Институт
8-р хичээлийн багшийн материал: Үхлийн дараах амьдрал


“8-р хичээлийн багшийн материал: Үхлийн дараах амьдрал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)

“8-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол

8-р хичээлийн багшийн материал

Үхлийн дараах амьдрал

Гэтэлгэлийн агуу төлөвлөгөө” гэх 2-р бүлгийг дүгнэсний дараа суралцагчид үхлийн дараах амьдралын талаар зөв зүйтэй ойлголт нь хэрхэн тэдэнд энэ амьдралдаа илүү амар тайван, итгэл найдвар дүүрэн амьдрах боломж олгох талаар тайлбарлах боломжтой байх болно. Тэд түүнчлэн Бурхантай уулзахад өөрсдийгөө илүү сайн бэлтгэхийн тулд хийж болох алхмуудаа тодорхойлно.

Заах зөвлөмж

Алма, Амюлек хоёр сүнсний дэлхий ба Амилуулалтын тухай заасан.

Дараах жишээг хуваалцаад, тэд юу гэж хэлэх байсан эсвэл хэрхэн хариулах байсан тухай ярилцахад ангийнхныг урь.

Та саяхан нас барсан дотны найз Аннагийнхаа гэрт очих гэж байна гэж төсөөл. Анна хэдхэн сарын өмнө Сүмд нэгдсэн. Түүний гэр бүл шүтлэггүй хүмүүс байв. Таныг Аннагийн ээжид ямар байгааг ойлгож байгаагаа илэрхийлэхэд тэр гарыг тань барьж, нүд рүү тань хараад, ”Биднийг нас барсны дараа юу тохиолддог талаар надад хэлж өгч чадах уу?” гэж асуув.

Суралцагчдыг Алма 11:43–44, Алма 40:11–14-ийг уншаад, Аннагийн ээжид тайтгарал, итгэл найдвар өгөх, үхлийн дараах амьдралын тухай үнэнийг олж мэдэхэд урь. (Суралцагчид дараахтай ижил төстэй зарчмуудыг тодорхойлж болно: Есүс Христийн ачаар бүх хүн амилуулагдаж, Бурханы өмнө ирж шүүгдэх болно. Амилуулагдахад бидний бие махбод төгс болно. Хэрэв бид зөв шударга байх юм бол сүнсний дэлхийд бид бүх бэрхшээл, харууслаасаа амарна.

Үхлийн дараах амьдралын талаарх тэдний гэрчлэлийг хэн сонсох хэрэгтэй талаар, мөн сонсох шаардлагатай хүмүүстэй үүнийгээ хэрхэн хуваалцах талаар ярилцахыг дотроо эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. (Суралцагчдад хариултаа тунгаан бодох цаг гаргаж өгөөрэй.)

Тайлбар: Суралцагчид үхлийн дараах амьдралын талаар янз бүрийн ойлголттой байж магадгүй. Бид эдгээр ойлголтыг үнэлж дүгнэхдээ судар, Сүмийн удирдагчдын сургаалууд гэх мэт тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг ашиглах ёстой гэдгийг тэдэнд сануул. Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн өгсөн дараах анхааруулгыг хуваалцаж, ярилцах нь тустай байж болох юм.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Бид сүнсний дэлхийн талаар [ариун судруудаас сурч мэдсэнээс гадна] өөр юу мэдэх вэ? Сүмийн олон гишүүн сүнсний дэлхийд юмс хэрхэн ажилладаг эсвэл хэрхэн зохион байгуулагдсан байдаг тухай үзэгдэл үзэж эсвэл бусад илчлэлтийг хүлээн авсан байдаг боловч эдгээр хувийн илчлэлтийг Сүмийн албан ёсны сургаал хэмээн ойлгож эсвэл зааж болохгүй. Түүнчлэн үхэлд их ойрхон очсон туршлагуудын тухай ном зэрэг хэвлэн нийтлэгдсэн эх сурвалжуудад гишүүдийн болон бусад хүний таамаглал болгож буй зүйл олон байдаг нь мэдээж. (“Эзэнд итгэ,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28).

Алма, Амюлек хоёр бид Бурхантай уулзахаар бэлтгэхдээ юу хийх ёстойг заасан.

Дараах мэдэгдлүүдийг үзүүл:

  • Зарлигуудыг зөрчин, “Дараа нь хэзээ ч наманчилж болох юм чинь” гэж хэлдэг хүмүүсийг би мэднэ.

  • Бурхан биднийг хайрладаг. Хэдхэн нүглээ наманчлахаа хойшлууллаа гээд Тэрээр намайг селестиел хаант улсад орууулахгүй байна гэж үгүй.

  • Би хэчнээн их хичээсэн ч үргэлж Бурхантай уулзахад хэзээ ч хангалттай, бэлэн байгаагүй.

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилаад, бүлэг тус бүрээс дээрх мэдэгдлүүдээс ярилцмаар байгаа нэг мэдэгдлээ сонгохыг хүс. Бүлэг тус бүрийг Алма 34:32–34-ийг уншаад, судрын энэ хэсэг дэх сургаалуудыг ашиглан сонгосон мэдэгдлээ дүгнэхэд урь. Та бүлэг бүрд ярилцлагаа гүнзгийрүүлэхэд туслах дараах асуултуудыг өгч болно:

  • Энэ мэдэгдлийн аль хэсэг нь үнэн, аль хэсэг нь төөрөгдүүлж байна вэ?

