Институт
14-р хичээлийн багшийн материал: Аврагчийн үйлдсэн гайхамшгуудыг таних нь


“14-р хичээлийн багшийн материал: Аврагчийн үйлдсэн гайхамшгуудыг таних нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“14-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

14-р хичээлийн багшийн материал

Аврагчийн үйлдсэн гайхамшгуудыг таних нь

Есүс Христ “Би бол гайхамшгуудын Бурхан” (2 Нифай 27:23) хэмээн тунхагласан. Энэ хичээлээр суралцагчид Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр үйлдсэн гайхамшгуудаас сурсан зүйлээ хуваалцах боломжтой байх болно. Суралцагчид мөн Их Эзэний гайхамшгуудыг амьдралдаа хүлээн авахын тулд юу хийж болох талаар бодож, өмнө нь хүлээн авсан гайхамшгуудаа олж тодорхойлно.

Заах зөвлөмж

Есүс Христ хүмүүсийн бие махбод, сүнсний аль алиныг эдгээсэн.

Бэлтгэх материалын 1-р хэсэг дэх Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ үйл ажиллагаанаас дараах гайхамшгийн зургийг хичээлийн эхэнд үзүүлэхийг бод. Хичээл эхлэхэд суралцагчдын анхаарлыг зураг руу чиглүүлж, нэг юм уу хоёр суралцагчийг Есүсийн үйлдсэн гайхамшгуудын талаарх сэтгэгдлээ товч хуваалцахад урь.

Усыг дарс болгон хувиргав

Канаа дахь хурим, Карл Блох

Шуурга намдаав

Шуурга намдаав, Тэд Хэннингэр

Үхсэнийг амилуулав

Үхсэн хүнийг амилуулав

Таван мянган хүнийг хооллов

Таван мянган хүнийг хооллов

Хараа оруулав

Есүс сохор хүнд хараа оруулав

Та суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсэг дэх “Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ” үйл ажиллагаа руу очоод, хичээлд бэлтгэх үедээ судалсан гайхамшгуудаа эргэн харахад урьж болно. Хэрэв тэд бэлдээгүй бол судлах гайхамшгаа сонгоход урь. Суралцагчдад сонгосон гайхамшгаа унших юм уу судлах, уг дасгал ажлын хоёр асуултын хариултыг эргэцүүлэн бодох хугацаа өг.

Суралцагчдад дүгнэх хангалттай хугацаа өгсний дараа тэднийг өөр гайхамшгийг судалсан суралцагчидтай жижиг бүлгүүд болоход урь. Бүлгийн гишүүн бүрд өөрийн судалсан гайхамшгийг товч ярих, дагалдах хоёр асуултын ядаж нэгнийх нь хариултыг хэлэх боломж олго.

Есүс нэгэн эрийг эдгээж байгаа нь

Та нэг суралцагчийг бэлтгэх материалын 1-р хэсэгт ярилцсан Марк 2:5–12-т гардаг, Их Эзэн саа өвчтэй хүнийг эдгээсэн түүхийг товчхон ярихад урьж болно.  

2:55

Дараа нь та доорх хоёр асуултын аль нэгийг эсвэл хоёуланг асууж, суралцагчдад ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь тусалж болно.

  • Бид энэ гайхамшгаас Аврагчийн эдгээх хүчний талаар юу мэдэж авсан бэ? (Есүс Христ биднийг сүнсний болон бие махбодын хувьд эдгээх хүчтэй гэсэн үнэнийг олж тогтооход суралцагчдад тусал.)

  • Та эсвэл таны таньдаг хэн нэгэн ямар арга замаар сүнсээр болон бие махбодын хувьд эдгэрэхийг мэдэрсэн бэ? (Хичээл эхлэхээс өмнө нэг юм уу хоёр суралцагчийг энэ асуултын хариултыг хуваалцахаар бэлтгэж ирэхэд урих талаар бодож үз. Тэдэнд хэт хувийн шинжтэй хариултууд хэлэх шаардлагагүйг сануул.)

Заах, суралцах чадвараа сайжруулах

Хичээл эхлэхээс өмнө зарим суралцагчийг хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь. Цөөн суралцагчийг хичээлийн тодорхой асуултуудад хариулж, холбогдох туршлагаа хуваалцах юм уу тодорхой зарчмуудыг гэрчлэхэд бэлтгэж ирэхэд урьснаар ангийнхны суралцах туршлага нэмэгдэх болно. Энэ төрлийн бэлтгэл нь хэлэлцүүлэг өрнүүлж, гүнзгийрүүлэн суралцахад туслан, хариултаа цаг зарцуулан бэлдсэний үндсэнд хуваалцахыг илүүд үздэг хүмүүст чухал боломжуудыг олгоно.

Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн мэдэгдлийг чанга уншихад урь. Ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь тэдэнд туслахын тулд тэднээс дараах асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг асуух талаар бодож үз.

  • Та яагаад зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг бие махбодтой холбоотой аливаа гайхамшгаас илүү хэмээн үзсэн гэж бодож байна вэ? Бид ийм гайхамшгийг Аврагчаас эрэлхийлэх нь яагаад чухал вэ?

