“7: Миний суурь зарчим: Шударга байдлыг харуулах,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020) “7: Миний суурь зарчим: Шударга байдлыг харуулах,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх Миний суурь зарчим: Шударга байдлыг харуулах—Зарцуулах дээд хугацаа: 20 минут Тунгаан бод: Их Эзэн яагаад “үнэнч шударга зүрх сэтгэлтэй” (Сургаал ба Гэрээ 124:15) хүмүүсийг хайрладаг вэ? Үз: “Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos-оос үзэх боломжтой. (Видео байхгүй бол “Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?” эхийг унш.) 2:3 Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ? Хэрвээ та нар видеог үзэх боломжгүй байгаа бол доорх эхийг уншина уу. Ахлагч Робэрт К.Гэй: Нэгэн удаа Аврагч Өөрийн шавь нарт дараах асуултыг тавьжээ. “Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?” Энэ нь аавын маань олон жилийн өмнө надад анхааралтай тунгаан бодохыг заасан асуулт юм. Намайг бага байхад аав, ээж хоёр маань надаар гэрийн ажил хийлгэж, хариуд нь багахан хэмжээний мөнгө өгдөг байлаа. Би долоо хоногт 50 цент гарам мөнгө авдаг байсан бөгөөд тэр мөнгөөрөө ихэнхдээ кино театрт кино үздэг байсан юм. Тэр үед 11 настай хүүхдийн тасалбар 25 цент байсан болохоор надад 25 цент үлддэг байлаа. Би үлдсэн мөнгөөрөө нэг ширхэг нь 5 центийн үнэтэй чихрийн цуглуулгаас авдаг байсан. 5 чихрийн цуглуулга бас кино! Үүнээс илүү сайхан зүйл гэж байх уу даа? Намайг 12 нас хүртэл бүх зүйл ийм сайхан хэвээрээ байлаа. Нэгэн өдөр би киноны тасалбар авахаар зогсож байхдаа 12 настай хүүхдийн тасалбар 35 цент байхыг анзаарлаа. Энэ нь хоёр чихрийн цуглуулгын мөнгийг хасна гэсэн үг байв. Би энэхүү золиосыг хийхэд бэлэн биш байсан учраас “Чи долоо хоногийн өмнөх шигээ л харагдана шүү дээ” гэж өөртөө шалтаг олсон юм. Би урагшилж, 25 центийн тасалбар өгөхийг хүслээ. Кассчин анзаарсангүй. Би ч урьдын адил гурвын оронд таван чихрийн цуглуулга худалдан авлаа. Өөрийнхөө хийсэн зүйлд баяртай байсан болохоор би аавдаа өөрийнхөө амжилтыг хэлэхээр гэр рүүгээ яарч билээ. Намайг бүх зүйлийн талаар нэг бүрчлэн хэлэхэд аав маань юу ч хэлээгүй юм. Намайг ярьж дууссаны дараа тэр над руу хараад, “Хүү минь, чи өөрийнхөө амийг таван центийн зоосоор солих байсан уу?” гэж асууж билээ. Түүний үгс 12 настай миний зүрх сэтгэлд дэндүү хүчтэй нөлөөлж, хэзээ ч мартахааргүй сургамж болж билээ. (“Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, хх) Ярилц. Шударга байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүмүүсийн энэ амьдралдаа олж авахын төлөө амиа өгдөг ямар зарим жижиг арга зам байна вэ? Унш. “Бид шударга байдалд итгэдэг” (Итгэлийн Тунхаг 1:13). “Үхэн үхтлээ би хоёргүй үнэнчээ өөрөөсөө үл холдуулна” (Иов 27:5). Унш: Судрын дараах шүлгийг мөн ахлагч Вөртлиний мэдэгдлийг уншина уу. “Мөн та нарын дунд хөршөөсөө зээлсэн хэн боловч зээлсэн тэр зүйлээ тохирсны дагуу эргүүлж өгөх ёстой, эсвээс та нүгэл үйлдэх болно; мөн магад та өөрийн хөршийг түүнчлэн нүгэл үйлдэхэд хүргэх вий гэдгийг та нар санаасай хэмээнэ би (Мозая 4:28). “Шударга байдал гэдэг нь тэр даруй гарах үр дагавар нь юу ч байлаа гэсэн зөв сайн зүйлийг дандаа хийхийг хэлнэ. Энэ нь зөвхөн үйлдэлдээ төдийгүй илүү гол нь бодол санаа, зүрх сэтгэлдээ бодгалийнхаа гүнээс зөв шударга байна гэсэн үг юм. … Жаахан худал хэлэх, багахан хуурах эсвэл шударга бусаар ашиглах зэргийг Их Эзэн хүлээн зөвшөөрдөггүй. … Шударга байдлын хамгийн гол шагнал нь Ариун Сүнстэй байнга нөхөрлөх явдал байдаг. … Биднийг зөв зүйл хийх үед тэр бидэнтэй хамт оршиж, хийдэг бүх зүйлд маань биднийг удирддаг” (Joseph B. Wirthlin, “Personal Integrity,” Ensign, May 1990, 30, 32–33). Ярилц: Сэтгэл хөдлөлөө илүү тогтвортой байлгаж, илүү их сэтгэлийн тэнхээтэй байхад яагаад шударга байх шаардлагатай вэ? Амлалт өг: Би дээр дүгнэсэн 9 хэсгийнхээ аль нэгд илүү зөв шударга байх болно.