Институт
20-р хичээлийн багшийн материал: Сайн Хоньчины хороонд байр сууриа олох


“20-р хичээлийн багшийн материал: Сайн Хоньчины хороонд байр сууриа олох,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“20-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

20-р хичээлийн багшийн материал

Сайн Хоньчины хороонд байр сууриа олох

Ахлагч Гэррит В.Гонг Сайн Хоньчин “биднийг эрж хайн цуглуулдаг ба хэрхэн хайраар тунхаглахыг заадаг” хэмээн заасан (“Бурханы Хурга, Сайн Хоньчин,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 118). Энэ хичээлээр суралцагчид Сайн Хоньчин бүх хүнийг халамжилж, санаа тавьдаг гэдгийг мэдэхийн ач холбогдлын талаар ярилцах болно. Мөн суралцагчид хоньчны зүрх сэтгэлийг хөгжүүлснээр Их Эзэний төөрсөн хоньдыг эрж хайн, буцааж авчрахад туслахын ач холбогдлын талаар сурах болно.

Заах зөвлөмж

Есүс Христ бол Сайн Хоньчин.

Та хоньчид болон хоньдын дараах зургуудыг үзүүлэн хичээлийг эхлүүлж болно.

Хонин сүргээ дагуулан явж буй хоньчин
Хоньчин хурганы хамт
Хоньчин хонины хорооны дэргэд

Хоньчин, хөлсний хүн хоёрын ялгааг товчхон ярилц (Бэлтгэх материалын 1-р хэсгийг үзнэ үү).  

1:20

Хичээлд бэлтгэх материалын эхэнд байгаа Есүс Христийн Сайн Хоньчин хэмээн дүрслэгдсэн зургийг үзүүлж, самбар дээр дараах гүйцэд бус мэдэгдлийг бичих нь тустай байж болох юм. Сайн Хоньчин …

Суралцагчдыг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээрээ Иохан 10:11, 14–16, Дуулал 23:1–4, 3 Нифай 18:28–31-ийг уншаад, самбар дээрх мэдэгдлийг гүйцээж бичих арга замыг олохыг хүс. Жижиг бүлгээрээ ярилцах цаг гаргаж өгсний дараа зарим суралцагчаас самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж бичихийг хүсэж болно. Тэдний мэдэгдэл дараахтай төстэй үнэнүүдийг оруулсан байж болно. Сайн Хоньчин хоньдынхоо төлөө амиа хайрладаггүй. Сайн Хоньчин Өөрийнхөө хоньдыг мэддэг мөн тоолдог. Сайн Хоньчин хоньдоо тэжээж, дагуулан чиглүүлж, хамгаалдаг.

Суралцагчид Сайн Хоньчины талаар үнэнийг тодорхойлох үед дараах асуултуудын алиныг нь асууснаар Түүнийг хайрлах, талархах сэтгэлийг нь гүнзгийрүүлэхэд тусалж болох талаар бодож үзээрэй.

  • Аврагч Өөрийн дагагчдыг мэддэг, тоолж бүртгэдэг гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ? Сайн Хоньчин бидний хүн нэг бүрийн төлөө Өөрийн амийг өгсөн талаар тунгаан бодох үед танд ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?

Та суралцагчдаар Дуулал 23:1–4 дээрх хэллэгүүдээс (“ургамал ногоот бэлчээр,” “усны дөлгөөн,” “амин сэтгэлийг минь сэргээдэг,” “Зөвтийн зам,” “Тайвшруулал минь Таны саваа, Таны таяг” гэх мэт) нэгийг сонгуулаад, эдгээр хэллэг бидэнд Сайн Хоньчины талаар юу зааж болохыг хуваалцуулж болно.

  • Та Сайн Хоньчин таныг хайрлаж, санаа тавьж байгааг хэрхэн мэдэрсэн бэ? Тэр танд хүнд хэцүү цаг үед хэрхэн тусалж байсан бэ?

Та “Эзэн миний Хоньчин” (Дуулал, д. 54)” (3:04) дууллыг сонсож, дуулж эсвэл үгийг нь уншиж болно. (Үгийг нь үзүүлж болно.) Суралцагчдыг Их Эзэн тэднийг харж хамгаалж байсан үеийг санахыг хүс.

Сайн Хоньчин бүх хүнийг сүрэгтээ урьдаг.

Петр, Аврагч хоёрын Галилын тэнгисийн эрэг дээр зогсож буй зургийг (бэлтгэх материалын 2-р хэсгийг үзнэ үү) үзүүлээд, юу болж байгааг тайлбарлахыг суралцагчдаас хүс. Иохан 21:15–17-г уншаад, дараах асуултын талаар ярилцах нь тустай байж болох юм.

