Бие даасан байдал
Суралц


“8: Суралц,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“8: Суралц,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Суралц—Зарцуулах дээд хугацаа: 60 минут

1. Холбоо харилцаа маш чухал

Унш:

Биднийг бусадтай харилцаа холбоогоо хөгжүүлэх үед бидний бие махбод, сэтгэл санааны болон сүнслэг байдлын эрүүл мэнд бэхэждэг. Тэнгэрлэг Эцэг биднийг Өөрийг нь болон өөрсдийн эргэн тойрон дахь хүмүүсийг хайрлаасай гэж хүсдэг. Гэр бүлийнхэн болон найз нөхөд маань бидэнд хайртай бөгөөд амьдралын бэрхшээлийг амжилттай туулахад бидэнд хэрэгтэй дэмжлэг, урамшуулал, үнэн зөвлөгөөг өгч чадна. Дайсан биднийг бусдаас тусгаарлахыг хүсдэг бөгөөд харилцаа холбооноос ирдэг адислалуудыг авахгүй байна гэж бодуулахыг хүсдэг.

“Бошиглогч Иосеф Смит ‘найз нөхөрлөл нь “мормонизмын” үндсэн гол зарчмуудын нэг’ гэж заасан [Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смитh (2007), 463]. Энэ бодол бид бүгдийг зоригжуулж, урагш хөдөлгөх хэрэгтэй. Учир нь найз нөхөрлөл бол манай дэлхийн үндсэн хэрэгцээ гэж би боддог. Бид бүгд найз нөхөрлөлийг хүсэн мөрөөдөж, ойр дотно, удаан хугацааны нөхөрлөснөөр өгч чадах сэтгэл хангалуун, аюулгүй байдлыг мөрөөддөг гэж би боддог” (Marlin K. Jensen, “Friendship: A Gospel Principle,” Ensign, May 1999, 64).

Ярилц:

Ойр дотнын болон хайрын харилцаанаас үүссэн ямар ашиг тусыг та харсан бэ?

2. Холбоо харилцаа тогтоох

Унш:

Холбоо харилцаа тогтоохдоо бид бусдад эхэлж хандан, ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрөх ёстой. Бид “өчүүхэн мөн энгийн” (Алма 37:6) байдлаар холбоо харилцаа үүсгэж чадна. Чанартай харилцаа холбоо тогтооход цаг заваа зарцуулах нь тооноос илүү чухал. Олон өнгөц нөхөрлөлийн оронд найдвартай цөөн хүнтэй ойр дотно харилцаа хөгжүүлэх нь амьдралд илүү их баяр баясгаланг авчирдгийг бид олж мэдэх болно. Олон найзтай байхад ямар ч буруу зүйл байхгүй, гэхдээ олон найзтай байх нь аз жаргалтай тэнцдэг гэж бид таамаглах ёсгүй.

Бусадтай харилцаа холбоо тогтоож, бэхжүүлэх нэмэлт арга замуудыг доорх жагсаалтаас үзнэ үү.

Бусад хүнийг чин сэтгэлээсээ сонирхдог бай. Бусад хүний юунд дуртай, юу хийх дуртайг олж мэд. Та тэдэнтэй ижил сонирхолтой байх хэрэггүй. Гэхдээ та тэдний юу сонирхдогийг анхаарч суралцаж болно.

Инээмсэглэ. Аз жаргал таны эргэн тойронд юу болж байгаагаас биш, харин та нөхцөл байдалдаа хэрхэн ханддагаас хамаардаг. Инээмсэглэлийг чөлөөтэй өгч болдог бөгөөд энэ нь бусдын сэтгэлийг өргөх агуу арга зам билээ.

Хүмүүсийн нэрийг сана. Хүний нэр нь хэн нэгэн үүнийг мэддэг эсэхээс үл хамааран тухайн хүний хувьд хамгийн чухал дуу авиа байдаг. Бусдын нэрийг мэдэх нь уг хүнийг чухал, үнэ цэнтэй гэж бодоход тусалдаг.

Сайн сонсогч бай. Бусдыг өөрсдийнхөө талаар ярихад урамшуул. Хүмүүс өөрсдийнхөө тухай сонсох үедээ хэрэгтэй гэдгээ мэдэрдэг. Хэн нэгнийг өөртэйгөө ярихыг хүсэх хамгийн амархан арга бол сайн сонсогч болох явдал юм. Сайн сонсогч байхын тулд та бусдын хэлж байгааг чин сэтгэлээсээ сонирхох хэрэгтэй.

