“6-р хичээлийн багшийн материал: Есүс Христийн хязгааргүй Цагаатгал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)
“6-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол
6-р хичээлийн багшийн материал
Есүс Христийн хязгааргүй Цагаатгал
Мормоны Ном бол Есүс Христийн болон Түүгээр дамжин ирдэг гэтэлгэлийн хүчирхэг гэрч юм. Энэ хичээл нь бид хэрхэн Есүс Христ мөн Түүний Цагаатгалаар дамжуулан Уналтаас гэтэлгэгдсэнийг тайлбарлахад суралцагчдад тусална. Суралцагчид мөн эгэл хүний хандлагаа ялан дийлж, Аврагчид илүү их итгэж найдахын тулд юу хийж болохоо тодорхойлно.
Заах зөвлөмж
Мормоны Номын бошиглогчид Есүс Христийн Цагаатгал хэрэгтэй болохыг гэрчилдэг.
Дараах дутуу асуултыг үзүүлнэ үү: Миний амьдрал …-гүйгээр ямар байх байсан бэ?
Суралцагчдад дээрх асуултыг хэрхэн гүйцээж бичих арга замуудын талаар эргэцүүлэн бодоход нь туслахын тулд хэдэн өөр өөр зураг, үгийг үзүүл. Зүйл, ойлголт тус бүрээр уг асуултад хэрхэн хариулахаа хамтрагчтайгаа товчхон авч хэлэлцэхэд суралцагчдыг урь. Та мөн дагалдах эсвэл өөрийн сонгосон зарим зургийг ашиглаж болно. Сүүлчийн зураг нь Есүс Христийн цагаатгагч золиосыг харуулсан байхад анхаар. Энэ нь суралцагчдад Есүс Христгүйгээр мөн Түүний Цагаатгалгүйгээр тэдний амьдрал ямар байх байсныг хоорондоо ярилцахад нь тусална.
Самбарт дараах дутуу өгүүлбэрийг бич: Аврагч мөн Түүний Цагаатгалгүйгээр бид … байх байсан.
Иаков, Амюлек хоёр Есүс Христийн Цагаатгалын талаар чухал номлол айлдаж байсныг суралцагчдад сануул. Суралцагчдаас 2 Нифай 9:6–10, Алма 34:9-ийг уншаад, самбар дахь дутуу мэдэгдлийг гүйцээж болох үг хэллэгийг олохыг хүс.
-
Бид ямар үг хэллэгийг ашиглан самбар дахь дутуу мэдэгдлийг гүйцээж болох вэ? (Мэдэгдлийг өөр өөр үг, хэллэгээр хэрхэн гүйцээж болохоо хуваалцах үеэр суралцагчдын хариултыг самбарт бич. Суралцагчид дараахтай ижил төстэй үнэнийг тодорхойлж болно: Аврагч мөн Түүний Цагаатгалгүйгээр бид гарцаагүй үхэх болно. Дараах үнэнүүдийг тэд бас тодорхойлж болно: Аврагч мөн Түүний Цагаатгалгүйгээр бид Их Эзэний оршихуйгаас таслагдаж, дахин босохгүйгээр чөтгөрт эзлэгдэн, түүн шиг болж, зовлондоо үлдэж, үхэл, там гэх аймшигт мангасын харьяалалд байх байсан. Суралцагчдыг эдгээр хэллэг нь ямар утгатай гэж бодож байгаагаа тайлбарлахад урь.)
-
2 Нифай 9:10-т юуг Иаков “аймшигт мангас” гэж дүрсэлсэн бэ? Яагаад энэ нь аймшигтай вэ? (Шаардлагатай бол, бие махбод ба сүнсний үхэл яагаад биднийг Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болоход саад болохыг суралцагчдад ойлгоход нь тусал. Сүнсний үхэл нь Уналт, хувь хүний дуулгаваргүй байдал аль алиных нь үр дагавар гэдгийг онцол. [“Үхэл, Сүнсний” болон “Биеийн үхэл,” Судруудын удирдамж, topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.])
-
Уналтын үр дагаврыг ялган таних нь яагаад бидэнд Есүс Христ хэрэгтэй гэдгийг ойлгоход тусалдаг вэ?
2 Нифай 9:11–12, 19–22-ыг хамтдаа уншаад, Есүс Христ үхэл, тамын энэхүү “аймшигт мангасаас” ямар арга замаар биднийг гэтэлгэсэн болохыг олж мэдэхэд суралцагчдыг урь (10-р шүлэг).
-
Есүс Христ хэрхэн бидэнд үхэл, тамын энэхүү “аймшигт мангасаас” салах боломж олгосон бэ?
-
Аврагч таныг үхэл, тамаас аврахад бэлэн байхын зэрэгцээ аварч чадна гэдгийг мэдэх нь Аврагчийн талаар таны бодлыг хэрхэн өөрчилсөн бэ?
