Институт
24-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христэд бидний Шүүгч болохынх нь хувьд итгэж найдах


“24-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христэд бидний Шүүгч болохынх нь хувьд итгэж найдах,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“24-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Есүс Христ, Харри Андэрсон

24-р хичээлд бэлтгэх материал

Есүс Христэд бидний Шүүгч болохынх нь хувьд итгэж найдах

Хэрэв өнөөдөр та Их Эзэний оршихуйд уригдсан бол танд ямар бодол, мэдрэмж төрөх байсныг төсөөл. Хэзээ нэгэн цагт “хүн бүр Түүний өмнө хийсэн ажил хэрэг, зүрх сэтгэл дэх хүслийнхээ дагуу шүүгдэх болно” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”ChurchofJesusChrist.org; мөн 2 Нифай 9:15-ыг үзнэ үү). Бид Аврагчийн оршихуйд ямархуу байх нь өөрсдийгөө хэрхэн бэлтгэснээс шалтгаална (Алма 5:16–25-ыг үзнэ үү). Судалж байхдаа та Эцсийн шүүлтээр Түүний оршихуйд тав тухтай, итгэлтэй байхын тулд юу хийж чадахаа бод (Сургаал ба Гэрээ 121:45-ыг үзнэ үү).

1-р хэсэг

Би яагаад Есүс Христийг өөрийнхөө шүүгч гэдэгт итгэж болох вэ?

Түүний өмнө зогсоод, амьдралаа тайлагнах тэрхүү өдөр ирэхэд бид Аврагчийн тэнгэрлэг мөн чанар, хязгааргүй Цагаатгалын ачаар Тэр бол “шударга шүүгч” (Мосе 6:57) гэдэгт итгэлтэй байж болно (Ром 14:10–12-ыг үзнэ үү). Тэр бидний хүлээн авбал зохих алдар суугийн зэрэглэлийг төгс тодорхойлно. Дуулал номоос бид “Тэр дэлхийг зөв шударгаар шүүх болно. Тэрээр ард түмнүүдийг чигч шударгаар шүүнэ” (Дуулал 9:8; мөн 96:13-ыг үзнэ үү) хэмээн уншдаг.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт Их Эзэний бидний шүүгч байх чанаруудын талаар ийн ярьсан.

Ахлагч Ричард Г.Скотт

Есүс Христэд өөр хэнд ч байх боломжгүй давуу тал байв. Тэр Бетлехемд төрөхөөсөө ч өмнө Бурхан буюу Ехова байсан. Түүний хайрт Эцэг Түүнд зөвхөн сүнсэн биеийг өгсөн юм биш, гэхдээ Есүс бол махан бие дэх Түүний цорын ганц Хүү байлаа. Бидний Их Эзэн төгс, нүгэлгүй амьдралаар амьдарсан учраас шударга ёсны шаардлагаас чөлөөлөгдсөн юм. Тэр хайр, энэрэл, тэвчээр, дуулгавартай байдал, өршөөл, даруу байдал гэх мэт бүх зан чанараараа төгс байсан. …

Тоолж баршгүй үнэ цэнээр, төсөөлшгүй зовлон ба тарчлалаар Аврагч бидний Гэтэлгэгч, Зуучлагч, Эцсийн Шүүгч байх эрхийг олж авсан гэдгийг би гэрчилж байна. (“The Atonement Can Secure Your Peace and Happiness,” Liahona, Nov. 2006, 42)

Аврагчтай уулзсан нь, Жэн Толман

Юта мужийн Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Аврагчийн биднийг шүүх онцгой байр суурийн талаар ийн хэлсэн.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Бүхнийг мэдэх хүч нь бидний наманчлаагүй эсвэл өөрчлөөгүй мөн наманчилсан, зөв шударга бүх үйлдэл, хүслийн талаар төгс мэдлэгийг Түүнд өгдөг. Тиймээс Түүний шүүлтийн дараа бид бүгдээрээ “түүний шүүлтүүд шударгыг” (Мозая 16:1) хүлээн зөвшөөрөх болно. (“Агуу төлөвлөгөө,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96)

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Есүс Христийг зөвт шүүгч байна гэдэгт итгэх итгэлийг тань нэмэгдүүлэх Түүний нэг зан чанарын талаар бод. Жишээлбэл: Та Түүнийг ямар хайраар дүүрэн, бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг, мэргэн, нигүүлсэнгүй, шударга, энэрэнгүй, удаан тэсвэрлэдэг, номхон дөлгөөн эсвэл өршөөнгүй болохыг бодож болно. Сонгосон зан чанараа ангийнхантайгаа хуваалцахад бэлэн бай.

