Институт
11-р хичээлийн багшийн материал: Гэрээний замаар урагш явах нь


“11-р хичээлийн багшийн материал: Гэрээний замаар урагш явах нь,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)

“11-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол

11-р хичээлийн багшийн материал

Гэрээний замаар урагш явах нь

Есүс Христэд итгэж мөн нүглээ наманчлах нь мөнхийн амьдрал руу хөтлөх гэрээний зам дээр гарах анхны алхам юм. Бид баптисмын ёслолоор дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой гэрээт харилцаанд ордог. Энэхүү хичээлийн үеэр, суралцагчид өдөр тутмын амьдралдаа баптисмын гэрээгээ хэрхэн сахих талаар жишээ хуваалцаж, Ариун Сүнсний ариусгах нөлөөний талаар гэрчилж мөн баяр баясгалан, итгэл найдвар тээн эцсээ хүртэл тэвчихийн тулд юу хийж болохоо тодорхойлох болно.

Заах зөвлөмж

Заах, суралцах чадвараа сайжруулах нь

Эрэлхийлэх сүнсийг урамшуулан дэмж. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Асуулт тавьж, асуултад хариулах нь бүх сурч мэдэх, зааж сургахын гол цөм байдаг” болохыг судалж мэджээ (“The Lord Will Multiply the Harvest” [satellite broadcast address to religious educators in the Church Educational System, Feb. 6, 1998, 5–6]). Бид гол төлөв энэ зарчмыг асуулт асууж буй багш, асуултад хариулж байгаа суралцагчдад ашигладаг. Хэдийгээр багш нарын тавьсан үр дүнтэй асуултууд суралцагчдад сурч мэдэхэд нь тусалдаг бол суралцагчдын асуултууд суралцах явцад мөн л чухал үүрэг гүйцэтгэдэг. Суралцагчдад асуулт тавихыг дэмждэг, хүндэтгэдэг, сайтар авч үздэг сургалтын орчныг бий болгохыг эрэлхийл. Ухаалаг багш суралцагчдын тавьсан асуулт бүрийг шууд буюу яаран хариулдаггүй. Тэд бусад суралцагчийг хариулахад урьж, сүнслэгээр өдөөгдсөн эх сурвалж руу чиглүүлж эсвэл хичээлээс гадуур цаг гарган судлахыг урамшуулж, сурч мэдсэнийг нь тайлагнуулж асуудаг.

Алма, Нифай хоёр бидний баптисмын гэрээ, Ариун Сүнсний бэлгийн ач холбогдлын талаар заасан.

Далын ахлагч Бэнжамин М.З.Тайгийн хэлсэн дараах мэдэгдлийг үзүүл.

Ахлагч Бэнжамин М.З.Тай

Мормоны Ном Их Эзэний бидэнд зориулсан үйлдэх төлөвлөгөөг буюу Христийн сургаалыг маш ойлгомжтой заадаг. Үүнд … баптисм зэрэг ёслолуудаар дамжуулан Бурхантай гэрээ байгуулж, гэрээгээ сахих ордог. Энэ нь биднийг Түүн рүү очих гэрээний зам дээр байлгадаг. (“Хөрвөлтөд нөлөөлөх Мормоны Номын хүч,“ 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 53)

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болох чадварт тань таны баптисм хэрхэн нөлөөлсөн бэ?

Дараах дутуу мэдэгдлийг үзүүл: Бид баптисм хүртэхдээ … гэрээ байгуулдаг.

Суралцагчдыг Мозая 18:8–10-ыг уншаад, баптисм хүртэхдээ хийж болохоор гэрээлдэг зарим зүйлийг олж мэдэхэд урь. (Суралцагчдын хариултад дараах зүйлс орсон байж болно: Бид баптисм хүртэхдээ нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэж, гашуудаж байгаа нэгэнтэй гашуудаж, тайтгарал хэрэгтэй нэгнийг тайтгаруулж, Бурханы гэрчлэгч болж, Түүнд үйлчилж, Түүний зарлигуудыг сахих гэрээнд ордог.)

Баптисмын гэрээгээ эрхэмлэн дээдэлж байгаа хүмүүсийн жишээг бодоход урьсныг суралцагчдад сануулаарай. Суралцагчдад өөрсдийн жишээг санаж, дараа нь санаагаа хамтрагчдаа эсвэл жижиг бүлэгтээ хуваалцах цаг гарга. Өөр хоорондоо жишээгээ хуваалцсаны дараа, дараах асуултуудыг суралцагчдаас асуу.

  • Есүс Христ бусдыг тайтгаруулж, хүчирхэгжүүлж мөн гашуудаж, баптисмын гэрээнийхээ дагуу амьдарч байсан ямар ямар жишээ байдаг вэ?

  • Гашуудаж буй хүнтэй хамт гашуудаж, тайтгарал хэрэгтэй нэгнийг тайтгаруулах талаар та өөрийн амьдралаасаа юу сурч мэдсэн бэ? (Та бэлтгэл материалын 1-р хэсэг дэх ахлагч Дэйл Г.Рэнландын эш татсан үгийг уншиж болно.) Бусдыг Тэнгэрлэг Эцэгийн адил харахыг хичээх үед ямар өөрчлөлт танд гарсан бэ?

Баптисмынхаа гэрээг сахих үед Их Эзэн бидэнд Ариун Сүнсийг хамтрагч болгон өгнө хэмээн амласан гэдгийг онцол. Суралцагчдыг 2 Нифай 31:13, 17-г уншаад, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авснаар бид хэрхэн адислагддаг болохыг олж мэдэхэд урь.

