Институт
16-р хичээлийн багшийн материал: Есүс Христ хүмүүст нэг нэгээр нь тохинуулдаг


“16-р хичээлийн багшийн материал: Есүс Христ хүмүүст нэг нэгээр нь тохинуулдаг,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)

“16-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал

16-р хичээлийн багшийн материал

Есүс Христ хүмүүст нэг нэгээр нь тохинуулдаг

Есүс Христ нифайчууд, леменчүүдэд үзэгдсэнээр бурханлаг байдлаа хүчтэй гэрчилдэг. Есүс хүмүүст нэг нэгээр нь тохинуулахдаа энэрэл, нигүүлслийг үлгэрлэн харуулсан. Энэ хичээлээр, Христэд ирэх өөр өөр арга замыг тодорхойлоход суралцагчдыг урих ба тэд Түүнийг өөрсдийнх нь Аврагч болох тухай илүү гүн гүнзгий хувийн гэрчлэлтэй болох болно. Мөн суралцагчид Аврагчийн тохинуулах арга замыг үлгэрлэн дуурайхын тулд юу хийж болох талаар эргэцүүлэх болно.

Заах зөвлөмж

Амилсан Христ нифайчууд, леменчүүдэд үзэгдэж, Өөрийн гар, хөлийн шархыг тэмтэрч үзэхэд тэднийг урьдаг.

Хичээлийн эхэнд та дагалдах зургийг үзүүлээд, Есүс Христийг нифайчууд, леменчүүдэд үзэгдэхийн өмнө болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон ярихыг нэг суралцагчаас хүсэж болно.

Нэг нэгээр нь, Волтэр Рэйн

Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн эшлэлийг уншаад, Есүс Христийн хүмүүсийн дунд үзэгдсэн явдал яагаад Мормоны Номын хамгийн чухал үйл явдал болохыг асуу.

3 Нифай 11:13–17-г уншаад, Христийн хүмүүстэй хэрхэн харьцаж буй байдлаас авч болох сургамжийг олж мэдэхийг суралцагчдаас хүснэ үү. Та суралцагчдадаа сурч мэдсэн зүйлээ ойлгож, амьдралд хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараах асуултуудаас алиныг асуух нь зүйтэй болохыг эргэцүүлэн бод.

  • Бид эдгээр шүлгээс Есүс Христийн зан чанарын талаар юу сурч мэдсэн бэ?

  • Хэрэв таныг Аврагчийн гар, хөлийн шархыг мэдэр гэж урьсан бол танд ямар санагдах байсан бэ?

  • Хүмүүсийг нэг нэгээрээ ирж, гар, хөлийнх нь шархыг мэдрэхийг хүссэн явдлаас бид Түүний талаар юу мэдэж авч болох вэ? (Шаардлагатай бол суралцагчдад 2500 хүн байсныг сануулаарай.)

  • Энэ үйл явдал Есүс Христийн биднээс хийгээсэй хэмээн урьдаг зүйлийг хэрхэн төлөөлж болох вэ? (Суралцагчдын хариултыг ашиглан, Есүс Христ биднийг Өөрт нь ирж, Тэр бол бидний Аврагч гэсэн хувийн гэрчлэлтэй болохыг урьдаг гэсэнтэй ижил төстэй үнэнийг тодорхойлно уу.)

  • Бид Христэд ирж, Тэр бол бидний Аврагч гэсэн хувийн гэрчлэлтэй болохын тулд юу хийж чадах вэ? (Нэмэлт ойлголт авахын тулд, бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Волтэр Ф.Гонзалэзын мэдэгдлийг унших нь суралцагчдад тустай байж болох юм.)

Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсэг дэх “Бодол санаагаа тэмдэглэх” үйл ажиллагааг хийхэд урь. Суралцагчдад бэлдсэн зүйлээ эргэж харах хэдэн минут гаргаж өгөөд, юу бичсэнээ хуваалцахад хэдэн суралцагчийг урина уу. Цаг гарвал та нэг эсвэл хоёр суралцагчийг сонгосон дууллаасаа нэг шүлгийг аваад, энэ нь яагаад тэдний хувьд чухал болох талаар хуваалцахад урьж болно. Мөн та дууллыг хамтдаа дуулж болно.

Дараах асуултыг үзүүлээд, бодол санаа, мэдрэмжээ тунгаан бодож, бичиж тэмдэглэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.

  • Есүс Христ бол миний Аврагч гэсэн гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд би юу хийж болох вэ?

Есүс Христ цугларсан олонд нэг нэгээр нь тохинуулсан.

Хүмүүсийн дунд тохинуулсан эхний өдрийнхөө төгсгөлд Аврагч олон түмнийг гэртээ харьж, маргааш нь иргэж ирэхэд өөрсдийгөө бэлдэхэд урьсныг суралцагчдад сануул (3 Нифай 17:1–3-ыг үзнэ үү).

