Бие даасан байдал
3: Суралцах


“Бизнесээ ашигтай байлгахад анхаарах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесээ ашигтай байлгахад анхаарах”

Суралцах

Дээд талын хугацаа: 70 минут

1. Би энэ бизнесийг эрхлэх байсан уу?

Үз:

“Би энэ бизнесийг эрхлэх байсан уу?” видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол энэ бүлгийн төгсгөл дэх бичвэрийг уншина уу.)

Ярилц:

Та энэ бизнесийг эрхлэх байсан уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?

2. Хувийн бизнесийн төлөвлөгөөгөө сайжруулах

Унш:

Та өдөр бүр бизнесээ сайжруулахын тулд ажиллах ёстой. Байнга үнэлгээ хийж, өсөлт хөгжил, асуудлаа бүлгийнхэнтэйгээ хуваалц.

3. Хувьсах ба тогтмол зардлыг ойлгох

Унш:

“Нөөц боломжуудаа мэдэх; зардлаа зохицуулах” (энэ хэсгийн төгсгөлд байх бичвэрийг уншина уу)

Ярилц:

Та Антониогийн гутал засварын бизнесийн талаарх харилцан ярианаас ямар зарчмын талаар сурч мэдсэн бэ?

Унш:

Бизнес эрхлэхэд хувьсах болон тогтмол зардал гэсэн хоёр үндсэн зардал гардаг.

Хувьсах зардал: Бизнесийн үйлдвэрлэл, борлуулалтаас шалтгаалан зарим нөөц боломжийн өртөг зардал өөр өөр байдаг. Эдгээр нөөц боломжийг ихэвчлэн борлуулсан бүтээгдэхүүний өртөг гэж нэрлэдэг. Тэдгээрийг мөн хувьсах зардал гэдэг тул бид бүлэгтээ энэ нэр томьёог ашиглана. Хувьсах зардлын нийтлэг жишээ бол үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулахад гардаг ажлын хөлс, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд шаардагдах материал, тээвэрлэлтийн гэх мэт зардал ордог.

Тогтмол зардал: Бизнесийн үйлдвэрлэл, борлуулалтаас үл хамааран зарим зардлын өртөг зардал өөрчлөгддөггүй. Тэдгээрийг тогтмол зардал гэж нэрлэдэг. Тогтмол зардлын нийтлэг жишээнд түрээс, зээлийн төлбөр, цалин хөлс, ус, цахилгааны төлбөр, даатгал орж болно. Бизнес эрхлэгчид шинэ тогтмол зардлыг нэмэхдээ сайтар бодож, болгоомжлох ёстой.

Татвар нь төрөөс болон бусад байгууллагаас ноогдуулдаг нэмэлт зардал юм. Бизнес эрхлэгчийн хувьд татварын төлбөрөө судалж, ойлгосон байх ёстой бөгөөд бизнесийн боломж тань ашигтай байвал төлөх хэрэгтэй.

Марк Бэйлигийн хувийн бизнесийн төлөвлөгөөг (хавсралтад буй) нээгээд, түүний бизнест ямар ямар нөөц боломж хэрэгтэй байгааг олж хар.

4. Нийт ашгийн түвшин ба цэвэр ашгийн түвшин гэж юу болохыг ойлгох

Унш:

Ашиг гэдэг нь борлуулалтын орлогоос зардлыг (ихэвчлэн зарлага хэмээх) хассаны дараа бизнест үлдсэн мөнгийг хэлнэ. Үүнийг дараах байдлаар тооцоолж гаргана.

Зураг
Бизнесийн ашгийг тооцоолж гаргах

Хоёр төрлийн ашиг байдаг. Үүнд: нийт ашиг болон цэвэр ашиг. Нийт ашгийг дараах байдлаар тооцоолж гаргана.

Зураг
Нийт ашгийг тооцоолж гаргах
Зураг
Нийт ашгийн хүснэгт

Цэвэр ашгийг дараах байдлаар тооцоолж гаргана.

Зураг
Цэвэр ашгийг тооцоолж гаргах
Зураг
Цэвэр ашгийг тооцоолж гаргах

Зөвхөн бизнест орж ирж байгаа нийт болон цэвэр ашгийг мэдэх нь хангалтгүй. Бизнес тань амжилттай байгааг мэдэхийн тулд та мөн ашгийн түвшингээ мэдэх ёстой. Ашгийн түвшин гэдэг нь энгийн аргаар тооцоолж гаргасан хувь хэмжээ юм. Энэ хувь хэмжээ нь таны бизнесийн ашигт байдлыг харуулдаг.

Нийт ашгийн түвшин гэдэг нь хувьсах зардлыг борлуулалтын орлогоос хассаны дараа бизнест үлддэг мөнгөний хувь хэмжээ юм. Та үүнийг дараах байдлаар тооцоолж гаргана.

