Институт
11-р хичээлийн багшийн материал: Их Эзэний Сүмийн адислалуудад баясах нь


“11-р хичээлийн багшийн материал: Их Эзэний Сүмийн адислалуудад баясах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“11-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

11-р хичээлийн багшийн материал

Их Эзэний Сүмийн адислалуудад баясах

Есүс Христ мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр мөн дахин хожмын өдрүүдэд төлөөлөгчдийг дуудаж, Сүмээ зохион байгуулсан. Энэхүү хичээлээр суралцагчид Их Эзэний Сүмээр дамжуулан өөрсдөд нь ирэх адислалуудын талаар бодох боломжтой байх болно. Мөн тэд Сүм дэх өөрсдийн болон бусдын туршлагыг сайжруулахын тулд юу хийж болох талаар эргэцүүлэн бодно.

Заах зөвлөмж

Бид Их Эзэний Сүмээс зорилгыг олж чадна.

Заах, суралцах чадвараа сайжруулах

Бусад шашинд хүндэтгэлтэй ханд. Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн онцгой адислалуудын талаар ярилцахдаа өөр итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандаж байгаа эсэхээ нягтал. Бусад шашны түүхэнд оруулсан ач холбогдолтой, эерэг хувь нэмрийг онцлон тэмдэглэх нь чухал байж болох юм.

Та дараах жишээг хуваалцсанаар хичээлээ эхлүүлж болно.

Изабэлла саяхнаас сүмд явахаа больжээ. Тэрээр сүмд явахгүйгээр сүнслэг байж чадна гэдэгт итгэх болсон. Тэр танд өөрт тохиолдсон сүнслэг тохиолдлуудын талаар ярьсныхаа дараа сүмд явах нь яагаад чухал гэж бодож байгааг тань асуув.

  • Таны таньдаг залуучуудын дунд энэ үзэл бодол хэр түгээмэл байдаг вэ?

  • Та Изабэллагийн асуултад хэрхэн хариулах вэ?

Суралцагчдыг санал бодлоо хуваалцсаны дараа, та Их Эзэний сүмд явахын адислалууд гэсэн гарчгийг самбар дээр бичиж болно. Үүний дараа суралцагчдыг санаагаа энэ гарчгийн доор жагсаахад урь.

Суралцагчид дараах адислалуудаас заримыг жагсааж болно. Үүнд: Санваарын эрх мэдэл болон түлхүүрүүдийг хүлээн авч ашиглах, ёслолуудыг хүлээн авч гэрээ байгуулах, цэвэр бөгөөд тодорхой сургаалаас суралцах, наманчлахын тулд тусламж авах, Израилыг цуглуулах боломжийг хайж олох, ядууст тусалж, хүмүүнлэгийн хэрэгцээг хангах, нас барагсдын төлөө гүйцэтгэх ариун сүмийн ажилд оролцох, бусдад үйлчлэх, харилцах боломжтой байх, гэр бүлүүдийг бэхжүүлэх.

  • Эдгээр адислалын аль нь Их Эзэний Сүмд онцгой гэж та бодож байна вэ?

Энэ хэлэлцүүлгийг явуулахдаа дараах үйл ажиллагаа болон асуултуудын аль нь Сүмийн онцгой адислалуудыг онцлон харуулахад тустай болохыг бодож үз. (Танд дээрх бүх сэдвийг хэлэлцэх цаг байхгүй байж магадгүй. Мөн хэлэлцүүлгийн өөр хэсгүүдийг илүү гүнзгий ярилцахаар сонгож болно.)

Санваарын эрх мэдэл ба түлхүүрүүд

Та суралцагчдаас дараах жишээг хоёр, хоёроороо жүжигчлэн тоглохыг хүсэж болно. Эдгээр нь:

Сүмийг сонирхож буй найз тань “Танай сүмийг төлөөлөгчид удирддаг гэдгийг би ойлгож байна. Тэд бусад сүмийн удирдагчдаас юугаараа ялгаатай вэ?” гэж асуужээ.

Суралцагчид Ефес 2:19–20; Матай 10:1, 7–8; 16:19; Үйлс 1:21–22; болон Сургаал ба Гэрээ 107:23-ыг уншаад, хамтдаа энэ үйл ажиллагааг эхлүүлж болно. (Та суралцагчдын санваарын түлхүүрүүдийн талаарх ойлголтыг үнэлж, шаардлагатай бол тэдэнд нэмэлт ойлголт өгч болно.  )

  • Зөвхөн ариун санваарын хүч, эрх мэдлээр дамжуулан ямар адислалууд ирж болох вэ? (Бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, ахлагч Робэрт Д.Хэйлс нарын мэдэгдлүүдийг унших талаар бодож үз.) Та хэзээ эдгээр адислалыг мэдэрч байсан бэ?

