“9-р хичээлийн бэлтгэл материал: Есүс Христэд итгэх итгэл,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)
“9-р хичээлийн бэлтгэл материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол
9-р хичээлийн бэлтгэл материал
Есүс Христэд итгэх итгэл
Аврагчтай илүү адил болохын тулд сайжирч, өөрчлөгдөх хүчтэй хүсэл танд төрж байсан уу? Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх асан Брайн К.Аштон ах “Христийн сургаал бидэнд одоогийн байгаа сүнслэг байдлаасаа Аврагч шиг төгс болох боломжийг олгодог” хэмээн заасан (“Христийн сургаал,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102). Христийн сургаалд Түүнд болон Түүний Цагаатгал, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах, эцсээ хүртэл тэвчих зэрэгт итгэх итгэлтэй байх нь хамаарна (2 Нифай 31:2, 10–21; 3 Нифай 27:13–22-ыг үзнэ үү). Есүс Христийн сургаалыг Түүнд итгэх итгэлээс эхлэн судлахдаа өөрийгөө хэрхэн өөрчлөх, хэн болохыг хүсэж буй тэр хүн болох арга замын талаар бод.
1-р хэсэг
Би Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болох вэ?
Дараах дүгнэлт нь Есүс Христэд итгэх итгэлтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай үг болохыг тайлбарладаг.
Есүс Христэд итгэх итгэлтэй байна гэдэг нь Түүнд бүрэн дүүрэн найдах—Түүний хязгааргүй хүч, оюун билиг, хайранд итгэх гэсэн утгатай юм. Үүнд Түүний сургаалд итгэх итгэл ордог. Энэ нь Түүний ойлгодог бүх зүйлийг бид ойлгохгүй боловч итгэсээр байхыг хэлдэг. “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай” (Сургаал ба Гэрээ 6:36) хэмээх Түүний гуйлтыг санах үед Тэрээр танд туслахад үргэлж бэлэн байдаг. (““Есүс Христэд итгэх итгэл,” Сайн мэдээний сэдвүүд, topics.ChurchofJesusChrist.org)
Тэргүүлэх бишопын зөвлөх асан бишоп Ричард С.Эжли “Итгэл нь сонголт юм. Энэ нь өндрөөр үнэлэгдэж, хөгжин дээшилж байх хэрэгтэй” гэж хэлсэн (“Итгэл—сонголт нь та нарынх юм,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 37).
Бошиглогч Алма итгэлийн зарчмын талаар хүчирхэг номлол айлдсан. Есүс Христэд итгэхээ больж, Түүний Сүмээс холдсон зорамчуудад Алма санаа зовж байсан. Алма номлолын хамтрагчидтайгаа тэдний дунд номлохоор очихдоо зарим зорам хүн ядуурлынхаа улмаас дарууссан, захиасыг нь хүлээн авахад бэлэн байсныг олж мэдсэн. Тэрээр Аврагч амьдралыг нь хэрхэн өөрчилж чадахыг тэдэнд ойлгуулахыг хүссэн. (Алма 31–32-ыг үзнэ үү.)
Алма зорамчуудад зааж байхдаа Бурханы үгийг үртэй харьцуулсан ба үүнийг зүрх сэтгэлдээ суулгаж, итгэлээ хөгжүүлэх замаар хичээнгүйлэн бордож арчлах үед ургадаг хэмээн тайлбарласан (Алма 32:26–33-ыг үзнэ үү).
Бурханы үгийг үрээр төлөөлүүлсэн Алмагийн зүйрлэлийн талаар ярихдаа Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ингэж заасан.
