Институт
28-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христийн гэрч болж зогсох


“28-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христийн гэрч болж зогсох,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“28-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Тэнгэрлэг Гэтэлгэгч, Саймон Дюви

28-р хичээлд бэлтгэх материал

Есүс Христийн гэрч болж зогсох

Энэ ангид хамрагдах нь Есүс Христийн талаарх таны гэрчлэлд хэрхэн нөлөөлсөн бэ? Бэлтгэх материалыг судалж, ангийн хэлэлцүүлэгт оролцож, сүнслэг өдөөлтөд хариулахдаа итгэлийнхээ дагуу үйлдсэнээр та Ариун Сүнснээс юу сурсан бэ? Та сүүлчийн хичээлдээ бэлдэж байхдаа Есүс Христийн гэрч болж зогсоно гэдэг нь ямар утгатай болохыг тунгаан бодоорой (Мозая 18:9-ийг үзнэ үү).

1-р хэсэг

Би Аврагчийн талаарх гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?

Та Есүс Христийн талаарх гэрчлэлээ бодох үедээ, хүн бүр өөрийн гэсэн арга замаар гэрчлэл олж авдаг гэдгийг сана. Тэргүүн зөвлөлийн зөвлөх асан ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф ийнхүү заажээ.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Сүмийн зарим гишүүний гэрчлэл ямар ч эргэлзээгүй ба дотор сэтгэлд нь тодоос тод гэрэлтэж байдаг. Зарим хүн өөрөө олж мэдэхийн тулд эрэлхийлсээр л байдаг. Сүм нь хүмүүсийн гэрчлэл хэр гүн эсвэл хэр зэрэг өндөр түвшинд байгаагаас үл шалтгаалан хүн бүхний гэр орон болдог. (“Гэрэл ба үнэний талаар гэрчлэл хүлээн авах нь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23–24.)

Хэрэв та Аврагчийн талаарх гэрчлэлдээ эргэлзэж эсвэл танд энэ нь тийм ч хүчтэй биш гэж бодогдож байвал “гэрчлэл нь туршлагаар дамжин аажмаар өсдөг. Хэн ч бүрэн гүйцэд гэрчлэлийг нэг дор хүлээн авдаггүй” гэдгийг сана (Gospel Topics, “Testimony,” topics.ChurchofJesusChrist.org).

Залуу Алмагийн жишээг эргэн санацгаая. Алма залуудаа Их Эзэний Сүмийг устгахаар эрэлхийлж байсан. Тэнгэр элч түүнд үзэгдсэний дараа тэрээр наманчилж, Есүс Христийг дагахаар сонгожээ ( Мозая 27:8–24-ийг үзнэ үү). Мэдээж энэ байдал нь Алмад нөлөөлсөн ч энэ нь түүний гэрчлэлийн үндсэн эх сурвалж биш байсан. Алма хожим нь Зарахемлагийн нутагт хүмүүст зааж байхдаа, Есүс Христийн талаарх гэрчлэлээ хэрхэн олж авсан тухайгаа хуваалцсан.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Алма 5:46–48-ыг уншаад, Алмагийн гэрчлэлийн эх сурвалжийг олж мэд.

Залуу Алма залбирч байгаа нь

Та гэрчлэлээ эргэн харах үедээ, Аврагчийн талаар мэддэг, найддаг эсвэл итгэдэг зүйлээсээ баяр баясгаланг олж ав. Дараа нь үүнийг баттай гэрч болох хүртэл нь энэ суурин дээр юу хийж болохоо залбирч байгаад тунгаан бод. Ахлагч Угдорф ийн заасан.

Ахлагч Дийтр Ф.Угдорф

Энэ баттай мэдлэг, итгэл үнэмшлийн эх сурвалж нь тэнгэрлэг илчлэлт бөгөөд учир нь “Есүсийн гэрчлэл бол эш үзүүлэгчийн сүнс юм” (Илчлэл 19:10).

Ариун Сүнс энэ гэрчлэлийг бидний сүнсэнд хэлж өгснөөр бид мэдэж авдаг. Бид ёс заншил, арьс өнгө, хэл, эдийн засгийн нөхцөл байдлаасаа үл хамааран тайван, эргэлзээгүй, үнэн, бат мэдлэгийг өөрсдийн гэрчлэлийн уг сурвалж болгон хүлээн авдаг. Сүнснээс ирдэг энэхүү шивнээ нь хүмүүний оюун ухаанаас илүүтэй бидний гэрчлэлийн үнэн, бат суурь болж өгдөг юм.

Энэхүү гэрчлэлийн гол цөм нь Есүс Христэд итгэх итгэл, Түүний тухай мэдлэг, Түүний тэнгэрлэг номлол бөгөөд судруудад Тэр өөрийнхөө тухай “Би бол зам, үнэн амь мөн” (Иохан 14:6) гэж хэлсэн байдаг. (“The Power of a Personal Testimony,” Liahona, Nov. 2006, 38)

Аврагчийн зургийг гартаа барьж буй залуу хүн
шигтгээ зураг, ярилц

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Аврагчийн талаарх гэрчлэлээ хэрхэн олж авсан талаар Есүс Христэд итгэдэг хүнтэй харилцан ярилц. Хэрэв та юунд итгэдэгтээ зүрх сэтгэлдээ эргэлзэж байгаа бол Аврагчийн талаар мэдэхийг хүсэж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, энэхүү энгийн хүсэл нь итгэл, гэрчлэлийг нэмэгдүүлэхэд хэрхэн хүргэж болохыг ярилц (Алма 32:27–28-ыг үзнэ үү)

2-р хэсэг

Есүс Христийн талаарх миний гэрчлэл бусдыг хэрхэн адисалж болох вэ?

