Институт
2-р хичээлийн багшийн материал: Их Эзэний бошиглогчдод хариулах нь


“2-р хичээлийн багшийн материал: Их Эзэний бошиглогчдод хариулах нь,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)

“2-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол

2-р хичээлийн багшийн материал

Их Эзэний бошиглогчдод хариулах нь

Их Эзэний бошиглогчид Бурханы үгийг илчилж, заадаг. Бид тэдний сургаалыг анхааралтай сонссоноор Бурханы үгийн хүчийг өөрсдийн амьдралд мэдрэх болно. Энэ хичээлийн дараа суралцагчид Их Эзэний бошиглогчдод болон тэдний дуудагдан хүргэсэн захиаст итгэснээр хэрхэн адислагддагаа тайлбарлаж чаддаг болно. Суралцагчид мөн одоогийн бошиглолын зөвлөгөөг дагаж мөрдөхийн тулд гаргаж буй хүчин чармайлтаа үнэлж дүгнэх болно.

Заах зөвлөмж

Заах, суралцах чадвараа сайжруулах нь

Хичээлийн материалыг суралцагчдын хэрэгцээнд тааруулан өөрчил. Заримдаа ангид нэг хичээлд багтааж үзэх боломжгүй их материал хамарсан байдаг. Хичээлийн төлөвлөгөөнд орсон бүхнийг заах гэж хичээхийн оронд суралцагчдад тань Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адилхан болохын тулд үр дүнтэй, зөв шударга үйлдэл хийхэд нь туслах судрууд болон материал дээр төвлөрөөрэй. Хичээл дээр ямар зарчим, асуулт, үйл ажиллагааг ашиглахаа мэдэхийн тулд Ариун Сүнсээс болон суралцагчдаас удирдамж эрэлхийл.

Их Эзэн Лихайг Иерусалимын оршин суугчдын тухай бошиглуулахаар илгээсэн.

Хэн нэгэн хүн тэдний хуваалцахыг хүссэн захиас эсвэл санааг сөргөөр хүлээн авч байсан талаар эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүсэж хичээлээ эхэл.

  • Гишүүд, номлогчид мөн бошиглогчид яагаад хүмүүст таалагдахгүй байж болох захиасуудыг хуваалцсаар байгаа вэ?

Лихай Иерусалимд номлож байгаа нь, Дэл Парсон

Лихайн номлож буй зургийг үзүүл. Нэг суралцагчийг Мормоны Номын эхэнд цэдэглэгдсэн нөхцөл байдлыг 1 Нифай 1-д бичигдсэнээр дүрслэн ярихад урь. (Хэрэв та энэ цуврал хичээлийн эхний хоёр хичээлийг нийлүүлж зааж байгаа бол суралцагчдад энэ хичээлийн бэлтгэл материалыг судлах боломж олдоогүй байж магад. Тиймээс та нэг суралцагчаас 1 Нифай 1:4-ийг чанга уншихыг хүсэж болох юм.)

Их Эзэн Лихайд харуулсан үзэгдэлдээ унших ном өгсөн гэдгийг тайлбарла. Лихай Иерусалим устаж үгүй болно гэдгийг уншсан. (1 Нифай 1:12–13-ыг үзнэ үү.)

1 Нифай 1:14-ийг хамтдаа уншаад, Лихай энэ үзэгдлийг хэрхэн хүлээж авсныг олж мэд.

  • Лихай Их Эзэний зан чанарын талаар юу сурч мэдсэн бэ? Их Эзэний нигүүлслийн талаарх тэрхүү мэдлэг Иерусалимын оршин суугчдад бошиглох Лихайн шийдвэрт хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг 1 Нифай 1:18–19-ийг уншаад, Лихайд тохиолдсон үйл явдлаас бошиглогчдын талаар юу сурч мэдэж болохыг олж мэдэхэд урь. Суралцагчдад дараахтай адил үнэнийг тодорхойлоход тусал: Бошиглогчид Их Эзэний үг ба тааллыг тунхагладаг. Тэд Есүс Христийн талаар болон Түүгээр дамжин ирдэг гэтэлгэлийн тухай зааж, гэрчилдэг.

  • Их Эзэний үг, тааллыг тунхагласан амьд бошиглогч, төлөөлөгчдийн сүүлийн үеийн ямар ямар захиас байна вэ?

Суралцагчдыг бэлтгэл материалын 1-р хэсэг дэх ахлагч Д.Тодд Кристоффэрсон, ахлагч Үлиссэс Соарэс нарын мэдэгдлийг уншаад, юу тэдний анхаарлыг татсаныг хуваалцахад урь.

  • Эдгээр мэдэгдэл нь одоогийн бошиглогчдын талаарх таны үзэл бодолд хэрхэн нөлөөлж байна вэ? Тэд Есүс Христийн талаарх таны үзэл бодолд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Сүүлийн үеийн бошиглолын ямар захиас Бурханы хүүхдүүдээ гэсэн хайрыг илүү сайн таньж мэдэхэд тань тусалсан бэ? (Бэлтгэл материалын 1-р хэсэг-ийг судлахдаа суралцагчид үүнтэй ижил төстэй асуултыг тунгаан бодсон.)

