Бие даасан байдал
Суралц


“3: Суралц,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“3: Суралц,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Суралц—Зарцуулах дээд хугацаа: 60 минут

1. Бидний бие махбод бол Бурханы бэлэг

Унш:

Таныг хайрладаг Тэнгэрлэг Эцэг таны сүнсийг байрлуулах бие махбодыг бэлэг болгон өгсөн (Doctrine and Covenants 88:15; Abraham 5:7-г үзнэ үү). Сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгаж, сэтгэлийн тэнхээтэй байхад эрүүл бие махбод маш чухал. Таныг биеийн эрүүл мэнддээ илүү сайн анхаарах үед сэтгэл хөдлөлийн эрүүл байдал тань сайжрах болно. Мөн нөгөө талаасаа ч ийм байдаг. Тэнгэрлэг Эцэгийн танд өгсөн бие махбодыг илүү сайн арчлах зарим арга замд байнгын дасгал хийх, хангалттай унтаж амрах, хувийн ариун цэвэр сахих, эрүүл хооллох зэрэг нь багтдаг.

2. Тогтмол дасгал хийх

Унш:

Дасгал тогтмол хийх нь сэтгэл хөдлөлөө эрүүл байлгахад гайхалтай ашиг тустай. Дасгал хөдөлгөөн нь таны тархийг эрчимжүүлж, сэтгэл хөдлөлд тань болон нөхцөл байдлыг тод томруун харах чадварт тань туслах химийн бодисыг ялгаруулдаг. Идэвхтэй хөдөлгөөнтэй байхад цаг зарцуулах нь таныг илүү баяр хөөртэй, илүү амар тайван болоход мөн түгших, санаа зовохоо багасгахад тусална. Хөдөлгөөн нь бие махбодоо ашиглаж, гэр бүлийнхэнтэйгээ болон найз нөхөдтэйгөө хөгжилтэй, хамтдаа цаг өнгөрөөн, холбоотой байх боломжийг олгоно.

Унш.

Та удаан хугацаагаар дасгал хөдөлгөөн хийгээгүй бол мөн зүрх судасны өвчин, чихрийн шижин, үе мөчний үрэвсэлтэй эсвэл санаа зовох өөр асуудалтай байгаа бол дасгал хөдөлгөөний шинэ төлөвлөгөөний дагуу хийж эхлэхээсээ өмнө эрүүл мэндийн мэргэжлийн хүнээс асуугаарай.

3. Унтаж, амрах

Унш:

Бид унтаж, амрах хэрэгцээгээ умартах нь олонтоо. Ахлагч Жэффри Р. Холланд “Ядаргаа бол бид бүхний нийтлэг дайсан учраас хурдаа сааруулж, амарч, биеэ сэргээж мөн хүч чадлаа нөхөж авах хэрэгтэй. Хэрэв бид эрүүл мэнддээ цаг гаргахгүй бол дараа нь өвчинд цаг зарцуулах нь ойлгомжтой гэдгийг эмч нар бидэнд сануулдаг” гэж хэлсэн (“Хагарсан сав шиг,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 41). Чанартай сайн унтах нь танд оюун санааны болон биеийн эрүүл мэнд, амьдралын чанар, аюулгүй байдлаа хадгалахад тусалдаг. Ядарсан үедээ шийдвэр гаргах, асуудлыг шийдвэрлэх, сэтгэл хөдлөл, зан аашаа хянах, өөрчлөлттэй дасан зохицоход танд хэцүү байж магад.

Унш:

Амрах нь хангалттай удаан унтахаас илүү зүйл юм. Мормоны Номд “Хүн өөрт нь буй хүчнээс илүү хурдан гүйх шаардлагагүй” (Мозая 4:27) гэж заадаг. Магадгүй та хурдацтай дэлхийд хоцрохгүй байх дарамт шахалтыг мэдэрч байгаа байх. Та жаахан хүүхдүүдээ өсгөх, өвчтэй дотнын хүнээ асрах зэрэг дааж давшгүй мэт санагдах амьдралын мөчийг туулж байж болно. Түүнчлэн та ядрахад хүргэдэг мөн шаардлагатайгаас илүү удаан унтуулахад хүргэдэг сэтгэл зүйн асуудалд нэрвэгдсэн байж болно. Орондоо дэндүү удаан байх нь таны оюун санааны болон сэтгэл зүйн эрүүл мэндэд хортой. Их Эзэн танд хайртай бөгөөд таны өвөрмөц нөхцөл байдлыг мэддэг. Тэрээр нөхцөл байдалд тань тустай санаа болон эх сурвалж руу таныг хөтөлж чадна.

Ярилц:

Ядаргаа нь бидний сүнслэг, бие махбод, нийгэм, сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Унш:

Хэрвээ та ихэнхдээ дэндүү удаан эсвэл дэндүү бага унтдаг бол эмчээс тусламж авахаар эрэлхийлэх талаар бодож үзээрэй.

