Бие даасан байдал
9: Суралцах


“Бизнесээ өргөжүүлэх: Суралцах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесээ өргөжүүлэх: Суралцах”

Суралцах

Дээд талын хугацаа: 60 минут

1. Бизнесээ өргөжүүлэх гурван арга зам

Унш:

Таны бизнес ашигтай үйлчилгээ үзүүлж, бүтээгдэхүүнээр хангаж, тогтвортой амжилтад хүрсэн бол бизнесээ өргөжүүлэн тэлэхэд бэлэн болсон байж болно. Та бизнесээ өргөжүүлэхийг эхнээсээ төлөвлөсөн эсвэл энэ нь таны шаргуу хөдөлмөр, тууштай байсны ач гавьяа ч байж болох юм. Ихэнх бизнес эрхлэгч доорх гурван арга замаар бизнесээ өргөжүүлдэг. Энэ бүлэгт бид тэдгээр арга замыг дэлгэрэнгүй авч үзнэ.

Зураг
Бизнесээ өргөжүүлэх гурван арга зам

2. Үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ өргөжүүлэх

Унш:

Бизнесээ өргөжүүлэх нэг үр дүнтэй арга бол зорилтот үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тааруулан нэмэлт үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн гаргах явдал юм. Шинэ үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн нь бизнесийн тогтвортой байдалд тань туслах нэмэлт орлогыг бий болгодог. Зарим жишээнд доорх зүйлс орж болно.

Зураг
Үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ өргөжүүлэх дөрвөн арга зам

Эдгээр жишээн дэх өргөжүүлсэн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн бүр үндсэн бизнестэй нийцсэн байгааг анхаарна уу.

3. Зорилтот зах зээлээ өргөжүүлэх

Унш:

Бизнесээ өргөжүүлэхэд туслах өөр нэгэн арга зам бол зорилтот зах зээлийнхээ хэмжээг өргөжүүлэх явдал юм. Энэ нь танд үйлчлүүлэгчдээ илүү их анхаарал тавьж, ярилцах боломжийг олгох бөгөөд илүү их бизнесийн боломж руу хөтлөх магадлалтай. Зорилтот зах зээлээ өргөжүүлэх зарим арга замыг үзүүлэв.

Зураг
1 дэх зорилтот зах зээлийг өргөжүүлэх зургаан арга зам
Зураг
2 дахь зорилтот зах зээлийг өргөжүүлэх зургаан арга зам

Ярилц:

  • Та эдгээр сонголтоос аль нэгийг хэрэгжүүлэхийнхээ өмнө ямар хүчин зүйлсийг судалж, бодож үзэхийг хүсэж байна вэ?

  • Та өргөжүүлэх явцдаа бизнесийнхээ үндсэн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг хэрхэн хэвээр авч үлдэх вэ?

4. Зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхийн тулд өрсөлдөх

Унш:

Та зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхийн тулд өрсөлдөх замаар бизнесээ өргөжүүлж бас болно. Бизнес эрхлэгчид өөрсдийн өрсөлдөх давуу тал дээр анхаарлаа төвлөрүүлж, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах мөн үйлчлүүлэгчдийг өөртөө татах замаар үүнийг хийдэг. Жишээлбэл, кино театрын эзэн тав тухтай сандал, өндөр чанартай хоолны сонголтод хөрөнгө оруулснаар бусад театрт очдог хүмүүсийг өөртөө татаж болох юм.

5. Өсөж хөгжих боломж бололцоог бүрэн ашиглах

Унш:

Сая та бизнесээ өргөжүүлэх гурван арга замын талаар сурч мэдлээ. Хэрэв та бизнесээ өргөжүүлэхийг хүсэж байвал өргөжүүлэн тэлэх боломж бололцоог идэвхтэй эрэлхийлж байх хэрэгтэй. Амжилттай бизнес эрхлэгчид үйлдэл хийснээр суралцдаг (С ба Г 58:26–28-ыг үзнэ үү). Тэд бизнесээ өргөжүүлэх шинэ боломж бололцоог авч үзэхдээ ухаалаг хандаж, нэмэлт эх сурвалж, тулгарч болох асуудлыг сайтар судалдаг. Гэхдээ тэд туршиж үзэх, алдаа гаргахаас айдаггүй. Алдаа нь тэднийг илүү хүчтэй болгож, зорилгодоо хүрэх замыг нь ойртуулдаг мөн сурч боловсрох явцыг нь хурдасгаж өгдөг боломж гэж тэд үздэг. Шаардлага гарвал тэд үйлчлүүлэгчдийн байнга өөрчлөгддөг хэрэгцээг хангахын тулд бизнесийн үндсэн чиглэлээ бага зэрэг өөрчлөх зоригтой байдаг.

Зураг
Машины зогсоол будаж буй хүн

Ярилц:

Машины зогсоолын зурааснуудыг арилган буддаг бизнес эрхлэгч байна гэж төсөөлөн бод. Тэр бизнесийн үндсэн чиглэлээ бага зэрэг өөрчилснөөр өөр олон ажил орж ирэх юм байна гэж дүгнэжээ. Тэрээр үйлчлүүлэгчидтэй ярилцсаны дараа, бизнес нь хуучин зурааснуудыг хараар будаж арилгахаас гадна зогсоолын хашлага, хурд сааруулагч тавьдаг байвал тэд мөнгө нэмж төлөхөд бэлэн байгааг олж мэдэв. Тэр сайтар дүн шинжилгээ хийснээр санхүүгийн хувьд ашигтай юм байна гэж тооцоолон, шинэ боломжуудыг ашиглахаар шийджээ.

