“3-р хичээлд бэлтгэх материал: Мөнх бус байдлын өмнөх бидний Аврагч, Удирдагч, Есүс Христэд итгэж найдах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“3-р хичээлд бэлтгэх материал,” Мөнх бус байдлын өмнөх бидний Аврагч, Удирдагч, Есүс Христэд итгэж найдах нь
3-р хичээлд бэлтгэх материал
Мөнх бус байдлын өмнөх бидний Аврагч, Удирдагч, Есүс Христэд итгэж найдах нь
Та санахгүй байгаа ч Есүс Христтэй харилцах таны туршлага таныг төрөхөөс ч өмнө эхэлсэн. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний харилцаа холбоо болон мэдлэг дэлхий дээрх таны амьдралд зорилго, утга учрыг авчирч чадна. 2-р бүлэг танд Тэнгэр дэх Их Зөвлөгөөн, Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө, Бүтээлт болон Хуучин Гэрээнд дурдагддаг бусад үйл явдалд Аврагчийн гүйцэтгэсэн гол үүргийг ойлгоход туслах болно. Та энэ хичээлийн материалыг судлахдаа, эдгээр үнэн нь хэрхэн Есүс Христэд итгэх итгэлтэй болгож өгч чадах талаар бод.
1-р хэсэг
Авралын төлөвлөгөө миний амьдралд хэрхэн зорилго, амар амгаланг авчирч чадах вэ?
Та өмнө нь ойд, олон хүн дунд эсвэл том хотод төөрч байсан уу? Танд ямар байсан бэ?
Та ойд эсвэл том хотод төөрч байсан шигээ амьдралынхаа зорилго, утга учрын талаар төөрөлдөж байсан байх эсвэл хэзээ нэгэн өдөр тэгж мэдэрч магадгүй юм. Эдгээр мэдрэмжийн талаар эргэцүүлэх үедээ Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн дараах үгийг тунгаан бод.
Өөрсдийнхөө хэн болох, хаанаас ирсэн, яагаад дэлхий дээр байгаа эсвэл мөнх бус амьдралын дараа хаашаа явах зэргийг мэдэхгүйгээр харанхуй, дүнсгэр орчлонд төөрөлдөж яваа Бурханы хүүхдүүдийн мухардмал байдлыг би олонтоо тунгаан бодож байсан.
Бид хэрэн хэсэх хэрэггүй. Бурхан эдгээр асуултад хариулдаг мөнхийн үнэнүүдийг илчилсэн. …
… Авралын төлөвлөгөө бол хүн төрөлхтөнд өгөгдсөн хамгийн агуу мэдлэг юм. Яагаад гэвэл, энэ нь амьдралын мөнхийн зорилгыг тайлбарладаг. (“Авралын төлөвлөгөө: Бидний зүг чигийг заагч эрхэм нандин мэдлэг,” Лиахона, 2015 оны 10-р сар, 33–34)
Бидний Тэнгэрлэг Эцэг тэнгэр дэх Их зөвлөгөөн дээр авралын төлөвлөгөөгөө танилцуулсан. Тэнд бид Түүний төлөвлөгөөг дагавал, Түүнтэй адил болж, Түүний оршихуйд эргэн ирж, “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох” (Сургаал ба Гэрээ 14:7) мөнх амьдралыг хүлээн авч чадна гэдгийг сурсан.
Түүнчлэн бид Эцэгийн төлөвлөгөөнд бидэнд бие махбодын хийгээд сүнслэг үхлийг ялан дийлэх боломжийг бүрдүүлж өгөх Аврагч хэрэгтэй байсныг олж мэдсэн. Тэнгэрлэг Эцэг Есүсийг тэрхүү Аврагч байхаар сонгосон билээ (Абрахам 3:27-г үзнэ үү).
Ерөнхийлөгч Томас С.Монсон ийн гэрчилжээ.
“Бидний Аврагч, Есүс Христ энэ төлөвлөгөөний зайлшгүй нэгэн чухал хэсэг билээ. Түүний цагаатгагч золиослолгүйгээр хүн бүр төөрөлдсөн хэвээрээ үлдэх байсан. (“Аз жаргалд хүргэх төгс зам,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 69)
2-р хэсэг
Бид яагаад мөнх бус байдлын өмнөх амьдралд Есүс Христийг бидний Аврагч байхаар хүлээн зөвшөөрсөн бэ?
Агуу Үнэт Сувд номд Абрахам гараг эрхэс, оддын талаар олж мэдэж байгааг харуулсан сонирхолтой түүх гардаг. Абрахам хамгийн тод, тэргүүлэгч, Колоб гэдэг одыг мөн энэ нь Бурханы оршихуйд хамгийн ойр байгааг харжээ (Абрахам 3:2–17-г үзнэ үү).
