Институт
27-р хичээлийн бэлтгэх материал: Итгэл, найдвар, энэрэл


“27-р хичээлийн бэлтгэх материал: Итгэл, найдвар, энэрэл,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)

“27-р хичээлийн бэлтгэх материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал

27-р хичээлийн бэлтгэх материал

Итгэл, найдвар, энэрэл

Тэрээр захирч, засаглахаар дахин ирнэ, Мэри Р.Сауэр

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф “Итгэл, найдвар, энэрэл гурав нь бие биенээ тулан дэмжиж, нэг нь өсөн нэмэгдэхэд нөгөө хоёр нь бас өсдөг. … Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний үнэн ба гэрэл дээр суурилсан эл гурван шинж чанар хамтдаа үйлчилж байгаа тохиолдолд биднийг ач буянтай сайн үйлс рүү хөтөлдөг [Алма 7:24-ийг үзнэ үү]” хэмээн заасан (“Найдварын хязгааргүй хүч,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 27, 28; Моронай 10:20-ийг үзнэ үү). Энэ материалыг судлангаа эдгээр бурханлаг шинж чанарыг амьдралдаа илүү бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд юу хийж болохыг эргэцүүлэн бод.

1-р хэсэг

Миний итгэл найдвар Есүс Христэд итгэх итгэлд маань хэрхэн нөлөөлсөн бэ?

Нифайчуудын соёл иргэншил устсаны дараа Моронай ганцаараа үлдэж Мормоны Номыг гүйцээж бичсэн юм. Тэрээр мөн өөрийн эцэг Мормоны итгэл, найдвар, энэрлийн ач тусын талаарх номлол багтсан зарим сургаалыг нэмж оруулсан (Моронай 7:1-ийг үзнэ үү).

Моронай галаар бичсэн
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Моронай 7:33, 38, 40–43-ыг уншаад, итгэл, найдвар хоёрын уялдаа холбооны талаар Мормон юу гэж заасныг олж мэд.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард итгэл, найдварын хоорондох холбооны талаар ийн заасан.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл буюу бүх бодгалийг эзэмдсэн, гуйвшгүй жинхэнэ итгэл бол орчлон ертөнцийн хамгийн агууд тооцогдох хүч юм. Энэ бол гайхамшгуудыг бүтээдэг хүчин зүйл. Аль эсвэл амар амгалан, тайтгарал, дасан зохицох зоригийг олж авдаг дотоод хүч чадлын эх ундарга юм.

Бид итгэл, үнэмшлээ ажил хэрэг болгохын тулд найддаг. Найдвар итгэлээс урган гардаг бөгөөд бидний хийдэг бүх зүйлийг утга учиртай, зорилготой болгодог. Энэ нь нүгэл хилэнц, гай гамшиг, шударга бус явдал газар авсан ертөнцөд аз жаргалтай амьдрахад шаардагдах амар тайван баталгааг өгч чадна. (“The Joy of Hope Fulfilled,” Ensign, Nov. 1992, 32)

Инээмсэглэж буй залуу эмэгтэй
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Өөрийн итгэл, найдварыг Есүс Христ дээр төвлөрүүлснээр таны амьдралд ямар ямар адислал ирсэн эсвэл ирэх вэ?

2-р хэсэг

Би итгэл найдварыг мэдрэх боломжоо хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Моронай жаредчуудын цэдгийг хураангуйлахдаа бошиглогч Иферийн итгэлийн тухай сургаалуудыг оруулсан. Дараа нь тэрээр Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан тохиосон олон гайхамшгийг тоочсон юм. (Ифер 12:3–22-ыг үзнэ үү.) Моронай “итгэл бол найдагдсан боловч үзэгдээгүй зүйлүүд” (6-р шүлэг) болохыг тайлбарласан.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Ифер 12:4, 32-ыг уншаад, Бурханд итгэх итгэлээ хөгжүүлснээр юуг хүсэн хүлээж болохоо эргэцүүлэн бодож үз.

Ерөнхийлөгч Угдорф найдварын хязгааргүй хүчийн талаар ийн хэлсэн.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Итгэл найдвар бол Сүнсний бэлэг юм [Моронай 8:26-г үзнэ үү]. Энэ нь Есүс Христийн Цагаатгалаар мөн Түүний Амилалтын хүчээр дамжуулан Аврагчид итгэснээр бид мөнх амьдралд сэргээгдэнэ гэсэн итгэл найдвар билээ [Моронай 7:41-ийг үзнэ үү]. Энэ төрлийн итгэл найдвар амлалтын зарчим бас зарлиг [Колоссай 1:21–23-г үзнэ үү] бөгөөд бусад бүх зарлигийн нэгэн адил уруу таталтыг даван туулж, итгэл найдвараа алдахгүйн тулд бид үүнийг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгох үүрэг хүлээдэг. Тэнгэрлэг Эцэгийн нигүүлсэнгүй аз жаргалын төлөвлөгөөнд итгэж найдах нь амар амгалан [Ром 15:13-ыг үзнэ үү], нигүүлсэл [Дуулал 33:22-ыг үзнэ үү], баяр баясгалан [Ром 12:12-ыг үзнэ үү], баяр хөөртэй [Сургаалт үгс 10:28-ыг үзнэ үү] байхад хөтөлдөг. Аврагдах найдвар бол бидний авралын хуяг дуулга [1 Тесалоник 5:8-ыг үзнэ үү], итгэлийн үндэс суурь [Еврей 11:1; Moронай 7:40-ийг үзнэ үү], сэтгэлийн зангуу юм [Еврей 6:19; Ифер 12:4-ийг үзнэ үү]. (“Найдварын хязгааргүй хүч,” 26)

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Найдварыг өдөр тутмын амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгохын тулд та юу хийж чадах вэ?