  • Баптисм хүртэхээр бэлдэж байгаа хүнд та галан баптисм, тэнгэр элч нарын хэлээр ярих зэргийг хэрхэн тайлбарлах бэ? (Бэлтгэл материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Боид К.Пакэр, ахлагч Дэвид А.Бэднар нарын мэдэгдлүүдийг уншиж болно.) Та эдгээр адислалыг ямар арга замаар мэдэрсэн бэ?

Та суралцагчдад дараах асуултуудыг тунгаан бодох хугацаа өгч болно.

  • Ариун Сүнсний адислалыг амьдралдаа урин авчрахын тулд би юу хийж байна вэ? Ариун Сүнсний ариусгах хүчийг илүү бүрэн дүүрэн мэдрэхийн тулд би юуг үргэлжлүүлэн хийж, юуг хийж эхлэх, юуг хийхээ болих хэрэгтэй вэ?

Нифай эцсээ хүртэл тэвчихийн ач холбогдлыг заасан.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн хуваалцсан дараах түүхийг эсвэл хүнд хэцүү нөхцөл байдлыг тэвчиж гарахын ач холбогдлыг харуулсан өөрийн түүхийг ашиглаж болно.

Ахлагч Робэрт Д.Хэйлс

1968 онд Жон Стэфэн Аквари хэмээх марафон гүйгч олон улсын тэмцээнд Танзани улсыг төлөөлөн оролцсон юм. “Ялагчийг барианы шугамд орсноос хойш цаг гаруй хугацаа өнгөрсний дараа тэмцээний хамгийн сүүлчийн хүн болон Жон Стэфэн Аквари … цэнгэлдэх хүрээлэнд орж ирлээ. [Ядарч сульдан, хөлнийх нь шөрмөс татан, хоолой нь хатаж, зүг чигийн баримжаагаа алдсан байсан ч] дотроос нь нэгэн дуу хоолой үргэлжлүүл хэмээн хэлж байсан тул тэр гүйсээр байжээ. … Ялахгүй гэдэг нь ойлгомжтой байсан ч яагаад уралдаанаа дуустал нь гүйснийг асуухад Аквари, “Манай улс намайг уралдааныг эхлүүлэх гэж 5000 бээр явуулаагүй, харин барианд ороорой гэж явуулсан юм гэж хариулжээ.” (“Behold, We Count Them Happy Which Endure,” Ensign, May 1998, 76)

  • Жон Стэфэн Аквари нь ямар ямар шалтгаанаар барианд орохгүй байж болох байсан бэ?

  • Жоны туршлагыг гэрээгээ сахихыг хичээх үед тулгарч болох зовлон бэрхшээлтэй хэрхэн харьцуулж болох бэ?

  • Ямар ямар шалтгаанаар гэрээндээ үнэнч хэвээр үйлдэхгүй байж болох вэ?

Ярилцлагыг дэмжихийн тулд та суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилаад, 2 Нифай 31:15–16, 19–21-ийг уншин, эцсээ хүртэл тэвчих гэдэг нь ямар утгатай болохыг олж мэдэхэд урь. (Та мөн суралцагчдыг Судруудын удирдамж дээрх “Тэвчих” сэдэв доор жагсаасан зарим судрыг уншихад урьж болно.)

Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа, сурч мэдсэнээ хуваалцахад урь. (Суралцагчид дараахтай ижил төстэй үнэнийг тодорхойлж болно: Биднийг нарийн бөгөөд давчуу замаар Христэд тууштай итгэн урагш тэмүүлж, эцсээ хүртэл тэвчих юм бол Тэнгэрлэг Эцэг мөнх амьдралаар адислах болно.) Дараах асуултуудын аль нь энэхүү зарчмыг илүү гүн гүнзгий ойлгоход суралцагчдад тань туслахыг эргэцүүлэн бод.

  • Христэд тууштай итгэн, найдварын төгс гэрэлтэйгээр урагш тэмүүлэх гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ?

  • Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь юу гэсэн үг болохыг илүү сайн ойлгоход маань туслах Мормоны Номонд гардаг эсвэл таны таньдаг хүний, Аврагчийн амьдралын ямар жишээ байж болох вэ? (Суралцагчид бэлтгэл материалын 3-р хэсгийг судлахдаа энэ асуултын хариултыг бичиж тэмдэглэсэн байж болох юм.)

  • Та ямар арга замаар үргэлжлүүлэн Христэд тууштай итгэн урагш тэмүүлэх вэ? Та илүү их найдвар, баяр баясгалантайгаар эцсээ хүртэл тэвчихийн тулд юу хийж чадах вэ?

Та энэ хичээлээр тодорхойлсон үнэнүүдийн талаарх өөрийн гэрчлэлийг хуваалцаж эсвэл гэрчлэлээ хуваалцахад нэг суралцагчийг урьж хичээлийг дуусгаж болно.

Дараагийн хичээлээр

Дахин төрсөн эсэхийг тань асуусан хүнд юу гэж хариулахыг суралцагчдаас асуу. Дараагийн хичээлийн бэлтгэл материалыг уншаад, сүнслэг байдлын хувьд дахин төрж, Есүс Христийн сайн мэдээнд жинхэнээсээ хөрвөгдөх гэдэг нь ямар утгатай үг болохыг тунгаан бодоход суралцагчдыг урь.