Институт
4-р хичээлийн багшийн материал: Их Эзэний Бүтээлтээс зорилго, баяр баясал олох нь


“4-р хичээлийн багшийн материал: Их Эзэний Бүтээлтээс зорилго, баяр баясал олох нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“4-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

4-р хичээлийн багшийн материал

Их Эзэний Бүтээлтээс зорилго, баяр баясал олох нь

“[Есүс Христ] бол Эцэгийнхээ удирдлаган доор дэлхийг бүтээсэн Бүтээгч” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл, ChurchofJesusChrist.org). Энэ хичээлээр суралцагчид яагаад Их Эзэн дэлхийг бүтээсэн тухай болон Түүний бүтээлүүдээс илүү их баяр баясал олохын тулд юу хийж болохоо эргэцүүлэн бодох болно.

Заах зөвлөмж

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчдаа бэлдэж ирнэ гэдэгт итгэ. Суралцагчдыг хичээлд бэлтгэх материалыг судлахад урамшуулах арга замыг хайж ол. Хичээл дээр суралцагчдын бэлдсэн зүйлсээс асууж, хичээлд ашигласнаар тэдэнд итгэдгээ харуул. Ингэх нь суралцагчдад бие дааж суралцахдаа хариуцлагатай хандахад түлхэц өгнө.

Бурхан биднийг аврахын тулд дэлхийг бүтээсэн.

Хичээлээ эхлүүлэхдээ дараах зургийг үзүүлж, цөөн суралцагчаас шөнийн тэнгэрт түгсэн оддыг харж байхдаа юу бодож, мэдэрч байснаа эсвэл ямар асуулт тэдэнд төрж байсан тухай хуваалцахад урь. Эсвэл суралцагчдын авчирсан юм уу тан руу явуулсан зургуудыг үзүүлж болно. Зураг дээрх зүйлсээс юу нь тэдэнд сүнслэг нөлөө үзүүлж байгааг хуваалцахыг тэднээс хүс.

Оддыг харж буй хүн

Мосе Бурханы үй олон бүтээлийг харсан гайхалтай үзэгдэл үзсэн гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдад Бүтээгч болон Түүний бүтээлүүдийн талаар илүү гүнзгий бодоход нь туслахын тулд тэднийг жижиг бүлгүүдэд хуваарилагдан ажиллахад уриад, дараах тараах материалаар ханга.

Мосе Бүтээлтийн талаар чухал үнэнийг мэдэж авав

Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал—4-р хичээл

Дараах жишээг унш.

  • Грэчэн шинжлэх ухаанд дуртай. Тэр байгаль дэлхий хэрхэн ажилладаг талаар суралцсан ч дэлхий яагаад оршин тогтнодог талаар сэтгэлдээ нийцсэн хариулт олсонгүй. Түүнд дэлхийн болон бидний амьдралын зорилгын талаар хэд хэдэн асуулт байв.

  • Хүн дэлхийн бүтээгдсэн шалтгааныг ойлгохгүй бол түүнд ямар сорилт тулгарч болох вэ?

Мосе 1:27–39-ийг уншаад, Бүтээлтийн талаарх Грэчэний бодлыг баяжуулж болох үнэнүүдийг ол. Дараа нь бүлгийн гишүүн бүрийг доорх асуултуудаас нэгийг сонгож, хэдэн минутад хариулахад бэлдэхийг хүс. Хүн бүр санал бодлоо бүлгийнхэнтэйгээ хуваалцаж болно.

  • Та Бүтээлтээс Бүтээгчийн мөн чанарын тухай юу мэдэж авсан бэ? Есүс Христ бүх зүйлийг бүтээсэн гэдгийг мэдэх нь таны Түүнд итгэх итгэлд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • “[Бурханы] энэ ертөнцийг бүтээсэн шалтгаан нь бид” байсан гэдгийг эргэцүүлэхэд танд ямар бодол, мэдрэмж төрдөг вэ? (Та бэлтгэх материалын 1-р хэсэгт буй ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын мэдэгдлийг уншиж болно.)

  • Та бусдад Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд чадавхдаа хүрэхэд нь туслахын тулд юу хийсэн бэ эсвэл хийж чадах вэ? (Та бүлгийн гишүүдийг таньдаг хүндээ туслахаар өдөөгдсөн аливаа мэдрэмжээ бичиж авахад урьж болно.)

  • Бид шинжлэх ухаанаас ямар төрлийн мэдлэг олж авч чадах вэ? Бид судруудаас ямар төрлийн мэдлэг олж авч чадах вэ? Бидэнд яагаад энэ хоёр төрлийн мэдлэг хоёулаа хэрэгтэй вэ? (Та суралцагчдаас бэлтгэх материалын 3-р хэсэг дэх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны болон ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн мэдэгдлийг уншихыг хүсэж болно.)

