Институт
20-р хичээлийн багшийн материал: Шашны эрх чөлөөний адислал


“20-р хичээлийн багшийн материал: Шашны эрх чөлөөний адислал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)

“20-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал

20-р хичээлийн багшийн материал

Шашны эрх чөлөөний адислал

Шашны эрх чөлөө нь хүний үндсэн эрх юм. Мормоны Номд шашны эрх чөлөөний адислал, шашны эрх чөлөөг хязгаарласны дараах үр дагаврын олон жишээ багтсан байдаг. Энэ хичээлээр суралцагчдад шашны эрх чөлөөний адислалуудыг тодорхойлж, өнөө үед үүнийг хадгалан хамгаалахын тулд юу хийж болохоо үнэлж дүгнэх боломжийг олгоно.

Заах зөвлөмж

Мозая хаан шашны эрх чөлөөг хамгаалсан засаглалын хэлбэрийг тогтоосон.

Тэмдэглэл: Шашны эрх чөлөөний байдал дэлхий даяар харилцан адилгүй байдаг. Шашны эрх чөлөөний талаар ярилцахдаа, амьдарч буй газрынхаа өвөрмөц нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. Суралцагчдыг засгийн газар, бусад сүм, шашны бүх уламжлалын талаар хүндэтгэлтэй ярихад уриал.

Хичээлийн бэлтгэл болгож, өөр шашны нэг эсвэл олон хүнтэй ярилцахад урьсныг суралцагчдад сануул. Суралцагчдыг тэр хүмүүсээс яагаад шашнаа чухал гэж үздэг мөн ямар нэгэн шашны хавчлагад өртөж байсан эсэхийг асуухад урамшуулсан. Зарим суралцагчийг харилцан ярианаасаа эсвэл бусад шашны хүмүүсээс олж авсан туршлагаасаа сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урина уу.

Дараах асуултуудаас аль нэгийг эсвэл хэд хэдэн асуултыг тавьж болно. Үүнд:

  • Та шашны эрх чөлөөг юу гэж тодорхойлох вэ? (Шаардлагатай бол суралцагчдыг бэлтгэх материалын удиртгал болон 1-р хэсгийг уншихад урь.)

  • Бүх хүн шашны итгэл үнэмшлээ илэрхийлэх, үүнийхээ дагуу үйлдэх эрхтэй байх нь яагаад чухал гэж та бодож байна вэ? (Бэлтгэх материал дээрх итгэлийн тунхгийн 11-р заалтыг мөн 1-р хэсэг дээрх Иосеф Смитийн хэлсэн мэдэгдлийг унших нь тустай байж болох юм.)

  • Шашны талаарх үзэл бодол зэрэг үндсэн итгэл үнэмшлээ чөлөөтэй илэрхийлэх, үүнийхээ дагуу үйлдэх эрхгүй байсан бол бидний амьдралд хэрхэн нөлөөлөх байсан бэ? Өнөө үед шашны эрх чөлөөнд заналхийлж байгаа ямар ямар жишээ байдаг вэ?

Хаан Мозая хаант улсдаа өөрийн итгэл үнэмшлээс болж хавчигдаж байсан хүмүүсийг хамгаалах хууль гаргасныг суралцагчдад сануул. Мозая 27:1–4-ийг суралцагчидтай хамт уншаад, дараах асуултыг тавь.

  • Бид хаан Мозаягийн тунхаглалаас шашны эрх чөлөөний талаар юу сурч болох вэ?

Корихор Алматай нүүр тулсан нь, Робэрт Т.Баррэтт

Дагалдах зургийг үзүүлээд, Корихорын зааж байсан зарим санааг тоймлон хэлэхэд суралцагчдыг урь (бэлтгэх материалын 1-р хэсгийг үзнэ үү). Суралцагчдыг Алма 30:7–9, 11-ийг уншаад, эдгээр шүлэг шашны эрх чөлөөний талаар юу зааж байгааг олж мэдэхэд урь. Дараах асуултуудаас алиныг нь асуувал суралцагчдад гүн гүнзгий сурч мэдэхэд хамгийн их тус болохыг эргэцүүлэн бодоорой.