Иаков, Амюлек хоёр “хязгааргүй цагаатгал” буюу золиос шаардлагатай болохыг хоёулаа дурдсаныг суралцагчдад сануул (2 Нифай 9:7; Алма 34:10-ыг үзнэ үү). Бэлтгэл материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, ерөнхийлөгч Тэд Р.Каллистэр нарын мэдэгдлүүдийг уншаад, Аврагчийн Цагаатгал юугаараа хязгааргүй болохыг олж мэдэхэд суралцагчдыг урь.
-
Аврагчийн Цагаатгал хязгааргүй гэдгийг ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
-
Аврагчийн Цагаатгал хязгааргүй гэдгийг мэдэх нь зовлон бэрхшээл, асуудлаа ойлгож, шийдвэрлэх арга замд тань хэрхэн нөлөөлөх вэ?
-
Их Эзэний хязгааргүй Цагаатгал танд тусалж, аварна гэдэгт итгэдгээ харуулахын тулд та юу хийж болох вэ? (Суралцагчдад бодол санаагаа бичих цаг гаргаж өгөхийг бод.)
Хаан Бенжамин өөрийн хүмүүст Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ ялан дийлэх талаар заасан.
“Эгэл хүн бол Бурханы дайсан, мөн Адамын уналтаас тийм байсаар ирсэн” (Мозая 3:19) гэсэн мэдэгдлийг үзүүл. Хаан Бенжамин энэхүү үнэнийг заасан гэдгийг суралцагчдад сануул.
-
Та “эгэл хүн” гэдэг нэршлийг мэдэхгүй хүнд энэ нь хэн болохыг хэрхэн тайлбарлах вэ? (Та бэлтгэл материалын 2-р хэсэг дэх ахлагч Дэвид А.Бэднарын мэдэгдлийг уншихад суралцагчдыг урьж болно.)
Мозая 3:19-ийг ангиараа уншаад, хаан Бенжамин өөрийн хүмүүст эгэл хүнийг ялан дийлэх талаар юу заасныг олж мэдэхэд суралцагчдыг урь.
-
Доторх эгэл хүнээ ялан дийлэхэд туслах ямар ямар зарчмыг бид хаан Бенжамины сургаалаас сурч мэдэж болох вэ? (Суралцагчид дараахтай ижил төстэй үнэнийг тодорхойлж болно: Ариун Сүнсний таталтад автагдах үед, эгэл хүмүүнээ орхиж, Цагаатгалаар нь дамжуулан гэгээнтэн болоход Есүс Христ бидэнд тусална.)
Суралцагчдад энэхүү зарчмын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслахын тулд тэдний хэрэгцээнд тааруулан дараах асуултуудаас нэгийг эсвэл олныг асууж болно.
-
“Ариун Сүнсний таталтад автагдах” гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ? Ариун Сүнс нь хэрхэн танд эгэл хүний хандлагаа ялан дийлэхэд тусалсан бэ?
-
Яагаад бид зөвхөн Есүс Христ мөн Түүний Цагаатгалд итгэж найдсанаар эгэл хүнээ орхиж чадах вэ?
-
Аврагчийн Цагаатгалд итгэж найдах нь хэрхэн танд гэгээнтэн буюу цэвэршигдсэн, Христтэй адил хүн болоход тусалсан бэ?
-
Мозая 3:19 дэх сургаалууд нь эгэл хүмүүний дур хүсэл, хандлагаа ялан дийлж чадахгүй байгаагаа мэдрэх үед хэрхэн бидэнд итгэл найдвар, хүч чадал өгдөг вэ?
Амьдралынхаа аль хүрээнд эгэл хүмүүний дур хүсэл, таашаал, хандлагын асуудалтай байгаагаа бодоход суралцагчдыг урьж болно. Дараах асуултуудыг үзүүлээд, өөрт төрсөн бодол санаа, сэтгэгдлээ тунгаан бодож, бичиж тэмдэглэхэд суралцагчдыг урь.
-
Ариун Сүнсэнд татагдахад юу надад саад болж байж болох вэ?
-
Мозая 3:19-т тайлбарласан Христийнхтэй адил ямар ямар зан чанарыг би илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй вэ?
-
Энэхүү Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэхийг хичээхдээ Аврагчаас илүү их тусламж авахын тулд би ямар арга хэмжээ авах вэ?
Есүс Христ биднийг Уналтаас гэтэлгэсэн бөгөөд гэм нүглээс маань гэтэлгэж, Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй маань илүү адил болгож өөрчилж чадна гэдгийг гэрчилж хичээлээ дуусгаарай.
Дараагийн хичээлээр
Суралцагчдыг өөрсдөд нь бие махбод, оюун ухаан, сэтгэл санаа эсвэл сүнслэг байдлын хувьд тулгарч байгаа бэрхшээлийнхээ талаар бодоход урь. Дараагийн хичээлийн бэлтгэл материалыг судалж байхдаа энэхүү зовлон бэрхшээлд нь Есүс Христ хэрхэн тусалж болох талаар эргэцүүлэн бодоход тэднийг урамшуулан дэмж.