“24-р хичээлийн багшийн материал: Их Эзэний чөлөөлөх хүч,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)
“24-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал
24-р хичээлийн багшийн материал
Их Эзэний чөлөөлөх хүч
Лимхайн болон Алмагийн хүмүүст тохиолдсон үйл явдлын аль аль нь сорилт бэрхшээлтэй тулгарахдаа Их Эзэнд ханддаг хүмүүсийг дэмжиж, чөлөөлөх Түүний чадварыг харуулдаг. Энэ хичээлээр суралцагчид Их Эзэний чөлөөлөх хүчийн талаар мөнхийн талаас харах чадвараа хөгжүүлэх тухай ойлголтоо гүнзгийрүүлнэ. Мөн суралцагчдыг сорилт бэрхшээлтэй тулгарахдаа Их Эзэний хүчийг авахын тулд юу хийж чадахаа тодорхойлоход урина.
Заах зөвлөмж
Леменчүүд Алмагийн болон Лимхайн хүмүүсийг боолчлолд оруулсан.
Суралцагчдыг өөрсдөд нь эсвэл мэддэг хүмүүст нь яг одоо тулгарч байгаа сорилтуудын жишээг хуваалцахад урина уу.
-
Бид ямар ямар шалтгаанаар соригддог вэ? (Бэлтгэх материалын 1-р хэсэг дэх жишээг авч үзэх нь тустай байж болох юм.)
-
Сорилт бэрхшээлтэй тулгарах үед ямар нийтлэг асуулт, асуудал, мэдрэмж хүмүүст төрдөг вэ?
Алмагийн хүмүүс
Алмагийн хүмүүсийг леменчүүдэд боолчлогдоход хүргэсэн нөхцөл байдлыг тоймлон хар. Зөв шударга амьдарч байсан Алмагийн ард түмэн гэнэт эрх чөлөөгөө алдаж, леменчүүдэд үйлчлэхээс өөр аргагүй байдалд ороход ямар сэтгэгдэл төрж байсныг төсөөлөхөд суралцагчдыг урьж болно.
Суралцагчдыг Мозая 23:21–24-ийг уншаад, Их Эзэн Алмагийн хүмүүст сорилтыг даван туулах боломж олгосон байж болзошгүй шалтгааныг олж мэдэхийг хүсээрэй.
-
Эдгээр шүлэгт өгүүлсэнчлэн, Алмагийн хүмүүст эдгээр сорилтыг даван туулах боломжийг олгох Их Эзэний зорилго юу байсан бэ?
-
Сорилт бэрхшээлийн талаарх Их Эзэний мөнхийн хэтийн төлөвийг ойлгохыг эрэлхийлэх нь бидэнд өөрсдийн сорилтыг хэрхэн хардаг болоход ямар арга замаар дахин тусалж чадах вэ? (Сайн мэдээний сургаалыг ашиглан асуултуудыг хэрхэн яаж дахин дүрслэхийг харуулсан “Асуултуудыг мөнхийн талаас нь судлах нь” [2:56] видеог үзүүлж болно.)
Сорилт бэрхшээлээ мөнхийн талаас нь харахад туслах үнэнүүдийг энэ хичээлийн үеэр хайж олоход суралцагчдыг урамшуулан дэмж.
Лимхайн хүмүүс
Лимхайн хүмүүс бас боолчлогдож байсан гэдгийг суралцагчдад сануул. Тэдний олзлогдсон нөхцөл байдлыг тоймлон ярина уу. Суралцагчдыг Мозая 21:6–12-ыг гүйлгэж уншаад, Лимхайн хүмүүс боолчлолоос хэрхэн гарахыг эрэлхийлж байсныг олж мэдэхэд урь. Дараах асуултуудыг тавь. Үүнд:
-
Лимхайн хүмүүсийг өөрсдийгөө боолчлолоос чөлөөлөх гэж оролдож байхад тэдэнд юу тохиолдсон бэ?
-
Их Эзэнээс тусламж эрэлгүйгээр сорилт бэрхшээлийг даван туулъя гэвэл бидэнд ямар асуудал тулгарч болох вэ? Сорилт бэрхшээлтэй тулгарах үед бидний юу Их Эзэнд хандахад саад болж болох вэ?
Суралцагчдыг Мозая 21:13–16-г уншихад урь эсвэл өөрсдийгөө боолчлолоос чөлөөлж чадахгүйгээ мэдээд Лимхайн хүмүүс юу хийснийг тоймлон ярихыг нэг суралцагчаас хүс. Дараа нь нэг суралцагчийг Лимхайн хүмүүс эцэст нь хэрхэн чөлөөлөгдсөн талаар тоймлон ярихад уриарай. Суралцагчдад сорилт бэрхшээлээ мөнхийн талаас нь харж сурахад туслахын тулд дараах асуултуудаас аль нэгийг эсвэл хэд хэдийг асуух талаар бодож үзнэ үү.
