Институт
24-р хичээлийн багшийн материал: Есүс Христэд бидний Шүүгч болохынх нь хувьд итгэж найдах


“24-р хичээлийн багшийн материал: Есүс Христэд бидний Шүүгч болохынх нь хувьд итгэж найдах,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“24-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

24-р хичээлийн багшийн материал

Есүс Христэд бидний Шүүгч болохынх нь хувьд итгэж найдах

Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэлд “хүн бүр Түүний өмнө хийсэн ажил хэрэг, зүрх сэтгэлдээ агуулсан хүслийнхээ дагуу шүүгдэх болно” (ChurchofJesusChrist.org) гэж заадаг. Энэ хичээл нь суралцагчдад яагаад бид Есүс Христэд бидний шүүгч болохынх нь хувьд бүрэн итгэлтэй байж болох талаар тайлбарлахад тусална. Түүнчлэн суралцагчдад Эцсийн шүүлтэд бэлтгэхийн тулд юу хийж чадахаа үнэлэх боломж олгоно.

Заах зөвлөмж

Есүс Христ бол бидний Шүүгч.

Дараах жишээг хуваалц.

Найз тань хүнд төрлийн гэмт хэрэгт холбогдсон гэж төсөөлөн бод. Та уг гэмт хэргийн хохирогчийг бас танина. Та хоёуланд нь хайртай.

  • Хэрэв танд найзыг тань шүүх шүүгчийг сонгох боломж байсан бол та түүнд ямар чанарууд байгаасай гэж хамгийн их хүсэх вэ?

  • Хэрэв уг шүүгчид таны тодорхойлсон чанаруудаас нэг юм уу хэд хэд нь байхгүй бол та яах вэ? (Жишээ нь: Шүүгч энэрэнгүй хэдий ч шударга бус, эсвэл шударга хэдий ч энэрэнгүй бус бол яах вэ?)

Аврагчийг зөв шударга шүүгч гэдэгт итгэж болохыг харуулсан нэг зан чанарыг Түүний амьдралаас олж тодорхойлон хичээлдээ бэлтгэхэд суралцагчдыг урьсан гэдгийг сануул. Тодорхойлсон зан чанараа эргэн харах, шаардлагатай бол тодорхойлох хэдэн хормыг суралцагчдад гаргаж өг. Дараа нь тэднээс жижиг бүлгүүдэд хуваагдахыг хүсээд, дараах тараах материалыг тарааж өг.

Есүс Христ бол “Зөвт шүүгч” (2 Тимот 4:8)

Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал—24-р хичээл

Дуулал 9:8 ба 96:11–13-ыг чанга унш. Дараа нь бүлгийн гишүүн бүрийг Есүс Христ бүх хүнийг зөв шударгаар шүүдэг гэдгийг харуулсан нэг зан чанарыг Аврагчийн амьдралаас хуваалцахад урь. Та зан чанаруудыг хуваалцахдаа дараах асуултуудын талаар ярилцаж болно.

  • Энэ зан чанар Есүс Христ биднийг хэрхэн шүүдэгт яаж нөлөөлж болох вэ?

  • Энэ зан чанар нь Аврагчийг та нарын шүүгч байхад тохиромжтой гэдэгт итгэх итгэлийг ямар байдлаар нэмэгдүүлж байна вэ?

Тодорхой зан чанаруудыг олж мэдсэнийхээ дараа Есүс Христ дэлхийн бусад шүүгчээс юугаараа ялгаатай талаар ярилц. (Бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, ахлагч Ричард Г.Скотт нарын хэлсэн үгсийг уншихыг бод.) Мөн та Аврагч бидний шүүгчийн хувьд эдгээр бүх зан чанарыг агуулсан байх нь яагаад чухал болохыг ярилцаж болно.

Есүс Христ бол “Зөвт шүүгч” (2 Тимот 4:8)

Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал—24-р хичээл

Есүс Христ бол зөвт шүүгч гэсэн тараах материал.

Хэлэлцэх хангалттай хугацаа өгсний дараа та зарим суралцагчийг Есүс Христийг тэдний шүүгч гэдэг талаар ямар бодолтой байгаагаа хуваалцахад урьж болно.

Есүс Христ биднийг үйлс болон зүрх сэтгэлийн маань хүслийн дагуу шүүх болно.

Заах, суралцах чадвараа сайжруулах

Үнэн зарчмуудыг тодорхой дурд. Далын ахлагч асан Б.Х.Робэртс “Үнэнийг мэдүүлэхийн тулд үүнийг тодорхой, бүрэн дүүрэн тайлбарлах ёстой бөгөөд ингэснээр Ариун Сүнс хүмүүний бодгальд тухайн ажил үнэн гэдгийг гэрчлэх боломжтой болдог” (James E. Faust, “What I Want My Son to Know before He Leaves on His Mission,” Ensign, May 1996, 41) хэмээн заасан. Суралцагчдад судруудад болон өнөө үеийн бошиглогчдын үгсэд байдаг үнэн зарчмуудыг тодорхойлж, илэрхийлэх боломж олго.