  • Эдгээр шүлгээс бид Тэнгэрлэг Эцэг шашны эрх чөлөөнд ямар их ач холбогдол өгдөг талаар юу сурч болох вэ? (Суралцагчид Бурхан бүх хүүхдээ тэгш эрхтэй, боломжтой байж, албадлагагүйгээр Өөрт нь үйлчлэх мөн үйлчлэхгүй байх сонголт хийх боломжтой байгаасай гэж хүсдэг гэсэнтэй ижил төстэй зарчмыг тодорхойлж болно.)

  • Бурханы төлөвлөгөөнд яагаад Түүнд итгэхийг эсвэл Түүнийг дагахыг шахаж шаардахгүй байх нь чухал вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг Өөрсдөдөө заавал итгэж, дагахыг албадахгүй гэсэн нь танд ямар санагдаж байна вэ? Энэ нь Тэдний зан чанарын тухай танд юу зааж байна вэ?

  • Шашны эрх чөлөө нийгмийн бүх давхаргад хэрхэн тустай вэ? Энэ нь танд хэрхэн тус болдог вэ?

Ахмад Моронай эрх чөлөөний тугийг өргөж, эрх чөлөөг сахин хамгаалахад ард түмнийг уриалан дуудсан.

Шашны эрх чөлөөнд хэрхэн заналхийлж болох жишээг хуваалцахад цөөн суралцагчийг урь. (Шаардлагатай бол бэлтгэх материалын 2-р хэсгийг уншихад суралцагчдыг урьж болно.)

Суралцагчдыг Алма 46:4, 10-ыг уншаад, Амаликая нифайчуудын эрх чөлөөнд, түүний дотор шашны эрх чөлөөнд хэрхэн заналхийлсэн талаар тайлбарлахад урина уу. Ахмад Моронайн уг заналхийлэлд хэрхэн хариулсныг суралцагчдаас асуу. (Шаардлагатай бол суралцагчдаас Алма 46:12–13, 19–20-ийг уншихыг хүснэ үү.) Дараах асуултуудыг ярилц. Үүнд:

  • Ахмад Моронай болон түүний хүмүүсийн гаргаж буй хүчин чармайлтаас шашны эрх чөлөөний талаар сайн мэдээний ямар ямар зарчимд суралцаж болох вэ? (Биднийг Бурханд хандаж, үйлдэхэд өөрсдийгөө бэлтгэх үед Тэрээр гэр бүл, шашин шүтлэг, эрх чөлөөгөө хамгаалахад хүчирхэгжүүлнэ гэсэнтэй ижил төстэй зарчмыг тодорхойлоход суралцагчдад тусал.)

  • Ахмад Моронай, эрх чөлөөний туг хоёр хүмүүст хэрхэн нөлөөлсөн бэ? Яагаад шашны эрх чөлөөг хамгаалахад бидэнд Тэнгэрлэг Эцэгийн тусламж хэрэгтэй вэ?

  • Ахмад Моронай шашны эрх чөлөөг хамгаалсан нь Есүс Христ бидний сонгох эрхийг хамгаалсантай хэр адилхан байна вэ?

