Институт
19-р хичээлд бэлтгэх материал: Нас барагсдыг гэтэлгэхэд нь Их Эзэнд туслах


“19-р хичээлд бэлтгэх материал: Нас барагсдыг гэтэлгэхэд нь Их Эзэнд туслах,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“19-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Гэр бүлүүд, Кэйтлин Коннолли

19-р хичээлд бэлтгэх материал

Нас барагсдыг гэтэлгэхэд нь Их Эзэнд туслах

Та өвөг дээдсийнхээ талаар юу мэдэх вэ? Та тэдний талаар их, бага ямар ч зүйл мэддэг бай, тэд жинхэнэ бодит хүмүүс байсан гэдгийг санах нь чухал. Тэд бүгдээрээ Тэнгэрлэг Эцэг эхийн хайртай охид, хөвгүүд юм. Түүхийн явцад таны өвөг дээдэс болон бусад хүнээс хэд нь Есүс Христийн талаар мэдэхгүй эсвэл сайн мэдээний ёслолуудыг хүлээн авах боломжгүй амьдарч байгаад нас барсан тухай бод. Судалж байхдаа та сүнсний дэлхий дэх Есүс Христийн тохинуулал бүх хүнд сайн мэдээний адислалыг түгээхэд хэрхэн тусалсныг эргэцүүлэн бод. Та нас барагсдыг гэтэлгэхэд нь Аврагчид туслахын тулд юу хийж болохоо тунгаан бод.

1-р хэсэг

Сүнсний дэлхий дээрх Есүс Христийн тохинуулал бидэнд Түүний талаар юу заадаг вэ?

Ахлагч Спэнсэр Ж.Конди Далын гишүүнээр үйлчилж байхдаа ийн хэлжээ.

Ахлагч Спэнсэр Ж.Конди

Есүсийн үхэл, амилалтын талаарх баримтыг Христийн шашны бүлэглэлүүд үндсэн номлол болгон тунхагладаг. Гэвч Есүсийг нас барсны дараа, амилахаас нь өмнө Түүний үхэшгүй сүнс юу хийсэн нь хожмын үеийн гэгээнтнүүдээс бусдад учир битүүлэг байдаг. (“The Savior’s Visit to the Spirit World,” Ensign, July 2003, 32)

Библи дээр Сүнсний дэлхийн талаар маш цөөн мэдээлэл байдаг болохоор олон хүний хувьд сүнсний дэлхий учир битүүлэг байдаг. Есүс Христ мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр “Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа … Сонссон нь амилах болно” (Иохан 5:25; мөн 24, 26–28-р шүлгийг үзнэ үү) хэмээн бошиглосон. Загалмай дээр байхдаа Есүс дэргэд нь наманчилж байсан гэмт хэрэгтэнд “Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд [эсвэл сүнсний дэлхийд] байх болно” (Лук 23:43) гэж хэлжээ. Сүүлд нь Петр Есүсийг нас барсныхаа дараа “явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ” (1 Петр 3:19; 4:6) хэмээн заасан.

1918 онд ерөнхийлөгч Жозеф Ф.Смит сүнсний дэлхийн талаар гайхалтай илчлэлт хүлээн авах үедээ Петрийн эдгээр үгийн утгыг тунгаан бодож, Аврагчийн Цагаатгалын талаар бясалгаж байжээ (Сургаал ба Гэрээ 138:1–11-ийг үзнэ үү).

Томилогдсон нэгэн, Харолд И.Хопкинсон.

Томилогдсон нэгэн, Харолд И.Хопкинсон.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 138:12–19, 23–24-ийг уншаад, эдгээр шүлэгт дүрслэгдсэн итгэлтэй сүнснүүдтэй хамт тэнд байсан бол ямар байх байсныг төсөөл.

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит энэхүү үзэгдлийг үзэж байхдаа, Аврагч тэнд маш богино хугацаанд байсан атлаа бүх нас барагсдын сүнсэнд сайн мэдээг хэрхэн заасан юм бол хэмээн гайхширчээ (Сургаал ба Гэрээ 138:25–28-ыг үзнэ үү).

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 138:29–35-ыг уншаад, Аврагч Өөрийн сайн мэдээг сүнсний дэлхий дэх бүх хүнд номлох арга замыг хэрхэн бэлтгэснийг олж мэд.

Христ сүнсний дэлхийд номлож байгаа нь, Робэрт Т.Баррэтт
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Бид ерөнхийлөгч Смитийн үзэгдлээс Аврагчийн талаар юу сурч мэдэж болох вэ? Энэхүү гайхалтай үйл явдлын утга учрыг энэ талаар огт сонсож байгаагүй хүнд та хэрхэн тайлбарлах вэ?

2-р хэсэг

Би нас барагсдыг гэтэлгэхэд Их Эзэнд хэрхэн туслах вэ?