Бусад хүнд чухал гэж мэдрүүлэхийг чин сэтгэлээсээ оролд. Хүмүүсийг өөртэйгөө яаж харьцаасай гэж хүсдэг шигээ бусадтай харилц гэдэг нь алтан дүрэм юм. Хүмүүс чухал хүн гэдгээ мэдрэх дуртай бас хэлж, хийж байгаа зүйлсээ бусдад хамаатай гэж бодох дуртай. Та энд жагсаасан санаануудаар дадлага хийснээр бусад хүнд хэр чухлаа мэдрэхэд нь туслахын тулд чадах бүхнээ хийж чадна.

Унш:

“Бид [бусадтай] харилцаа холбоо тогтоохдоо бусдын хэрэгцээнд мэдрэмжтэй хандаж, тэдэнд үйлчилж, өөрсдийн цаг зав, авьяас чадвараа зориулснаар нэг удаадаа нэг хүнтэй харилцаа тогтоодог. Нэгэн өндөр настай, өвчтэй эгч олон зүйлийг хийж чадахгүй ч би бусдыг сонсож чадна гэж хэлсэн нь миний сэтгэлийг ихэд хөдөлгөж билээ. Тэр эгч долоо хоног бүр зовлон бэрхшээлтэй, гуньж гутарсан хүмүүсийг олж, хамтдаа цагийг өнгөрүүлж, тэднийг сонсдог байлаа. Тэр эгч асар олон хүний амьдралд ямар агуу адислал болж байсан гээч” (Дийтр Ф.Угдорф, “Хамгийн чухал зүйлсийн талаар,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22).

Тунгаан бод:

Илүү бат бөх харилцаа тогтоож болох хэн нэгний талаар бод. Энэ хэсэг дэх санаануудыг мөн ерөнхийлөгч Угдорфын зөвлөсөн үгсийг бодож, энэ харилцааг тогтоохдоо сурсан зүйлээ хэрэгжүүлж болох арга замуудыг бич.

3. Ойлгох мөн шүүмжлэхгүй байх

Унш:

Хүн бүр нөхцөл байдал, хүмүүс, тухайлбал гэр бүлийн гишүүдийнхээ үйлдэлд шүүмжлэлтэй ханддаг. Ерөнхийлөгч Угдорф “Бид гомдож, уурлаж, атаархсан үедээ өөрсдийн дургүйцлийг зөвтгөхийн тулд бусдыг шүүж, тэдний үйлдэлд муу шалтгаан оноохдоо хурдан байдаг” гэж тайлбарласан (“Өршөөнгүй хүмүүс өршөөл энэрлийг хүлээн авна,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70). Гэхдээ Мормоны Номд “түүгээр дүгнэж болох, Христийн гэрэл болох тэрхүү гэрлийг та нар мэдэх учир, буруугаар дүгнэхгүй байхаа мэдэгтүн; учир нь та нар шүүх тэрхүү шүүлтээрээ түүнчлэн шүүгдэх болно” (Моронай 7:18) гэж заадаг.

Ярилц:

Ойлгох мөн бага шүүмжлэх нь бидний аз жаргалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Унш:

Дөрвөн жаахан хүүхэдтэй аавыг юм уу ээжийг харлаа гэж төсөөл. Хүүхдүүд нь орилолдож, таны болон эргэн тойрон дахь хүмүүсийн дургүйцлийг хүргэж байв. Хүүхдүүдийнх нь зан авир тэдний эргэн тойрон дахь хүмүүст хэр нөлөөлж байгааг тэд анзаараагүй байлаа. Хэсэг хугацааны дараа эцэг эх нь хүүхдүүддээ чимээгүй бай гэж ууртай хэлэв.

Ярилц:

Ямар шүүмжлэл байж болох талаар бүлгээрээ ярилц. Эцэг эх нь яагаад ийн үйлдэж байгааг тайлбарлах энэрэнгүй тайлбар гарга. Та илүү сайн ойлгож, бага шүүмжлэхийн тулд юу хийж чадах вэ?

4. “Би” өгүүлбэрээр ойлголцох

Унш:

Бусадтай санал нийлэхгүй байх, ялгаатай байх нь харилцааны хэвийн хэсэг юм. Эрхэмлэх зүйл, бодол санаа, үзэл бодол, хандлага, хүсэл, санаа өөр байгаагаас энэ нь тохиож болно. Эдгээр ялгааг эрүүл арга замаар ярилцаж сурах нь бусадтай харилцаагаа бэхжүүлж мөн бусдыг ойлгож, тэвчээрт суралцахад тань тусална. Хувь хүмүүс аюулгүй байдал, үнэ цэнийг мэдрэх үед зөрчилдөөний эрүүл шийдэл гарах магадлалтай. Ялгаатай байх нь хэвийн зүйл бөгөөд зөрчилдөхөд хүргэх шаардлагагүй. Маргааны үед зөрчилдөөн гарвал асуудал үүсдэг.

