Бие даасан байдал
Суралц


“9: Суралц,”Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“9: Суралц,”Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Суралц—Зарцуулах дээд хугацаа: 60 минут

1. Аврагчтай адил тохинуулах

Унш:

Их Эзэн биднээс өөрсдийн эргэн тойрон дахь хүмүүст тохинуулахыг хүсдэг. Алма, Амюлек хоёрын түүх бидэнд сургамж болдог. Алма Амюлекийг сэтгэл санааны хүнд асуудалтай байгааг ухааран, түүнийг “өөрийн гэрт аваачин, мөн зовлон зүдгүүрт нь түүнд тусалж, мөн түүнийг Их Эзэний талаар хүчирхэгжүүлэв” (Алма 15:18).

Тунгаан бод:

Хүмүүс “… Их Эзэнээр хүчирхэгжихэд” танд хэрхэн тусалж байсан бэ?

Ярилц:

Бидэнд бусдыг Их Эзэнээр хүчирхэгжүүлэх ямар арга зам байдаг вэ?

2. Бусдад туслах талаарх буруу ойлголт

Унш:

Бусдад туслах талаар таны итгэж болох хэд хэдэн нийтлэг буруу ойлголт байж болох юм. Дараах буруу ойлголтуудыг унших үедээ ийм байдлыг мэдэрч байсан эсэхээ дүгнээрэй.

Буруу ойлголт 1:

Би бусдад хэрэгцээтэй байгаа тусламжийг хангахад 100 хувь хариуцлага хүлээдэг.

Бодит байдал:

Аврагч бол бодгалийн цорын ганц эдгээгч бөгөөд гэхдээ та бусдыг адислах эдгээгч бүлгийн нэг хэсэг юм. Та чадаж байх үедээ өөрийн өвөрмөц чадвар, үзэл бодлыг хуваалцсанаар энэхүү эдгээгч бүлгийн нэг хэсэг болж чадна.

Буруу ойлголт 2:

Би бусдын асуудлыг шийдэхдээ мэргэшсэн байх хэрэгтэй.

Бодит байдал:

Бүр мэргэжлийн зөвлөхүүд хүртэл өөрсдийгөө удирдамж, заавар өгөх үүрэгтэй бус, харин уг хүнд өөрөө өөрийгөө өөрчлөхөд нь туслах үүрэгтэй гэж үздэг. Та хүмүүсийг хайрлаж, тэдэнд тохинуулах үүрэгтэй бөгөөд Аврагч эдгээх болно.

Буруу ойлголт 3:

Амьдралын асуудал, бэрхшээлээс хурдан гарах гарц байдаг.

Бодит байдал:

Бидний дэлхийд тэр даруй сэтгэлээ хангах, бараг бүх асуудлаас хурдан гарах шийдлийг амлах нь түгээмэл тохиолддог. Гэхдээ амьдралын асуудал, бэрхшээлээс хурдан гарах гарц маш ховор байдаг. Өөрчлөгдөхийн тулд ажиллах нь үйл явц бөгөөд үргэлж таны бодож байгаагаас урт хугацаа шаарддаг. Жинхэнэ өөрчлөлт бол таны эсвэл хайртай хүмүүсийн тань туулах ёстой цэвэрших үйл явц юм.

Буруу ойлголт 4:

Би юу гэж хэлэх нь зөв болохыг мэдэхгүй, тиймээс би юу ч хэлдэггүй.

Бодит байдал:

Сайн мэдээ нь гэвэл, та их зүйлийг хэлэх хэрэггүй. Таны бусдад өгч чадах хамгийн агуу бэлэг бол тэднийг сонирхож, асуулт тавьж, хайраар сонсож, тантай хуваалцахад найдвартай гэдгийг мэдрэхэд нь туслах явдал юм.

Буруу ойлголт 5:

Би жаахан ч гэсэн тусалчихвал тэд үргэлж надаас хамааралтай болно.

Бодит байдал:

Та үйлчлэх үедээ өөрийгөө болон гэр бүлээ халамжлан анхаарч байгаагаа бататгахын тулд эрүүл хязгаар тогтоож болно. Нөгөө хүний бие даасан байдлыг хүчирхэгжүүлэх арга замаар үйлчлэхэд тань Их Эзэн таныг удирдаж чадна. Хүмүүсийн амьдралд хайрын энгийн, жижиг үйлдэл ямар нөлөө үзүүлж болохыг хэзээ ч бүү дутуу үнэл. Бусдад цаг зав, хайраа зориулахаас бүү ай.

Ярилц:

Та өөрийн боддог байж болох эдгээр буруу ойлголтын нэгийг мөн хэрхэн үүнээс салах талаар хамтрагчтайгаа ярь.