4. Хувийн ариун цэвэр сахих

Унш:

Бид өөрсдийн бие махбодыг арчилж, үүний талаар эергээр ярих үедээ бие махбодоо хүндэтгэж байдаг. Гараа угаах, усанд орох, шүдээ угаах, хувцсаа цэвэр байлгах зэрэг жижиг зүйлсэд анхаардаг байх нь бидний эрүүл мэндийг сайжруулж мөн өөрсдийнхөө талаар илүү таатай сэтгэгдэлтэй байхад тусална.

Ярилц:

Та хувийн ариун цэврээ сайн сахих үедээ өөрийнхөө талаас ямар өөрчлөлт гарч байгааг ажигладаг вэ?

5. Эрүүл хооллох

Унш:

Аврагч 1833 онд бошиглогч Иосеф Смитэд эрүүл амьдрах талаар илчилсэн ба үүнийг Мэргэн ухааны үг гэдэг (Сургаал ба Гэрээ 89-ийг үзнэ үү). Энэ илчлэлт нь бидэнд юу идэж, уух мөн юунаас зайлсхийх хэрэгтэй талаар удирдамж өгдөг. Их Эзэн Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагадаг хүмүүст сайн эрүүл мэнд, эрч хүч, хамгаалалт, мэдлэг, мэргэн ухааныг амладаг.

Ерөнхийлөгч Томас С.Монсон Ерөнхий чуулганы хаалтын нэг захиастаа “Бид тэнгэрээс өгөгдсөн төлөвлөгөө болох Мэргэн ухааны үгэнд заасан зарчмуудыг даган, бие махбод, оюун санаандаа санаа тавих хэрэгтэй. Би Мэргэн ухааны үгийг дагаснаар ирэх гайхамшигт адислалыг бүх зүрх сэтгэл, бие махбодоороо гэрчилж байна” (“Зарчим ба амлалт,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79).

Ярилц:

Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн бие махбодыг илүү сайн тордох ямар арга зам байна вэ?

Унш:

Өдрийн туршид хангалттай их цэвэр ус уухад анхаар. Өдөр тутмын ажлаа хийж гүйцэтгэхэд шаардлагатай эрч хүчтэй байж болохын тулд бие махбодоо тэжээх зөв хоолыг хангалттай ид. Ерөнхийдөө илүү их ногоо, жимс, буудай, үр тариа, самар идэх талаар бод. Түүнчлэн органик бус элсэн чихэр, давс, чихэрлэг ундаа, ханасан өөх тостой хоолыг багасгах талаар бодож үз.

Та хооллох зуршлынхаа талаар өөрийн мэдэх хэн нэгэнтэй ярилцаж болох юм. Биеэ илүү сайн тэжээллэг хоол хүнсээр хангах хэд хэдэн арга замыг ярилц. Та илүү эрүүл амьдралаар амьдрах гэж хичээх үедээ үр дүнг тэр даруй харахгүй байж магад. Гэхдээ та Бурханы өгсөн биеийг анхаарахын тулд чадах бүхнээ хийх нь чухал.

Унш:

Хооллох эмгэгийн нэг шинж тэмдэг нь амьдралынхаа бусад тал дээр анхаарал төвлөрүүлж чадахааргүй болтлоо хоол хүнс, дасгал хөдөлгөөнд хэт анхаарах явдал байж болно.

Таны идэх зуршил үйл ажиллагааг тань хязгаарлаж, эрүүл мэндэд тань муугаар нөлөөлж байгаа бол мэргэжлийн тусламж эрэлхийлнэ үү.

6. Сэтгэл хөдлөлөө ойлгох

Унш:

Таны бие хүчтэй сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Сэтгэлийн тэнхээтэй болох нь өөрийн сэтгэл хөдлөлийг эрүүл байдлаар ойлгож, хүлээн зөвшөөрч мөн хариу хандахыг танаас шаарддаг. Сэтгэл хөдлөл нь мөнх бус амьдралын ердийн хэсэг юм. Заримдаа таны сэтгэл хүчтэй хөдөлж, тэдгээрт хариулахад хэцүү байж болно. Та зан авирыг тань шийдэх сэтгэл хөдлөлөө зөвшөөрөх юм бол сэтгэл хөдлөлдөө хандах сонголтоо ашиглалгүйгээр, бууж өгч байна гэсэн үг юм.

Ярилц:

Сэтгэл хөдлөлөө удирдаж сурахыг хичээх нь бидэнд Христтэй илүү адил болоход хэрхэн тусалдаг вэ?

