Бие даасан байдал
11: Суралцах


“Бизнесээ тасралтгүй сайжруулах: Суралцах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесээ тасралтгүй сайжруулах: Суралцах”

Суралцах

Дээд талын хугацаа: 65 минут

1. Миний бизнесийн алсын хараа

Унш:

Амжилттай бизнес эрхлэгчид бизнес нь ямар болохыг бодож, ярьдаг. Тэд бизнесийн алсын хараагаа тодорхойлдог. Алсын хараа гэдэг нь хүссэн ирээдүйн тань дүр зураг юм. Агуу Үнэт Судар дээрээс бид “Их Эзэн бибээр, … бүх зүйлийг дэлхийн гадаргуу дээр жам ёсоороо байхаас нь өмнө сүнслэг хэлбэрээр бүтээсэн” (Мосе 3:5) болохыг уншдаг. Үүнтэй адил, бизнес эрхлэгчид ирээдүйд өөрийн гараар бүтээж босгох бизнесийнхээ дүр зургийг оюун ухаандаа бий болгох ёстой.

Алсын хараатай болох нь удирдагч хүний шинж чанар юм. Судруудад “Алсын хараа байхгүй аваас ард түмэн журамгүй” (Сургаалт үгс 29:18) хэмээн заадаг. Энэ үнэн таны бизнестэй шууд холбоотой. Таны алсын хараа үйлдлийг тань чиглүүлж, танд болон тантай ажиллаж буй хүмүүст эрч хүч, хүчин чармайлтаа төвлөрүүлэхэд туслах болно.

Алсын хараагаа тодорхойлчихоод, бизнесээ амжилтад хүрнэ хэмээн найдах нь хангалтгүй. Та өөрийн алсын харааг бодит ажил болгон хэрэгжүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж, тууштай байх хэрэгтэй.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн жижиг ариун сүмүүдийн барилгын таталбар зураг

2. Бизнесээ стандартчилах

Унш:

Бизнес нь эзнээсээ бүрэн хамааралтай байх ёсгүй. Амжилттай бизнес эрхлэгчид бизнесийн стандарт ажлыг хэрхэн хийхийг тайлбарласан үйл ажиллагааны гарын авлага гаргаж, хөдөлмөрийн үйл явцыг баримтжуулдаг. Эдгээр эх сурвалж нь бизнесийн үйл ажиллагааг чанартай, жигд явуулахыг дэмждэг. Тэдгээр нь шинэ ажилтныг дадлагажуулан сургаж, одоо ажиллаж байгаа ажилчдын дунд шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд тустай. Тэдгээрийг байнга эргэн харж, шинэчлэн өөрчилж байх ёстой.

Үйл ажиллагааны гарын авлага гаргаж, тодорхой үүрэгт ажлыг хийх хөдөлмөрийн үйл явцыг баримтжуулах нь юу хүсэн хүлээж байгааг нь тайлбарлаж, ажилчдыг нэгдмэл зорилгод хүрч, үйл ажиллагааг жигд явуулахад анхаардаг. Энэ баримт нь ямар нэгэн ажлыг хийдэг ажилтан өвдсөн, амралтаа авсан, яаралтай ажил гарсан эсвэл ажлаас чөлөөгдсөн үед өөр хүнд уг ажлыг хийх боломжийг олгодог. Нарийн тайлбартай хөдөлмөрийн үйл явцын баримт байвал та бизнесээ явуулахын оронд бизнесээ сайжруулах тал дээр ажиллах юм.

Үйл ажиллагааны гарын авлага гаргаж, хөдөлмөрийн үйл явцыг баримтжуулах нь ганцаараа ажилладаг байсан ч таны бизнест тустай. Баримтжуулах үйл явц нь танд бизнесийнхээ бүтэц дээр ажиллаж, стандартчилахад тусална. Энэ нь мөн бизнесээ илүү зохион байгуулалттай болгоход тусална. Хөдөлмөрийн үйл явцыг баримтжуулах нь үргэлж хийгээд байдаггүй үүрэгт ажлаа санахад танд тусална.

Ярилц:

  • Бизнес эрхлэгчийн хувьд яагаад үйл ажиллагааны гарын авлага гаргаж, хөдөлмөрийн үйл явцыг баримтжуулах нь танд чухал вэ?

  • Та ажлыг тасралтгүй явуулахын тулд бизнесийнхээ ямар үүрэгт ажлыг эсвэл үйл явцыг баримтжуулах хэрэгтэй вэ?

3. Миний бизнес хууль тогтоомж, дүрэм журамд нийцэж байгаа эсэхэд анхаарах

Унш:

Бизнес эрхлэгч бизнес нь хууль тогтоомж, дүрэм журамд нийцэж байгаа эсэхэд анхаарах ёстой. Хууль тогтоомж, дүрэм журам нь салбар, байршлаас хамааран өөр өөр байдаг. Бизнес эрхлэгч болгон өөрийн хууль эрх зүй, зохицуулалтын шаардлагын талаар (1) орон нутгийн, (2) муж, аймгийн, (3) улс орны болон (4) олон улсын түвшинд бодох ёстой.

4. Ажилчдадаа хөрөнгө оруулах

Унш:

Бизнестээ шинэ ажилтан авах нь том шийдвэр бөгөөд ажилд авах үйл явцыг зохион байгуулалттайгаар, залбиран байж авч үзэх ёстой. Амжилттай бизнес эрхлэгчид ажлын дэлгэрэнгүй тодорхойлолт ашиглан ажилд авах шийдвэрээ гаргадаг. Ажлын тодорхойлолт нь ажилд тавигдах шаардлагын тухай мөн шинэ ажилтанд байх шаардлагатай ур чадвар, мэдлэг, чадавхын талаарх мэдээллийг ажил горилогчид өгдөг.