3. Бусдад зөв зохистой хандах

Унш:

Та хэдийгээр сайныг бодож байсан ч хэцүү үеийг туулж байгаа хүнд туслахыг хичээх үедээ тийм ч тустай биш зүйлсийг хэлэх тохиолдол гардаг. Гэхдээ энэ нь тусч байхыг үргэлжлүүлэн хичээхэд саад болох ёсгүй. Бурхан танаас Өөрийн хүүхдүүдийг хайрлаж, тэдэнд туслаасай гэж хүсдэг. Туслахыг хичээж байгаа хүмүүсийнхээ сэтгэлд мэдрэмжтэй хандан, тэдний зовлон бэрхшээлийг дорд үзсэн юуг ч хийж, хэлэхгүй байхад анхаар.

Ярилц:

Та тустай эсвэл тусгүй өөр ямар үгсийг сонсож байсан бэ?

4. Бусдыг хүлээн зөвшөөрөх

Унш:

Рэйна И.Абүрто эгч “Хэдийгээр бид бусдын туулж буй зовлонг хэрхэн ойлгохоо мэдэхгүй байж болох ч тэдний зовлон шаналал бодит гэдгийг хүлээн зөвшөөрөх нь ойлголцох, эдгэрэх явцад хийгдэх анхны чухал алхам байж ч магадгүй” гэж заасан (“Үүлтэйд ч, нартайд ч Их Эзэн надтай хамт үлдээч!2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 58) Хүмүүсийн бодол мэдрэмжийг хүлээн зөвшөөрөх гэдэг нь эхлээд тэдний мэдрэмжийг хүлээн авч тэдгээрийг ойлгохыг хэлдэг.

Бэрхшээлтэй тулгарсан хүнийг ойлгож, хүлээн зөвшөөрөхөд тань туслах зарим алхмыг доор багтаав. Үүнд:

  1. Сонс. Бүрэн анхаарал тавьж, уг хүний танд хэлж байгаа зүйлийг анхааран сонс. Уг хүний асуудалд хувь нэмэр оруулсан бол битгий өөрийгөө өмөөр.

  2. Ойлгохыг хичээ. Уг хүний мэдэрч байгаа зүйлийг илүү сайн ойлгохын тулд энэрэнгүй асуултуудыг тавих хэрэгтэй байж болох юм. Уг хүний шалтгааныг ойлгохын тулд чадах бүхнээ хий.

  3. Уг хүний бодол мэдрэмжийг хүлээн зөвшөөр. Уг хүнийг өөрчлөхийг бүү хичээ эсвэл ийм бодолтой байгаа нь уг хүний буруу гэж бүү хэл. Ийн үйлдэхдээ, бодол санааны эрүүл бус эсвэл хор хөнөөлтэй хэв маягийг өдөөхгүй байхад анхаар.

  4. Өрөвч сэтгэлээр ханд. Уг хүний мэдэрч байгаа зүйлд санаа тавьдаг гэдгээ хэл. Та хэдий уг хүний нөхцөл байдлыг эсвэл уг мэдрэмжийн шалтгааныг ойлгохгүй байсан ч гэсэн дараахын адил үгсийг хэлснээр уг хүний бодол мэдрэмжийг ойлгож, хүлээн зөвшөөрч чадна. Үүнд: Танд хүндлэхгүй байгаа [эсвэл сэтгэлийн түгшүүр, найдваргүй, үнэ цэнгүй, ууртай гэх мэт] санагдаж байна. Ийн мэдрэх нь хэцүү.”

  5. Хайраа үзүүл. Уг хүнд санаа тавьдгаа мөн бэрхшээлээ шийдэж, туулах чадварт нь итгэж байгаа гэдгээ хэл.

Унш:

Хэцүү үеийг туулж байгаа хүнийг хэрхэн ойлгож болох жишээг өгөв.

Жилл ганц бие ээж ба хүү нь мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс саяхан нас барсан. Тэр гэр бүлийнхнээсээ хол ганцаараа амьдардаг байв. Мариа түүнтэй ярилцаж, ямархуу байгааг нь асуухаар иржээ. Мариа Жиллийн яриаг таслахыг хүссэн боловч тэгсэнгүй. Тэр зүгээр л сонсов. Тохиромжтой үе гэж бодсон үедээ тэрээр “Танд яг одоо ямар байна?”, “Танд хамгийн хэцүү санагдаж байгаа зүйл юу вэ?” гэх мэтчилэн асуув. “Эцсийн эцэст одоо тэр Бурхантай байгаа” гэж хэлэхийн оронд тэрээр Жиллийн хүүгээ санаж байгааг нь ойлгож байв. Мариа “Би хүүгээ маш их санаж байгааг чинь харж байна, зүрх минь таныхтай хамт өвдөж байна” гэж хэлэн, ойлгож байгаагаа харуулахаар шийдэв. Тэгээд тэрээр түүнтэй хамт сууж, хамтдаа уйлж, хайраа харуулжээ.