Түүнчлэн Абрахам одод хоорондоо ялгаатайн адил Бурханы сүнсэн хүүхдүүд ч бас нэг нэгнээсээ ялгаатай гэдгийг сурч мэджээ. Зарим сүнс бусдаасаа “оюуны илүү өндөр хөгжилтэй” бөгөөд Их Эзэн Бурхан “тэд бүгдээс илүү өндөр оюуны хөгжилтэй” юм (Абрахам 3:18–19). (Тэмдэглэл: Энэ хэсэгт гардаг оюуны хөгжил гэдэг нь хувь хүний олж авсан үнэн болон гэрлийг хэлж байна [Сургаал ба Гэрээ 93:28, 36-г үзнэ үү].)
Энэ хам сэдэвт Колоб нь Есүс Христийг төлөөлж байгаа (Абрахам 3:3, 16-г үзнэ үү) бөгөөд энэ нь бидэнд Түүний талаар юу зааж байна вэ?
Колоб Бурханд ойр байгаа нь “бүх [оддоос] хамгийн агуу нь болой, учир нь энэ нь [Түүнд] хамгийн ойрхон байдаг” (Абрахам 3:16) гэдгийг Абрахам олж мэдэв. Тиймээс Бурханы хүүхдүүд бидний хувьд ч мөн адил. Бидний оюуны хөгжил, гэрэл, алдар суу “Бурханы сэнтийд хамгийн ойрхон” “түүний адил байдлаар харьяалагддаг тэдгээр бүгдийг тэргүүлэхээр … байрлуулсан” (Абрахам 3:2, 3) Бүтээгч Есүс Христэд хэр ойрхон байгаагаас маань шалтгаална.
3-р хэсэг
Есүс Христ надад эргэн тойрондоо байгаа муу нөлөөллийг ялан дийлэхэд хэрхэн туслах вэ?
Танд Есүс Христийг дагаж, Түүний сайн мэдээгээр амьдрахыг хичээх үедээ Сатаны эсэргүүцлээс болж цөхрөх үе тохиож болох юм. Энэ нь та Сатаны хорон муу нөлөөтэй анх удаа тулгараагүй эсвэл анх удаа харж байгаа биш гэдгийг санахад тус болж болно.
Сатаны эсэргүүцэл Илчлэл номд гардаг Тэнгэр дэх дайнаас эхэлсэн (Илчлэл 12:7-г үзнэ үү). Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талд орсон хүмүүс болон Тэдний эсрэг Сатаныг дагахаар сонгосон хүмүүсийн хоорондын тулаан байв.
Ерөнхийлѳгч Гордон Б.Хинкли энэхүү зөрчилдөөний талаар ингэж хэлжээ.
Маш хэрцгий, ширүүн тэр дайн огтхон ч дуусаагүй. Энэ бол үнэн, алдаа хоёрын хоорондох; сонголт, албадлага хоёрын хоорондох; Христийн дагалдагчид ба Түүнийг эсэргүүцэгчдийн хоорондох дайн юм.
… Энэ дайн бидний амьдралд, өдөр ч, орой болоход ч, бидний гэр оронд, ажил дээр мөн сургуулийн холбоонд ч … болж байдаг. Хүүхэд, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчид бид бүгдээрээ үүнд оролцож байдаг. (“An Unending Conflict, a Victory Assured,” Ensign, June 2007, 6, 9)
Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Ахмад С.Корбитт ах хилэнцтэй тэмцэх бидний байнгын тэмцлийн талаар итгэл найдварын захиас хуваалцжээ.
Сатан Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүдийн гуравны нэгийг Бурханы оронд өөрийгөө ялуулахын тулд мэхэлсэн. Харин та тэгээгүй! Таныг “[өөрийн] гэрчлэлийн үгээр” Сатаныг ялсан гэдгийг төлөөлөгч Иохан харсан” [Илчлэл 12:11] .…
… Өмнө нь Сатаныг гэрчлэлийнхээ үгээр ялсан гэдгээ мэдэх нь одоо болон үргэлжид “хайрлаж, хуваалцаж, урьж сурахад” танд туслах болно. Энэ нь Бурханы хүүхдүүдийн бодгалийн төлөөх өнөөх дайн ширүүссээр байх үед бусдыг ирээд харахад, ирээд туслахад мөн ирээд нэг хэсэг нь болоход урихыг хэлж байгаа юм. (“Та Израилыг цуглуулж чадна!,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 64)