  • Алма 34:32–34-т заасан ямар ямар зарчим энэ мэдэгдэлтэй хамгийн их уялдан холбогдож байна вэ? Та эдгээр зарчмыг энэ мэдэгдлийг хэлсэн хүнд хэрхэн тайлбарлах вэ? (Суралцагчид дараах зарчмуудын заримыг нь тодорхойлон тайлбарлаж болно: Энэ амьдрал бол Бурхантай уулзахад бэлтгэх, ажил үүргээ хийх цаг хугацаа юм. Бид өнөөдөр наманчилж, сайжирснаар Бурхантай уулзахад бэлтгэдэг. Хэрвээ бид наманчлалаа хойшлуулах юм бол Бурхантай уулзахад бэлтгэгдэхгүй.)

Суралцагчдад эдгээр асуултыг ярилцах цаг гаргаж өгсний дараа, зарим бүлгийг сурч мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урь.

  • Бурхантай уулзахад бэлтгэхэд нь хүмүүст ямар ямар зүйл саад болдог вэ? (Суралцагчдын хариултыг самбарт жагсаан бич.)

Заах, суралцах чадвараа сайжруулах нь

Суралцагчдад тунгаан бодох хангалттай цаг өг. Суралцагчдад зүрх сэтгэлээсээ ойлгохыг хичээхэд нь туслах нэг арга зам бол тэдэнд “хичээл дээр тунгаан бодож, ойлгосон зүйлийнхээ талаар бичиж тэмдэглэн, үүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд хийх ёстой алхмуудын талаар бодох цаг” өгөх явдал юм (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны семинар, институтийн багш, удирдагч нарт зориулсан гарын авлага [2012], 2.5.4). Энэ сэдвээр илүү сайн ойлголттой болохын тулд ”2.5.4 The Importance and Power of Pondering” (0:31) видеог үзэж болно.

Алма бодгалийг эрэлхийлсэн зарим нэгэн асуултыг Зарахемлагийн хүмүүсээс асуусан гэдгийг суралцагчдад сануул. (Суралцагчид бэлтгэл материалын 3-р хэсэг дээр Алма 5:15–17, 19, 27, 33-ыг судлахдаа эдгээр асуултыг авч үзсэн.) Алма 5:14–35 дахь Алмагийн асуултууд болон сургаалыг ахин дахин уншиж, тунгаан бодохын тулд хэдэн минут зарцуулан илүү сайн судлахад суралцагчдыг урь. Хэдэн шүлэг авч хэлэлцэхээс илүү юуны талаар тунгаан бодох нь илүү чухал гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал.

Хангалттай цаг өгсний дараа та дараах асуултуудын нэгийг эсвэл хоёуланг нь тунгаан бодохыг тэднээс хүсэж болно.

  • Бурхантай уулзахад хичээнгүйлэн бэлтгэхэд Аврагч ямар арга замаар танд туслах вэ?

  • Бурхантай уулзахад илүү их бэлтгэгдэхийн тулд өнөөдөр та ямар өөрчлөлт эсвэл өөрчлөлтүүд хийх хэрэгтэй вэ?

Ерөнхийлөгч Өүксийн дараах мэдэгдлийг хуваалцаж болно.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Эцсийн шүүлт бол бидний хийсэн сайн, муу үйлсийг дэнслэн, үнэлэлт дүгнэлт өгөх төдий зүйл биш. Энэ нь бидний үйлдэл, бодол санааны эцсийн үр дагавар буюу бидний ямар хүмүүс болсныг илэрхийлдэг. (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32)

Та хэнтэй адил болохыг хүсдэгийг суралцагчдаас асууж болно. Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр Тэдний оршихуйд амар амгалан оршиж чадах нэгэн болоход туслах хүсэл, чадвартай болох талаарх гэрчлэлээ суралцагчидтай хуваалцаж болно.

Бурхантай уулзахад илүү сайн бэлтгэгдсэн байх чин хүсэл эрмэлзлээ илэрхийлэхийн тулд өнөөдөр ямар тодорхой үйлдэл хийхээ тунгаан бодож, төлөвлөж, бичихэд суралцагчдыг урамшуул. (Бэлтгэл материалын 3-р хэсэг дэх ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн мэдэгдлийг унших нь мөн тустай байж болох юм.)

Гэтэлгэлийн агуу төлөвлөгөө” гэх 2-р бүлгээс сурч мэдсэн зүйлсээ хуваалцахад ангийнхныг урьснаар хичээлийг дуусгаж болно. Мөн энэхүү мэдлэг нь Аврагчид талархах талархал, Түүнтэй илүү адил болох хүсэл эрмэлзэлд нь хэрхэн нөлөөлөх талаар гэрчлэхэд суралцагчдыг урьж болно.

Дараагийн хичээлээр

Их Эзэн бидний хүн нэг бүрд Бурханы оршихуйд эргэн очих замыг бэлтгэсэн талаарх гэрчлэлээ хуваалц. Түүн рүү эргэн очих энэхүү замыг Христийн сургаал хэмээн нэрлэдэг бөгөөд дараагийн бүлгээр энэ сэдэв дээр төвлөрнө. Суралцагчдыг дараагийн хичээлд бэлдэх явцдаа Есүс Христэд итгэх итгэлтэй байх нь хэрхэн тэднийг Бурхантай уулзахад бэлтгэдэг талаар эргэцүүлэн бодоход урь.