Хязгааргүй хайр, нигүүлслээрээ Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр өргөмжлөлд шаардлагатай ёслолууд болох баптисм, гишүүний баталгаа, Мелкизедек санваарын томилгоо (эрэгтэйчүүдэд), ариун сүмд хишиг хүртэх, гэрлэлтийн лацдан холболт зэргийг хүлээн авах замыг бүх хүнд бэлдсэн юм. Мөнхийн талаас нь авч үзвэл, Аврагчийн дагалдагчид хөшигний хоёр талд Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн авралын төлөө хамтран ажиллаж байгааг бид хардаг. Нас барагсдыг аврах ажил нь бид одооноос эхлэн үлдсэн амьдралынхаа туршид оролцож болох ариун боломж юм. Энэ ажилд бидний тусалж болох нэг арга зам бол зөвхөн ариун сүмд гүйцэтгэдэг төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг үйлдэх явдал юм.

Ариун сүмд баптисм гүйцэтгэж байгаа нь

Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан Сүмийн бүх гишүүнийг өөрсдийн гэр бүлийн түүхийг бэлдэж, авралын ёслолуудыг нь гүйцэтгэх хэрэгтэй байгаа хүмүүсийг тодорхойлоход урьдаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Бусдад өөрсдөө хийх боломжгүй зүйлийг нь хийж өгснөөр, бид бусад хүний амьдралыг адислахын тулд Цагаатгалыг гүйцэтгэсэн Аврагчийн үлгэр жишээг дагадаг. (“Personal Preparation for Temple Blessings,” Liahona, May 2001, 34)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ариун сүмд төлөөлөн үйлддэг ажлын талаар ийн хэлсэн.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Нас барагсдын төлөөх бидний хичээл зүтгэл Есүс Христ бол бүх хүн төрөлхтний бурханлаг Гэтэлгэгч мөн хэмээх гэрчлэлийг ойлгомжтой илэрхийлдэг. Түүний ач ивээл болон амлалтууд энэ амьдралдаа Түүнийг олоогүй хүмүүст ч хүрдэг. (“The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign, Nov. 2000, 11)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор бидний хүлээн авах боломжтой “үнэхээр гайхамшигтай” адислалуудыг жагсаажээ. Үүнд:

Elder Dale G. Renlund
  • Аврагч болон Түүний цагаатгагч золиослолын талаарх өсөн нэмэгдсэн ойлголт;

  • Амьдралдаа хүч чадал, чиг баримжааг мэдрэхэд нөлөөлөх Ариун Сүнсний өсөн нэмэгдсэн нөлөө;

  • Аврагчид хөрвөгдөх хөрвөлтийг гүнзгийрүүлж, бат бөх болгох өсөн нэмэгдсэн итгэл;

  • Бид хэн болох, хаанаас ирсэн тухай ойлголт болон хаашаа явж байгаа талаарх илүү тодорхой алсын харааны улмаас суралцах болон наманчлах өсөн нэмэгдсэн чадвар, урам зориг;

  • Зүрх сэтгэлд маань өсөн нэмэгдсэн цэвэршүүлэх, ариусгах, зөөлрүүлэх нөлөө;

  • Их Эзэний хайрыг мэдрэх өсөн нэмэгдсэн чадвараар дамжуулан өсөн нэмэгдсэн баяр баясгалан;

  • Бидний одоогийн болон өнгөрсөн үеийн мөн ирээдүйн гэр бүлийн нөхцөл байдал эсвэл гэр бүлийн мод маань хэр төгс бус байхаас үл хамааран өсөн нэмэгдсэн гэр бүлийн адислалууд;

  • Өвөг дээдэс болон амьд байгаа хамаатан саднуудаа хайрлах өсөн нэмэгдсэн хайр, талархал, үүнээс уламжлаад бид ахиад хэзээ ч ганцаардахгүй байх;

  • Эдгээх хэрэгцээ шаардлагыг ялган таних, мөн Их Эзэний тусламжтайгаар бусдад үйлчлэх өсөн нэмэгдсэн хүч чадал;

  • Уруу таталт болон хурдацтай өсөж байгаа дайсны нөлөөнөөс хамгаалах өсөн нэмэгдсэн хамгаалалт;

  • Зовсон, цөхөрсөн, түгшсэн зүрх сэтгэлийг засаж, шархадсаныг анагаах өсөн нэмэгдсэн тусламж дэмжлэг зэрэг нь багтдаг.

Хэрэв та эдгээр адислалын аль нэгний төлөө залбирч байсан бол гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажилд оролцоорой. Ингэснээр залбирал тань хариулагдах болно. Нас барагсдын өмнөөс ёслолуудыг гүйцэтгэхэд дэлхий дээрх Бурханы хүүхдүүд эдгээгддэг. (“Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60)

Ариун сүмийн ажил хийхээр нэрийн карт бариад зогсож буй хос
шигтгээ зураг, үйлдэх

Үйлд

Та ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд Их Эзэнтэй хамт оролцохын тулд өнөөдөр юу хийж болох вэ? Гэр бүлийнхээ гишүүнтэй өвөг дээдсийнхээ талаар ярилцах, индексжүүлэх, FamilySearch-ийг илүү сайн мэддэг болох эсвэл нас барсан хүний төлөө ариун сүмд орж, ёслолуудыг нь гүйцэтгүүлэх талаар бодож үз.