Есүс Христийн тухай гэрчлэлийнхээ талаар бод. Таны найз нөхөд, гэр бүлийнхэн болон харилцдаг бусад хүн таныг Түүний талаар ямар сэтгэгдэлтэй байдгийг мэдэх үү? Та Аврагчийн талаарх асуултуудад итгэл, гэрчлэлээр хариулахад бэлэн үү? (1 Петр 3:15-ыг үзнэ үү) Та бусдыг ирж, Есүс Христийн талаар өөрсдөө суралцахад урьсан уу? (Иохан 1:39-ийг үзнэ үү).

Залуухан хоёр эмэгтэй ярилцаж байгаа нь

Есүс Христийн талаарх гэрчлэл тань бусдад ямар нөлөө үзүүлэхийг бодох үедээ Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны дараах зөвлөгөөг анхаарч үз.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Эргэн тойрны хүмүүстэйгээ илүү нээлттэй, Христийн талаар ярих илүү хүсэлтэй байцгаая. Ерөнхийлөгч [Рассэлл М.] Нэлсон: “Есүс Христийн жинхэнэ шавь нар босож зогсоод, бодлоо хэлэн, дэлхийн хүмүүсээс өөр байхад бэлэн байдаг.” …

… Христэд итгэх итгэлээ сайхан сэтгэлээр гэрчилцгээе. Хэрэв хэн нэгэн хувийн амьдралдаа тулгарсан асуудлыг хуваалцах юм бол бид “Жон, Мариа, чи намайг Есүс Христэд итгэдэг гэдгийг мэдэж байгаа биз дээ. Чамд тус болох, Түүний хэлсэн нэг зүйлийн талаар би бодож байлаа” гэж хэлж болно.

Христэд итгэх итгэлийнхээ тухай ярихдаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр илүү нээлттэй байгаарай. …

Зарим нэг Христэд итгэгч итгэл нэгтнүүдэд маань бидний итгэл үнэмшил болон зорилгод эргэлзэх үе байдаг. Бүгдээрээ Есүс Христэд итгэх итгэл, Шинэ Гэрээний судруудыг хайрлах хайраараа тэдэнтэй хамт чин сэтгэлээсээ баярлацгаая.

Дэлхий ертөнц Есүс Христийн талаар бага ярих тусам бүгдээрээ Түүний талаар илүү их ярьцгаая. Түүний шавь нарын хувьд бидний жинхэнэ өнгө төрх илчлэгдэх тэр үед эргэн тойронд маань байгаа хүмүүсийн ихэнх нь биднийг сонсоход бэлэн байх болно. Түүнээс хүлээн авсан гэрлээ биднийг бусадтай хуваалцах үед Түүний гэрэл болон ер бусын аврах хүч зүрх сэтгэлээ нээх хүсэлтэй хүмүүс дээр тусах болно. (“Бид Христийн тухай ярьдаг,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 96)

Тойрч суугаад ярилцаж буй залуучууд
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээний талаарх таны гэрчлэл энэ ангийн явцад хэрхэн өссөнийг тунгаан бодож, үнэлэхэд тань туслах доорх зөвлөмжүүдээс аль нэгийг сонго. Ангид туршлагаа хуваалцахад бэлэн ир.

  • Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ийг (ChurchofJesusChrist.org сайтаас) уншаад, Аврагчийн талаарх таны гэрчлэл хэрхэн өссөн талаар эргэцүүлэн бод. Есүс Христийн талаарх гэрчлэлээ эсвэл Түүний талаарх өөрийн бодол, мэдрэмжийг бич.

  • Хэрэв та “Амьд Христ”-ийг цээжилсэн бол энэ хичээл зүтгэл тань Аврагчийн талаарх таны ойлголт, гэрчлэлд хэрхэн нөлөөлсөн тухай бич.

  • 3 Нифай 27:13–21-ийг уншаад, Их Эзэний сайн мэдээ танд ямар утга учиртай болохыг тунгаан бод. Түүний сайн мэдээгээр амьдрахыг хичээж байгаа нь таны амьдралыг хэрхэн өөрчилснийг бич.

  • Энэхүү гарын авлагын агуулгатай танилцаж, танд хамгийн их нөлөө үзүүлсэн хичээлийг тодорхойл. Тухайн хичээлд бэлтгэх материалыг давтаж хараад, энэ нь таны амьдралд яагаад ийм өөрчлөлт авчирсныг тэмдэглэ.

  • Энэ сургалтын явцад мэдэрсэн, сурсан зүйлээ хэрэгжүүлснээр та хэрхэн Аврагчтай илүү адилхан болсон тухайгаа бод. Амьдралдаа харсан өөрчлөлтийг тэмдэглэ.

  • Есүс Христийн талаарх таны ойлголт, гэрчлэлийг нэмэгдүүлсэн нэг буюу хэд хэдэн судрын хэсгийг сонго. Эдгээр судраас юу сурснаа мөн тэдгээр нь таны амьдралд ямар өөрчлөлт авчирсныг тэмдэглэ.

  • Аврагчийн тухай гэрчлэлийг тань илэрхийлэх дуулал эсвэл дууг сонго. Энэхүү дуулал эсвэл дуу нь таны оюун ухаан, зүрх сэтгэлд ямар бодол, мэдрэмж төрүүлдэг тухай тэмдэглэ.

  • Аврагчид талархлын захидал бич. Түүний амьдралын талаар та ямар бодолтой байгаагаа болон Тэр танд ямар утгатай болохыг тэмдэглэ. Хэрэв та урлагт дуртай бол Аврагчийн талаарх таны мэдрэмжийг харуулсан зураг зурж, ангийнхантайгаа хуваалцаж болно.