Институт
27-р хичээлийн багшийн материал: Дэлхийн гэрэл болон амиас итгэл найдвар олох


“27-р хичээлийн багшийн материал: Дэлхийн гэрэл болон амиас итгэл найдвар олох,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“27-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

27-р хичээлийн багшийн материал

Дэлхийн гэрэл болон амиас итгэл найдвар олох

Суралцагчид олон шалтгааны улмаас харанхуй, урам хугаралт, цөхрөлийг мэдэрдэг. Үүний эсрэгээр, тэд Дэлхийн гэрэл болох Есүс Христэд төвлөрснөөр найдварын хүчээр дүүргэгдэх боломжтой. Энэ хичээлээр суралцагчид Түүнд итгэх итгэл найдвараа нэмэгдүүлэхийн тулд юу хийж болох талаар тунгаан бодох боломжтой байна.

Заах зөвлөмж

Есүс Христ Өөрийгөө Дэлхийн гэрэл, амь амьдрал хэмээн тунхагласан.

Хичээлийн эхэнд та дараах зургийг үзүүлж болно.

Гэрлээс нуугдаж буй залуу хүн

Иохан 8:12, Мозая 16:9-ийг чанга уншаад, Есүс Христ харанхуйг даван туулахад бидэнд хэрхэн тусалж болохыг олж мэдэхийг суралцагчдаас хүс. Бид Есүс Христийг дагаснаар Тэр бидний амьдралын гэрэл, амь байх болно гэсэн үнэнийг самбарт харуул.

  • Есүс Христ ямар арга замаар бидний амьдралын гэрэл, амь байдаг вэ? (Шаардлагатай бол хичээлд бэлтгэх материалын 1-р хэсэгт байгаа ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн үгийг уншихад суралцагчдыг урьж болно.)

Суралцагчдад энэ хичээлийн хамаарлыг олоход нь туслахын тулд та доорх асуултуудыг үзүүлж, чанга уншиж өгч болно. Суралцагчдыг “The Light That Shineth in Darkness” (Харанхуйг гийгүүлэгч гэрэл) (2:19) видеог үзэж байхдаа эдгээр асуултыг тунгаан бодоход урь.

  • Дэлхийн гэрэл, амь болох Есүс Христийг дагах нь таныг хэрхэн адисалж, хүчирхэгжүүлж, танд тусалж чадах вэ?

  • Та хэзээ Есүс Христийн өгдөг гэрэл эсвэл амийг мэдэрсэн бэ? Энэ нь таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан эсвэл авчирч чадах вэ?

2:19

Суралцагчдыг видеог үзсэнийхээ дараа асуултуудын талаарх зарим санаа бодлоо бичихэд урь. Та тэднийг ангиараа эсвэл жижиг бүлгээрээ хариултаа ярилцахад урьж болно.

Та Солтлэйк ариун сүмийн дагалдах зургийг үзүүлж, бэлтгэх материалын 1-р хэсэг дэх Шэрон Юбанк эгчийн хэлсэн үгийг хамтдаа уншиж болно. Эсвэл та түүний “Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл” (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87–91) захиаст харгалзах видеоны хэсгийг (0:00–1:17) үзүүлж болно.

2:3
Солтлэйк ариун сүм
  • Дайсанд “бидний гэрлийг бүдгэрүүлж, холбоог маань таслан” эсвэл биднийг Аврагчийн гэрлээс холдуулах ямар арга замууд байдаг вэ? (Шэрон Юбанк, “Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл,” 87–91).

  • Гэрэл ба амийн жинхэнэ эх сурвалж болох Есүс Христтэй бид ямар арга замуудаар холбогдож эсвэл холбоогоо үргэлжлүүлж болох вэ? (Та суралцагчдыг юу хийж чадахаа бичихэд урьж болно.)

Бид Есүс Христэд анхаарлаа хандуулснаар найдвар маань нэмэгддэг.

Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ээс Есүс Христ “дэлхийн гэрэл, амь, найдвар” гэсэн үнэнийг харуул.

Суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагаас хамааран, бэлтгэх материалын 2-р хэсэгт байгаа найдварын тодорхойлолтыг мөн ахлагч Дийтр Ф.Угдорфын хэлсэн хоёр дахь мэдэгдлийг товч тоймлон унших нь тустай байж болох юм. Дараа нь та дараах асуултыг тавьж болно.

  • Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг итгэл найдварынхаа эцсийн эх сурвалж гэж харах үедээ хэрхэн адислагдсан бэ? Найдвар нь бас бэлэг гэдгийг мэдэх нь яагаад тустай вэ?

Та суралцагчдыг шантарч, гуниглан, ганцаардаж, сэтгэлээр унаж эсвэл санаа зовж байж болзошгүй хэн нэгэн таньдаг хүнээ бодоход урьж болно. Суралцагчдыг Моронай 7:40–42 ба Ифер 12:4-ийг уншаад, бидний амьдралыг хэрхэн туулах хандлагыг өөрчилж чадах Христэд найдах найдварын талаарх үнэнийг олж мэдэхэд урь.

Суралцагчдад суралцах хангалттай цаг гаргаж өгсний дараа зарим суралцагчийг олсон үнэнүүдээ мөн эдгээр нь хэн нэгний Христэд найдах найдварыг хэрхэн нэмэгдүүлж болох талаар хуваалцахад урь.

Суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсгээс суралцахаар сонгосон судрын түүхээ эргэн харахыг хүсэж болно. Тэдэнд сурсан зүйлээ дүгнэх хэдэн хором өг. Ангийг жижиг бүлгүүдэд хувааж, суралцагчдаас Христэд найдах талаар судрын түүх болон түүнээс сурсан зүйлээ хуваалцахыг хүс.

Суралцагчдад Христэд найдахын ач холбогдлыг мэдрэхэд нь туслахын тулд Тэргүүн зөвлөлд үйлчилж байсан ерөнхийлөгч Угдорфын хэлсэн дараах үгийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн үзүүлж болно. Суралцагчдад уг захиасыг уншиж, тунгаан бодох цаг гаргаж өгсний дараа та нэг юм уу хоёр суралцагчийг Есүс Христэд найдах мөн ийн найдах нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар гэрчлэлээ хувааалцахад урьж болно.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Иеремиатай хамт би “… ЭЗЭН итгэл найдвар нь байдаг хүн ерөөлтэй еэ” [Иеремиа 17:7] хэмээн тунхаглаж байна.

Иоелтой хамт би “ЭЗЭН бол ард түмнийхээ хоргодох газар, Израилын хөвгүүдэд бат цайз болой” (Иоел 3:16) гэж гэрчилж байна.

Нифайн хамт бибээр “найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүл… Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно” [2 Нифай 31:20] хэмээн тунхаглаж байна.

Мөн зовж шаналан, сэтгэлээр унаж, санаа зовнин, ганцаардаж байгаа бүх хүнд би хэзээ ч битгий бууж өг гэж та нарыг хайрлах, халамжлах сэтгэлээр хэлье.

Хэзээ ч бүү бууж өг.

Цөхрөл таны сүнсийг ялахыг хэзээ ч бүү зөвшөөр.

Бурханы Хүү хайраараа бүх харанхуйг нэвтэлж, бүх уй гашууг зөөлрүүлж, бүх зүрх сэтгэлийг баясгадаг тул Израилын найдварыг тэврэн авч, үүнд найд. (“Найдварын хязгааргүй хүч,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28)

Суралцагчдыг дараах асуултын талаар тунгаан бодож, өөрсдийн ойлголт, сэтгэгдэл, мэдрэмжийг бичихэд урь.

  • Та бэрхшээлтэй тулгарч эсвэл цөхрөх үедээ найдвар олоход тань туслах юуг өнөөдөр сурсан бэ?

  • Есүс Христэд итгэх итгэл, найдвараа нэмэгдүүлэхийн тулд ямар энгийн зүйл хийж болох вэ?

Дараагийн хичээлээр

Суралцагчдыг энэ ангийн сүүлийн хичээлд бэлтгэхэд нь туслахын тулд та долоо хоногийн дундуур дараах зурвасыг илгээж болно. Та энэ ангийн сүүлийн хичээлд бэлтгэх материалыг судалж байхдаа энэ ангиас юу сурснаа тунгаан бод. Таны сурсан зүйл Есүс Христийн талаарх ойлголт болон итгэлд тань хэрхэн нөлөөлсөн бэ?