Бие даасан байдал
8: Суралцах


“Бизнесийн бэлэн мөнгөний гүйлгээгээ зохицуулах: Суралцах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесийн бэлэн мөнгөний гүйлгээгээ зохицуулах: Суралцах”

Суралцах

Дээд талын хугацаа: 60 минут

1. Ашиг, бэлэн мөнгөний гүйлгээ хоёрын ялгаа

Унш:

Бизнест амжилт гаргахад өдөр бүр бүртгэл хөтлөх хэрэгтэй гэдгийг та мэдэж авсан. Бизнест орж ирсэн, төлбөр хийсэн бүх мөнгөө бүртгэлдээ тусгасан байх хэрэгтэй. Та мөн хэсэг хугацаанд бизнесийнхээ ашиг (алдагдлыг) хураангуйлан үзүүлдэг орлогын тайланг гаргаж сурсан.. Ашиг гэдэг нь зарлагаа орлогоосоо хассаны дараа бизнест үлддэг мөнгийг хэлнэ.

Ашиг бол чухал хэмжигдэхүүн. Энэ нь бизнес эрхлэгчийн анхааралдаа авах цорын ганц хэмжүүр биш юм. Бэлэн мөнгөний гүйлгээ нь өдөр бүр бизнес рүү тань орж, гардаг мөнгөний хөдөлгөөний хугацаан дээр төвлөрдөг хэмжигдэхүүн. Бэлэн мөнгөний гүйлгээ бол таны бизнесийн эх булаг юм. Таны бизнест бэлэн мөнгө байвал та өргөжин тэлэх, хөрөнгө оруулалт хийх, гэнэтийн асуудал эсвэл онцгой байдлын үед зориулан мөнгө хуримтлуулах боломжтой болдог.

Орлогын тайланд таны бизнес ашигтай мэт харагдаж болох ч төлбөрөө төлөх хангалттай бэлэн мөнгө байхгүй бол дампуурдаг. Бэлэн мөнгөний гүйлгээний асуудал бол бизнесийн уналтын гол шалтгаануудын нэг юм.

2. Бэлэн мөнгөний гүйлгээг ойлгох

Унш:

Хоёр төрлийн бэлэн мөнгөний гүйлгээ байдаг.

Эерэг мөнгөн гүйлгээ нь тодорхой цаг хугацаанд таны бизнест орж ирэх бэлэн мөнгөний нийт дүн таны бизнесээс гарч буй бэлэн мөнгөний нийт дүнгээс их байхыг хэлнэ. Та өөрийн мөнгөний эргэлтийг эерэг гүйлгээтэй байлгахыг хүсэх ёстой.

Сөрөг мөнгөн гүйлгээ нь тодорхой цаг хугацаанд таны бизнест орж ирэх бэлэн мөнгөний нийт дүн таны бизнесээс гарч буй бэлэн мөнгөний нийт дүнгээс бага байхыг хэлнэ. Энэ нь эрсдэлтэй, хүсмээр зүйл биш бөгөөд аль болох хурдан хугацаанд бэлэн мөнгө хуримтлуулж, зардлаа багасгах арга хэмжээ авч шийдвэрлэх ёстой.

Бэлэн мөнгөний гүйлгээний дарамтыг мөн бизнес эрхлэгч тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж болохыг ойлгохын тулд гурван өөр жишээг авч үзэцгээе. Бизнесээ тухайн сард 300 бэлэн мөнгөтэй эхлүүлж байна гэж төсөөлөн бод. Бизнес нь ихэвчлэн даваа гараг бүр 200, лхагва гараг бүр 200-г хүлээн авдаг. Мөн баасан гараг бүр 300-г төлдөг. Доорх А жишээн дээр гурван долоо хоногийн туршид орж гарсан бэлэн мөнгөний гүйлгээний эргэлтийг харуулсан. Бизнест орж, гардаг мөнгөний загварыг урьдчилан харж болно.

