“18-р хичээлийн багшийн материал: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адилхан болох,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)
“18-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал
18-р хичээлийн багшийн материал
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адилхан болох
Есүс Христ Мосегийн хуулийг гүйцэлдүүлснээ Өгөөмөр нутгийн нифайчууд, леменчүүдэд хэлсэн. Тэрээр дээд хуулийг заахдаа хүмүүсийг Өөртэй нь болон Тэнгэрлэг Эцэгтэй адил төгс байхад урьсан. (3 Нифай 12:17–48-ыг үзнэ үү.) Энэхүү хичээлд төгс байдлын талаарх Их Эзэний сургаалыг тайлбарлах боломжийг суралцагчдад олгоно. Мөн суралцагчид дээд түвшний хуулийг тал талаас нь судалж, энэ хуулийг амьдралдаа илүү сайн хэрэгжүүлж, Есүс Христтэй илүү адилхан болохын тулд хийж болох зүйлээ тодорхойлно.
Заах зөвлөмж
Аврагч нифайчууд, леменчүүдэд хэрхэн төгс болохыг заасан.
Дараах асуултуудыг үзүүлээд, тэдгээрийн талаар тунгаан бодоход суралцагчдыг урина уу. Үүнд:
-
Бурханлаг чадавхынхаа талаар бодоход, дараа жил болон дараагийн 10 жил Христийнхтэй адил ямар ямар зан чанарыг хөгжүүлсэн байна гэж та найдаж байна вэ?
-
Амьдралынхаа төгсгөлд ямар зан чанарыг хөгжүүлсэн байна гэж та найдаж байна вэ?
Хэрэв зохистой гэж үзвэл хариултаа үе тэнгийнхэнтэйгээ хуваалцахыг хүс эсвэл нэг юм уу хоёр суралцагчийг хариултаа ангийнхантайгаа хуваалцахад урина уу.
Есүс нифайчууд, леменчүүдэд тохинуулах үеэрээ бидний бурханлаг чадавхын талаар чухал үнэнийг заасан гэдгийг тайлбарлаарай. Суралцагчдыг 3 Нифай 12:19–20, 46–48-ыг уншаад, Их Эзэн биднийг ямар болоосой гэж хүсдгийг олж мэдэхэд урина уу.
-
Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн бидэнд ямар чадавх байгааг олж хардаг вэ?
-
Бид хэрхэн Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёртой адил төгс болж болох талаар эдгээр шүлэг юу зааж байна вэ? (Суралцагчид Бид Есүс Христэд ирж, Түүний хууль, зарлигуудыг дагасан үед Түүнтэй болон Эцэгтэй адил төгс болж чадна гэсэнтэй ижил төстэй зарчмыг тодорхойлсон байж болно.)
Төгс байх зарлигийг зарим хүн ойлгодоггүй гэдгийг онцлоорой. Суралцагчдыг Судруудын удирдамж дээрх “Төгс” гэсэн сэдвийг судлахад урина уу. Та мөн суралцагчдаас Моронай 10:32–33, бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Жэффри Р.Холландын мэдэгдлийг уншихыг хүс. Дараах асуултуудаас нэг эсвэл хэд хэдэн асуултыг тавина уу.
-
Төгс гэдэг нь “бүрэн, дүүрэн, түүнчлэн бүрэн хөгжсөн” гэсэн утгатай болохыг ойлгох нь яагаад тустай вэ? (Судруудын удирдамж, “Төгс,” scriptures.ChurchofJesusChrist.org). Хэзээ, хэрхэн төгс болох боломжтой вэ?
-
Моронайн төгс болох талаар заасан зүйлийг та хэрхэн товч хураангуйлах вэ? Энэ сургаалыг ойлгох нь зорьсондоо хүрэлгүй алдаа гаргасан үед хэрхэн итгэл найдвар өгөх вэ? Их Эзэн танд бурханлаг тусламж, хүч чадал өгч байгааг та хэзээ мэдэрсэн бэ?
-
Есүс Христ Өөрийн ач ивээлийг танд өгч, Өөртэй нь болон Эцэгтэй нь адилхан болох замыг бэлдсэнийг мэдэх нь таны хувьд ямар ач холбогдолтой вэ?
