“21-р хичээлийн багшийн материал: Бардамналыг ялан дийлэх,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)
“21-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал
21-р хичээлийн багшийн материал
Бардамналыг ялан дийлэх
Бардамнах нүгэл Мормоны Номын гол сэдэв юм. Зөв шударга байдал, хөгжил цэцэглэлтийн үеийг бардамнал, ёс бус явдал үргэлж дагаж байсан. Энэхүү хичээл суралцагчдад өөрсдийн амьдрал дахь бардамналын шинж тэмдгийг олж тогтооход тусална. Мөн суралцагчид бардамналаа ялан дийлж, Аврагчтай илүү адилхан болохын тулд юу хийж болохоо эргэцүүлэн бодно.
Заах зөвлөмж
Иаков, Моронай хоёр бардамнах нүглийн талаар заасан.
Хичээлийг эхлүүлэхдээ та Далын ахлагч Ж.Дэвн Корнишийн “Бид өөрсдийгөө бусадтай харьцуулахаа болих хэрэгтэй” гэсэн мэдэгдлийг үзүүлж болох юм (“Би хангалттай сайн байна уу? Би хаант улсад орж чадах уу?” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19). Энэ нь яагаад сайн зөвлөгөө болохыг суралцагчдаас асуугаарай.
Дараах жишээг хуваалцаад, тэдэнд эсвэл тэдний таньдаг хэн нэгэнд ийм мэдрэмж төрж байсан эсэхийг суралцагчдаас асууна уу.
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын Тэргүүн Зөвлөлийн гишүүнээр үйлчилж байхдаа бардамналын тухай хэлсэн “Бардамнал нь бусадтай харьцуулах нүглээс үүдэлтэй байдаг” гэсэн мэдэгдлийг үзүүл (“Бардамнал ба санваар,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 59). Бардамнал бол харьцуулах нүгэл гэсэн үнэнийг самбарт бич.
-
Өөрсдийгөө бусадтай харьцуулах нь ямар арга замаар бардамналд хүргэдэг вэ?
Бэлтгэх материалын 1-р хэсгээс суралцсанаар Иаков өөрийн ард түмэнд бардамналын талаар сэрэмжлүүлсэн, Моронай хожмын өдрүүдийн бардамналыг зөгнөн харсан, ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Их Эзэний сэргээгдсэн Сүм дэх бардамналын талаар ярьсан тухай суралцагчдад сануул. Суралцагч бүрийг эдгээр бошиглогчоос нэгийг нь сонгоод, бардамналын тухай захиасыг нь уншиж, ямар байдлаар “бардамнал бол харьцуулах нүгэл” болохыг олж мэдэхэд урина уу (“Бардамнал ба санваар,” 59).
Суралцагчдад эдгээр хэсгийг судлах цаг гаргаж өгсний дараа сурч мэдсэн зүйлээ хуваалцахад тэднийг уриарай. Суралцагчдыг өөрсдийн ойлгосон зүйлийг хуваалцаж байхад дараах асуултуудын алинд анхаарлаа хандуулах, юуг чухалчилж үзэхээ бодож үзнэ үү. Үүнд:
-
“Зүрх сэтгэлийн бардамналд өргөгдөж” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? (Иаков 2:13). Зүрх сэтгэлийн бардамналд өргөгдөж байгаагаа та хэрхэн мэдэх вэ?
-
Бусдыг дээрэнгүй байдлаар дорд үзэх эсвэл дургүйцсэн байдлаар харахад бидний амьдралд өөр ямар ямар гэм нүгэл нэмэгдэн орж ирдэг вэ? Өөрийн туршлагаас харахад, энэ маягаар харьцуулах нь найз нөхөд, гэр бүлийн гишүүд, нэг өрөөний хүмүүс, хамт ажиллагсадтай болон Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь бардамнах нүгэл рүү хөтөлдөг бусадтай харьцуулах харьцуулалт руу ямар арга замаар өдөөж байдаг вэ? Өөрийгөө бусадтай харьцуулах уруу таталтыг эсэргүүцэхийн тулд та юу хийж байсан бэ?