Унш:

Сэтгэл хөдлөлөө удирдаж сурах хамгийн анхны алхам бол эхлээд эдгээрийг ухамсарлах явдал юм. Тус болох нэг арга бол сэтгэл хөдлөлийн тэмдэглэл хөтлөх явдал бөгөөд ингэснээр та мэдэрсэн сэтгэлийн хөдлөлөө эргэцүүлэх боломжтой болно. Тэмдэглэлдээ та мэдэрч байгаа сэтгэл хөдлөлөө дүрслэн бичиж мөн ямар нөхцөлд байснаа, уг сэтгэл хөдлөлийн улмаас гаргасан хариу үйлдлээ бичиж болно. Эдгээр мэдрэмж, нөхцөл байдлыг тунгаан бодож, бодлоо бичиж ав. Та сэтгэл хөдлөлөө ажиглах үедээ хэв маяг, хандлагыг олж хараарай. Сэтгэл хөдлөлийн тэмдэглэлдээ өдөр бүр бичих талаар бодож үз. Доорх жишээг үзнэ үү.

Сэтгэл хөдлөл

Нөхцөл байдал

Уг сэтгэл хөдлөлийн улмаас үзүүлсэн хариу үйлдэл

Тунгаан бод

Сэтгэл хөдлөл

Жишээ

Өнөөдөр би уур, гомдлыг мэдэрсэн.

Нөхцөл байдал

Би аавтайгаа ширүүн маргасан.

Уг сэтгэл хөдлөлийн улмаас үзүүлсэн хариу үйлдэл

Би уурласандаа дэлбэрч, түүн рүү хашхичин, найзууддаа муухай аашилсан. Надад маш муухай мэдрэмж төрсөн.

Тунгаан бод

Аавдаа уурлахын оронд ямар санагдаж байгаа талаараа түүнд хэлэх хэрэгтэй.

Сэтгэл хөдлөл

Жишээ

Өнөөдөр би баяр хөөр, хайрыг мэдэрсэн.

Нөхцөл байдал

Би чин сэтгэлийн залбирлыг сонссон бөгөөд энэ нь миний сэтгэлийг хөндсөн.

Уг сэтгэл хөдлөлийн улмаас үзүүлсэн хариу үйлдэл

Би Тэнгэрлэг Эцэгт хандан Түүний хайрын төлөө талархсан. Мөн би хэрхэн залбирдаг талаараа бодсон.

Тунгаан бод

Би залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй илүү сайн холбогдохыг хичээснээр энэ мэдрэмжийг дахин мэдрэхийг хүсэж байна.

Унш:

Ахлагч Ричард Г.Скотт “Уур уцаар, гомдол цөхрөл, өөрийгөө өмөөрөх зэрэг сэтгэл хөдлөлдөө захирагдах нь Ариун Сүнсийг холдуулдаг” гэж заасан (“Хувийн амьдралдаа хэрхэн илчлэлт, илэрхийлэлт хүлээн авах вэ,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 45). Үнэндээ бид заримдаа уур, гомдол мэдэрдэг. Заримдаа бидэнд эдгээр сэтгэл хөдлөлийг мэдрэх нь зөв байдаг. Гэхдээ бид Их Эзэнтэй илүү сайн холбогдож мөн Сүнсийг мэдрэхийг хүсэж байгаа бол эдгээр мэдрэмжээ шийдвэрлэдэг байх нь чухал байдаг.

Ахлагч Скотт бидэнд Сүнсийг мэдэрч, сэтгэл хөдлөлөө илүү тогтвортой байлган, сэтгэлийн тэнхээтэй байхад туслах сэтгэл хөдлөлийн нэг арга замыг санал болгосныг дурдвал: “Хошин шогийн мэдрэмж илчлэлтэд тусалдаг. … Хошин шогийн мэдрэмж амьдралын дарамтыг чөлөөлөх суваг болж чаддаг” (Хэрхэн илчлэлт хүлээн авах вэ,” 46) гэжээ.

Ярилц:

Сэтгэл хөдлөлөө хянаж сурах нь Сүнсийг илүү амархан мэдрэхэд тань хэрхэн туслах вэ?

7.Өөртөө анхаарал тавих

Унш:

Та бэрхшээлтэй тулгарах үедээ өөрийгөө анхаарахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Чадах бүхнээ хийх гэдэг нь өөрт тулгараад байгаа аливаа бэрхшээлд тусламж дэмжлэг авахын тулд амьдралдаа байгаа эх сурвалжуудыг ашиглана гэсэн үг юм. Өөрийгөө анхаарах санаануудыг доор жагсаав.

  • Дуг хийх

  • Найз дээрээ зочлон очих

  • Хурдаа сааруулах

  • Устай онгоцонд хэвтэх, шүршүүрт орох

  • Дасгал хийх

  • Ном унших

  • Хөгжим сонсох

  • Ямар нэг зүйл урлаж бүтээх

  • Залбирах

  • Гадуур алхах

  • Талархдаг зүйлсийнхээ жагсаалтыг гаргах

  • Сайхан хоол идэх

  • Бүжиглэх

  • Дуулах

  • Амраах аргачлалыг ашиглах (4-р бүлгийн “Суралц” хэсгийн 3-р зүйлийн Үйл ажиллагаа-г мөн 4-р бүлгийн “Эх сурвалж” хэсгийг үзнэ үү)