Бие даасан байдал
2: Суралцах


“Үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлагыг шийдэх: Суралцах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлагыг шийдвэх: Суралцах”

Суралцах

Дээд талын хугацаа: 70 минут

1. Хүмүүс яагаад худалдан авдаг вэ?

Үз:

“Хүмүүс яагаад худалдан авдаг вэ?” видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол энэ бүлгийн төгсгөл дэх бичвэрийг уншина уу.)

Ярилц:

Та хүмүүс яагаад худалдан авдаг талаар юу сурсан бэ?

2: Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, шийдвэрлэж сурах

Унш:

Амжилттай бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлагыг ойлгож, шийдвэрлэхийг эрэлхийлдэг. Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг ойлгох нь асар их хүчин чармайлт, цаг зав, цөхрөлтгүй байхыг шаарддаг төгсгөлгүй аялалтай адил. Таны үйлчлүүлэгчийн хэрэгцээ хэсэг хугацааны дараа өөрчлөгдөх тул тэдгээрийг шийдвэрлэхийн тулд бизнесээ үргэлж тэдгээрт тааруулж тохируулах хэрэгтэй. Та шинээр бизнес эхлүүлэх гэж байна уу эсвэл одоо бизнес эрхэлж байна уу гэдгээс үл хамааран үүнтэй тулгарна. Энэ хэсэгт үзсэн зүйлс танай үйлчлүүлэгчдэд байж болох янз бүрийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж сурахад танд тусална.

Зураг
Зөөврийн компьютер хэрэглэж буй эмэгтэй, эрэгтэй хүн

Унш:

Бизнесийн бодит боломжийг олохын тулд та хүмүүсийн мөнгө төлөхөд бэлэн байгаа хэрэгцээг хангах эсвэл асуудлыг нь шийдэх ёстой. Таны үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд хүмүүс мөнгө төлөхөд бэлэн байгаа эсэхийг тодорхойлохын тулд та тэдэнтэй энэ талаар ярилцах хэрэгтэй. Үйлчлүүлэгч болох боломжтой хүмүүстэй ярилцсанаар таны үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээтэй эсэх мөн борлуулалт нь бизнест амжилт олоход шаардагдах хэмжээнд байгаа эсэхийг дүгнэж чадна. Үйлчлүүлэгчдийн санал хүсэлт бизнесийн санаагаа боловсруулан сайжруулахад мөн тусална.

Цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулахаасаа өмнө бизнесийн санаагаа үйлчлүүлэгчид дээр туршиж, зах зээл байгаа эсэхийг олж мэд. Ихэнх бизнес эрхлэгч амжилтад хүрэх боломжтой зөв санаагаа олохын өмнө бизнесийн санаа, цаадах нарийн ширийн мэдээллийг олон удаа сайжруулж, боловсронгуй болгох хэрэгтэй болдог.

Хэрэв хүмүүс таны үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг сонирхохгүй эсвэл мөнгө төлөх хүсэлгүй байвал өөр санаа олж эхэлсэн нь дээр. Амжилт олох магадлал багатай санаанд үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийх хэрэггүй.

Бизнес санаагаа үнэлж дүгнэхийн тулд та үйлчлүүлэгч байж болох хүмүүстэй ярилцахаас гадна судалгаа хийх ёстой. Их Эзэн “Чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой” (С ба Г 9:8) хэмээн зөвлөсөн. Хэрэв хүмүүс таны үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд мөнгө төлөхөд бэлэн байвал энэ нь сайн эхлэл ч гэлээ та санаагаа үргэлжлүүлэн туршиж, боловсронгуй болгосоор байх ёстой. Өрсөлдөгчид тань юу хийж байгааг судал. Онлайнаар мэдээлэл хайж, тухайн салбартай холбоотой мэдээллийг уншиж бай. Өөрийн сонирхож буй бизнесийн талаар мэдэх мэргэжилтнүүдтэй ярилц. Эдгээр үйлдэл нь бизнесийн орчинг ойлгож, гарч болзошгүй эрсдэл, боломж бололцоог ойлгоход танд тусална. Мөн гаргасан хичээл зүтгэл тань бизнесийн санаагаа бодит мэдээлэл, мэдлэг, өгөгдөл дээр тулгуурлан боловсруулж, сайжруулахад тусална.

