“18-р хичээлд бэлтгэх материал: Аврагчийн ач ивээлийн бурханлаг бэлгийг хүлээн авах,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“18-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
18-р хичээлд бэлтгэх материал
Аврагчийн ач ивээлийн бурханлаг бэлгийг хүлээн авах
Та гэм нүгэл, алдаа, сул дорой байдал, дутагдлаасаа болж шантарч байсан уу? Та өөртөө “Би хангалттай сайн биш” эсвэл “Би хэзээ ч тохирохгүй” гэж хэлж байсан уу? Судалж байхдаа та Их Эзэний ач ивээл хэрхэн таныг өөрийгөө шүүмжлэхээс аварч, сул дорой байдлыг тань хүчирхэгжүүлж (Ифер 12:27-г үзнэ үү), өөрөө хүрч хийж чадахаас тань илүү сайн болгож, хийхэд тань дэмжиж чадах талаар эргэцүүлэн бод.
1-р хэсэг
Яагаад Аврагчийн ач ивээл надад хэрэгтэй вэ?
Төлөөлөгч Паул “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна” (Филиппой 4:13) хэмээн гэрчилсэн. Энэхүү хүчирхэгжүүлэгч эсвэл боломж олгогч хүчийг ач ивээл гэдэг бөгөөд “Их Эзэн Есүс Христийн Цагаатгалаар дамжин бидэнд хүрдэг” (Gospel Topics, “Grace,” topics.ChurchofJesusChrist.org).
Аврагч усан үзмийн жинхэнэ модны сургаалт зүйрлэлээр Түүний ач ивээл бидэнд хэрэгтэй гэдгийг дүрслэн харуулжээ.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд энэхүү сургаалт зүйрлэлийн талаар ийнхүү хэлжээ.
Христ бол бидний хувьд бүх зүйл бөгөөд бид Түүний дотор үүрд мөнхөд бат бөх, тууштай, хөдөлшгүй оршин амьдрах хэрэгтэй. Сайн мэдээний үр жимс цэцэглэн дэлгэрч, бидний амьдралыг адисалж байхын төлөө бид Түүнд үнэнч итгэлтэй байх ёстой. … Тэр бол бидний хүч чадлын жинхэнэ эх үүсвэр, мөнх амьдралын цорын ганц эх булаг болох усан үзмийн мод юм. (“Abide in Me,” Liahona, May 2004, 32)
Есүс Христ дотор байх эсвэл үлдэх нь бидэнд Түүний ивээлийг хүлээн авах боломжийг олгодог. Тэгснээр бид гэм нүглийг даван гарч, өөрсдийн бүрэн чадамжийг олж харж болно. Лихай “Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээлээр биш болбоос нэг ч бие Бурханы дэргэд оршиж чадахгүй” (2 Нифай 2:8) хэмээн заасан. Мөн Моронай Христийн ач ивээлээр бид Түүнтэй адилхан буюу ариусгагдаж, төгс, ариун болж болно хэмээн гэрчилжээ (Моронай 10:32–33-ыг үзнэ үү).
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Аврагчийн Цагаатгалын ачаар боломжтой болсон ач ивээл нь “бидэнд өөрсдийн хязгаарлагдмал мөнх бус чадвараа хэзээ ч танин мэдэж, хэрэгжүүлж чадахааргүй арга замаар харж, хийж, илүү сайн болоход тусалдаг” гэж заасан (“In the Strength of the Lord,” Liahona, Nov. 2004, 77).
2-р хэсэг
Аврагчийн ач ивээлийг хүлээн авахад миний итгэл, дуулгавартай байдал ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Хавсаргасан хоёр зургийг үзнэ үү. Энэ хоёр зураг нь бурханлаг ач ивээлийн хоёр мөн чанарыг төлөөлж болно. Зарим хүн ач ивээлийг бидний амьдралдаа юу хийснээс үл хамааран өгөгддөг үнэгүй бэлэг гэж хардаг. Бусад нь бид сайн үйлсээрээ Бурханы ач ивээлийг олж авдаг гэж итгэдэг. Ахлагч Холланд энэхүү хоёр бүрэн бус ойлголтын талаар ийнхүү хэлжээ.
Цагаатгалаас ирдэг зарим бэлэг бүх нийтийн, хязгааргүй бөгөөд болзол шаарддаггүй. Адамын анхны зөрчлийн төлөөх Түүний төлөөс … [болон Амилалт] … дээрх бэлгүүдэд багтдаг.
