“2-р хичээлийн багшийн материал: Амьд Христийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэх нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“2-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
2-р хичээлийн багшийн материал
Амьд Христийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэх нь
2000 оны 1-р сарын 1-ний өдөр Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулга Есүс Христийн бурханлаг мөн чанарын талаарх гэрчлэлээ “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” нэртэй баримт бичиг болгон хэвлэн гаргасан юм (ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой). Энэхүү хичээлээр суралцагчид Христ хэмээх ариун алдрын ач холбогдлыг тайлбарлах, “Амьд Христ”-ийг залбирч судалснаар итгэлээ хэрхэн хүчирхэгжүүлж болох талаар хуваалцах боломжтой болно.
Заах зөвлөмж
Есүс бол Христ.
Суралцагчдыг түүхэн дэх агуу ёс суртахуунтай, сүнслэг удирдагчдын зарим үлгэр жишээг тодорхойлоход урь. (Эсвэл өөрөө жишээ олж болно.) Энэ хүмүүс дэлхийд хэрхэн сайн нөлөө үзүүлсэн талаар товчхон ярилц. Дараа нь та Есүс Христийн зургийг үзүүлээд, доорх асуултыг тавьж болно.
-
Есүс Христ дэлхийн агуу ёс суртахуунтай, сүнслэг удирдагчдаас юугаараа онцгой вэ?
Суралцагчдыг Матай 16:13–17-г уншаад, дэлхий дээр амьдарч байсан бүх хүнээс Есүсийг онцолсон, Петрийн хэлсэн үгийг олж харахад урь.
-
Петр “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн” гэж Есүст хэлсэн нь ямар мөнхийн ач холбогдолтой вэ? (Maтай 16:16). (Бэлтгэх материалын 1-р хэсгээс сурсан зүйлсээ дахин уншиж сэргээх нь суралцагчдад тустай байж болох юм. Тэд дараахтай адил үнэнүүдийг тодорхойлж болно. Үүнд: Есүс бол Христ, тослогдсон нэгэн эсвэл Мессиа мөн. Тэрээр Эцэгийг төлөөлдөг бөгөөд бидний аврагдаж болох цорын ганц нэр юм.)
-
Есүс бол Христ гэсэн хувийн гэрчлэлтэй болж, гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн чухлын талаар танд ямар бодол төрдөг вэ? (Та Есүс бол Христ гэсэн гэрчлэлийг хэрхэн олж авсан талаараа хуваалцахыг зарим суралцагчаас хүсэж болно.)
Хичээлд бэлдэхдээ Судруудын удирдамжаас “Есүс Христ” гэсэн сэдвийг хайж олоод, Их Эзэнд өгөгдсөн ариун нандин нэр, алдар, үүргүүдийг олж мэдэхэд урьсан гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдад олсон зүйлээ дүгнэх хэдэн минут өг. Дараа нь тэд олж мэдсэн зүйлсээ ангидаа болон жижиг бүлэг дотроо хуваалцаж болно. Суралцагчдын тань суралцах арга барилыг сайжруулна гэж үзэж байвал дараах асуултуудыг харуулаад, аль нэгд нь эсвэл хоёуланд нь хариулахад урьж болно.
-
Есүс Христийг [нэр, цол, үүргийг бич] гэж бодоход танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-
Есүс Христ бол [нэр, цол, үүргийг бич] гэдгийг мэдэх нь Түүнд итгэх итгэлд тань хэрхэн нөлөөлөх вэ?
Та суралцагчдыг илүү ихийг суралцахыг хүсэж байгаа Есүс Христийн нэр, цол эсвэл үүргээс нэгийг сонгон, судлахад урамшуулж болно.
Их Эзэний төлөөлөгчид Есүс бол Христ гэдгийг гэрчилдэг онцгой гэрчүүд юм.
Суралцагчдыг үеийнхнийх нь дунд Есүс Христэд итгэх итгэл хэр түгээмэл байдгийг хуваалцахад урих талаар бодож үзээрэй. Та тэднийг сүүлийн үед олон нийтийн сүлжээ эсвэл үзвэр үйлчилгээнээс Аврагчийн талаар сонсож мэдсэн зүйлээ хуваалцахад урьж болно.
Сургаал ба Гэрээ 107:23-ыг хамтдаа уншаад, Есүс Христ бүх дэлхий даяар Өөрийнхөө онцгой гэрч болгохоор төлөөлөгчдийг дуудсан гэсэн мэдэгдлийг самбар дээр бичиж болно. Дараа нь дараах асуултуудыг тавь.
-
Та нарын бодлоор Их Эзэний дуудсан төлөөлөгчдийн гэрчлэл өнөө үед яагаад онцгой чухал байж болох вэ?
-
Эдгээр онцгой гэрчлэл Есүс Христийн талаарх та нарын гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ? (Хэдэн суралцагчаас бэлтгэх материалын 2-р хэсэг дэх “Христийн онцгой гэрчүүд” видеонуудаас нэг юм уу хэд хэдийг үзээд, юу сурч, мэдэрснээ хуваалцахыг хүсэх нь тустай байж болох юм. Та нар ангиараа хамтдаа аль нэг видеог үзэж болно.)
2000 оны 1-р сарын 1-ний өдөр Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулга Аврагчийн талаарх гэрчлэлээ “Амьд Христ” гэдэг баримт бичгээр хуваалцсан гэдгийг сануул. Суралцагчдад уг баримтын хуулбарыг өгөх юм уу электрон төхөөрөмж дээрээ нээхэд урь.
“Амьд Христ” баримт бичигт илүү гүн талархдаг болоход нь суралцагчдад туслахын тулд дараах үйл ажиллагаанд нэг хэсэг нь болгон оролцуул. Тэднээс өөр хүнтэй хамтарч ажиллахыг хүсээд, дараах тараах материалаас суралцагч бүрд нэгийг өг. Суралцагчдад “Амьд Христ”-ээс олж мэдсэн зүйлсээ дүгнэж, нэг нэгэнтэйгээ хуваалцах хангалттай цаг байгааг хэл.
Хичээлийн төгсгөлд, суралцагчдыг “Амьд Христ”-ийг судалснаар Есүс Христэд итгэх тэдний итгэл хэрхэн хүчирхэгжсэн эсвэл хүчирхэгжсэн байж болох талаар хуваалцахад урь. Тэдэнд энэхүү сүнслэг нөлөө бүхий баримтыг нэмж судалснаар эсвэл цээжилснээр Есүс Христийн талаарх гэрчлэлээ нэмэгдүүлэхийн тулд юу хийх талаараа зорилго тавих цаг гаргаж өг.
Дараагийн хичээлээр
Дараагийн хичээлээс өмнө суралцагчдадаа дараах бодох зүйлийг эсвэл тэдний сонирхлыг татна гэж бодож байгаа өөр нэг зүйлийг илгээх талаар бодож үзээрэй. 3-р хичээлд бэлтгэх материалыг судалж байхдаа та мөнх бус амьдралын өмнөх амьдралд яагаад Есүс Христийг сонгосон тухайгаа эргэцүүлэн бод.