-
Сорилт бэрхшээл тулгарах үед Өөрт нь ханддаг хүмүүсийг Бурхан хэрхэн дэмжиж, чөлөөлдөг талаар та Лимхайн хүмүүсийн туршлагаас юу сурч мэдсэн бэ? (Суралцагчдын хуваалцах үнэнээс гадна Өөрсдийгөө даруусгаж, Бурханд хандах үед Тэр бидний залбирлыг сонсож, Өөрийн цаг хугацаанд биднийг сорилт бэрхшээлээс чөлөөлөх болно гэсэнтэй ижил төстэй зарчмыг тодорхойлоход тусал.)
-
Сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ өөрсдийнхөө биш, харин Их Эзэний цаг хугацаанд хэрхэн найдаж болох вэ? (Бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хэлсэн мэдэгдлийг унших нь тустай байж болох юм.)
-
Их Эзэний тааллын дагуу, Түүний цаг хугацаанд итгэж найдсанаар та ямар ямар адислал хүлээн авсан бэ?
Одоо тулгараад байгаа сорилт бэрхшээлийнхээ талаар эргэцүүлэн бодож, үүнийгээ мөнхийн талаас нь хэрхэн харж болох талаар тунгаан бодох хэдэн минутыг та суралцагчдад гаргаж өгнө үү.
Их Эзэн Алмагийн хүмүүсийг хүчирхэгжүүлж, боолчлолоос чөлөөлсөн.
Алмагийн хүмүүс бас леменчүүдэд боолчлогдсон байсныг суралцагчдад сануул. Мозая 24:10–16-г уншаад, Алмагийн болон Лимхайн хүмүүст тулгарсан сорилт бэрхшээлийн ижил төстэй мөн ялгаатай талыг олж мэдэх хэдэн минутыг суралцагчдад гаргаж өгнө үү.
-
Та ямар ижил төстэй зүйлийг олж харсан бэ? Энэ хоёр бүлэгт тохиолдсон үйл явдал юугаараа өөр байсан бэ? (Боломжит хариултуудад дараах зүйлс орсон байж болно. Хоёр бүлэг хүнийг аль алиныг нь Их Эзэн дэмжиж, эцэст нь чөлөөлсөн; Алмагийн хүмүүсийн боолчлол Их Эзэнийг дагахыг хичээх үед итгэлийг нь сорих маягаар ирсэн бол Лимхайн хүмүүсийн боолчлол нүгэл үйлдсэний улмаас ирсэн; Алмагийн хүмүүс тэр даруй Бурханд хандсан бол Лимхайн хүмүүс эхлээд өөрөө өөрсдийгөө чөлөөлөх гэж оролдоод, дараа нь Түүнд хандсан.)
-
Энэ хоёр цэдгээс та Их Эзэний хайрыг харуулсан ямар ямар нотолгоог харж байна вэ?
-
Алмагийн хүмүүст тоиолдсон үйл явдлаас бид Бурхан сорилт бэрхшээлтэй тулгарах үед Өөрт нь хандсан хүмүүсийг хэрхэн дэмжиж, чөлөөлдөг талаар өөр ямар сургамж авч болох вэ? (Суралцагчдыг тодорхойлсон үнэнээ хуваалцаж байх үеэр, бид зовлон бэрхшээлтэй тулгарахдаа итгэл, тэвчээрээ хөгжүүлж Бурханд хандах юм бол Тэрээр биднийг ачаагаа илүү сайн даах хүчийг өгөх болно гэсэнтэй ижил төстэй зарчмыг тодорхойлоход тусал. Тайлбар: Алма 36:3, 27-д Бага Алма үүнтэй адил зарчмыг заадаг.)
Ангийг хоёроос гурван суралцагчтай бүлэгт хуваагаад, бэлтгэх материалын 3-р хэсэг дэх ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн мэдэгдлийг уншихад урь. Дараах асуултуудыг үзүүлээд, бүлгээрээ ярилцахад суралцагчдыг урина уу. Үүнд:
-
Их Эзэн бидний сорилт бэрхшээлийг тэр даруй авдаггүй гэдгийг мэдэх нь хэрхэн тустай байж болох вэ?
-
Ахлагч Бэднарын хэлсэнчлэн, сорилт бэрхшээлтэй тулгарах үед гэрээгээ сахих нь бидэнд хэрхэн нэмэлт хүч өгдөг вэ?
-
Их Эзэн таныг эсвэл таны мэддэг хүнийг сорилт бэрхшээлээ тэвчиж, ачаагаа үүрч байхад хэрхэн дэмжиж, хүчирхэгжүүлсэн бэ? Сорилт бэрхшээлээс шууд чөлөөлөөгүй явдал ямар ямар адислалыг өгсөн бэ?
Нэг эсвэл хоёр суралцагчийг бүлгээрээ ярилцах үеэрээ анхаарал татсан зүйлээ хуваалцахад урь. Сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ Их Эзэнд итгэх итгэл найдвараа хэрхэн нэмэгдүүлж болох талаар төрсөн сэтгэгдлээ тэмдэглэх хэдэн минутыг суралцагчдад гаргаж өгөөрэй.
Дараагийн хичээлээр
Их Эзэнээс хариултаа авахыг хүсэж байгаа асуулт байгаа эсэхийг суралцагчдаас асуу. Мормоны Номыг болон дараагийн хичээлийн бэлтгэх материалыг анхааралтай судалж, Их Эзэнээс хариулт авах талаар юу сурч болохоо олж мэдэхэд урамшуулан дэмж.