Нифай бошиглогчид нь Бурханы үгийг заадаг гэсэн баталгааг хүлээн авсан.

Орчин үед хүмүүст хүлээж авахад нь хэцүү байж болох зарим бошиглолын сургаалыг тодорхойлоход суралцагчдыг урь. Тэмдэглэл: Хэрэв шаардлагатай бол, бидний зорилго Их Эзэний бошиглогчдыг шүүмжлэх биш, харин бидэнд эсвэл таньдаг хүнд маань ойлгож, хүлээн авахад нь хэцүү байж болох бошиглолын захиасыг хэрхэн итгэлээр хүлээн авч болох талаар ярилцах явдал гэдгийг суралцагчдад сануул.)

  • Бошиглогчийн тунхагласан зүйлийг яагаад заримдаа хүлээн авахад хэцүү байж болох вэ?

Дараах асуултыг харуулах юм уу асуу: Бошиглогчийн заасан зүйлтэй санал нийлэхгүй байвал би юу хийж болох вэ? Суралцагчдыг энэ асуултыг ярилцаж байх үеэр, ийм асуудал тэдэнд эсвэл таньдаг хүнд нь байвал хэрхэн хандах талаар эргэцүүлэн бодоход нь туслах дараах материалуудыг бүгдийг нь эсвэл заримыг нь чөлөөтэй ашиглаж болно.

Их Эзэн тэднийг гэр орноо орхин, цөл рүү яв гэж байна хэмээн Лихайг хэлэхэд Лихайн гэр бүлд ямар байсныг төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс.

  • Лемен, Лемүел нар гэр орноо орхин явна гэхэд хэрхэн хүлээж авсан бэ? Нифай хэрхэн хүлээж авсан бэ? (Тэднийг 1 Нифай 2:11–13, 16–17-г уншихад урь. Нифайн зүрх сэтгэл бас зөөлрөх шаардлагатай байсан байж магадгүй гэж та хэлж болох юм [1 Нифай 2:16-г үзнэ үү].)

  • Мормоны Номд бичигдсэн хүмүүс бошиглогчдод болон тэдний захиасуудад хэрхэн хариу үйлдэл үзүүлж байсан бэ? (Бэлтгэл материалын 3-р хэсэг-ийг судалж байхдаа сурч мэдсэн зүйлээ дүгнэх цагийг суралцагчдад гаргаж өгч болох юм.) Тэдний хариу үйлдлийн үр дагавар юу байсан бэ? Өнөө үед эдгээр өөр өөр хандлагын жишээг та хэзээ харж байсан бэ?

  • Нифайн эцгийнхээ захиаст өгсөн хариултаас бид юу сурч мэдэж болох вэ? Бошиглогчдынх нь үг үнэн эсэхийг олж мэдэхэд туслахын тулд Их Эзэн ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? (Суралцагчид дараахтай адил зарчмыг тодорхойлж болох юм: Биднийг өөрсдийгөө даруусгаж, Их Эзэнд хандах үед Тэрээр бошиглогчдынх нь үг үнэн болохыг мэдэхэд бидний зүрх сэтгэлийг зөөлрүүлж тусалдаг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг уншина уу.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Та Сүнсний шивнээг ялган таньж сурснаар юу нь үнэн, юу нь худал болохыг өөрөө мэдэж болно. …

Хайрт ах эгч нар аа, миний та нарт хэлсэн зүйл үнэн бөгөөд Их Эзэнээс ирсэн гэсэн баталгааг сэтгэлийнхээ угаас Сүнснээс эрэлхийлэхийг би та нараас гуйж байна. Тэрээр бид мэдлэгийг тэнгэрээс эрэлхийлж, хүлээж авна гэдэгтээ итгэлтэй байж болно гэдгийг тунхагласан [Сургаал ба Гэрээ 42:61-ийг үзнэ үү]. …

Бид үнэхээр Их Эзэний төлөөлөгч, бошиглогчид эсэхийг Тэнгэрлэг Эцэгээсээ асуу. (“The Love and Laws of God” [address given at a Brigham Young University devotional, Sept. 17, 2019], 4–5, speeches.byu.edu)

  • Бошиглогчийн бурханлаг дуудлага, захиасын үнэн мөнийг өөрөө олж мэдэж байсан ямар туршлага танд байдаг вэ?

“Бошиглогчийн заасан зүйлтэй санал нийлэхгүй байвал би юу хийж болох вэ?” гэсэн асуултын талаарх хэлэлцүүлгээ дуусгасныхаа дараа, суралцагчдад тэдэнд болон өөр хэн нэгэнд ийм асуулт гарч ирвэл тус болох мэдэрч, мэдсэн зүйлээ тунгаан бодож, бичиж тэмдэглэх цаг гаргаж өгч болох юм.

Ирээдүйд бошиглогчийн заасан зүйлтэй санал нийлэхгүй байвал юуг өөрөөр хийхээ хуваалцахад хэдэн суралцагчийг урьж болно.

Дараагийн хичээлээр

Та Лихайн амьдралын модны талаарх үзэгдлийг харуулсан зургийг үзүүлээд, дараагийн хичээлийн бэлтгэл материалыг судалж байхдаа энэ үзэгдэл нь Бурханы үгийн хүчийн талаар бидэнд юу зааж болохыг эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.