2-р хэсэг

Би хэрхэн шүүгдэх вэ?

Эцсийн шүүлтийн тухай бодох нь сэтгэл хөдлөм, сэтгэл түгшим мэдрэмжийн аль алиныг төрүүлж болно. Заримдаа бид Их Эзэнээр шүүгдэхдээ бэлэн гэж хэзээ нэгэн цагт мэдрэх болов уу гэж бодож магадгүй. Илчлэл номд Их Эзэн биднийг хэрхэн шүүх тухай чухал үнэнийг өгүүлдэг.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Илчлэл 20:12-ыг уншаад, бид бүхний шүүгдэх нэг арга замыг олж мэд.

Ерөнхийлөгч Харолд Б.Лий ийн заасан.

Ерөнхийлөгч Харолд Б.Лий

Дэлхий дээр хадгалагдан бичигдсэн “номууд” нь [бидний үйлсийг] харуулдаг. Амийн ном бол тэнгэрт хадгалагдсан бичээс юм. (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 226–227)

Бошиглогч Иосеф Смит селестиел хаант улсын тухай үзэгдэл үзэж, Эцсийн шүүлтийн талаар нэмэлт ойлголтыг олж авсан. Аврагч “учир нь Их Эзэн бибээр, бүх хүмүүнийг ажлуудынх нь дагуу, зүрх сэтгэлийнх нь хүслийн дагуу шүүх болно” (Cургаал ба Гэрээ 137:9 тодотгол нэмэгдсэн) хэмээн заажээ. Бошиглогч Алма бид мөн үгийнхээ төлөө хариуцлага хүлээх болно гэж заасан ( Алма 12:14 -ийг үзнэ үү).

Гэсэн хэдий ч Эцсийн шүүлт нь бидний бодол, үг, үйлсийг үнэлэхээс илүү чухал гэж ерөнхийлөгч Өүкс заасан.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Эцсийн шүүлт бол бидний хийсэн сайн, муу үйлсийг дэнслэн, үнэлэлт дүгнэлт өгөх төдий зүйл биш. Энэ нь бидний үйлдэл, бодол санааны эцсийн үр дагавар буюу бидний ямар хүмүүс болсныг илэрхийлдэг. … Сайн мэдээний зарлиг, ёслол, гэрээнүүд нь тэнгэр дэх хадгаламжид хураагдаж байдаг зүйлсийн жагсаалт биш. Есүс Христийн сайн мэдээ бол Тэнгэрлэг Эцэгийн биднийг ямар хүмүүс болоосой гэж хүсдэг шиг тийм хүмүүс хэрхэн болохыг бидэнд харуулдаг төлөвлөгөө юм. (“The Challenge to Become,” Ensign, 2000 оны 11-р сар, 32)

Бид сайн мэдээний дагуу амьдрахын тулд хэчнээн хичээж чармайсан ч Их Эзэний тусламжгүйгээр Тэнгэрлэг Эцэгийн хүссэн хүн болж чадахгүй гэдгийг санах нь чухал. Талархмаар нь, Есүс Христ бол зөвхөн бидний шүүгч биш, “Эцэгийн өмнө өмгөөлөгч” билээ (Сургаал ба Гэрээ 110:4; мөн 1 Иохан 2:1-ийг үзнэ үү).

Аврагчтай уулзсан нь, Жэн Толман

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өмгөөлөгч гэдэг нь “бусдын төлөөх дуу хоолой” эсвэл “бусдын төлөө гуйгч” гэсэн утгатай гэж заасан (“Jesus the Christ—Our Master and More [Brigham Young University devotional, Feb. 2, 1992], 4, speeches.byu.edu). Бидний Өмгөөлөгчийн хувьд Есүс Христ “хүмүүний сул талыг хийгээд уруу татагдсан тэдэнд хэрхэн туслахыг мэддэг” (Сургаал ба Гэрээ 62:1). Биднийг Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлэх үед Тэр бидний хэргийн төлөө гуйж, бидний өмнөөс зуучлах болно (Моронай 7:28; 2 Нифай 2:9; Еврей 4:15–16-г үзнэ үү).