Сайн мэдээг өглөө нь үр суулгаад, үдээс хойш нь ургац хураахаар зэхэж буй тариачинтай адилхнаар бодох хүн хэтэрхий олон болжээ. …
Үр нь сайн болохыг мэдэх хангалтгүй юм. “Энэ нь үндэслэж болохын тулд [бид] агуу халамжаар үүнийг арчлах ёстой” [Алма 32:37]. …
… Хажуунаас ажиглаж суугаад шавь болчихдоггүй юм. Бид диван дээр суугаад телевизээр спортын мэдээ үзэж, тамирчдад зөвлөгөө өгснөөр эрүүл мэндээ сайжруулж болно гэж хүсэн хүлээх лүгээ адил итгэлээр ирдэг адислалуудыг идэвхгүй хүлээн сууж болохгүй.. (“Шавь болох зам,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 83, 84)
2-р хэсэг
Итгэлээр Бурханы үгийг арчлан тордох нь хэрхэн намайг Есүс Христтэй илүү ойртуулдаг вэ?
Үр соёолж, ургаж эхлэхэд үр нь сайн, итгэл маань хүчирхэгжсэн болохыг мэдэх болно гэж Алма заасан. Үндэслэн соёлсны дараа “итгэлээ орхиж,” модоо арчилж тордохоо зогсоож болохгүй гэдгийг Алма сануулсан (Алма 32:30–38-ыг үзнэ үү).
Алма зорамчуудад итгэлийн тухай зааж дуусаад, зүрх сэтгэлдээ суулгаасай гэж хүссэн үр нь Есүс Христ бол Бурханы Хүү бөгөөд Тэрээр тэдний нүглүүдийг цагаатгахаар зовж мөн … нас барагсдын дундаас босно” (Алма 33:22–23) гэсэн захиас байсныг тэр онцолсон. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ингэж бичсэн.
Энэхүү гайхалтай ярианд, Алма Бурханы үгэнд итгэх үрийн чинээ итгэлийн тухай ерөнхийд нь дурдсан нь, Христэд итгэх итгэлийг Бурханы үгийнх нь хувьд Лихайн өмнө нь дурдаж байсантай яг адилхан, Христийн хайр гэгч тэрхүү жимсийг тээж ургасан мод гэдэг дээр нь төвлөрсөн итгэл болон уншигчдад хүрдэг. Христ бол мөнх амьдралын үр, мод мөн жимс юм.. (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 169)
3-р хэсэг
Би Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр ямар ямар арга замаар адислагдаж болох вэ?
Моронай Мормоны Номон дээр ажиллаж дуусаад, төгсгөлийн үгэндээ өөрийн аав Мормоны олон жилийн өмнө айлдсан номлолыг оруулсан байдаг (Моронай 7:1-ийг үзнэ үү). Энэхүү номлолдоо Мормон итгэлийн хүчээр юунд хүрч болохыг заасан.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт Христэд итгэх итгэл маань бидний амьдралд илүү их хүч чадал өгдөг тухай ингэж заасан.
Есүс Христэд гуйвшгүй итгэлтэй болох нь амьдралаа гайхалтай гэрлээр дүүргэхийг хэлнэ. Та шийдвэрлэж чадахгүй гэдгээ мэдэх зовлон бэрхшээлээ эсвэл өөрийгөө хянаж чадахгүй үеэ ганцаараа үүрэх хэрэггүй болно. Тэрээр “Хэрэв та нар надад итгэлтэй байх аваас та нар миний хувьд шаардлагатай болох аливаа зүйлийг хийх хүчтэй байх болно” [Моронай 7:33; налуу бичилт нэмсэн] хэмээн айлдсан.
Хэрэв та цөхөрсөн, гэм нүгэлдээ туйлдаж зовсон, өвдсөн, ганцаардсан эсвэл тайтгарал, дэмжлэг туслалцааг ихэд хүсэж байвал өгөгдсөн сүнслэг хуулийг чандлан дагаж мөрдөх юм бол Их Эзэн танд тусална гэдгийг би баттай гэрчилж байна. Тэр бол таны Эцэг. Та бол Түүний хүүхэд билээ. Тэр танд хайртай бөгөөд хэзээ ч таныг орхихгүй. Тэр таныг адисална гэдгийг би мэднэ. (“Obtaining Help from the Lord,” Ensign, Nov. 1991, 86)