Бие даасан байдал
12: Суралцах


“Бизнесээ танилцуулах: Суралцах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесээ танилцуулах: Суралцах”

Суралцах

Дээд талын хугацаа: 105 минут

1. Бие даах бүлэгт үргэлжлүүлэн суралцах

Унш:

Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь цуврал хичээлээ авч дууссаныхаа дараа зарим бүлэг арай цөөхүүлээ ч гэсэн үргэлжлүүлэн хамтдаа цугларахаар шийддэг. Тэд тогтмол хамтдаа суралцан, бизнесээ өргөжүүлэхэд бие биенээ дэмжиж, саад бэрхшээлээ даван гарахын тулд хамт ажиллахын үнэ цэнийг ойлгодог.

Хэрэв та үргэлжлүүлэн цугларахаар шийдвэл бүлгийнхээ удирдагчийг сонгож, цугларалт хийх хуваарь гарга. Одоогийн зохицуулагч бүлгийн удирдагч болох хэрэггүй. Удирдагч нь бүлгийнхэнтэй холбоо барьж, цугларалтыг зохион байгуулан, гишүүн бүрд тустай байхад анхаарна. Удирдагч бүлгийнхний санал дээр үндэслэн цугларалт бүрийн сэдвийг төлөвлөж, хөтөлбөрийг гаргана. Хөтөлбөрт урьж авчирсан илтгэгчийг сонсох, бүлгийн гишүүдийн урьдчилж уншсан бизнестэй холбоотой номыг ярилцах эсвэл бизнесийн ур чадвараа хөгжүүлэхийн тулд хамтдаа ажиллах зэрэг нь орж болно.

Зарим бүлэг тогтмол харилцаж байхын тулд групп чат нээдэг. Тэд урамшуулан дэмжиж, нийтлэл, видео бичлэг болон бусад контентыг хуваалцаж мөн бизнесийн харилцаа тогтоох хүмүүс болон эх сурвалжийг зөвлөдөг. Танилын хүрээгээ тэлэхэд нь туслахын тулд та гадасныхаа бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэнтэй ярилцан, бүлгийнхээ гишүүдэд болон цуврал хичээлд сууж төгссөн гадасны бусад хүнд зориулан цуглаан зохион байгуулж болно.

Ярилц:

Та бүлгээрээ үргэлжлүүлэн уулзахыг хүсэж байна уу? Хүсэж байвал бизнесээ хөгжүүлэхэд нь бие биедээ дэмжлэг туслалцаа үзүүлэхийн тулд хэрхэн холбоотой байхаа ярилц.

2. Миний бие даах чадвартай болох арга зам

Унш:

Өнгөрсөн 12 долоо хоногийн турш та шинэ дадал хэвшилтэй болж, илүү бие даах чадвартай болсон. Их Эзэн танаас эдгээр ур чадвараа баяжуулан, шинэ ур чадвар эзэмшээсэй хэмээн хүсдэг. Таныг залбирч мөн сонсох үед Ариун Сүнс амьдралдаа юун дээрээ ажиллаж сайжруулах хэрэгтэйг тань олж мэдэхэд тусална.

Ярилц:

Та өнгөрсөн 12 долоо хоногийн турш бүлгийн цугларалтад сууж, өгсөн амлалтаа биелүүлж, бие даах чадвараа илүү хөгжүүлэхийн тулд ажилласнаар амьдралдаа ямар өөрчлөлт гарсныг олж харсан бэ?

Унш:

Та бие даах чадвартай болохын тулд өөр олон арга замаар үргэлжлүүлэн ажиллаж болно. Та:

  • Миний суурь зарчим хэмээх 12 зарчим буюу бие даах дадал хэвшлийг судалж, тэдгээрийн дагуу үргэлжлүүлэн амьдар.

  • Бүлгийнхээ гишүүдэд үргэлжлүүлэн тусал.

  • Бие даах талаар сурч мэдсэн зүйл, гэрчлэлээ сүм дээр болон нийгэм хамт олонтойгоо хуваалц.

  • Шинэ бие даах бүлгийн зохицуулагч бол.

  • Бие даах өөр бүлгүүдийн аль нэгэнд оролцож, чадвараа нэмэгдүүл.