Тайлбар: Хэрэв суралцагчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тавьж буй асуудалд санаа зовж байгаагаа илэрхийлбэл та Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гари И.Стивэнсоны хэлсэн дараах мэдэгдлийг хуваалцан, ярилцаж болно.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавигдсан олон (эсвэл ихэнх) зураг амьдралыг хамгийн сайнаар, ихэвчлэн бодит бус байдлаар харуулдаг. …
Бид өөрсдийн илэрхий дундаж амьдралыг бусдын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр тавьсан янзын сайхан засварлаж, төгс урлан бүтээсэн амьдралтай харьцуулснаар заримдаа урам хугарах, атаархах, амьдралдаа ямар нэгэн зүйлийг алдаж байгаа мэт азгүйдлийн мэдрэмжтэй хоцордог. …
Бонни Л.Оскарсон эгчийн өнөө өглөө бидэнд сануулснаар, амьдралын амжилт хэдэн лайк авснаар эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрээ хэдэн “найз” эсвэл “дагагчтай” байснаар ирдэггүй. Харин амжилт нь бусадтай утга учиртай харилцаатай байж, амьдралдаа гэрэл нэмэхтэй холбоотой байдаг. (Сүнслэг хиртэлт,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 36)
Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсгийн төгсгөлд байгаа асуултууд руу орохыг хүсээрэй. Тэднийг хувиараа суралцахдаа тэмдэглэж авсан хариултуудаа эргэн харж, тэр цагаас хойш орж ирсэн нэмэлт бодол, сэтгэгдлээ нэмж бичихэд урина уу.
Нифайчууд даруу байдлаар бардамналыг ялан дийлсэн.
Суралцагчдаас ерөндгийн зорилгыг тайлбарлахыг хүснэ үү. (Шаардлагатай бол ерөндөг гэдэг нь тодорхой хорыг тайлах эм гэдгийг тайлбарла.) Ерөнхийлөгч Бэнсоны хэлсэн “Бардамналын ерөндөг бол даруу байдал буюу номхон дөлгөөн, хүлцэнгүй байх явдал юм (Алма 7:23-ыг үзнэ үү)” гэсэн мэдэгдлийг үзүүлнэ үү. (“Beware of Pride,” Ensign, May 1989, 6). Даруу байдал бол бардамналын ерөндөг юм гэсэн үнэнийг самбарт бич.
-
Бардамнал ямар байдлаар хортой адилхан байж болох вэ?
-
Ерөнхийлөгч Бэнсон яагаад даруу байдлыг бардамналын ерөндөг гэж дүрсэлсэн гэж та бодож байна вэ?
Иаков 2:17–21-д Иаков өөрийн хүмүүст эд баялгаа өсөж арвижих тусам бардамнал гэх уруу таталтыг хэрхэн сөрөн зогсох тухай ярьсныг суралцагчдад сануул. Түүнчлэн 3 Нифай 6:12–14-т дүрсэлдэг, бардамнахаас татгалзсан даруу хүмүүсийн талаар хичээлд бэлдэж байхдаа мэдэж авсныг нь суралцагчдад сануулаарай. Суралцагчдыг эдгээр эшлэлийн аль нэгийг уншаад, бардамналыг ялан дийлэхийн тулд юу хийж болох талаар олж мэдэхэд урь.
-
Эдгээр шүлэгт цэдэглэснээр, бардамналыг ялан дийлэхийн тулд бид юу хийж болох вэ? (Тэдний хариултыг самбарт жагсаан бичиж болно. Зарим боломжтой хариултад байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх, Бурханы хаант улсыг эн тэргүүнд эрэлхийлэх, Христээс итгэл найдвар олж авах, ядуусыг халамжлах, хүн бүрийг дээдлэх, бусадтай маргахгүй байх, Бурханы өмнө даруу, гэмшдэг байх, зарлигуудыг сахих зэрэг нь орж болно.)
-
Эдгээр хандлага, үйлдэл даруу байдлыг хэрхэн харуулдаг вэ?
-
Аврагчийн амьдралаас та даруу байдлын талаар юу сурсан бэ? Бид Түүний даруу байдлын үлгэр жишээг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
Бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Бэнсоны хэлсэн мэдэгдлийг унших хэдэн минутыг суралцагчдад гаргаж өгнө үү. Өөрсдийн амьдралд даруу байдлыг хөгжүүлэх тодорхой арга замыг тодорхойлж, хэрхэн ийн хийхээ тайлбарлахад тэднийг урамшуулан дэмж.
Их Эзэний тусламжтайгаар бид байнга бардамналыг тодорхойлж, ялан дийлж, Аврагчтай илүү адилхан болж чадах талаарх гэрчлэлээ хуваалцаж болно.
Дараагийн хичээлээр
Есүс Христэд болон түүний амьд бошиглогчдын сургаалд эргэлзээ төрүүлж, тэдгээрийг үгүйсгэсэн зүйл уншсан эсвэл сонссон эсэхийг суралцагчдаас асуу. Суралцагчдыг дараагийн хичээлийн бэлтгэх материалыг судалж байхдаа итгэлийг нь устгахыг эрэлхийлж буй хүмүүсээс өөрсдийгөө хамгаалахад туслах сургаалуудыг хайж олоход урина уу.