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд бидний Өмгөөлөгч болох Есүс Христийн үүргийн талаар бидэнд ийн ярьсан.

Ахлагч Дэйл Г.Рэнланд

Бидний төлөө Эцэгийн өмнө өмгөөлөх өмгөөлөл нь Бурханы эсрэг байдаггүй. Есүс Христ … Эцэгийн хүсэж буй зүйлээс өөр зүйлийн төлөө тэмцэхийг хүсэхгүй. Бурхан Тэнгэрлэг Эцэг маань биднийг амжилт гаргахад алгаа ташиж зоригжуулдаг нь лавтай.

Христийн өмгөөлөл нь нэг талаас Тэр бидний нүглийн төлөөсийг төлсөн бөгөөд хэн ч Бурханы нигүүлслээс ангижраагүй гэдгийг бидэнд сануулахын тулд байдаг. (“Өнөөдөр өөрсдөдөө сонго,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106)

Аврагчтай уулзсан нь, Жэн Толман

Бошиглогч Иосефын 1831 онд хүлээн авсан илчлэлтэд Есүс Христ Өөрт нь итгэдэг хүмүүсийг өмгөөлөхөд Түүний Цагаатгал ямар үүрэгтэйг тодорхойлсон.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 45:3–5-ыг уншаад, Есүс Христ бидний хэрэг явдлын төлөө хэрхэн гуйж байгааг олж мэд.

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Аврагчийг Эцэгийнхээ өмнө таны хэрэг явдлын төлөө гуйж буйг сонсож байна гэж төсөөлөөд үз. Түүнийг таны өмнөөс ярьж байгааг сонсох нь танд ямар санагдах бол?

3-р хэсэг

Би Эцсийн шүүлтийн төлөөх өөрийн бэлтгэлийг хэрхэн илүү сайн үнэлж дүгнэх вэ?

Ерөнхийлөгч Өүкс “Энэ Эцсийн шүүлтийн зорилго бол биднийг Алмагийн дүрсэлснээр ‘зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг’ хүлээн авсан эсэхийг тодорхойлох явдал юм” гэж заасан (“Наманчлалаар цэвэршүүлэгдсэн нь,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 113). Энэхүү өөрчлөлтөд Есүс Христийн Цагаатгал болон чин сэтгэлийн наманчлалаар дамжин хүрдэг.

Алма Зарахемлагийн хүмүүст заахдаа зүрх сэтгэлийнхээ нөхцөл байдалд дүгнэлт хийх, Аврагчаар шүүгдэхэд хэр бэлтгэгдсэнээ тодорхойлох асуултуудыг тэднээс асуусан ( Алма 5:14-ийг үзнэ үү).

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Алма 5:15–16, 19, 26–27-г уншаад, энд гарсан асуултуудын хариултыг дотроо тунгаан бодож, өөртөө шударгаар дүгнэлт хийх цаг гарга. Яг одоо сайжруулахад хөтлөх санал болгож буй тодорхой нэг асуултыг ол.

Судруудыг тунгаан бодож буй хүн

Эцсийн шүүлтэд илүү сайн бэлтгэхийн тулд та юу хийж болох талаар бодож байхдаа Далын ахлагч Ларри Р.Лорэнсын дараах мэргэн зөвлөгөөг сана.

Ахлагч Ларри Р.Лорэнс

Сүнс бидэнд сул талыг маань үзүүлж чадах ч хүч чадлыг маань ч бас харуулж чадна. Заримдаа Их Эзэнд биднийг өргөж, бидэнд урам зориг өгөх боломж олгохын тулд Түүнээс юуг зөв хийж байгаагаа асуух хэрэгтэй. … Биднийг Түүн рүү алхам урагшлах бүрд Тэрээр баясдаг. Түүнд бидний явж байгаа зүг чиглэл бидний хурдаас илүү чухал байдаг юм.

Ах эгч нар аа, тууштай бай, хэзээ ч бүү урам хугар. (“Надад юу дутагдаж байна вэ?2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19)

шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Яг одоо хийж эхлэхэд анхаарч болох зүйлийг санал болгосон Алмагийн үгсээс олж тодорхойлсон асуултынхаа хариуг бичихэд хэдэн хором зарцуул. Мөн таны зөв хийж байгаа зүйлийг асуусан асуултыг тодорхойлж, хариуг нь бичиж болно.