Христийн Цагаатгагч бэлгийн зарим хэсэг нь болзол шаарддаг. Тэдгээр нь Бурханы зарлигуудыг сахих тухайн хүний хичээл зүтгэлээс хамаардаг. Жишээлбэл: Хүмүүний гэр бүлийн бүх гишүүн өөрсдөөсөө ямар ч чармайлт гаргалгүйгээр Адамын зөрчлөөс төлөөсгүйгээр өршөөгддөг. Харин тэд Христэд итгэх итгэлтэй байж, нүглээ наманчлахаас … бусдаар бол нүглээсээ өршөөгддөггүй билээ.
Цагаатгалын болзол үл шаардах адислалууд нь хэн хүнд шууд өгөгддөг нь ойлгомжтой ч болзолт адислалууд нь урамшуулал болж ирдэггүй. Итгэлтэйгээр амьдарч, Бурханы зарлигуудыг сахиснаар хүн нэмэлт боломжуудыг хүлээн авч чадна; гэхдээ эдгээрийг үнэгүй өгдөг бөгөөд шан харамж болж ирдэггүй. (“Есүс Христийн Цагаатгал,” Лиахона, 2008 оны 3-р сар)
Ач ивээлийн болзолтой бэлгүүд нь Аврагчийн Цагаатгалын ачаар боломжтой болсон талаар Нифай “Бид ач ивээлээр л бид аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу” (2 Нифай 25:23) хэмээн хэлжээ. Зарим хүн “бидний хийж чадах бүхний дараа” гэдэг үгнээс болж сэтгэл нь зовдог. Нифайн үгийг илүү сайн ойлгохын тулд Сүмийн удирдагчдын дараах мэдэгдлүүдийг уншина уу.
Гэхдээ “хийж чадах бүхний дараа” гэдэг үг хэллэгийг бид зарим үед буруу ойлгодог юм болов уу гэсэн бодол надад төрдөг. “Дараа” гэдэг нь “учраас” гэсэн үгтэй адил биш болохыг ойлгох хэрэгтэй.
Бид чадах бүх зүйлийнхээ “учраас” аврагдахгүй билээ. Бид бүгд чадах бүх зүйлээ хийсэн үү? Бурхан бидний амьдралд ач ивээлээ хайрлахаас өмнө бидний зүгээс бүх хичээл зүтгэлээ гаргахыг хүлээдэг үү? …
Нифай Аврагчийн ач ивээл бидэнд гэм нүглийг даван туулах боломж, чадварыг олгодог гэдгийг мэдэж байсан нь гарцаагүй [2 Нифай 4:19–35; Алма 34:31-ийг үзнэ үү]. Тийм ч учраас Нифай өөрийн үр хүүхэд, ах дүү нарт “Христэд итгэж, мөн Бурханд нийцсэн байхыг” ойлгуулахын тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөсөн юм [2 Нифай 25:23]. (Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98.)
Бид Бурхан туслахаас нь өмнө, сайн сайхан эсвэл чадварынхаа хамгийн доод үеийг гүйцэлдүүлэх хэрэггүй. Дуулгавартай байдлын замын хаана нь байгаагаас үл хамааран бид өдөр бүр, цаг мөч тутамд тэнгэрлэг тусламжийг хүлээн авч болно. … Би та нараас зөвхөн үүрэг хариуцлагыг хүлээн авч, үүний төлөө үйлдээсэй хэмээн хүсэж байна. Ингэснээр Бурхан бидэнд туслах болно. (Д.Тодд Кристоффэрсон, “Үүрд чөлөөт байж, өөрсдийнхөө төлөө үйлд,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 20)
Аврагчийн ач ивээлийн бэлгийг зөвхөн чадах бүхнээ хийсний “дараа” авдаггүй. Бид хичээж чармайхаасаа өмнө болон хичээх явцдаа мөн үүний дараа Түүний ач ивээлээс хүртэх боломжтой. (Bruce C. Hafen, The Broken Heart: Applying the Atonement to Life’s Experiences [1989], 155–56)
3-р хэсэг
Аврагчийн ач ивээл миний амьдралыг хэрхэн өөрчилж чадах вэ?
Есүс Христ мөнх бус амьдралын бүх өвчин зовлон, уруу таталт, сул дорой чанар, сул талуудыг мэдэрсэн (Еврей 2:18; 4:15; Алма 7:11–12; Сургаал ба Гэрээ 62:1-ийг үзнэ үү). Есүс Христ хүсэл, чадварын аль алиныг агуулсан Аврагч учраас бид “хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор” очиж чадна (Еврей 4:16).