“10-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христийн хүлцэнгүй байдлын үлгэр жишээг дагах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“10-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
10-р хичээлд бэлтгэх материал
Есүс Христийн хүлцэнгүй байдлын үлгэр жишээг дагах
Таны амьдралд “хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэн [тэдэн] дээр ноогдуулах юуг ч хүлцэхэд бэлэн” хүмүүс байдаг уу? (Мозая 3:19) Христийнхтэй адил эдгээр зан чанарыг тэдгээрийг эрэлхийлдэг хүн бүхэн олж авах боломжтой байдаг. Аврагч бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагдахын төгс жишээ юм. Та судлах явцдаа, ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны “Амьдралаа Бурханд зориулдаг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд Тэрээр тэдний амьдралд өөрсдийнх нь чадахаас хавьгүй их зүйлийг хийж чадна гэдгийг олж мэддэг” гэсэн мэдэгдлийн ач холбогдлыг анхаарч үз (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 4).
1-р хэсэг
Даруу, номхон дөлгөөн байдал намайг хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?
Зарим хүн даруу байдлыг сул доройн шинж гэж үздэг. Тэд даруу хүмүүсийг хулчгар, аймхай гэж боддог байх. Гэсэн хэдий ч эдгээр үг нь даруу, номхон байдлын төгс жишээ болсон Есүс Христийг дүрсэлдэггүй.
Аврагчийн хүч чадал, эр зориг, зоримог байдлыг харуулсан зарим жишээг авч үзье. Тэр амь насанд нь аюул учирч байсан ч гэсэн Өөрийн жинхэнэ мөн чанарыг итгэлтэйгээр тунхагласан (Иохан 8:54–59-ийг үзнэ үү); Ариун сүмийг бузарласан байхад Тэр зоригтойгоор цэвэрлэсэн (Матай 21:12–13; Иохан 2:14–17); Тэрээр дарлагдсан хүмүүсийг зоригтой хамгаалсан (Иохан 8:1–11; Марк 2:14–17-г үзнэ үү); мөн Тэр буруутгагдаж, шүүмжлүүлэхээс айдаггүй байсан (Матай 16:1–12; Лук 20:19–26-г үзнэ үү).
Даруу байдал хувь хүмүүсийг хэрхэн илүү хүч чадалтай болгож чадах вэ? Бид “даруу байх гэдэг нь Их Эзэнээс хамааралтай гэдгийг талархан хүлээн зөвшөөрөх буюу Түүний дэмжлэг туслалцаа байнга хэрэгтэй гэдгийг ойлгож мэддэг. …
… Мөнх бус амьдралд тохинуулах үедээ [Есүс Христ] Эцэгээсээ хамааралтай байсан учраас Түүний хүч чадал Эцэгээс ирсэн гэдгийг үргэлж хүлээн зөвшөөрдөг байсан. Тэрээр: ‘Би юуг ч Өөрөөсөө үйлдэж чадахгүй. … Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг’ (Иохан 5:30)” хэмээн хэлсэн (Gospel Topics, “Humility,” topics.ChurchofJesusChrist.org).
Аврагч Эцэгийнхээ хүсэлд даруухнаар захирагддаг нь ч Түүний номхон дөлгөөн байдалтай холбоотой (Матай 11:29-ийг үзнэ үү). Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийнхүү заасан.
Номхон дөлгөөн байдал нь Гэтэлгэгчийн нэгэн чухал зан чанар бөгөөд энэ нь зөв шударга хариу үйлдэл хийдэг, өөрийн хүслээр захирагддаг, тэсвэр тэвчээртэй байх гэдгээр тодорхойлогддог. …
“Бүх зүйлийн доор бууж ирснээр” [Сургаал ба Гэрээ 88:6], “бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэх” [1 Иохан 1:9]-ийн тулд зовж шаналан, цусаа урсган, амиа өгсөн Агуу Гэтэлгэгч маань шавь нарынхаа тоостой хөлийг зөөлнөөр угаасан [Иохан 13:4–5]. Ийм номхон дөлгөөн чанар Их Эзэний үйлчлэгч, удирдагчийн шалгуур шинж чанар юм.
Есүс Гетсеманид туйлын их өвдөж тарчилж байхдаа, зөв шударга хариу үйлдэл үзүүлэх, өөрийн хүслээр захирагдахын хамгийн тод томруун жишээг үзүүлсэн билээ.
“Тэнд ирээд Тэр [шавь нартаа] хандаж,—Сорилтод орохгүйн тулд та нар залбирцгаа гээд,
Тэр өвдөг сөгдөөд ингэж залбирав.
“Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг.” [Лук 22:40–42].
Энэхүү мөнхийн ач холбогдолтой бөгөөд тэсэхүйеэ бэрх туршлагын явцад харуулсан Аврагчийн номхон дөлгөөн зан чанар Бурханы оюун ухааныг өөрсдийнхөөсөө дээгүүрт тавихын ач холбогдлыг бид бүхэнд заадаг. (“Зүрх сэтгэлдээ номхон дөлгөөн,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 37–38.)