Зураг
Нийт ашгийн түвшинг тооцоолж гаргах

Нийт ашгийн түвшин таны бизнес ашигтай ажиллаж байгаа эсэхэд үнэлгээ хийхэд тусалдаг тул чухал юм.

Унш:

Цэвэр ашгийн түвшин гэдэг нь хувьсах болон тогтмол зардлыг хоёуланг борлуулалтын орлогоос хассаны дараа бизнест үлддэг мөнгөний хувь хэмжээ юм. Та үүнийг дараах байдлаар тооцоолж гаргана.

Зураг
Цэвэр ашгийн түвшинг тооцоолж гаргах

Цэвэр ашгийн түвшин нь бизнест эргүүлэн хөрөнгө оруулах мөнгө эсвэл бизнесийн эзэн танд эргүүлэн өгөх мөнгөний хувь хэмжээг харуулдаг тул чухал юм.

Унш:

Амжилттай яваа бизнесийн ихэнх нь нийт ашгийн түвшин 50 ба түүнээс дээш хувьтай, харин цэвэр ашгийн түвшин нь 10 ба түүнээс дээш хувьтай байдаг. Тэд мөн үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ их, бизнес нь өргөжиж тэлэх боломж бололцоо өндөртэй зах зээлд үйл ажиллагаа явуулдаг.

5. Өөрийн цагийн үнэлгээг тооцоолох

Унш:

Ихэнх бизнес эрхлэгч өөрсдийн цагийн үнэлгээг сайн тооцоолдоггүй. Үйлчилгээ үзүүлж, бүтээгдэхүүн гаргахдаа зарцуулдаг хөдөлмөрийн хөлсөө тооцоолоход анхаар. Цагийн үнэлгээ гэдэг нь өөрийн тань цагийн үнэлгээ (эсвэл хүмүүсийн үзүүлсэн тусламжид төлдөг мөнгө) юм.

Ярилц:

Маш сайхан хөнжил гараараа оёдог бизнес эрхлэгч байна гэж төсөөл. Хэдийгээр хөнжил хийх материал үнэтэй биш ч нэг хөгжилд 60 цаг зарцуулдаг.

  • Хэрэв бизнес эрхлэгч нэг хөнжлийг 150-аар зардаг бол хөнжлийг хийхэд зарцуулдаг хөдөлмөрийн үнэлгээ хэд байх вэ? (150 ÷ 60 цаг = цагт 2.50)

  • Боломж бололцоог харгалзан үзэх юм бол бизнес эрхлэгчийн хувьд энэ байдлаар цагаа зарцуулах нь ашигтай юу?

6. Миний үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнэ

Унш:

Таны үнэ гарах зардал болон хүсэж буй ашгийг шингээсэн байх ёстой. Гэхдээ зардал, ашиг хоёр үнэ тогтоодоггүй. Үйлчлүүлэгч таны үзүүлэх үйлчилгээ, зарах бараа бүтээгдэхүүнд хэдийг төлөх бол гэдэг дээр үндэслэн үнээ тогтооно. Гэхдээ таны зарах үнэд өрсөлдөгчид, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний чанар нөлөөлдөг.

Та өөрийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, өвөрмөц онцлог шинж дээр нь ажиллах хэрэгтэй. Энэ нь улмаар өрсөлдөгчөөсөө өндөр үнээр зарах боломж бололцоог нээж өгнө.

Хэрэв үйлчлүүлэгчийн төлөхөд бэлэн мөнгө таны бизнест хангалттай үр ашиг өгөхгүй бол гарах зардлаа бууруулах арга замыг эрэлхийлбэл зохино. Зарим арга зам нь (1) хямд үнээр бөөнөөр худалдан авах, (2) илүү ашигтай үнээр авахын тулд хэд хэдэн бараа нийлүүлэгчээс татаж болох явдал юм. Хэрэв та зардлаа багасгаж чадахгүй байвал бизнесийн өөр боломж бололцоог эрэлхийлэх хэрэгтэй.

7. Миний бизнес ашигтай байна уу?

Унш:

Та ашгийн түвшин сайтай, ашигтай байж болох бизнесийн боломж сонгосон байж болно. Гэхдээ ашиггүй буюу зарцуулсан цагийн үнэлгээтэй нь дүйцэхүйц хангалттай ашиг олохгүй бизнесийн боломж сонгосон бол өөр боломж бололцоог олж харахад бэлэн бай.

Үүнээс гадна тэрхүү бизнесийн боломж тань бие даасан байх боломжийг танд олгох уу? Энэ нь таныг болон гэр бүлийг тань тэжээж тэтгэх мөн бусдад үйлчлэх боломжийг олгодог уу? Үгүй бол өөр боломж бололцоог судлахад бэлэн бай. 2-р бүлэг дэх материалыг үзээд, таны сонирхол, өрсөлдөх давуу тал болох ур чадварт тань таарсан үйлчлүүлэгчдийн хангагдаагүй эрэлт хэрэгцээг бодож үз.

Хэвлэх