Мосе Бүтээлтийн талаар чухал үнэнийг мэдэж авав

Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал—4-р хичээл

Багшийн тараах материал

Тэмдэглэл: Та жижиг бүлгүүдээр ангийнханд тайлагнуулахыг сонгож болно. Эсвэл хэрэв та бүлгийн хэлэлцүүлгээр уг сэдвийг хангалттай авч үзэн ярилцсан гэж үзэж байвал хичээлийн дараагийн хэсэг рүү орохыг сонгож болно.

Та Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн удирдлаган доор бүх зүйлийг бүтээсэн гэдгийг онцолж эсвэл гэрчилснээр хичээлийн энэ хэсгийг дуусгаж болно. Та мөн дэлхийн Бүтээлт нь Өөрийнхөө хүүхдүүдэд үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрахад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний шаардлагатай нэг хэсэг байсан гэдгийг гэрчилж болно.

Бурхан дэлхий дээр бүх зүйлийг бидний ашиг тус, сэтгэл ханамжийн төлөө байршуулсан.

Та хичээлийн энэ хэсгийг дараах асуултуудаар эхлүүлж болно. Үүнд:

  • Та Их Эзэний ямар бүтээлд хамгийн их талархдаг вэ? Та эдгээр бүтээлийн төлөө Бурханд талархлаа хэрхэн илэрхийлсэн бэ?

Та суралцагчдад Бурхан долоо дахь өдөр амарч, “[Өөрийн] хийсэн бүх зүйл … сайн байсныг” (Мосе 3:2) харсан гэдгийг сануулж болно. Тэгээд Тэр “долоо дахь өдрийг адисалж мөн үүнийг ариусгав” (Мосе 3:3). Одоо үед Аврагч бидэнд Хүндэтгэлийн өдрийг сахиснаар “дэлхийн бүрэн байдал” биднийх байх болно гэдгийг сануулдаг (Сургаал ба Гэрээ 59:9–16-г үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 59:16–20-ийг хамтдаа уншаад, Их Эзэн бидэнд бүтээлүүдээ хэрхэн ашиглуулахыг дүрсэлсэн үг, хэллэгийг олж мэдэхэд урь. Эдгээр үг, хэллэгийн (ялангуяа 20-р шүлэг дэх) ач холбогдлын талаар ярилцсаны дараа, Их Эзэний бүтээлүүд нь бидний ашиг тус, сэтгэл ханамжийн төлөө бүтээгдсэн бөгөөд зөв шударга бус зорилгоор буруу ашиглаж болохгүй гэсэн үнэнийг үзүүлэх нь тустай байж болох юм.

Суралцагчдад энэ үнэний талаар гүнзгийрүүлэн бодоход нь туслахын тулд дараах асуултуудаас заримыг нь тавь. Үүнд:

  • Яагаад Их Эзэний бүтээлүүдэд баясах цагийг тогтмол гаргах нь чухал вэ? (Та бэлтгэх материалын 2-р хэсэгт байгаа “Үйлд” урилгыг биелүүлсэн эсэхийг асууж болно.) Та Их Эзэний бүтээлүүдэд баясах цаг тогтмол гаргахын тулд өдөр бүр хийдэг зүйлдээ ямар өөрчлөлт гаргах хэрэгтэй байна вэ? (Суралцагчдад бодол санаа, мэдрэмжээ тэмдэглэх цаг гаргаж өгөх нь тустай байж болох юм.)

  • Та дэлхий дээрх сайн зүйлсээс хэрхэн ашиг тус хүртсэн бэ? Та эдгээр зүйлд илүү их талархаж байгаагаа Их Эзэнд хэрхэн харуулж чадах вэ?

  • Бидний бие махбодыг яагаад Бурханы хамгийн агуу бүтээл гэж хэлж болно гэж та бодож байна вэ? (Бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн мэдэгдлийг үзнэ үү.) Бидэнд өөрсдийн болон бусдын бие махбодын цэвэр ариун байдлыг хүндэтгэж болох ямар арга зам байдаг вэ? Өөрийн бие махбодод илүү их талархахад танд юу тусалсан бэ?

Та суралцагчдад “Our Home (Бидний гэр орон)” (1:34) видеог үзүүлээд, тэднийг эх дэлхийгээ болон гэр орноо илүү сайн харж хандахын тулд юу хийж чадaхаа тунгаан бодоход урь.

1:34

Хичээлийн төгсгөлийн хэдэн минутад, хүн бүрийг хайрладаг Бүтээгчийн хайрыг гэрчлэхэд болон суралцагчдыг гэрчлэлээ хуваалцахад урь.

Дараагийн хичээлээр

Дараагийн хичээлээс өмнө дараах захиасыг суралцагчид руу илгээх талаар бодож үзээрэй. Та амьдралдаа нэмэлт хүч, хамгаалалт мэдрэхийг хүсэж байна уу? Та 5-р хичээлд бэлтгэх материалыг судалж байхдаа, Их Эзэнтэй байгуулсан гэрээгээ итгэлтэй сахидаг хүмүүст амлагдсан адислалуудыг олж мэд.