Институт
19-р хичээлийн багшийн материал: Нас барагсдыг гэтэлгэхэд Их Эзэнд туслах


“19-р хичээлийн багшийн материал: Нас барагсдыг гэтэлгэхэд Их Эзэнд туслах,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“19-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

19-р хичээлийн багшийн материал

Нас барагсдыг гэтэлгэхэд Их Эзэнд туслах

Сүнсний дэлхий дээрх Аврагчийн тохинуулал нь дэлхий дээр амьдарч байсан, цаашид амьдрах бүх хүн Их Эзэний сайн мэдээг сонсож, авралын ёслолуудыг хүлээн авах боломжтой гэдгийг баталдаг. Энэ хичээл дээр суралцагчид сүнсний дэлхий дээрх Аврагчийн тохинууллаас Түүний талаар сурч болох зүйлсээ хуваалцах болно. Мөн тэднийг нас барагсдын төлөөх авралын ажилд Их Эзэнд туслуулахаар ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоход урих болно.

Заах зөвлөмж

Есүс Христ сүнсний дэлхий дээрх нас барагсдад тохинуулав.

Энэ хичээлийг эхлүүлэхдээ дараах зургуудыг үзүүлээд, Аврагчийг нас бараад амилах хүртэл тохиолдсон үйл явдлыг тайлбарлахад суралцагчдыг урьж болно. (Эсвэл бэлтгэх материалын эхэнд буй ахлагч Спэнсэр Ж.Кондигийн мэдэгдлийг уншаад, суралцагчдыг тэрхүү асуултад хариулахыг хүсэж болно.)

Христийн оршуулга, Карл Хэйнрик Блох
асуултын тэмдэг
Мариа ба амилсан Их Эзэн, Харри Андэрсон

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчдад сайн мэдээг хуваалцах дадлага хийх боломж олго. Институтийн ангиуд суралцагчдыг Их Эзэний Сүмийн сургаалыг тайлбарлах дадлага хийх аюулгүй орчноор хангадаг. Жишээ нь: Суралцагчид дүрд тоглон, бие биедээ зааснаар сайн мэдээг энгийн, ойлгомжтой ярих чадвараа хөгжүүлэх боломжтой.

Суралцагчдыг манай шашинд харьяалагддаггүй хүнд сүнсний дэлхий дээрх Аврагчийн тохинууллыг тайлбарлах боломжтой байна гэж төсөөлөхийг хүс. Дараах асуултуудыг үзүүлээд, суралцагчдаар хариулахыг хүсэж байгаа асуултыг нь сонгуул. Үүнд:

  • Танай сүмд хүмүүс нас барсныхаа дараа диваажин юм уу сүнсний шоронд очдог гэж заадаг тухай би сонссон. Энэ нь тэнгэр, там хоёртой адилхан уу?

  • Намайг бага байхад Есүс Христийг өөрсдийн Аврагч гэж хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс нас барсныхаа дараа үүрд төөрөлдөж, тэнгэрт очиж чаддаггүй гэж заасан. Танай сүм ингэж заадаг уу?

  • Би саяхан танай сүмийг нас барагсдын төлөөх баптисм гэдэг үйл үйлддэг гэж сонссон. Жоохон сонин сонсогдож байна л даа. Энэ нь яг юу юм бэ?

Суралцагчдад бэлтгэх материалын 1-р хэсэгт байгаа судруудыг уншиж, сонгосон асуултдаа энгийн, ойлгомжтой, сургаалын хувьд алдаагүй асуулт бэлдэх цаг гаргаж өг.

Дараа нь суралцагчдыг нэг хүнтэй хамтрагч болж дүрд тоглон, сонгосон асуултууддаа хариулахыг хүс. Тэднийг дууссаны дараа хэдэн суралцагчийг нэг нэгнээсээ сурч мэдсэн зүйлсээ хуваалцахыг хүсэж болно.

Сүнсний дэлхий дээрх Их Эзэний тохинууллын ач холбогдлыг онцлоход туслахын тулд дараах асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг асууж болно.

  • Та Есүс Христийн тухай болон сүнсний дэлхий дээрх хүмүүст тохинуулсан Түүний үүргийн талаар юу сурч мэдсэн бэ? Сургаал ба Гэрээ 138:12–19, 23–24-ийг уншаад, итгэлтэй хүмүүс Аврагчийн айлчлалд хэрхэн хандсаныг дүрсэлсэн үгсийг ол. Та энэ үйл явдалд өөрийн биеэр байсан бол юу мэдрэх байснаа хамтрагчтайгаа хуваалц.