А жишээ: Хамгийн сайн бэлэн мөнгөний гүйлгээ

Зураг
Хамгийн сайн бэлэн мөнгөний гүйлгээ

Харамсалтай нь бүх бизнест гэнэтийн бэрхшээл тохиолдож, зогсоход хүрч болдог. Доорх Б жишээн дээр бизнес нь сөрөг мөнгөн гүйлгээнд бэлэн бус байвал юу болохыг үзүүлдэг. Энэ тохиолдолд хоёр үйлчлүүлэгч төлбөрөө төлөөгүйгээс болж авлага (мөн муу өр ч гэж нэрлэдэг) 400-д хүрсэн. Бизнес эрхлэгч ажилчдынхаа цалинг энэ мөнгөөр төлнө гэж найдаж байлаа. Үүнээс гадна бизнест яаралтай төлөх хэрэгтэй гэнэтийн зардал гарсан байв.

Б жишээ: Сөрөг мөнгөн гүйлгээ—бэлтгэлгүй байх

Зураг
Сөрөг мөнгөн гүйлгээ: Бэлтгэлгүй байх

Доорх В жишээ нь Б жишээтэй адил гэнэтийн бэрхшээл тохиолдож, зогсонги байдалд орсныг харуулна. Гэхдээ энд бизнес эрхлэгч нь бэлтгэлтэй байгаа. Тэр бизнесийн үйл ажиллагаагаа зогсоохгүйн тулд зээлийн шугамаа ашигладаг. Тэр мөнгө орж ирэнгүүт зээлийн шугамынхаа балансыг нөхөн төлдөг.

Д жишээ: Сөрөг мөнгөн гүйлгээ—бэлтгэлтэй байх

Зураг
Сөрөг мөнгөн гүйлгээ рүү орж болзошгүй

Ярилц:

Эдгээр жишээ нь мөнгөний гүйлгээг зохицуулахад гарч ирдэг бэрхшээлүүдийн талаар юу зааж байна вэ?

Унш:

Бизнес эрхлэгчид бэлэн мөнгөний гүйлгээний асуудалд орох нь элбэг тохиолддог. Тэдгээр асуудлын заримыг оруулав.

  • Шинэхэн бизнесийн хувьд, зээлээр авах, төлбөр төлөхөд хүндрэл учирдаг.

  • Өргөжин тэлэх боломж нь боломжит бэлэн мөнгөний хэмжээг багасгадаг.

  • Бараа, бүтээгдэхүүнтэй байх нь бэлэн мөнгийг түгждэг.

  • Үйлчлүүлэгчид зээлээр төлөх нь орж ирэх бэлэн мөнгийг хойшлуулдаг.

  • Зээлээр төлбөр хийдэг бизнесүүдэд борлуулах нь орж ирэх мөнгийг хойшлуулдаг.

  • Улирлын шалтгаанаар борлуулалтын хэмжээ хэлбэлзэх нь бэлэн мөнгөний тань хэмжээг хамгийн дээд, эсвэл хамгийн доод цэгт аваачдаг.

  • Гэнэтийн зардал

  • Үйлчлүүлэгч төлбөрөө төлөхгүй байх (муу өр)

Ярилц:

Таны бизнесийн бэлэн мөнгөний гүйлгээнд ямар бэрхшээл тулгарч болзошгүй гэж та бодож байна вэ?

3. Бэлэн мөнгөний гүйлгээг сайжруулах стратеги

Унш:

Эерэг бэлэн мөнгөний гүйлгээний эргэлтийг бий болгож, гэнэтийн бэрхшээл, зогсонги байдалд бэлтгэлтэй байхын тулд та олон зүйл хийх болно. Жишээлбэл, та салбарынхаа стандарт төлбөрийн нөхцөл юу болохыг судалж болно. Зарим салбарт борлуулагчид 90 болон үүнээс дээш хугацаа өнгөрсний дараа төлбөр төлдөг. Харин зарим салбарт 30 хоногийн дотор төлбөр төлөхийг шаарддаг. Салбарынхаа стандарт төлбөрийн нөхцөлийг ойлгосон бол өөрийн бизнест илүү сайн тохирсон нөхцөлийг хэлцэн тохирч болно.