  • Та Петрт хандсан Аврагчийн захиасны юуг чухал гэж бодож байна вэ? (Та Бид Аврагчийн хоньдыг тэжээснээр Түүнийг хайрладаг гэдгээ харуулдаг гэсэн зарчмыг самбар дээр бичиж болно.)

Бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Бонни Х.Кордоны мэдэгдлийг суралцагчидтай хамт уншихыг бод.

  • “Хоньчны зүрх сэтгэлтэй” байх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

Заах, суралцах чадвараа сайжруулах

Бүх суралцагчдыг оролцуулахыг хичээ. Бид Аврагчтай адил байхын тулд Сүмд идэвхтэй эсэх, хэр итгэлтэй байх, амьдралын сонголт, харагдах байдал, сайн мэдээний талаарх ойлголт зэргээс үл хамааран бүх суралцагчтай холбогдох хэрэгтэй. Ярилцлагыг удирдахдаа, суралцагч бүр бидэнд хэрэгтэй гэдгээ мэдэрч, бодол санаа, мэдрэмж, онцлог ойлголт зэргээ хуваалцах боломжтой байж болохын тулд хайр, итгэлцлийн уур амьсгал бүрдүүлэхийг хичээ.

Ярилцлага өрнүүлэхийн тулд дараах жишээг эсвэл өөрийн санааг хуваалцах талаар бодож үз.

Та Жэйкэд тохинуулахаар томилогдсон. Та түүнтэй олон нийтийн сүлжээгээр холбоо барьж, уулзахыг хүсжээ. Тэр “Над дээр айлчилж ирсний хэрэггүй. Би өнгөрсөн жил энэ тойрогт явж үзсэн ч тав тухтай мэдрэмж авч чадаагүй. Би сүмд хамаарахгүй, тохирохгүй санагдаж байна. Надад цагаа дэмий үрээд хэрэггүй ээ” гэсэн хариу илгээв.

Жэйкэд ямар хариулт өгөх байснаа хуваалцахыг зарим суралцагчаас хүс. Хэлэлцүүлгийн нэг хэсэг болгож дараах асуултуудын заримыг тавьж болно.

  • Ийм нөхцөл байдалд хоньчны зүрх сэтгэлтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай байж болох вэ?

  • Энэ жишээнд төөрсөн хонины сургаалт зүйрлэл хэрхэн холбогдож болох вэ? (Лук 15:4–7 болон бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ахлагч Гари И.Стивэнсоны мэдэгдлийг уншихыг бод.)

  • Бид ямар байдлаар “төөрсөн хонь” болж болох вэ? Танд төөрсөн мэт мэдрэмж төрж байсан үед хүмүүс танд буцаж ирэхэд тань туслахаар юу хийж байсан бэ? Та одоо төөрсөн мэт санагдаж байгаа бол Сүмийн бусад гишүүнээс юуг хамгийн их хүсэж байна вэ? (Хэрвээ танай суралцагчдад тустай гэж үзвэл, тэднээс жижиг бүлгүүдэд хуваагдаад, бэлтгэх материалын 3-р хэсгээс хэн нэгэнд тойрог, салбартаа харьяалагдаж, хамаарахын гайхалтай мэдрэмжийг мэдрэхэд нь тусалж болох зарчмыг олохыг хүс.)

  • Та төөрсөн эсвэл өөрсдийгөө хамааралгүй хүмүүс гэж бодож байгаа хүмүүстэй холбоо барих үедээ Аврагчийн талаар юу сурсан бэ?

Суралцагчдад хэн нэгэнд үнэ цэнтэй, хэрэгтэй, Их Эзэний сүрэгт хамаардаг гэдгээ мэдрэхэд нь туслахын тулд юу хийж болох талаараа тунгаан бодох хэдэн минут гаргаж өг. Төрсөн сэтгэгдлээ бичиж, тэдгээрийн дагуу үйлдэхэд нь суралцагчдыг урамшуулан дэмж.

Төгсгөлд нь та Сайн Хоньчины талаарх өөрийн бодол, мэдрэмжийг хуваалцаж эсвэл нэг суралцагчийг Түүний талаарх мэдрэмжээ хуваалцахад урьж болно.

Дараагийн хичээлээр

Долоо хоногийн дундуур суралцагчдад дараах эсвэл өөрийн явуулахыг хүссэн зурвасыг илгээж болно. 21-р хичээлийг судалж байхдаа та Их Эзэний хоолойг сонсохын тулд өдөр бүр юу хийж байгаа эсвэл юу хийж болохоо бодож үзээрэй.

1:46