  • Сүнсний дэлхий дээрх Есүс Христийн тохинууллаас Түүний хүсэл, зан чанарын талаар та юу сурч мэдсэн бэ? (Та Сургаал ба Гэрээ 138:29–35-ыг уншиж болно. Хариултад дараахтай ижил төстэй үнэнүүдийг багтааж болно. Сүнсний дэлхийд тохинуулсан Есүс Христийн тохинуулал Түүний бүх хүнийг хайрлах хайраас мөн аврагдах боломж олгох хүслээс нь харагддаг. Аврагч нас барагсдын төлөө үйлдэх Өөрийн агуу ажилд туслах боломжийг бид бүгдэд олгодог.)

  • Сайн мэдээг сонсох боломжгүй нас барсан таны өвөг дээдэс зэрэг бүх хүнд Түүний тохинуулал хүрнэ гээд бодоход, танд Аврагчийн талаар ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?

Бид нас барагсдыг гэтэлгэхэд Аврагчид тусалж чадна.

Дараах Аврагчийн зураг болон “Амьд Христ”-ээс эш татсан мэдэгдлийг үзүүлэх талаар бодож үз. “Тэрээр бүх л хүн төрөлхтний нүглийг цагаатгахын төлөө амиа өгсөн. Энэ бол дэлхий дээр амьдрах бүх хүнд зориулсан Түүний бэлэг билээ” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,”ChurchofJesusChrist.org). Суралцагчид зориулсан гэдэг үг нь бусдын өмнөөс, өөр хүний оронд гэсэн утгыг агуулж байгаа гэдгийг ойлгосон байхад анхаар.

Гетсеманийн цэцэрлэгт залбирч буй Христ, Хэрманн Клэмэнц

Дараа нь дараах зургийг харуулаад, ийн асуу.

Ариун сүмд баптисм гүйцэтгэж байгаа нь

Суралцагчдын хариултуудад тулгуурлан, Бид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцохдоо, бусдын өөрсдөө хийх боломжгүй зүйлийг тэдний өмнөөс хийснээр Аврагчийн жишээг дагадаг гэсэнтэй төстэй зарчмыг үзүүлж болно.

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийх нь Есүс Христийн Цагаатгалын талаарх таны гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ эсвэл хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?

Бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ахлагч Дэйл Г.Рэнландын мэдэгдлийг уншаад, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийснээр хүлээн авсан эсвэл хүлээн авахыг хүсэж буй адислалаа тодорхойлохыг суралцагчдаас хүс. Дараа нь тэдэнд нас барагсдын төлөө ажлыг хийснээр өөрөө эсвэл таньдаг хэн нэгэн хүн нь хэрхэн адислагдсан талаар ангийнхандаа эсвэл жижиг бүлгүүд дотроо хуваалцах боломжийг олго.

Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн дараах үгийг үзүүл.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Би та нарыг гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажлыг илүү сайн хийхийн тулд ямар ямар золиос, тэр тусмаа цаг заваа зарцуулах золиос гаргаж болох талаар залбирч, тунгаан бодоосой гэж урьж байна. (Russell M. Nelson, in “Make Sacrifices for Family History, President Russell M. Nelson Challenges,” Feb. 12, 2017, ChurchofJesusChrist.org)

Суралцагчдад ерөнхийлөгч Нэлсоны урилгад хариулахаар тунгаан бодох, бичиж тэмдэглэх цаг гаргаж өг. Тэд FamilySearch рүү орж, ариун сүм рүү авч явж болох нэр хайхад хичээлийн үлдсэн цагийг зарцуулж болно. FamilySearch-ийг ашиглаж байсан суралцагчдаас ашиглаж үзээгүй ангийнхандаа туслахыг хүс.

 

Дараагийн хичээлээр

Суралцагчдыг дараагийн хичээлд бэлтгэхэд урамшуулан дэмжихийн тулд дараах зурвасыг юм уу өөрийн бичсэн зурвасыг илгээх талаар бод. 20-р хичээлийг судлахдаа хоньчин, хөлсний хүн, хонины хашаа, өөр хоньд, өвс ургамалтай бэлчээр, төөрсөн хоньд зэрэг үг хэллэгээс ямар сүнслэг ойлголт олж авч болох талаар эргэцүүлэн бодоорой.