүүдийнхээ талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд туслах асуултуудыг тавьж болох юм. Жишээлбэл:

  • Энэ үнэн яагаад Есүс Христийн талаар мэдэхэд чухал вэ?

  • Энэхүү үнэн Аврагчийн талаарх гэрчлэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?

  • Энэхүү үнэнийг мэдэх нь Түүнийг дагах хүслийг тань хэрхэн нэмэгдүүлж болох вэ?

Ярилцаж дууссаны дараа нэг эсвэл хоёр суралцагчийг урьж, Аврагчийн гэрчийнх нь хувьд Иосеф Смитийн талаарх гэрчлэлийг нь хуваалцуулж болно.

Бид Их Эзэний дуу хоолойг сонсож чадна.

Заах, суралцах чадвараа сайжруулах

Зохимжтой суралцах туршлагыг дэмж. Сурч буй зүйл нь суралцагчдад илүү утга учиртай байхын тулд суралцаж буй зүйлийг нь тэдний нөхцөл байдал, сонирхол, асуулттай уялдуулах арга зам хай. Сайн мэдээний үнэнүүд тэдний амьдралд хэрхэн нөлөөлснийг эсвэл нөлөөлж болохыг олж мэдэхийн тулд бэлтгэх материалаас эх сурвалж болон суралцагчдын хувийн туршлагыг ашигла.

Дараах жишээг эсвэл өөрийн санааг хуваалцах талаар бод.

Номлогчид таны найзад, хэрэв Их Эзэнд хандвал илчлэлт хүлээн авч, Түүний дуу хоолойг сонсож чадна гэж хэлжээ. Тэр энэ амлалтад итгэхийг хүсэхийн зэрэгцээ өөрийнхөө бодлыг Түүний дуу хоолойтой андуурахаас эмээж байлаа. Тэр “Чи Их Эзэний дуу хоолойг сонсож байгаагаа яаж мэддэг юм бэ?” гэж асуув.

Цөөн суралцагчийг үүнд хэрхэн хариулахаа хуваалцахыг хүс. Мөн суралцагчдаар Аврагчийн дуу хоолойг сонсоход тэдэнд тулгардаг бусад сорилт, асуудлыг хуваалцуулж болно.

Оливер Каудери Иосеф Смитийн бошиглогчийн дуудлагынх нь талаар дахин дахин асуухдаа Аврагчийн дуу хоолойг сонсох тухай заалгасан гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 6:14–15, 22–23-ыг уншаад, Их Эзэн Оливер Каудерид Түүний дуу хоолойг сонсох талаар юу заасныг олж мэдэхийг хүс.

  • Бид Оливерын туршлагаас Их Эзэний дуу хоолойг сонсох талаар юу мэдэж авч болох вэ? (Суралцагчид дараахтай төстэй үнэнийг тодорхойлж болно. Бид Их Эзэний дуу хоолойг Ариун Сүнсээр дамжуулан сонсож чадна. Аврагчийн дуу хоолой бидний оюуныг гэрэлтүүлж, амар амгаланг өгдөг.)

  • Аврагчийн дуу хоолойг ялангуяа өнөө үед тогтмол эрэлхийлдэг байх нь яагаад чухал вэ?

  • Их Эзэний дуу хоолойг сонссоноор таны амьдрал хэрхэн адислагдсан бэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг үзүүлж болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Яагаад гэвэл, бид Түүний Хүүг үнэхээр сонсох юм бол ямар ч нөхцөл байдалд орсон бай, юу хийхээ мэдэхээр удирдуулан чиглүүлэгдэх болно. …

Есүс Христийн шавь нарын хувьд бид үргэлж чин сэтгэлээсээ Түүнийг сонсохыг хичээх ёстой. (Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109)

1:46

Та амьдралдаа Их Эзэний дуу хоолойг сонсох нэг арга замын талаарх хувийн жишээгээ хуваалцаж болно. Эсвэл Сайн мэдээний номын сан дахь “Түүнийг Сонс” (ChurchofJesusChrist.org) видеоны цуглуулгаас Сүмийн удирдагчдын жишээг үзүүлж болно.

Суралцагч бүрд дараах тараах материалыг өг.

Түүнийг сонс!

Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал—21-р хичээл

Танд Аврагчийн дуу хоолойг хэрхэн сонсдог тухайгаа хуваалцсан товчхон видео бүтээх боломж олгосон гэж төсөөл. “Би Түүнийг хэрхэн сонсдог вэ?” гэсэн асуултад хариулан, хуваалцах зүйлийнхээ тоймыг товчхон бич. Тойм гаргахад танд дараах асуултууд тус болж магадгүй.

  • Их Эзэн хэрхэн танд хандан ярьдгийг илүү сайн ойлгоход ямар туршлага тусалсан бэ?

  • Бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, Мишэлл Д.Крэйг эгч нарын мэдэгдлээс ямар санааг багтааж болох вэ?

  • Та бусдад ойлгомжтой арга замаар бодол, мэдрэмжээ хэрхэн хуваалцаж болох вэ?

Гаргасан тоймынхоо дагуу ангийнхантайгаа хуваалцаж болох товчхон захиас (нэг юм уу хоёр догол мөр) бэлд.

Хэрэв та хүсвэл, оронд нь Аврагчийн дуу хоолойг сонсох чадавхаа сайжруулахын тулд хийж болох зүйлсийнхээ талаар тунгаан бодож, бичиж тэмдэглэж болно.

Түүнийг сонс!

Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал—21-р хичээл

Багшийн тараах материал

Хангалттай хугацаа өгсний дараа хэдэн суралцагчаас “Түүнийг сонс” захиасаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс. Суралцагчдыг түүнчлэн “Түүнийг сонс” захиасаа ангиас гадуур, бусад хүнтэй хуваалцахад урамшуул. Үүнийг биечлэн уулзаж, бас утас, мессеж, олон нийтийн сүлжээгээр гэх мэтчилэн хуваалцаж болно.

Цаг гарвал, Их Эзэнийг сонсох хичээл зүтгэлдээ илүү санаачилгатай байхад суралцагчдыг уриалж болно. Тэд хэдэн минут зарцуулж, үүнийг хэрхэн хийх төлөвлөгөө, хуваарь гаргаж болно.

Дараагийн хичээлээр

Дараагийн хичээлээс хэдэн өдрийн өмнө суралцагчдад дараах эсвэл өөрийн явуулахыг хүссэн зурвасыг илгээх талаар бодож үз. Та 22-р хичээлд бэлтгэх материалыг судлах явцдаа үргэлжлэн явагдаж буй Сэргээлт нь таны хувьд ямар утгатай болох талаар эргэцүүлэн бодоорой.  

1:6