Ялгаатай байдал үүсэх үед маргааныг хурцатгахгүйгээр өөрийн талыг тодорхой тайлбарлах нь танд бэрхшээлтэй байж болно. Яриандаа “би” гэдэг үгийг оруулах нь танд санаа зовж байгаа зүйл, мэдрэмж, хэрэгцээгээ сонсогчид хялбархан ойлгуулахад тусална. “Би” өгүүлбэр нь нөгөө хүний хийсэн эсвэл хийж чадаагүй зүйл дээр өөрийн бодлыг илэрхийлэх биш, харин өөрийн мэдрэмж, туршлага дээр анхаарлаа төвлөрүүлдэг.

“Би” өгүүлбэрийн эхний хэсэгт өөрийн мэдрэмжийг тодорхойлон тайлбарладаг бөгөөд энэ нь зөрчил, санал зөрөлдөөнтэй зүйлийг ярьж байхад зайлшгүй чухал байдаг. Энэ нь өөрсдийгөө өмөөрөх мэдрэмжийг султгаж, нэг нэгнээ сонсоход хялбар болгодог. “Чи” өгүүлбэрийг “би” болгон өөрчлөх зарим жишээг доороос уншина уу.

“Чи” өгүүлбэрийн жишээ

“Би” өгүүлбэрийн жишээ

“Чи” өгүүлбэрийн жишээ

“Чи хэнийг ч сонсдоггүй, чи одоо бас намайг сайн сонсохгүй байна.”

“Би” өгүүлбэрийн жишээ

“Намайг ойлгохгүй байна гэж бодох үед миний урам хугардаг.” “Харц тулгарах нь чамайг анхаарал тавьж байгаа гэдгийг надад санагдуулдаг.”

“Чи” өгүүлбэрийн жишээ

“Чиний оройн хоолонд ирээгүй, утсаар яриагүй чинь бодлогогүй, хувиа бодсон зүйл.”

“Би” өгүүлбэрийн жишээ

“Утасдаж хэлэлгүйгээр оройн хоолноос хоцрох үед намайг тоохгүй байгаа юм байна гэж санагддаг.” Би бас чамд ямар нэгэн зүйл тохиолдсон байж магад гэж санаа зовдог.”

Ярилц:

“Чи” ба “би” төвтэй ярианы ялгаа юу вэ?

Унш:

Бодол мэдрэмжээ хэн нэгэнд ойлгуулахаар цаг гаргахдаа өөрийн тань хүслийг дагах нь тухайн хүний үүрэг хариуцлага гэж үзэж болох юм. Гэхдээ биднийг бодол сэтгэгдлээ бусадтай хуваалцах үед ч таны мэдрэмж, хүсэл таны үүрэг хариуцлага хэвээр байдаг. Таны “би” өгүүлбэр хүссэн үр дүнг авчраагүй үед та дургүйцэхийн оронд өөрийн хүссэн үр дүнг бий болгохын тулд хайраар үйлдэж чадна.

5. Энэрэнгүй бай

Унш:

“Танай гэр бүлд ямар ч асуудал бэрхшээл тулгарсан бай, тэдгээрийг шийдэхийн тулд юу ч хийх хэрэгтэй байсан бай шийдвэрийн эхлэл, төгсгөл нь энэрэл буюу Христийн цэвэр хайр юм. Энэ хайр байхгүй бол төгс мэт санагдах гэр бүлүүд ч хүндхэн байдалд ордог. Энэ хайр байвал хүнд асуудал бэрхшээлтэй гэр бүлүүд ч амжилттай байж чаддаг юм (Дийтр Ф.Угдорф, “Авран хадгалдаг тэднийг магтъя,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80).

Үз:

Enduring Love” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [4:16]-оос үзэх боломжтой.

Тунгаан бод:

Таны энэрлээс ашиг тус хүртэх хэнийг та мэдэх вэ? Яагаад?

Унш:

Их Эзэн бидэнд “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” хэмээх сүнсээр өдөөгдсөн баримт бичгээр дамжуулан харилцаагаа хөгжүүлэх зөвлөгөөг өгсөн билээ. Энд амжилттай харилцаа нь “итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр ба гэр бүлээрээ үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох зарчмуудыг баримтлан амьдарна” гэж заадаг (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org).

Хэвлэх