  • Доор харуулсан бие даасан байдлын сургаалын зарчмуудыг судал.

Бие даасан байдлын сургаалын зарчим

Бие даах нь зарлиг юм

Их Эзэний зорилго бол Өөрийн гэгээнтнүүдийг хангах явдал бөгөөд Түүнд энэ бүхнийг хийх хүч чадал бий

Материаллаг болон сүнслэг зүйлүүд нь нэгдмэл

Сургаал ба Гэрээ 78:13–14; Мосе 2:27–28

Сургаал ба Гэрээ 104:15; Иохан 10:10; Maтай 28:18; Колоссай 2:6–10

Сургаал ба Гэрээ 29:34; Алма 34:20–25

Ярилц:

  • Бие даахад хүргэх замаар үргэлжлүүлэн явахын тулд та юу хийж болох вэ?

  • Та гадас, нийгэм хамт олныхоо дунд бие даасан байдлын манлайлагч байхын тулд юу хийж болох вэ?

Унш:

Бие даахад хүргэх замаар үргэлжлүүлэн явахдаа ахлагч Марвин Ж.Аштоны дараах зөвлөгөөг сана. “Их Эзэн бидэнд үйлчилсний төлөө удирдамж өгч, бие даах боломж олгох хэмжээнд санаа тавьдаг. Түүний зарчмууд харилцан уялдаа холбоотой бөгөөд хэзээ ч өөрчлөгдөхгүй” (“Give with Wisdom That They May Receive with Dignity,” Ensign, Nov. 1981, 91).

Бошиглогч Нифай ийн зөвлөсөн. “Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, та нарыг энэ … замд орсны дараа, бүгд хийгдсэн эсэхийг би асууя? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; учир нь аврах чадал бүхий түүний гавьяанд та нар бүрэн дүүрнээр даатган, түүнд хэлбэрэлтгүй итгэлтэйгээр Христийн үгсээр бус аваас өдий зэрэгт хүрээгүй болой. Та нар … Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой” (2 Нифай 31:19–20).

3. Бизнесээ танилцуулах

Зохицуулагчид зориулсан тайлбар: Хараахан танилцуулж амжаагүй бол танилцуулгын үеэр санал зөвлөгөө өгөх зочныг танилцуул.

Унш:

Зарж борлуулах нь бизнесийн чухал ур чадваруудын нэг юм. Амжилттай яваа бизнес эрхлэгчид өөрсдийн бизнесийн талаарх мэдээллийг хуваалцаж, санал хүсэлт хүлээн авч, эцэст нь борлуулалт хийхээр өдөр бүр боломжит үйлчлүүлэгчидтэй албан болон албан бус хүрээнд ярилцдаг. Өнөөдөр бид бүлгийнхэндээ болон бидэнтэй нэгдсэн өөр зочдод бизнесийн танилцуулга өгнө.

Өөрийн бизнесийн үнэ цэнийг тодорхой ойлгуулах нь бидний бизнесийн танилцуулгын зорилго юм. Зохицуулагч, зочид, бүлгийн гишүүд таны танилцуулах ур чадварыг биш, харин бизнесээ бүх талаар нь хөгжүүлж, сайжруулахад туслах санал зөвлөгөөг өгөх хэрэгтэй. Бизнесээ цааш хөгжүүлэн, борлуулалт хийж, харилцаа холбоо тогтоож, хамтрагч болон хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж эсвэл санхүүжилт эрэлхийлэх явцад танд бизнесээ сурталчлах нэмэлт боломжууд гарч ирэх нь гарцаагүй.

Таны танилцуулгад дараах мэдээлэл орсон байвал зохино. Үүнд:

  • Анхаарч ажиллах үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлага

  • Таны санал болгох үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн

  • Таны өрсөлдөх давуу тал

  • Таны зорилтот үйлчлүүлэгч

  • Зорилтот үйлчлүүлэгчидтэй болох таны төлөвлөгөө

  • Таны бизнест хэрэг болох эх сурвалжууд

  • Бизнес тань үр ашигтай байж болохыг баталсан нотолгоо

  • Бизнесээ цааш өргөжүүлэхийн тулд хийх дараагийн алхмууд

Хэвлэх