Ярилц:

Ихэвчлэн бизнес эрхлэгчид бэлэн мөнгийг аль болох хурдан авч, цуглуулах мөн бэлэн мөнгө гаргахаа аль болох хойшлуулахыг хүсдэг. Өнгөцхөн харахад энэ нь Аврагчийн “Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд” (Maтай 7:12) гэсэн сургаалтай зөрчилдөж байгаа мэт санагдаж болно. Бизнес эрхлэгчийн хувьд та эдгээр зарчмыг хэрхэн дагаж болох вэ?

Унш:

Та өөрийн бизнест эерэг бэлэн мөнгөний гүйлгээний эргэлтийг бий болгохын төлөө ажиллахдаа үйл ажиллагаагаа зөв шударга явуулах нь чухал. Салбарын тань төлбөрийн нөхцөл юу болохыг ойлгохыг хичээх хэрэгтэй. Төлбөрийн стратегиа хэрэгжүүлэхдээ ухаалаг бай. Бизнестээ ашигтай төлбөрийн нөхцөлийг бий болго. Төлбөрийн стратегиа гаргасныхаа дараа өөрийн хүлээлтийг тодорхой ойлгуулж, өгсөн бүх амлалтаа биелүүл.

4. Бэлэн мөнгөний гүйлгээгээ идэвхтэй зохицуулах

Унш:

Бизнесийн дансаа үе үе шалгаж, байгаа мөнгөө хүрэлцэнэ байх гэж найдах нь хангалтгүй. Та бизнесийнхээ бэлэн мөнгөний гүйлгээг бас идэвхтэй зохицуулах хэрэгтэй.

Амжилттай бизнес эрхлэгчийн хувьд та ямар ч үед танай бизнест байх боломжтой бэлэн мөнгөний хэмжээг мэддэг байх ёстой. Бэлэн мөнгөний гүйлгээг зохицуулахдаа банкны тайланд бүү найд. Таны банкин дахь дансны үлдэгдэлд ханган нийлүүлэгч рүү гарч, үйлчлүүлэгчдээс орж ирж буй төлбөр тусгагддаггүй.

Та бэлэн мөнгөний гүйлгээний төлөвлөгөө гаргаж, байнга шинэчилдэг байх хэрэгтэй. Өмнө нь тайлбарласнаар, бэлэн мөнгөний гүйлгээ бол тодорхой хугацаанд бизнест орж, гарсан бэлэн мөнгөний хугацаа, хэмжээ юм. Таны төлөвлөгөө дараагийн хэдэн сард хэр хэмжээний бэлэн мөнгөний гүйлгээг хүлээж байгааг тань харуулах ёстой. Таны төлөвлөгөө 100 хувь зөв байхгүй. Гэхдээ та сарын орлого, хувьсах болон тогтмол зардлаа багаар тооцоолж сурах нь нэн чухал.

Бизнесийн эерэг мөнгөн гүйлгээ нь аяндаа болчихдог зүйл биш юм. Шаргуу хөдөлмөрлөж, нягт нямбай төлөвлөж байж үүнд хүрдэг. Хэрэв та бэлэн мөнгөний одоогийн байдал мөн ирээдүйн төлөвлөлтөө мэдэж байвал бизнесээ амжилтад хүргэж, өргөжүүлэн тэлэхэд туслах шийдвэрүүдийг гаргаж чадна. Амжилттай бизнес эрхлэгчид гэнэтийн зардалд зориулан мөнгөн сан үүсгэдэг бөгөөд ихэвчлэн төлөвлөгөөнд тусгагдсан бэлэн мөнгөний гүйлгээний хэрэгцээн дээрээ үндэслэн зээл авдаг.

Хэвлэх