Институт
4-р хичээлийн багшийн материал: Судраас эрэлхийлэх


“4-р хичээлийн багшийн материал: Судраас эрэлхийлэх,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)

“4-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол

4-р хичээлийн багшийн материал

Судраас эрэлхийлэх

Бошиглогч Мормон “Судрууд бүхий тэр нь тэдгээрийг судлаг” (3 Нифай 10:14) хэмээн хэлсэн. Энэхүү хичээл нь судруудыг хичээнгүйлэн судалдаг хүмүүсийн хүлээн авдаг хэд хэдэн адислалыг тодорхойлох боломжийг суралцагчдад олгоно. Суралцагчид мөн судраас суралцах явцыг амьдралынхаа чухал хэсэг болгохын тулд юу хийж болохоо тодорхойлно.

Заах зөвлөмж

Лихай ба түүний гэр бүлийнхэн ариун судрууд нь үнэ цэнтэй болохыг мэдэж авсан.

Дараах хишээг хуваалцах талаар бодож үз:

Таша бол завгүй бүсгүй. Тэрээр сургуульд сурдаг, цагийн ажил хийдэг, Сүмд үйлчилдэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр идэвхтэй оролцдог, амралтын өдрүүдээр найзуудтайгаа цагийг өнгөрөөдөг. Тэр хувиараа судраас суралцахыг хүсдэг ч цаг зав, эрч хүч нь хүрэлцдэггүй байв.

  • Та Ташад ямар зөвлөгөө өгөх вэ?

Лихайн хөвгүүд гуулин ялтаснуудыг авахын тулд ямар саад тотгор туулсан түүхийг ярихад суралцагчдыг урь. Дараа нь 1 Нифай 5:20–21-ийг хамтдаа унш.

Дараах дутуу мэдэгдлийг самбарт бичээд, хэлэлцүүлгийн үеэр үүнийг янз бүрийн аргаар гүйцээж бичихэд суралцагчдыг урамшуулан дэмж: Судрууд асар их үнэ цэнтэй. Учир нь гэвэл …

  • Лихай, Нифай хоёр самбар дээрх мэдэгдлийг хэрхэн гүйцээж бичих байсан бэ?

  • Судрын талаарх өөрийн туршлага дээр үндэслэн та энэ мэдэгдлийг хэрхэн гүйцээж бичих вэ?

Дараах судрын хэсгүүдийг үзүүлээд, Мормоны Номын бошиглогчид судрын үнэ цэнийн талаар тунхагласан болохыг тайлбарла: 1 Нифай 15:23–24; Иаков 2:8; Иаков 4:4; Алма 31:5; Алма 37:8-10; Хиламан 3:29–30.

Ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваа. Бүлэг бүрд гишүүн тус бүрд нэгээс хоёр унших судар байхаар судрын хэсгүүдийг өөр хоорондоо хуваах заавар өг. Суралцагчдыг оноож өгсөн судруудаа чимээгүй уншаад, судрууд нь өөр ямар учраас үнэ цэнтэй болохыг тодорхойлоход урь.

Бүлгийн гишүүдийг сурч мэдсэн зүйлээ болон самбар дахь мэдэгдлийг гүйцээж бичих жагсаалтад юуг нэмж оруулахаа хуваалцахад урь. Хэлэлцүүлгийнхээ хүрээнд суралцагчид авч үзэж байгаа судрын хэсгүүдэд нь тайлбарласнаар судрын ач тусыг хэзээ мэдэрч байснаа хуваалцаж болно.

Бүлгийн үйл ажиллагааны дараа та ангийнханд дараах асуултуудыг тавьж болно.

  • Судрууд нь яагаад үнэ цэнтэй болох бүх шалтгаанаас аль нь хамгийн чухал гэж та хэлэх вэ?

  • Судруудыг, ялангуяа Мормоны Номыг уншсанаар та Есүс Христийн талаар юу мэдэж, мэдэрсэн бэ? Ямар тодорхой судрын хэсгүүд таныг Түүнд илүү их ойртуулсан бэ?

Заах, суралцах чадвараа сайжруулах нь

Суралцагчдад төрсөн мэдрэмжээ бичиж тэмдэглэх боломж олго. Суралцагчид Ариун Сүнсээс хүлээн авсан мэдрэмжээ тэмдэглэх дасгал хийснээр сүнслэг өдөөлтийг илүү сайн мэдэрдэг болно. Суралцагчдыг ийм мэдрэмжээ эргэн харж, мөн төлөвлөгөө гаргаж, зорилгоо тавьж болох газар тэмдэглэхэд урь. Та үүнийг хийхдээ Gospel Living аппликэйшныг ашиглахад тэднийг урамшуулж болно. Суралцагчдыг мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийг урамшуул.

Суралцагчдад дараах асуултуудыг үзүүлээд, хичээлийн үед төрсөн мэдрэмжээ тунгаан бодох эсвэл бичиж тэмдэглэх хугацаа өг.