Шашны эрх чөлөөгөө хамгаалахдаа хэрхэн соёлтой байх талаар эргэцүүлэн бодоход суралцагчдад туслахын тулд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлж болно.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Бид бүх хүнийг хайрлаж, сайн сонсогч байж, бусдын чин сэтгэлийн итгэл үнэмшилд санаа тавьдаг байх ёстой. Бид өөрсдийн байр суурийг ойлгуулж, тайлбарлахдаа мөн хүмүүсийн үзэл бодолд нөлөөлөхдөө ухаалаг хандах ёстой. Бид үл итгэгчдийг ойлгож, дэмжихийг эрэлхийлэх ёстой. Түүнчлэн бид засгийн газар, зохих үндэстэн дамнасан байгууллагуудын албан ёсны үйл ажиллагааг дэмжих ёстой. Шашны байгууллага, сүсэгтнүүдийн бүх хүн төрөлхтний ач тусын төлөө хийж чадах агуу сайн сайхныг хадгалан үлдэхэд энэ бүхэн шаардлагатай юм. (“Challenges to Religious Freedom” [address at the Argentina Council for Foreign Relations (CARI), Apr. 23, 2015], newsroom.ChurchofJesusChrist.org)

Шашны эрх чөлөөг хамгаалах талаар суралцахад нь суралцагчдад туслахын тулд тэднийг хамтрагчтайгаа ажиллаж, дараах тохиолдолд хэрхэн хариулахаа ярилцахад урина уу.

Ажил дээр тань цайны цагаараа нууцхан залбирдаг мусульман найз байдаг гэж бодъё. Хамт ажилладаг хэдэн хүн нь түүний энэ үйлдлийг шоолж эхлэв. Нэг нь “Түүний шашин шүтдэг нь түүний л хэрэг, иймд ажил дээрээ зан үйлээ үйлдэх ёсгүй” гэж хэлэв. Дараа нь тэр тань руу хараад, “Чи юу гэж бодож байна?” гэж асуув.

Суралцагчдад хариултаа хамтрагчидтайгаа ярилцах цаг гаргаж өгсний дараа хэдэн суралцагчийг энэ тохиолдолд хэрхэн хариулах байснаа хуваалцахад урь.

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчдыг зорилго тавихад урь. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Хэрэв бид амьдралдаа зорилго тавьдаггүй, зорилгодоо хүрэхэд туслах арга ухааныг гарамгай сайн эзэмшдэггүй бол насан өндөр болж амьдралаа эргэн хараад, бүрэн чадавхынхаа өчүүхэн жаахан хэсгийг л ашигласнаа олж харна гэдэгт би баттай итгэдэг” хэмээн хэлсэн (“Do Things That Make a Difference,” Ensign, June 1983, 69–70). Суралцагчдад үр дүнтэй, зөв ​​шударга арга хэмжээ авахад нь тусалж чадахуйц тодорхой зорилгын талаар бодож, гаргаж тавих боломж олго. Хуваалцахад хэтэрхий хувийн шинжтэй биш бол зорилгоо өөрт тань хуваалцахад суралцагчдыг урьж, зорилгодоо хэрхэн хүрч байгааг нь эргэж асуух талаар бодоорой.

Суралцагчдыг шашны эрх чөлөөний ариун дагшин эрхийг илүү сайн хамгаалахад бэлтгэлтэй байхын тулд юу хийж болох талаар тодорхой зорилго тавихад урина уу. (Бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ахлагч Робэрт Д.Хэйлсийн мэдэгдлийг үзүүлж, унших нь тустай байж болох юм.) Зорилгодоо хүрэхийн тулд хийх энгийн үйлдлийн төлөвлөгөө бичихэд суралцагчдыг урих талаар бодож үзээрэй. Хичээлийн төгсгөлд шашны эрх чөлөө ямар чухал болох талаар гэрчлэлээ хуваалцаж болно.

Дараагийн хичээлээр

Бардамналын тухай сэдэв яагаад Мормоны Номд түгээмэл гардаг талаар тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Бардамнах нүглийг бусдаас олж харах амархан боловч өөрсдөдөө байгааг хүлээн зөвшөөрөх нь ховор” байдгийг ажиглан харсныг онцолно уу (“Beware of Pride,” Ensign, May 1989, 5). Суралцагчдыг Мормоны Номон дахь бардамналын талаарх сургаалыг мөн энэ нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлж байж болох тухай ойлголтоо гүнзгийрүүлэхэд урь.