Сурч мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд та дараах жишээг үзүүлж болно.
-
Өнөөдрийн сурсан зүйлийнхээ талаар бодоод, Их Эзэний төгс байх урилгад илүү их итгэж найдахад нь Жоанд туслахын тулд та түүнтэй ямар үнэнийг хуваалцаж болох вэ?
Есүс Христ Өөрийн сайн мэдээний дээд түвшний хуулийг заадаг.
Аврагч Мосегийн хуулийг гүйцэлдүүлснээ тайлбарлаад, дараа нь сайн мэдээний дээд түвшний хуулийг хүмүүст заасан гэдгийг суралцагчдад сануулаарай.
-
Та дээд түвшний хуулийг хэрхэн тодорхойлох вэ? Энэхүү дээд түвшний жишиг ямар зорилготой вэ? (Шаардлагатай гэж үзвэл, суралцагчид бэлтгэх материалын 2-р хэсгийг эргэн харж болно.)
Суралцагчдыг хичээлийн өмнө судалсан бэлтгэх материалын 2-р хэсэг дэх судрын хэсгүүдээ эргэж харахад урина уу. (Хэрэв зарим суралцагч урьдчилж бэлдээгүй бол тэднийг нэг судрын хэсгийг сонгоод, одоо судлаад үзэхэд уриарай.) Суралцагчдад эргэж харах хангалттай цаг өгсний дараа дараах үйл ажиллагаануудын аль нэгийг сонгох эсвэл суралцагчдад олж мэдсэн зүйлээ хуваалцаж, ярилцах хамгийн сайн боломж олгох өөр үйл ажиллагаа зохионо уу. Үүнд:
-
1 дэх сонголт: Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваа. Суралцагчдыг судалсан хэсгээсээ сурч мэдсэн зүйлээ бүлгийнхэнтэйгээ ээлжлэн хуваалцахад урина уу. Суралцагчдыг бүлэг дотроо ярилцаж дууссаны дараа, олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урь.
-
2 дахь сонголт: Бэлтгэх материалын 2-р хэсэг дэх “Бодол санаагаа тэмдэглэх” үйл ажиллагаанд орсон асуултуудыг үзүүлнэ үү. Суралцагчдыг судалсан судрын хэсэг дээрээ үндэслэн асуултуудад хэрхэн хариулахаа эргэцүүлэн бодоход урь. Түүнчлэн суралцагчдыг асуултад хэрхэн хариулахаа хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлэгтэйгээ хуваалцахад урина уу.
-
3 дахь сонголт: Суралцагчдыг сонгосон судрын хэсэг дээрх сургаалаа хэрэгжүүлэх жишээг бодоход урь. Суралцагчдад өөрсдийн жишээг жижиг бүлгүүдэд эсвэл ангийнхандаа танилцуулж, сонгосон сургаалаа хэрхэн хэрэгжүүлэхээ тайлбарлах боломж олгоно уу.
Суралцагчдыг амьдралдаа илүү сайн дагахыг хүсэж байгаа зарчим болон Христийнхтэй адил зан чанарыг сонгоход уриал. Суралцагчдыг тухайн зарчмын дагуу хэрхэн илүү сайн амьдрахаа эсвэл тухайн шинж чанарыг хэрхэн хөгжүүлэхээ бичихэд урамшуулан дэмж. Нэг эсвэл хоёр суралцагчийг Есүс Христийн сайн сайхан, ач ивээлийн талаарх гэрчлэлээ хуваалцахад урьж болно.
Дараагийн хичээлээр
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр дайсны нөлөө хаа сайгүй байгаа учир энэ цаг үеийн залуучууд “дайсны нутаг дэвсгэрт өсөж торниж байна” гэж хэлснийг онцлон тэмдэглэ (“How to Survive in Enemy Territory,” New Era, Apr. 2012, 2). Суралцагчдыг өнөө үеийн сүнслэг аюулын тухай бүлгийг эхлүүлж, дараагийн хичээлийн бэлтгэх материалыг судлахад нь Мормоны Ном ёс бус дэлхий ертөнцөд зөв шударга амьдрахад тэдэнд хэрхэн тусалж болох талаар олж мэдэхэд урь.