Санваарын ёслол ба гэрээ

  • Ариун ёслолуудыг хүлээн авч, Бурхантай ариун гэрээ байгуулах талаар та ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? (Та суралцагчдыг гэрээний зам дээр үргэлжлүүлэн урагшлах үед тэднийг хүлээж буй адислалуудын талаар тунгаан бодоход урьж болно.)

Их Эзэний сургаалын тодорхой байдал

  • Бид Сүмд явснаар “аливаа номлолын салхи” (Ефес 4:14)-аас хэрхэн хамгаалагдсан бэ? (Ефес 4:11–14-ийг хамтдаа унш.) Ерөнхий чуулган танд Христийн сургаалаас суралцаж, ойлгоход хэрхэн тусалсан бэ?

Ариун сүмийн ажил

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил хувь хүний тань хувьд таныг хэрхэн адисалсан бэ?

Израилыг цуглуулах

  • Израилыг хөшигний хоёр талд цуглуулахад Их Эзэний Сүм ямар арга замаар танд тусалсан бэ? Эдгээр үйлдэл таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Самбар дээрх жагсаалтаас амьдралдаа илүү бүрэн дүүрэн авахыг хүсэж байгаа нэг адислалаа сонгохыг суралцагчдаас хүс. Өөрсдийн тодорхойлсон адислалыг хүлээн авахын тулд хийж болох алхмуудыг жагсаах зэргээр төлөвлөгөө гаргах хугацааг суралцагчдад гаргаж өг.

Бид тойрог, салбаруудаа нээлттэй, дотно хүлээж авдаг газар болгож чадна.

Суралцагчдаас тойрог, салбартаа өөрсдөөс нь тэс өөр үзэл бодолтой эсвэл хамтран ажиллахад хэцүү байж болох хэн нэгэнтэй хамт үйлчлэхээр хуваарилагдвал юу хийх талаар нь асууж болно.

Моронай 6:4–5-ыг хамтдаа уншаад, Сүмийн хэн нэгэн тэднийг дурсаж, тэжээж, хүчирхэгжүүлж байсан эсэхийг суралцагчдаас асуух талаар бодож үз. Мөн тэд сүм дээр ганцаардаж байсан үеийнхээ талаар бодож магадгүй.

  • Зарим хүн яагаад сүмд харьяалагддаг гэдгээ мэдэрдэггүй гэж та бодож байна вэ? Бусдад хайрлагдаж, сүмд харьяалагддаг гэдгээ мэдрэхэд туслах юуг бид хийж чадах вэ? (Та бэлтгэх материалын 3-р хэсэг дэх Карол М.Стэфэнс эгчийн жишээг уншиж болно. Мөн та “Inviting Others to ‘Come and Stay’” [1:39] (Бусдыг ‘ирээд, үлдэхэд’ урих нь) видеог хамтдаа үзэж болно.)

    1:39

    Бусдыг "Ирээд, үлдэхэд" урих нь

    Хүмүүст Сүм дээр байхад нь таатай санагдсан бол өөрийн эрхгүй үлдэхийг хүсдэг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн энэ видео бичлэг хүмүүсийг анх удаагаа сүм дээр ирэх үед нь таатай мэдрэмж төрүүлэх энгийн арга замуудыг харуулна.

Суралцагчдад хичээлд бэлтгэх явцдаа тэдний нөхөрлөлөөр дамжуулан адислагдаж болох хэн нэгний тухай бодоход урьсан гэдгийг сануул. Уг хүн сүм дээр ирээд, хайр болон халуун дулаан уур амьсгалыг мэдрэхэд нь туслахын тулд юу хийж болох талаар тунгаан бодох хугацааг тэдэнд өг.

Дараагийн хичээлээр

Суралцагчдыг дараагийн хичээлд бэлтгэхэд нь урамшуулахын тулд долоо хоногийн дундуур дараах зурвасыг илгээх талаар бодож үз. Аврагчийн хөлд суугаад, Түүний зааж буйг сонсох нь танд ямар байх байсан бэ? Та 12-р хичээлд бэлтгэх материалыг уншиж байхдаа, Христийн сургаалын таны амьдралд үзүүлж байгаа нөлөөний талаар бодож үзээрэй.