Ярилц:

Яагаад ажилтанг ажилд авахад аргачлал, залбирал хоёрын аль аль нь хэрэгтэй байдаг вэ?

Унш:

Бизнесээ амжилттай явуулахын тулд ажилтнуудаа удирдан чиглүүлж, тусалж дэмжих нь нэн чухал. Удирдагч хүн бусдыг дагуулан, урамшуулан зоригжуулдаг. Удирдагч гэдэг нэрийг цол хэргэм, албан тушаалаар олж авдаггүй. Үүнийг ажилтнуудаа итгүүлэн ятгаж, урамшуулан зоригжуулж, хүссэн зорилгодоо хүрэхийн тул удирдан чиглүүлэх ур чадвараараа олж авдаг. Ажилтнуудаа урамшуулан дэмжих гэдэг нь тэдэнд өөрсдийн ур чадвар, хүсэл тэмүүллийг харуулж, хөгжүүлэх боломж олгохыг хэлдэг. Ухаалаг бизнес эрхлэгчид хувийн өсөлт хөгжлөөрөө бизнесийн өсөлт хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад ажилтнууддаа тусалдаг.

Ярилц:

Та хэрхэн одоогийн болон ирээдүйн ажилтнуудаа хүчирхэгжүүлж чадах вэ?

Унш:

Бизнес эрхлэгчийн хувьд та ажилтнуудаа хэрхэн ажилд авч, удирдаж байгаа байдлаараа удирдагч гэдгээ харуулж болно. Энэ хэсэгт гурван баримтлах зарчмыг тайлбарлана.

Эхний зарчим бол ажилд авахдаа удаан, ажлаас халахдаа хурдан байх явдал юм. Жишээлбэл, Вивианыг гэр цэвэрлэх бизнес эрхэлдэг гэж төсөөлье. Тэр яаралгүйгээр, ажлын дэлгэрэнгүй тодорхойлолт дээр үндэслэн хамгийн сайн тохирох ажил горилогчийг ажилд авахыг хичээдэг. Тэр бас ажил үүрэгтээ буюу бизнест нь сайн тохирохгүй гэдгээ харуулсан ажилтныг тэр даруй ажлаас халдаг. Аль нь ч байсан гэлээ, урт хугацааны хувьд авч үзэх юм бол Вивиан өөрийн ажилтнууд болон бизнест ашигтай шийдвэр гаргадаг.

Хоёр дахь баримтлах зарчим бол хангалттай сургалт явуулах явдал юм. Жишээлбэл, Нат нэртэй механик инженерийг хувийн бизнес эрхэлдэг гэж төсөөлье. Нат өөрийн ажилтан Майлст хувь хүний хөгжлийн төлөвлөгөө гаргахад тусалж, сургалтад хамрагдах боломжийг олгодог. Майлс шинэ ур чадвар эзэмшиж, сургалтад сууснаар удалгүй бизнесийнх нь хэд хэдэн чухал төслийг удирдан авч явах чадвартай болжээ. Үүний хариуд Натад бизнесээ өргөжүүлэхэд анхаарлаа илүү их хандуулах цаг гарах болсон.

Гурав дахь баримтлах зарчим бол сайн шалгаж, бага таамаглах явдал юм. Энэхүү зарчим нь ажилтнуудынхаа хэлэх, хийх бүх зүйлийг хянах хэрэгтэй гэсэн үг биш. Харин энэ нь тэдний юу хийж байгааг мөн тэдэнд хэрхэн туслахаа мэдэх ёстой гэсэн үг. Жишээлбэл, Цезарыг график дизаины бизнес эрхэлдэг гэж төсөөлье. Тэр ажилтнуудтайгаа дотно харилцдаг бөгөөд тэднээс асууж лавлаж, үгийг нь сонсож, удирдан чиглүүлж, хийж буй ажилд нь ойрхон байдаг.

Ярилц:

Эдгээр зарчим таны бизнест хэрхэн туслах вэ?

5. Зорилго тавьж, бизнесийн амжилтаа хэмжих

Унш:

Зорилго нь алсын хараагаа тодорхой харахад бидэнд тусалдаг алхам юм. Бид алсын хараагаа тодорхой хугацаанд хийж дуусах жижигхэн, өсөлттэй зорилгуудад хуваах юм бол алсын хараандаа хүрч чадна. ТХБАХ (SMART) гэсэн товчилсон үг нь дараах шинж чанарыг агуулсан зорилгууд тавихыг бидэнд сануулдаг:

  • Тодорхой: юунд хүрэх тухай дэлгэрэнгүй тайлбар орсон байна.

  • Хэмжигдэхуйц: өсөлт хөгжлийг хэмжих хэмжүүр, үзүүлэлтийг оруулсан байна.

  • Боломжтой: бодит бөгөөд хүрч болохуйц зорилго тавина.

  • Ач холбогдолтой: чухал бөгөөд урамшуулан зоригжуулах зорилго тавина.

  • Хугацаатай: хэзээ зорилгодоо хүрэх огноог заасан байна.

Бизнес эрхлэгчийн хувьд урт хугацааны алсын харааныхаа талаар бодож, үүнийгээ анхаарлаа төвлөрүүлж, тууштай байснаар хүрч болох жижигхэн зорилгуудад хуваа.

Унш:

Та өөрийн алсын харааг бодит амьдралд хэрэгжүүлэхийн тулд дараах үйлдлийг өдөр тутам тасралтгүй хий.

  • Өдөр бүр зорилго дээрээ тогтмол ажилла.

  • Өсөлт хөгжлөө дэлгэрэнгүй бичиж тэмдэглэ.

  • Уян хатан байж, шаардлага гарвал зорилгоо өөрчил.

Хэвлэх