Зөвлөгөө:

Тохинууллын талаарх Сүмийн вэбсайтад өрөвч сэтгэлийг хэрхэн харуулахаа ойлгоход тань туслах илүү олон санаа байдаг. ministering.ChurchofJesusChrist.org хуудсыг үзнэ үү.

5. Бусдын сонгох эрхийг хүндэтгэх

Унш:

Тэнгэрлэг Эцэг хүн бүрд сонгох эрхийн бэлгийг өгсөн бөгөөд таны санал болгож байгаа тусламжаас үл хамааран хувь хүмүүс өөрсдийн сонголтын хариуцлагыг хүлээдэг. Та бусдад хандахдаа тэдний асуудлыг шийдэх эсвэл тэдний сонголтыг хянах хариуцлагыг хүлээдэггүй гэдгээ санаарай. Бусдад тусалж байхдаа өөрийнхөө хувьд эрүүл хязгаарыг тогтоох нь чухал.

Аврагч таныг хайртай хүмүүсийнхээ сонгох эрхийг хүндэтгээсэй гэж хүсдэг, гэхдээ энэ нь хөндлөнгөөс хараад зогс гэсэн үг биш юм. Тэдний сонгох эрхийг хүндэтгэх мөн өөрсдийг нь сонсохгүй байгаа гэж бодуулахгүй байх арга замаар бусдад хэрхэн үйлчилж болохоо ойлгоход туслуулахын тулд Сүнсийг эрэлхийл.

Бодол мэдрэмжийг ойлгож, хүлээн зөвшөөрч, сонсохоос гадна таны хийж болох зүйлсийн санааг доор багтаав. Үүнд:

  • Тэдний төлөө мацаг барьж, залбир.

  • Ариун сүмд өнгөрүүлэх цагаа тэдний төлөө зориул.

  • Мэргэжлийн тусламж, зөвлөгөөг эрэлхийл.

  • Сэтгэл санааны эрүүл мэндийн талаар судал.

  • Урамшуулах үгсийг эсвэл тэднийг инээлгэх хошин зүйл хуваалц.

  • Санваарын адислал, зөвлөгөө авахыг эрэлхийл.

  • Гэр бүл, найз нөхдөд зориулсан дэмжих бүлэгт нэгд.

  • Эрүүл хязгаарыг тогтоож, өөрсдөө тэдэнд туслахад бэлэн бай.

  • Тэдний сонгох эрхэд халдаагүй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц хэлбэрээр тэдэнд үйлчил.

Ярилц:

Хүч чадал олох үедээ эсвэл бусдыг хүч чадлаар хангах үедээ туулсан сэтгэл сэргээсэн туршлагаа хуваалц.

6. Бусадтай хамт тэвчээртэй туулах

Унш:

Хайртай хүнээ халамжлах нь хэцүү бас дааж давшгүй санагдаж болно. Та тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахыг эрэлхийлэхдээ ойлгож хандахыг хичээж мөн шүүмжлэхээс зайлсхий. Та судруудаас зөвлөгөө авч болох бөгөөд энэрэл буюу Христийн хайр болох “хайраар дүүргэгдэж болохын төлөө … зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун” (Моронай 7:48).

Хайртай хүн тань сэтгэл санааны эрүүл мэндийн асуудалтай бол та уг хүнийг байнга анхаарч халамжилснаар өөрийгөө мартаж магадгүй. Танд зориулсан тусламж, дэмжлэг байдаг. Эрүүл мэндийн асуудлууд, туслах арга зам, шинж тэмдгийг авч үзэх аргачлал гэх мэтийн талаар мэдэж авахад нь гэр бүлийн гишүүдэд дэмжих бүлгүүд тусалж чадна. Итгэл хүлээсэн найз нөхдөдөө болон эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдэд хандан, өөртөө болон хайртай хүмүүстээ тусламж авахыг эрэлхийл. Нийгмийн болон сэтгэл санааны эрүүл мэндийн ноцтой асуудалд гэр бүл, найз нөхдийн дэмжлэг эерэг нөлөө үзүүлж чадна.

Ахлагч Жэффри Р.Холланд ийн зөвлөсөн. “Өвчтэй нэгнийг асардаг хүмүүсийн хувьд хэн нэгний эрүүл мэндэд туслах гэж хичээхдээ өөрийнхөө эрүүл мэндийг гаргуунд нь бүү хаяарай. Эдгээр бүх зүйлд ухаалаг ханд. Та “өөрт буй хүчнээс илүү хурдан гүйх шаардлагагүй [Мозая 4:27]. Бидний өгч чадах эсэхээс үл хамааран, бид залбирч мөн ‘чин сэтгэлээсээ’ [Сургаал ба Гэрээ 121:41]” хайрлаж чадна” (“Хагарсан сав шиг,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 41).

Ярилц:

Бусдыг болон өөрийгөө арчлан халамжлахдаа тэнцвэртэй байхад танд юу тусалж байсан бэ?