Суралцагчдыг Илчлэл 20:12 болон Сургаал ба Гэрээ 137:9-ийг дотроо уншиж, бидний хэрхэн шүүгдэх тухай үнэнийг бичиж тэмдэглэхэд урь. Олж тогтоосон үнэнээ хуваалцахыг цөөн суралцагчаас хүс. Суралцагчдын ойлголтыг ашиглан, та дараахтай төстэй үнэнийг самбар дээр бичиж болно. Бидний хүн нэг бүр Их Эзэний өмнө зогсож, хийсэн ажил хэрэг, зүрх сэтгэлдээ агуулсан хүслийнхээ дагуу шүүгдэх болно. Суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд та дараах асуултуудаас нэг юм уу хэд хэдийг тавьж болно.

  • Эцсийн шүүлтэд бидний ажил хэрэг яагаад чухал гэж та бодож байна вэ? (Ажил хэрэг гэдэгт зарлигуудыг сахих, ёслолуудыг хүлээн авах, гэрээнүүдийг хүндэтгэх, наманчлах, бусдад үйлчлэх зэрэг нь багтаж болохыг онцлон хэл.)

  • Яагаад бид бодол санаа, зүрх сэтгэлийн хүслийнхээ дагуу шүүгдэнэ гэж та бодож байна вэ? (Та ерөнхийлөгч Өүксийн хэлсэн дараах үгийг хуваалцаж болно. “Бидний үйлдэл болгосон хүсэл бидний хэрхэн өөрчлөгдөж, юунд хүрэх, тэрчлэн ямар хүмүүс болохыг тодорхойлдог” [“Хүсэл,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 42].)

  • Бидний хүсэл, үг яриа, үйлдэл бидний хэн болж төлөвшихөд хэрхэн нөлөөлж байгааг тогтмол үнэлэх нь яагаад чухал вэ? (Бэлтгэх материалын 2-р хэсэгт буй ерөнхийлөгч Өүксийн хэлсэн үгийг уншихыг бод.)

Залуу Алма бидний хэн болж байгааг үнэлэхэд тусалж чадах гүн гүнзгий асуултууд тавьсныг суралцагчдад сануул. Суралцагчдыг Алма 5:15–16, 19, 26–27-г уншаад, тэдний амьдралд хамгийн их хамааралтай ядаж нэг асуултыг авч үзэн, эргэцүүлэн бодоход урь. Дотроо эргэцүүлэн бодох хангалттай цаг гаргаж өгсний дараа, нэг юм уу хоёр суралцагчийг өөрийгөө шударгаар үнэлж дүгнэхэд цаг гаргах нь Аврагчтай илүү адилхан болоход нь хэрхэн тусалсан эсвэл тусалж болохыг хуваалцахад урамшуулан дэмж.

Алмагийн зөвлөсний дагуу, суралцагчдыг өөрсдийгөө Бурханы өмнө шүүгдэхээр зогсож байна гэж төсөөлөхөд урь.

  • Энэ мөчид танд юу мэдрэгдэж болох вэ? Яагаад?

  • Та хэнтэй хамт байхыг хамгийн их хүсэх байсан бэ?

  • Есүс Христ бол бидний шүүгчээс гадна Эцэгийн дэргэд бидний Өмгөөлөгч гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ? (Есүс Христ бидний өмгөөлөгч гэдэг нь юу гэсэн үг болохыг та уншиж болно [бэлтгэх материалын 2-р хэсгийг үзнэ үү].)

Сургаал ба Гэрээ 45:3–5-ыг чанга уншаад, суралцагчдыг Есүс Христ онцгойлон тэдний төлөө гуйж байгаагаар төсөөлөхөд урь.

  • Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн өмнө таны хэргийг өмгөөлөн гуйж байхыг сонсоход танд ямар санагдах вэ? (Аврагч бидний өмгөөлөгчийн хувьд Эцэгийн хүслийг эсэргүүцдэггүй гэдгийг суралцагчдад ойлгуулахын тулд та бэлтгэх материалын 2-р хэсэгт байгаа ахлагч Дэйл Г.Рэнландын эшлэлийг уншиж болно.)

  • Биднийг өмгөөлөх Аврагчийн үүргийг ойлгож, хүлээн зөвшөөрөх нь өөрийгөө Бурханы оршихуйд эргэн очиход хэзээ ч хангалттай сайн гэж боддоггүй хүнд хэрхэн найдвар төрүүлж болох вэ?

  • Та Их Эзэнийг өөрийн Өмгөөлөгч болгохыг хүсэж байгаа гэдгээ Түүнд харуулахын тулд өнөөдөр юу хийж болох вэ?

Их Эзэн зөвхөн Эцсийн шүүлтэд биднийг өмгөөлөх бус, өнөөдөр ч бидний Өмгөөлөгч байхыг хүсдэг гэдгийг та гэрчилж болно (Сургаал ба Гэрээ 29:5–6-г үзнэ үү). Биднийг Түүний тусламжийг эрэлхийлэх үед Тэр бидний хэргийн төлөө гуйх болно.  

2:3

Дараагийн хичээлээр

Дараагийн хичээлд бэлтгэх материалыг уншихад суралцагчдыг урамшуулахын тулд дараахтай төстэй зурвасыг илгээх талаар бодож үз. 25-р хичээлд бэлтгэх материалыг судлах явцдаа “Миний өдөр тутмын шавийн амьдрал мөнхийн хувь тавиланд маань ямар нөлөө үзүүлж байна вэ?” гэж өөрөөсөө асуу.