  • Зүрх сэтгэлийн өөрчлөлтийн гайхамшгийг та энэ талаар мэдэхгүй хүнд хэрхэн тайлбарлах вэ?

  • Хүмүүс энэ гайхамшгийг хүсэж байгаагаа Их Эзэнд харуулахын тулд юу хийж болох вэ? Та зүрх сэтгэлээ илүү их өөрчлөхийг хүсэж байгаагаа Их Эзэнд харуулахын тулд ямар тодорхой үйлдэл хийж болох вэ? (Зүрх сэтгэлийн өөрчлөлт бол үйл явдал биш, харин үйл явц гэдгийг та суралцагчдад сануулж болно. Суралцагчдад бодол санаа, сэтгэгдлээ тунгаан бодох, тэмдэглэх цаг гаргаж өгөх нь тустай байж болох юм.)

Гайхамшгууд бидний итгэлийн дагуу, Бурханы тааллаар тохиодог.

Аврагч уяман өвчтэй хүнийг эдгээсэн нь Түүний мөнх бус амьдралдаа үйлдсэн гайхамшгуудын нэг байсан гэдгийг суралцагчдад сануул. Нэг суралцагчийг Шинэ Гэрээний үед уяман өвчтэй хүний амьдрал ямар байсан, эдгэснээр уг хүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн талаар товч хуваалцахад урь.

Марк 1:40–42-ыг хамт уншаад, уяман өвчтэй хүн гайхамшгийг тохиолгохын төлөө Их Эзэнд хэрхэн хандсаныг олж мэдэхэд суралцагчдыг урь.

  • Гайхамшгийг эрж хайхдаа бид Их Эзэнд хэрхэн хандах талаар энэ түүхээс юу сурч болох вэ? (Та бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ахлагч Хорхэ Ф.Зэбаллосын мэдэгдлийг уншиж болно.) Биднийг Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх үед Тэр Өөрийн хүслийн дагуу бидний амьдралд гайхамшгуудыг тохиолгож чадна гэсэн зарчмыг олж тогтооход суралцагчдад тусал.)

  • Би гайхамшгийг эрэлхийлэх үедээ Их Эзэний таалалд итгэх итгэлийг хэрхэн хөгжүүлэх вэ? (Бэлтгэх материалын 2-р хэсэг дэх Сүмийн удирдагчдын мэдэгдлийг унших талаар бодож үз.)

Хичээл эхлэхээс өмнө зарим суралцагчийг бэлтгэх материалын “Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?” хэсэг дэх “Би гайхамшгийг эрэлхийлэх үедээ Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлэх вэ?” гэсэн асуултын доорх ерөнхийлөгч Өүксийн хуваалцсан түүхийг уншихад урих нь тустай байж болох юм. Хичээлийн дундуур та тэднээс нэг түүхийг сонгоод, үүнээс гайхамшгуудад болон Их Эзэний таалалд итгэх талаар юу сурснаа хуваалцахад урьж болно.

(Бэлтгэх материалын 3-р хэсэг дэх ерөнхийлөгч Роналд А.Расбандын мэдэгдлийг унших талаар бодож үз.) Суралцагчдыг өөрсдийн харсан өчүүхэн мөн энгийн гайхамшгуудын жишээг хуваалцахад урь. (Суралцагчид илчлэлт хүлээн авах, хор хөнөөлтэй зуршлаа даван туулах, хэн нэгнийг уучлах хүчийг хүлээн авах, сорилт бэрхшээлтэй тулгарах үед хүчирхэгжих, хүнд хэцүү даалгаврыг биелүүлэх илүү их чадварыг олж авах гэх мэт гайхамшгуудыг дурдаж болно.)

  • Энэ “өчүүхэн гайхамшгууд” нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг илчилдэг вэ?

Суралцагчдад энэ хичээлээс сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараах асуултын талаар тунгаан бодож, бодол, мэдрэмжээ тэмдэглэх хугацаа гаргаж өг.

  • Би өөрийн амьдрал дахь Их Эзэний гайхамшгуудыг илүү таньж, тэдэнд илүү нээлттэй байхын тулд юу хийж чадах вэ?

Есүс Христ бол гайхамшгуудын Бурхан гэсэн өөрийн гэрчлэлийг хуваалцах талаар эсвэл нэг юм уу хэд хэдэн суралцагчийг хуваалцахад урих талаар бодож үз.

Дараагийн хичээлээр

Суралцагчдыг дараагийн хичээлдээ бэлдэхэд урамшуулахын тулд дараах зураг болон зурвасыг илгээхийг бод. Та сүүлийн үед ариун ёслолтой холбоотой ямар туршлага хуримтлуулсан бэ? Та 15-р хичээлд бэлтгэх материалыг судалж байхдаа, Есүс Христ таныг яагаад долоо хоног бүр энэхүү ариун ёслолд оролцоосой гэж хүсдэг талаар бодож үз.

Талхны хэлтэрхий ба жижиг аягатай ус