2-р хэсэг
Гэрээ байгуулж, түүнийгээ сахих нь надад Бурханы тааллыг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалж чадах вэ?
Та өөрийнхөө амьдралыг эргэцүүлэн бодох үедээ хэрхэн Аврагч шиг даруу, номхон дөлгөөн байж чадах вэ гэж бодож магадгүй юм. Талархууштай нь, Есүс Христ бидэнд өөрсдийн хүслийг Бурханд хэрхэн нийцүүлэхийг харуулсан.
Есүс тохинууллынхаа эхэн үед баптисмын ёслолыг хүлээн авахаар Иохан Баптист руу очжээ. Харин Иоханыг “Би Танаар баптисм хүртэх учиртай атал Та над дээр ирэх нь энэ үү?” хэмээн эргэлзэх үед, Есүс түүнд “зөв шударгыг гүйцэлдүүлэхийн” (Maтай 3:13–17-г үзнэ үү) тулд баптисм хүртэх нь зохимжтой гэдгийг хэлсэн. Энэ түүхийг илүү сайн судлахын тулд “The Baptism of Jesus” (Есүсийн баптисм) (2:54) видеог үзэх талаар бодож үз.
Баптисмын ёслолыг хүртсэнээр бид гэрээний замд ордог. Бид энэ замаар явахдаа зарлигуудыг сахиж, улмаар Бурханы таалалд захирагдахыг хичээдэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон гэрээний замын талаар ийн хэлсэн.
Та нар Аврагчийг дагах гэрээ байгуулж, уг гэрээгээ сахиснаар ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхэд бүр хүртэх боломжтой сүнслэг адислал, давуу эрхийн үүд хаалгыг нээх болно. (“Биднийг хамтдаа урагшлахад,” Лиахонa, 2018 оны 4-р сар, 7)
3-р хэсэг
Бурханыг амьдралдаа ялуулахын тулд би юу хийж болох вэ?
Судруудад бас өнөөдөр Их Эзэний гэрээт хүмүүсийг Израилын угсаа гэж ихэвчлэн нэрлэдэг. Ерөнхийлөгч Нэлсон ийн заасан.
Израил хэмээх үгийн еврей хэл дээрх нэг утга нь “Бурхан ялах болтугай” гэсэн утга юм. Тиймээс Израил гэх энэ нэр амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн хүнийг хэлдэг. Энэ ойлголт бодгалийг минь үнэхээр хөглөсөн!
Бэлэн гэдэг үг Израил гэдэг үгийн орчуулгад нэн чухал. Бид бүгдэд сонгох эрх бий. … Бид Бурханыг амьдралдаа ялуулах эсэхээ сонгож болно. Бид бас Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгох эсэхээ сонгож болно. …
Та Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгоход бэлэн үү? Та Түүний үгс, зарлиг, гэрээнүүдэд өдөр бүр үйлддэг зүйлдээ нөлөөлөх боломж олгох уу? Түүний дуу хоолойг бусдаас чухалд тавихыг та хүлээн зөвшөөрөх үү? Түүний танаар хийлгэх гэсэн зүйлийг бусад бүх амбицаасаа дээгүүр тавихад та бэлэн үү? Та өөрийн хүслийг Түүний таалалд нийцүүлэхэд бэлэн үү? (“Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101)
Судрууд болон орчин үеийн шавь нарын амьдралаас бид амьдралдаа Бурханыг ялуулахыг сонгох үед ирдэг боломж, сорилт бэрхшээл, адислалуудын талаар суралцах боломжтой.
Та амьдралдаа Бурханыг ялуулахаар гаргаж буй хүчин чармайлтынхаа талаар бодох үедээ, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Бонни Л.Оскарсон эгчийн дараах гэрчлэлийг анхаарч үзээрэй.
Бид Эцэгтээ “харин Их Эзэн таны таалал гүйцэлдэх болно” [Сургаал ба Гэрээ 109:44-ийг үзнэ үү] гэж хэлэхэд мөн өөрсдийн хүслийг Их Эзэний таалалд нийцүүлэхэд бэлэн байх аваас агуу адислалууд биднийг хүлээж байгаа гэдгийг би гэрчилж байна. … Энэ бол амьдралын сорилт юм. Бид ийн үйлдэхдээ илүү сайжирснаар улам их аз жаргалыг олж, хувийн илчлэлт хүлээн авах, эргэн тойрныхоо хүмүүст үйлчлэх чадварууд маань нэмэгдэж, сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ илүү их тусламжийг хүлээн авч, Христтэй илүү адил зан чанарыг олж авах болно. (“Leaders Address Importance of Conversion at BYU Women’s Conference,” May 9, 2017, ChurchofJesusChrist.org)