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчдыг Аврагчийн үлгэр жишээг судалж, үлгэрлэн дуурайхад урамшуул. Тухайн үед Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч байсан Дийтр Ф.Угдорф семинар, институтийн багш нарт хандан, “Манай залуучууд итгэхийг хүсдэг. Тэд Аврагчийн талаар илүү ихийг сурч мэдэхийг эрмэлздэг” гэж хэлжээ (“A Teacher of God’s Children,” Religious Educator, vol. 12, no. 3 [2011], 7). Суралцагчид Аврагчийн талаар илүү ихийг сурч мэдэх нэг арга зам бол Түүний төгс үлгэр жишээнд анхаарлаа төвлөрүүлэх явдал юм. Суралцагчдыг Есүс Христийн үлгэр жишээг судалж байх үеэр, Түүнийг үлгэрлэн дуурайхын тулд юу хийж болохоо эргэцүүлэн бодоход урина уу. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл “Ийн үлгэрлэн дуурайх нь Есүсийг шүтэн бишрэх арга замыг маань сайжруулдаг” болохыг анзаарчээ (“Becoming a Disciple,” Ensign, June 1996, 12).

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваа. Тэднийг 3 Нифай 17:5–9, 20–24-ийг уншаад, Аврагч хүмүүст хэрхэн тохинуулсан талаар ярилцахад урь. Хэлэлцүүлгийн үеэр “Бид … үедээ Аврагчийн адил тохинуулдаг” гэсэн мэдэгдлийг янз бүрээр гүйцээж бичих арга замыг эргэцүүлэн бодоход суралцагчдыг уриалан дэмж.

Суралцагчдад бие биенээсээ суралцах хангалттай цаг гаргаж өгсний дараа дээрх дутуу мэдэгдлийг хэрхэн гүйцээснээ хуваалцахыг тэднээс хүс. Суралцагчдыг мэдэгдлээ хуваалцаж байх үед хэлэлцүүлгийг гүнзгийрүүлэхэд туслахын тулд дараах асуултуудыг тавина уу. Үүнд:

  • Хайр тохинуулахад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? (Та бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Жийн Б.Бингамын хэлсэн үгээс авсан эшлэлийг уншиж болно.)

  • Яагаад тохинуулал Аврагчид баяр баясгалан авчирсан гэж та бодож байна вэ? Хэзээ та тусламж хэрэгтэй хүнд үйлчилж байхдаа баяр баясгаланг мэдэрсэн бэ?

  • Яагаад өрөвч байх нь тохинууллын чухал хэсэг байдаг вэ? Хэзээ та өөр хүний тохинууллын үйлчлэлээр дамжуулан Аврагчийн өрөвч нимгэн сэтгэлийг мэдэрч байсан бэ? Та өөрийн тохинууллын үйлчлэлээр дамжуулан, хэрхэн өөр хүнд Христийн өрөвч нимгэн сэтгэлийг мэдрүүлж чадсан бэ?

  • Бид тохинуулахдаа Их Эзэний эдгээх хүчийг хэн нэгэнд хэрхэн мэдрүүлж тусалж болох вэ?

Тохинууллын талаар сурч мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах жишээг хуваалцаж болно.

Алэхандро бол ганц бие залуу. Тэр Пабло, Хосэ хоёрт тохинуулах урилга хүлээж авав. Тэр Сүмд байхдаа Паблотой хэд хэдэн удаа харьцаж байсан ч Хосэтэй ганц ч удаа уулзаж байсангүй. Алэхандро ахлагчдын чуулгын ерөнхийлөгчтэй ярьсныхаа дараа Паблог эрүүл мэндийн асуудалтайгаа тэмцэж байгааг мөн Хосэг одоогоор сүмд очих сонирхолгүй байгаа гэж бишопт хэлснийг мэджээ. Алэхандро дуудлагаа биелүүлэхийг хүсэж байсан ч яг хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байв.

Суралцагчдыг Аврагчийн үлгэр жишээг хараад, Алэхандрод ямар зөвлөгөө өгөхөө ярилцахад урь. Мөн суралцагчдыг тохинуулалтай холбоотой хувийн туршлагаасаа хуваалцахад уриалан дэмжиж болно.

Энэ хичээлд бэлдэж байхад нь тэднийг тохинуулж болох ямар нэгэн хүний талаар бодоход урьсан гэдгийг суралцагчдад сануул (бэлтгэх материалын 2-р хэсгийг үзнэ үү). Суралцагчдыг энэ хүний нөхцөл байдлын талаар эргэцүүлэн бодоход урь. Дараа нь суралцагчдад дараах асуултын талаар тунгаан бодож, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэх хэдэн минут гаргаж өгөөрэй.

  • Та Аврагчийн үлгэр жишээгээр энэ хүнд хүнлэг, энэрэнгүй сэтгэлээр тохинуулахын тулд юу хийж болох вэ?

Дараагийн хичээлээр

Сүмийн бусад гишүүн өөрсдийнхөө хүрээлэлд хүлээн авахгүй байх үед Сүмийн гишүүд, сонирхогчдод ямар бэрхшээл тулгардаг талаар бодож үзэхэд суралцагчдыг урь. Суралцагчдыг дараагийн хичээлийн бэлтгэх материалыг судлаад, Есүс Христийн Сүмд бидний хүн нэг бүрд зориулсан орон зай байгаа гэдгийг бусдад хэрхэн мэдрүүлэн тусалж болох талаар олж мэдэхэд урина уу.