  • Судраас суралцсанаар хүлээн авах адислалуудын талаар олж мэдсэн зүйл дээрээ үндэслэн та ямар адислалыг илүү ихээр авахыг хүсэж байна вэ?

  • Та судраас хэр ойр ойрхон, үр дүнтэй суралцдагаа бод. Хэрэв байдаг бол, судраас үр дүнтэй суралцахад танд юу саад болж байна вэ? Судраас суралцах үйл явцаа сайжруулахын тулд та юуг арай өөрөөр хийж болох вэ?

Алма Христийн үгсийг Лиахонатай зүйрлэв.

Дагалдах зургийг үзүүлээд, Лихайн гэр бүл цөлөөр аялж байхдаа ямар саад бэрхшээлтэй тулгарсныг ярьж өгөхийг суралцагчдаас хүс. Бидний амьдрал ямар байдлаар цөлөөр аялахтай адилхан бэ?

Лихай болон түүний гэр бүлийнхэн цөлөөр аялав

Лиахонагийн дагалдах зургийг үзүүлээд, энэ нь хэрхэн ажилладаг талаар тайлбарлахад суралцагчдыг урь. (Шаардлагатай бол, суралцагчдаас хичээлд бэлтгэх материалын 3-р хэсэг-ийг үзэхийг хүс.)

Лиахона
  • Лиахонаг ашигласнаар Лихайн гэр бүл ямар сүнслэг сургамж авсан байж болох вэ?

Ухаалаг утсан дээр судар уншиж буй залуу эрэгтэйн дагалдах зургийг үзүүлээд, Алма 37:43–46-г уншихад эсвэл авч үзэхэд суралцагчдыг урь.

ухаалаг утсан дээр судар уншиж буй залуу
  • Христийн үгийг хаанаас олж болох вэ? Христийн үг хэрхэн таны хувийн Лиахона болдог вэ?

Дараах зарчмыг үзүүл: Биднийг Христийн үгэнд анхаарлаа хандуулах үед тэдгээр нь энэ амьдралын сорилтын дундуур мөнхийн баяр баясгалан руу хөтлөх болно.

Христийн үг биднийг хэрхэн удирдан залдгийг суралцагчдад ойлгоход нь туслахын тулд дараах жишээг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.

Судрууд бүх асуултад хариулдаг гэж Луист хэлжээ. Тэр судраас хувийн чухал асуултынхаа тодорхой хариултыг олж чадаагүй байсан тул сэтгэлээр унав. Илүү их эрэлхийлэх тусам уур бухимдал нь тэр хэрээр ихсэж байжээ.

  • Та Луист юу гэж зөвлөх байсан бэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг үзүүлээд, чангаар уншина уу.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Судрууд биднийг бүх хариулт руу хөтөлж чадах тул сударт асуулт бүрийн хариулт байдаг гэж бид ярьдаг. …

… Хэдийгээр судруудад бидний хувийн асуултын хариулт байхгүй байж болох ч, судруудаас залбирч суралцах нь уг хариултаа авахад бидэнд тусална. Яагаад гэвэл судраас суралцах нь биднийг Ариун Сүнсний өдөөлтийг илүү сайн мэдэрдэг болгодог. …

… Судрууд нь бүх хувийн асуултынхаа хариултыг авахад тусална. Учир нь тэдгээрийг уншсанаар бид өөрсдөдөө бүх үнэн рүү хөтлөх Ариун Сүнсийг урьж, өдөөлтийг нь хүлээн авах шаардлагыг хангадаг юм. (“Studying the Scriptures” [Brigham Young University–Hawaii devotional, Mar. 14, 1986], 18–21, Church History Library, Salt Lake City)

  • Их Эзэн Өөрийн үгээр биднийг хэрхэн удирдан залдаг талаар ерөнхийлөгч Өүкс ямар үнэнийг бидэнд заасан бэ? (Суралцагчид дараахтай ижил төстэй үнэнийг тодорхойлж болно: Судраас суралцах нь хувийн илчлэлтийг урьдаг.

  • Судрууд эсвэл орчин үеийн бошиглогчдын үгс хэзээ таны амьдралд хувийн илчлэлтийн үүд хаалгыг нээж өгсөн бэ?

Тогтмол хувиараа судраас суралцахын үнэ цэнийн талаар гэрчлээд, ангид суралцаж байхдаа хүлээн авсан Ариун Сүнсний өдөөлтийнхөө дагуу үйлдэхэд суралцагчдыг урамшуул.

Дараагийн хичээлээр

Дараагийн хичээлээр бид “Гэтэлгэлийн агуу төлөвлөгөө нэртэй шинэ бүлэг рүү орно. Суралцагчдыг 5-р хичээлийн бэлтгэл материалыг судалж байхад, Адам, Ева хоёрын Уналтын тухай мөн бидний хүн нэг бүрд нээгдсэн сонгох боломжийн талаар мэдэх зүйлээ эргэцүүлэн бодоход тэднийг урь.