“10-р хичээлийн багшийн материал: Наманчлал ба өршөөл” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)
“10-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол
10-р хичээлийн багшийн материал
Наманчлал ба өршөөл
Мормоны Ном нь наманчлал ба өршөөлийн тухай сургаалын талаар өвөрмөц ойлголт өгдөг. Инос, хаан Бенжамины хүмүүс, Бага Алма нарын туршлага нь Аврагч бол бидний уучлал, сэтгэлийн амгалан тайван байдлын үндсэн эх сурвалж болохыг харуулдаг. Энэ хичээлээр суралцагчид наманчлалтай холбоотой асуултуудын талаар ярилцаж, Аврагч тэднийг өршөөсөн гэдгийг хэрхэн илүү сайн таньж мэдэх талаар суралцана. Суралцагчид мөн хэрхэн үргэлжлүүлэн наманчлан, Есүс Христтэй илүү адил болж болох талаар авч үзнэ.
Заах зөвлөмж
Алма Аврагчийн өршөөлийг хэрхэн хүлээн авснаа тайлбарласан.
Дараагийн гурван асуултыг ангийн өөр өөр хэсэгт байрлуул. Асуулт бүрийн дэргэд хэдэн сандал тойруулан тавь. Эдгээр асуулт нь бэлтгэл материалын 1-р хэсэг дэх асуултуудтай ижил төстэй гэдгийг онцол.
-
Наманчлах гэж чухам яг юу гэсэн үг вэ? Наманчлалын алхмуудыг хийсэн ч ямар нэгэн өөрчлөлтийг мэдрэхгүй байгаа хүнд та ямар зөвлөгөө өгөх вэ?
-
Бид жинхэнээсээ өөрчлөгдөх хүч чадлыг хэрхэн олж авах вэ? Сайжрахыг үнэхээр хичээсэн ч өмнөх алдаагаа хийсээр байгаадаа урам хугарсан хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?
-
Өөрийгөө засрахгүй юм байна гэж бодож байгаа хэн нэгэнд юу гэж хэлэх вэ? Үйлдсэн нүгэл нь хэзээ ч өршөөгдөхөөргүй муухай тул наманчлахыг санаад ч хэрэггүй гэж бодож байгаа хүмүүст та хэрхэн тусалж чадах вэ?
Сонирхогчдодоо зориулан дээрх асуултуудын аль нэгийг хариулах гэж буй номлогч эсвэл наманчилж чадахгүй байгаа хайртай хүндээ туслахаар бэлдэж байгаа хүн гэж өөрсдийгөө төсөөлөхөд суралцагчдыг урь. Дараа нь суралцагчдаас ярилцахыг хүсэж байгаа асуултынхаа дэргэдэх сандал дээр суухыг хүс. Суралцагчдыг Алмад тохиолдсон үйл явдлын талаарх түүхийг мөн тэдний асуултад хариулахад туслах Мормоны Номын бусад хэсгийг ашиглахад урамшуулан дэмж.
Бүлэг бүрд ярилцлага хөтлөх удирдагч томилоод, удирдагч бүрд энэ хичээлийн материалын төгсгөлд байх зааврын хуулбарыг өгөөрэй. Бүлгүүдэд үр дүнтэй ярилцлага хийх хангалттай цаг гаргаж өг.
Суралцагчдад ярилцах хангалттай цаг гаргаж өгсний дараа, бүлэг тус бүрээс бүлгээрээ сурч мэдсэн, ярилцлагын үеэр мэдэрсэн зүйлээ өөрийн саналаар товч хураангуйлан ярих хүнийг урьж болно.
Инос, хаан Бенжамины хүмүүс мөн Алма өршөөлийн баяр баясгаланг мэдэрсэн.
Өөрсдөө эсвэл таньдаг хүмүүс нь Аврагч нүглийг нь өршөөсөн гэдгийг хэрхэн мэдэх вэ? гэж бодож байсан эсэхийг суралцагчдаас асуугаарай. Инос 1:4–8; Мозая 4:1–3; Алма 36:19–21-ээс өршөөгдсөнөө мэдэх арга замуудыг олж мэдэхэд суралцагчдыг урь.
-
Эдгээр шүлгийн ямар үг, хэллэг таны анхаарлыг татсан бэ? Яагаад эдгээр үг, хэллэг таны анхаарлыг татсан гэж бодож байна бэ?
-
Есүс Христ бидний нүглийг өршөөх чадалтай бөгөөд өршөөхөд бэлэн, хүсэн хүлээж байдаг гэдэгт итгэж, хүлээн зөвшөөрөх нь яагаад чухал вэ? (Суралцагчдыг бэлтгэл материалын 3-р хэсгийг дүгнэхэд урьж болно.)
-
Аврагч бидний нүглийг өршөөсөн гэдгийг бид хэрхэн мэдэж болох вэ? (Суралцагчдад дараах зарчмыг тодорхойлоход тусал: Бид чин сэтгэлээсээ наманчилж, Есүс Христэд итгэх үед Тэрээр биднийг өршөөж, баяр баясгалан, амар амгалангаар адисалдаг.)
-
Та хэзээ Их Эзэнээс өршөөлийн баяр баясгалан, амар амгаланг мэдэрсэн бэ мөн энэ нь хэрхэн таны амьдралд нөлөөлсөн бэ? (Суралцагчдыг аль нэгэн нүглийнхээ талаар биш, харин өршөөгдөхөд төрдөг мэдрэмжийнхээ талаар ярилцахад урамшуулан дэмж.) Аврагчийн таныг өршөөх чадвар болоод хүслийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
Ярилцлагынхаа үеэр ахлагч Нийл Л.Андэрсэны дараах мэдэгдлийг хуваалцах нь тустай байж болох юм.
Үнэхээр наманчилдаг боловч сэтгэл санааны амар амгаланг мэдэрч чадахгүй байгаа хүмүүс зарлигуудыг үргэлж сахих хэрэгтэй. Сэтгэл санааны амар амгалан Их Эзэний цагт ирнэ гэдгийг би амлаж байна. Эдгээлт нь цаг хугацааг шаарддаг.. (“Н(аманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,“ 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46)
Тайлбар: Хүчин чармайлт нь үр дүнд хүрээгүй учраас наманчлах үйл явцад урам нь хугарсан байж болох суралцагчдад урам зориг өгөх үг хэлээд, Их Эзэнд үргэлжлүүлэн хандаж, тулгарсан тодорхой асуудлаа бишоптойгоо хуваалцахад тэднийг урьж болох юм.
Суралцагчдад өөрсдийн амьдралыг дүгнэх, наманчлахад хэрэгтэй аливаа зүйлийг тодорхойлох цаг гаргаж өг. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэхэд суралцагчдыг урь.
Наманчлал ба өршөөлийн сургаалын талаарх гэрчлэлээ хуваалц. Түүнчлэн суралцагчдыг гэрчлэлээ хуваалцахад урих талаар бод.
Дараагийн хичээлээр
Суралцагчдаас баптисмын болон бусад гэрээ нь хэрхэн амьдралыг нь адисалсныг асуу. Тэднийг дараагийн хичээлийн бэлтгэл материалыг судлахдаа гэрээний замаа мөн гэрээгээ эрхэмлэн дээдлэх нь Аврагчтай мөн Түүний хүчтэй хэрхэн холбодог талаар бодоход урь.