  • Бизнесийн үндсэн чиглэлээ өөрчлөхөд ямар боломж бололцоо, асуудал гарч ирэхийг та ажигласан бэ?

6. Хувийн хуримтлалаа өсгөн нэмэгдүүлэх дадал хэвшлийг бий болгох

Унш:

Хэрэв та хувийн хуримтлалтай бол энэ нь бизнесээ өргөжүүлэх чадварт тань ихээхэн тус болно. Амжилттай бизнес эрхлэгчид үргэлж мөнгө хуримтлуулж байдаг нь тэдний онцлог шинж чанар юм. Бидэнд аравны нэг болон бусад өргөл өгөхийг зөвлөдөг. Дараа нь бид мөнгөнийхөө нэг хэсгийг хуримтлалдаа хийх замаар өртөө цалин хөлс өгөх ёстой.

Хуримтлалдаа мөнгө хийх нь гэнэтийн асуудал, урьдчилан тооцоолоогүй хэрэгцээ гарч ирэхэд нэмэр болдог. Энэ нь мөн сэтгэл санааны хувьд тайван байх, амьдралд шийдвэр гаргахдаа уян хатан хандах мөн бизнесээ өргөжүүлэх нөөц бололцоотой байх боломжийг олгодог. Хэдийгээр хуримтлалтай болох олон арга зам байдаг ч тэдгээрийн хамгийн чухал нь өдөр бүр хадгаламждаа мөнгө хийх явдал юм.

Техник технологи танд хуримтлалдаа мөнгө хийхэд тусална. Та цалингаас тань автоматаар мөнгө суутгадаг эсвэл харилцах данснаас хадгаламжийн данс руу чинь шууд шилжүүлдэг үйлчилгээг авч болно. Автоматаар мөнгө суутгадаг эсвэл шилжүүлдэг байх нь хуримтлал үүсгэх ажлыг хялбарчилдаг. Хуримтлалтай болох өөр бодит арга замыг оруулав. Үүнд:

  • Онцгой нөхцөл байдалд зориулсан нөөцтэй болох

  • Төсөв зохиох

  • Богино хугацаанд хуримтлал үүсгэх зорилго тавин ажиллах

  • Татварын буцаан олголт, төрсөн өдрийн мөнгө, бонус, өвлөн авсан гэх мэт мөнгөө тэр чигээр нь хадгаламждаа хадгалах

  • Номлол, боловсрол, тэтгэвэр, бизнесийн боломж эсвэл өөр бусад хувийн зорилгодоо зориулан хадгаламжийн данс нээх

  • Бэлэн эсвэл задгай мөнгө хуримтлуулах

Ярилц:

Хуримтлал тогтмол үүсгэхэд ямар арга зам танд хамгийн сайн тохирч байсан бэ?

7. Шаардлагагүй зардлыг хасах

Унш:

Боломжийн ашгийн түвшнээ барьж үлдэхийн тулд бизнес эрхлэгчид харьцангуй бага мөнгөөр үйл ажиллагаагаа явуулж сурдаг. Амжилттай бизнес эрхлэгчид маш арвич хямгач байдаг ба аль зардал ашигтай, аль нь ашиггүй гэдгийг маш сайн тодорхойлж чаддаг. Заримдаа тэд зардлынхаа хэдэн хувийг хасах зоригтой алхам хийж, бүтээлч хандлагаар хуримтлал үүсгэх бодит арга замыг олдог. Бизнес эрхлэгчдийн зардлаа үр ашигтай зохицуулдаг зарим бодит арга замыг үзүүлэв.

Зураг
Авхаалж самбаатай бай шигтгээ зураг

Авхаалж самбаатай бай: Багаж хэрэгсэл, бараа материалыг хуваалцаж, дахин ашигла; шинээр худалдаж авахын оронд хуучин зүйл худалдаж авахад бэлэн бай.

Жишээлбэл, график дизайны газар оффисийн хуучин тавилгууд дундаас өөрсдийн хэрэгцээнд нийцсэн тавилгуудыг сонгож авсан.

Зураг
Анхаарлаа төвлөрүүл шигтгээ зураг

Анхаарлаа төвлөрүүл: Хамгийн их ашиг орлого оруулдаг нэн чухал ажил үүрэг, төсөл дээрээ анхаарлаа төвлөрүүлэхэд цагийг үр дүнтэй ашигла.

Жишээлбэл, инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани хамгийн ашигтай гурван үйлчилгээн дээрээ анхаарч ажилладаг.

Зураг
Техник технологийг ашигла шигтгээ зураг

Техник технологийг ашигла: Бүтээмжийг нэмэгдүүлэн, харилцааг сайжруулж, зардлыг хасахын тулд техник технологи ашигла.

Жишээлбэл, аяллын зардлаа хасахын тулд программ хангамж боловсруулан гаргадаг компани зардал багатай видео болон теле хурал хийх үйлчилгээг авч ашигладаг.

Зураг
Худалдан авах чадварыг ашигла шигтгээ зураг

Худалдан авах чадварыг ашигла: Олон газраар явж, үнийн тооцоог хэд хэдэн газраас авч, хамгийн боломжийн үнээр авахын тулд ярилцаж тохирох эсвэл бөөнөөр худалдан ав.

Жишээлбэл, савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар боломжит арьс нийлүүлэгчдээс үнийн саналаа явуулахыг хүссэн.

Хэвлэх