3. Өөрчлөлтийг ажиглаж, гарсан боломжийг ашиглах

Унш:

Өөрчлөлт бидний эргэн тойронд үргэлж гарч байдаг. Олон хүн өөрчлөлтөөс айдаг. Гэвч өөрчлөлт нь үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээг хангаж, асуудлыг шийдвэрлэх боломжийг нээж өгдөг тул амжилттай бизнес эрхлэгчид үүнийг нааштай хүлээн авдаг. Тэд үргэлж өөрчлөлт, чиг хандлагыг ажиглаж, урьдчилан мэдэрдэг. Тэд мөн эдгээр боломжийг хурдан ашигладаг.

Бизнес эрхлэгчдийн анхааралд байдаг зарим өөрчлөлтөд дараах зүйлс ордог. Үүнд:

  • Хүн ам зүйн өөрчлөлт. Эдгээр нь хүйс, нас, арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэг, хэл, орлого, боловсрол болон бусад хүчин зүйл дээр үндэслэсэн хүн амын дунд хийгдэж буй шилжилт юм.

  • Хууль эрх зүйн байгууллага буюу засгийн газраас хийгдэж буй өөрчлөлтүүд. Эдгээр нь эрх бүхий байгууллагаас гаргасан хууль тогтоомж, дүрэм журам, тушаалаас үүдэлтэй өөрчлөлт юм.

  • Техник технологийн өөрчлөлт. Эдгээр нь бүтээмжийг сайжруулдаг буюу өөр ашиг тусыг авчирдаг шинэ нээлт, бүтээл юм.

  • Соёлын өөрчлөлт. Эдгээр нь хүмүүсийн зан байдалд нөлөөлдөг үнэт зүйлс, жишиг, итгэл үнэмшлийн өөрчлөлт юм.

4. Өөрийн сонирхлыг олж мэдэн, туршлага дээрээ тулгуурлах

Унш:

Тэнгэр дэх Эцэг маань бид бүхэнд олон бэлэг өгсөн (С ба Г 46:11-ийг үзнэ үү). Амжилттай бизнес эрхлэгчид ихэвчлэн өөрсдийн авьяас билэг, хүсэл, сонирхолтой нийцсэн бизнес эрхэлдэг. Ихэвчлэн тэдний үндсэн сонирхол мөнгө биш, харин асуудлыг шийдвэрлэх буюу хамгийн их санаа тавьдаг хэрэгцээг хангах явдал байдаг. Эдгээр бизнес эрхлэгчид эерэг өөрчлөлт хийхэд ихэд санаа тавьдаг тул ихэвчлэн чөлөөт цагаа бизнесийнхээ талаар бодож өнгөрүүлдэг. Ийм зорилготой байх нь бизнесээ чанартай мөн шилдэг нь байлгахыг эрхэмлэн, хүнд хэцүү үед тэсвэр хатуужилтай, шийдэмгий байхад тусалдаг.

Амжилттай бизнес эрхлэгч нь хийж байгаа бизнесийнхээ салбарт юм уу холбогдох салбарт ажиллаж байсан туршлагатай эсвэл тухайн салбарын үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан хүн байдаг. Энэ туршлага нь бизнес эрхлэгчид өрсөлдөгч, чухал харилцаа холбоо болон үйлчлүүлэгчдийн асуудал, хангагдаагүй хэрэгцээ шаардлагын талаарх мэдээллийг өгдөг.

Үз:

“Хангагдаагүй хэрэгцээ шаардлага” видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол энэ бүлгийн төгсгөл дэх бичвэрийг уншина уу.)

5. Миний бизнест өрсөлдөх давуу тал байна уу?

Унш:

Бүх бизнест өөрийн гэсэн өрсөлдөгч байдаг тул таны бизнес ашиг орлоготой байж, үйлчлүүлэгчдээ авч үлдэхийн тулд өрсөлдөх давуу талтай байх ёстой. Өрсөлдөх давуу талтай байхын тулд таны бизнес өрсөлдөгчөөс тань өөр эсвэл илүү сайн байх ёстой. Ихэвчлэн өрсөлдөх давуу тал нь таны үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг хуулбарлахад амаргүй саадыг өрсөлдөгчийн тань өмнө бий болгодог.

Үз:

“Өрсөлдөх давуу тал” видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол энэ бүлгийн төгсгөл дэх бичвэрийг уншина уу.)

Ярилц:

Та өөрт байгаа өрсөлдөх давуу талаа хэрхэн олж мэдэх талаар энэ видео бичлэгээс юу мэдэж авсан бэ?

Унш:

Дараах эзэд гурван өөр өрсөлдөх давуу тал дээр үндэслэн өөрсдийн бизнесийг барьж босгосон.

Зураг
Өрсөлдөх давуу талын гурван жишээ.

Ярилц:

Та орон нутгийн бизнесүүдээс ямар төрлийн өрсөлдөх давуу талуудыг олж харсан бэ?

Хэвлэх