3-р хэсэг

Энэрэл бусадтай болон Есүс Христтэй харилцах харилцаанд маань ямар нөлөө үзүүлж болох вэ?

Итгэл, найдварын талаар ярилцсаныхаа дараа Мормон энэрэл буюу “Христийн цэвэр хайр” (Моронай 7:47) дээр төвлөрөн, номлолоо дуусгасан.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Моронай 7:43–48-ыг уншаад, энэрлийг тодорхойлж дүрсэлсэн үг, хэллэгийг тэмдэглэж авахыг бод.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Жийн Б.Бингам ийн онцолсон.

Ерөнхийлөгч Жийн Б.Бингам

Есүс Христ бол энэрлийн төгс жишээ мөн. Мөнх бус амьдралын өмнөх дэлхийд бидний Аврагч болохоор Өөрийн биеийг тахил болгон өргөж, мөнх бус амьдралынхаа туршид бусдад үйлчлэн, Цагаатгалын тэнгэрлэг бэлгийг өгч, биднийг Тэнгэрлэг Эцэг рүү минь аваачихын тулд үргэлж хичээл зүтгэл гаргадаг байсан зэрэг нь бүгд энэрлийн туйлын илэрхийлэл юм. Тэрээр ганцхан зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг байсан нь бидний хүн нэг бүрийг хайрласнаар Эцэгтээ хайртайгаа харуулсан явдал байв. …

Бид Түүний төгс жишээг дагаж чадвал энэрлийн бэлгийг хүлээн авах бөгөөд энэ нь энэ амьдралд агуу баяр баясал, Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт мөнхөд амьдрах амлагдсан адислалыг авчирна гэдгийг би гэрчилж байна. (“Би гэр орондоо сайн мэдээний гэрлийг авчирна,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 125, 128)

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Есүс Христ бол “энэрлийн төгс жишээ” болохыг харуулсан хоёр жишээг бод. Жишээний талаар өгүүлсэн түүхийг судраас олж, дор хаяж нэг жишээг ангийнхантайгаа хуваалцахад бэлд.

Христ ба Мормоны Номын хүүхдүүд, Дэл Парсон

Аврагчийн үлгэр жишээний тухай бодож байхдаа, энэрэл таны өдөр тутмын амьдралд ямар байдлаар илэрч болох талаар бод. Ерөнхийлөгч Томас С.Монсон ийн заасан.

Ерөнхийлөгч Томас С. Монсон

Энэрэл нь өвчин, зовлон, шаналлаас гадна бусдыг сул дорой байхад юм уу алдаа гаргах үед өрөвч, энэрэнгүй, нигүүлсэнгүй байхад хүргэдэг гэж би боддог.

Хэн ч хайхардаггүй хүмүүсийг анхаардаг, урам хугарсан хүмүүст найдвар төрүүлдэг, өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүст тусламж хайрладаг энэрэл үнэхээр хэрэгтэй байна. Жинхэнэ энэрэл бол хайрын үйлдэл юм. Хаа сайгүй энэрэл хэрэгтэй байна.

Гай зовлон тохиолдсон хүнд ашиг тустай биш л юм бол бусдад тохиолдсон золгүй явдлын талаар сонсоод эсвэл энэ талаарх мэдээллийг давтаж хэлээд болчихно гэсэн сэтгэлгээнгээс татгалздаг энэрэл хэрэгтэй байна. Америкийн сурган хүмүүжүүлэгч, улс төрч Хорас Манн нэгэнтээ “Зовлон тохиоход өрөвдөх нь хүний зан чанар, харин үүнээс үүрэлцэх нь бурханлаг чанар юм” гэж хэлсэн байдаг [Horace Mann, Lectures on Education (1845), 297].

Энэрэл гэдэг нь бидний итгэлийг хөсөрдүүлсэн хүмүүст тэвчээртэй хандахыг хэлнэ. Энэ нь амархан уурлаж, гомдохгүй байхыг хичээх, сул, дутагдалтай талыг нь хүлээн зөвшөөрөх, хүмүүсийг байгаагаар нь хүлээн авах, хүмүүсийн гадаад төрхийг биш, харин цаг хугацаа өнгөрөхөд ч хэвээр үлдэх зан чанарыг харах, бусдыг ангилж, ялгаварлах сэтгэлгээнээс салахыг хэлдэг. (“Сharity Never Faileth,” Liahona, Nov. 2010, 124)

Ярилцаж буй гурван бүсгүй
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Та энэрлийн бэлгийг чин сэтгэлээсээ эрэлхийлж, Христийн адил бусдыг хайрлах хайрыг хөгжүүлэхийн тулд юу хийж чадах вэ? Танаар дамжуулан Аврагчийн хайрыг хэн мэдрэх хэрэгтэй байна вэ? Тэр хүнд Түүний хайрыг мэдрүүлэхийн тулд та юу хийж чадах вэ?